Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   03 сарын 22, 2017

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Монгол улсын ерөнхий сайд асан Р.Амаржаргал

Өнөөдрийн зочныг маань дийлэнх Монгол Улсын Ерөнхий Сайд, Гадаад Хэргийн Сайд, Улсын Их Хурлын Гишүүн зэрэг төрийн өндөр дээд албан тушаалуудыг хашиж явсан туршлагатай улс төрч гэдгээр нь мэднэ. Үүнээс гадна Монголын хамгийн анхны блогуудын нэгийг нээж өнөөг хүртэл тэмдэглэлүүдээ идэвхтэй бичсээр байгаа, санхүү эдийн засгийн чиглэлээр тэргүүлэгч их сургуулиудын нэгийг "босголцсон" гэдгийг нь бид онцлохыг хүслээ. Амжилтад хүрсэн эрхмүүд хэрхэн ажилладаг, өөрийгөө хөгжүүлдэг талаар огт ойлголтгүй байх үед маань тэр "Ном унших миний арга барил" нэртэй нийтлэлийг бичиж залууст өөрийн туршлагаас хуваалцаж байсныг нь одоо ч эргүүлж уншихад үнэ цэнээ алдаагүй байдаг. Энэ хүн бол Монгол улсын 21 дэх ерөнхий сайд Р.Амаржаргал. Тэр ингэж ажилладаг.

Албан тушаал: Амаржаргал сангийн ТУЗ-ийн гишүүн
Сонгуульт ажлууд: СЭЗИС-ийн удирдах зөвлөлийн дарга, АН-ын гишүүн
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Төгс төгөлдөрт тэмүүлэгч
Хэрэглэдэг гар утас: iPhone 7, Samsung 6
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13
Сошиал хуудсууд: Amarjargal.org (Блог)

Таны ажлын онцлох арга барил?

Би perfectionist буюу төгс төгөлдөрт тэмүүлэгч хүн. Аливааг үнэхээр л хийж байгаа бол ямар ч тохиолдолд хамгийн сайнаар, хүний нүүр улайлгахааргүй байлгах гэж их хичээдэг. Сүүлд нь зөв юм хийсэн, ийм юм хийчихсэн шүү гэж бардам суух шиг сайхан зүйл гэж үгүй. Тиймээс өөрөө ажлууд руугаа гүнзгий орно. Жижиг деталь гэлтгүй их нухна, үзнэ, харна. Нэг асуудал нь ийм байхаар санаанд нийцдэг юм байхгүй болчихдог юм байна. Нөгөө талаар амьдрал дээр бүх юмс төгс байна гэж үгүй болохоор өөрийгөө ч, өрөөл бусдыг ч нэлээн зовоодог байх даа.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнээсээ нэрлэнэ үү?

Би Windows-ийн үнэнч хэрэглэгч байж байгаад Vista гарч, баахан гацаж, ажил цалгардуулах болсноос үүдэн Macbook рүү шилжсэн. Илүү цэгцтэй, замбараатай, машинаар зүйрлэвэл Volvo юм уу даа. Гэхдээ би Google Chrome-ийг броузераараа сонгож, Microsoft Office-ийг бүрэн хэрэглэсээр л байна. Сүүлийн үед ганц нэг хүмүүсийн санал болгосноор Opera-г ашиглаж үзэж байгаа. Арай хурдан юм шиг санагдаж байгаа шүү.

Утсан дээрээ мэдээ уншихдаа Apple News болон UB Info-г ашиглаж байна. Мөн iScanner-ийг их хэрэглэдэг. Твиттер, фэйсбүүкийг бол зайлшгүй хэрэглэнэ. Ямар оронд явж байна, хэнтэй харилцаж байна гэдгээсээ хамааран WeChat, WhatsApp, Viber-ийг ашиглана даа.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Хийж байгаа зүйлээ анхнаасаа л нухацтай хийчихвэл эргэж харж, засаад байх хэрэггүй болж цаг хэмнэдэг гэж ойлгодог. Эхнээсээ тодорхой зорилготой, яах гэж байгаагаа, юу хийж байгаагаа мэдэж ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол яах гээд байгаа нь мэдэгдэхгүй эргэж буцсаар хамаг цагаа үрэх нь бий.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Todoist апп-ийг ашиглаж, хийх зүйлсээ тэмдэглэдэг. Google Calendar дээр хуваарьтайгаа цуг зарим тэмдэглэлээ бас хийчихнэ. Гар утастайгаа ярьж, мэдээлэл авах, тушаал буулгах боломжийг олгодог Siri-г сүүлийн үед ашиглах гэж оролдоод байгаа. Нэлээд хэрэг болж байгаа шүү. Англи хэл дээр дуудлагыг маань ойлгохгүй гацаж маяглаад байвал орос хэл рүү шилжүүлчихдэг юм (инээв).

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Үндсэн ажил маань учир "юм" шагайж суухдаа уг нь гайгүй байх. Аль болох мэдээлэл эрж хайж, цуглуулж, түүн дээрээ үндэслэн дүгнэлт, гаргалгаа хийхийг эрмэлздэг. Хаанаас, ямар мэдээлэл хайх хэрэгтэй вэ гэдгээ, мөн тэр мэдээллүүдээ хэрхэн, ямар аргачлалаар боловсруулах вэ гэдгийг бусдаас арай илүү гадарладаг байж мэднэ. Тэнд ийм дата байдаг, энд иймэрхүү зүйл сайн бичдэг гэх мэт зүйлсийг бол сайн мэддэг болсон шүү.

Өөр гэвэл бусдыг зоригжуулан зохион байгуулах ажлыг л сайн хийнэ дээ.

Таны хийж байгаа ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Улс төрч хүн учир, бүх л амьдрал маань нийтэд ил байдаг болохоор өөрийгөө "нийтийн хүн" гэж томъёолж болно байх. Тийм учраас тэр үүргээ нэр төртэй биелүүлэх тухай асуудал тавигдана. Эерэг зүйлс олон. Бусдыг үлгэрлэж, араасаа дагуулж, амьдарч буй нийгэмдээ тодорхой өөрчлөлтийг гаргах боломж байна. Одоо байгаагаас нь дээрдүүлэх, урагшаа нэг алхуулж чадах үр дүнг авчрах ажилд оролцох, хувь нэмэр оруулахдаа ихэд сэтгэл хангалуун байдаг. Харин янз бүрийн учир шалтгаанаас болоод ажил явахгүй бол их амархан урвайчихдаг байж мэднэ. Нөгөө талаар заримдаа өөрийн оройн зай, хувийн цагтай байхыг ихэд хүсдэг. Тийм боломж бидэнд ховор л доо. Нэг үг хэлсэн ч олон талаас нь бодох хэрэгтэй, бусад хүмүүс юу гэж хүлээж авах бол гэдгээс хамаарч өөртөө хүчтэй хяналт тавих шаардлага гардаг нь жаахан зовлонтой байдаг шүү.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Бид яам, тамгын газар, төрийн байгууллагуудад ажиллаж буй ахлах мэргэжилтнүүдэд зориулсан, төрийн механизм, шийдвэр гаргалт, бодлоготой холбоотой цогц сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Уг сургалтаа олон улсын байгууллагууд болон их, дээд сургуулиудтай хамтран явуулах юм.

Мөн дээд боловсролын асуудлаар судалгааны ажил хийж байгаа. Орчин үеийн техник технологийн энэ үсрэнгүй дэвшлийн үед их, дээд сургуулиуд ямар байх ёстой вэ гэдгийг ултай судалж байна. Мөн эдийн засгийн хямралаас гарах хөтөлбөр, түүний хэрэгжилт, уялдаа холбооны асуудал дээр ч судалгааны ажил эхлүүлээд байна.

Та ажиллаж байхдаа хөгжим сонсдог уу? Ямар хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ? 

Төвлөрөхөд тустай болохоор хөгжимд сонсох их дуртай. Өмнө нь CD, пянз цуглуулж сонсдог байлаа. Одоо интернетийн ачаар хүссэн зүйлээ хүссэн цагтаа сонсох боломжтой болсонд олзуурхаж байна. The Beatles, Rolling Stones-д дуртай.

Классик, жазз хөгжим бас сайхан шүү. Москвад оюутан байхад Voice of Russia гэж англи хэл дээр явдаг радиогоор өдөр бүр жазз хөгжмийн цаг гэж цацагддаг байсан юм. Яагаад ч юм "дайсны хөгжим" явуулдаггүй байсан тэр цаг үед тухайн үеийн ЗХУ-ын удирдагчдын нэг байсан Ю.Андроповын "таалалд нийцүүлэх" гэж жазз хөгжим явуулдаг байж л дээ. Андроповыг америк жазз хөгжмийн цуглуулгатай, жаззийн хорхойтон байсан гэж ярьдаг юм билээ.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Би The Economist сэтгүүлийг олон жил захиалж уншиж байна. Яг одоо "насан туршийн боловсрол"-ын асуудлыг хөндсөн үндсэн нийтлэлийг нь уншиж сууна. Технологийн дэвшлийн хурд гүйцэгдэхээ больсон энэ үед бид яаж хүмүүсээ "дахин", тасралтгүйгээр сургах вэ гэдгийг бодох ёстой болчихоод байна. Сингапурт л гэхэд 25-аас дээш насны иргэддээ 300 долларын үнэ бүхий воучер өгчихдөг юм байна. Энэ воучераа тэр хүмүүс ажлын бус цагаар хүссэн сургалт, дамжаанд суухад ашиглаж болдог гэнэ. Яг үүн шиг төрөөс нь бодлогоор дэмжиж, олон нийтийн байгууллагууд, хувийн компаниуд нь бүгд оролцдог нэгдсэн системийг бий болгох нь их чухал болжээ.

Би нэг ном уншихдаа гурван ном зэрэг уншдаг. Нэгийг нь ажил дээрээ, нэгийг нь орныхоо хажууд, нөгөөг нь ариун цэврин өрөөндөө. Ямар ном уншиж байгаа, ямар зорилготой байгаагаасаа хамаараад заримыг нь шимтэж, таашааж уншина, заримыг нь залгиж уншина. Би ном уншихдаа зурж уншдаг "муухай" зуршилтай. Нэгэнт л миний ном, миний өмч юм чинь гээд дээгүүр, доогуур нь зурж, тэмдэглэл бичдэг хэрэг л дээ.

Блог бас бичнэ. Хамгийн анх Энхбат маань интернет оруулж ирээд байсан 2000 оны үед анхны статик блогоо нээж байлаа. Цагаан сарын барилдааны оноолт, ам авсан байдлыг оруулж, "шууд дамжуулж" байснаа санадаг юм. Интернет, вэб, блогийн анхдагчдын нэг байсандаа их баярладаг шүү.

Та илүү нээлттэй хүн үү, аль эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Хувь хүн талаасаа нээлттэй хүн. Тийм байхаас ч өөр арга байхгүй. Би олон түмэнтэйгээ харилцаж, итгэлийг нь даах талаасаа нээлттэй байх хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий нээлттэй байна гэдэг өрсөлдөгчдөдөө олзлогдох магадлалыг нэмэгдүүлдэг байх.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Аль болох эрт унтаж, эрт сэрэхийг хичээдэг. Орой бол 11 гэхэд унтана. Харин өглөө 5-д босдог. Өглөө эрт босоод унших ёстой зүйлсээ харж, хариу өгөх ёстой имэйлүүдээ шалгасаар 8 хүртэл овоо ажил амжуулчихдаг шүү. Хаа нэгтээ лекц унших ёстой, материал бэлдэх хэрэгтэй бол өглөөгүүр л хийчихдэг юм.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олох вэ?

Цаг зав жаахан гарвал ном уншихыг л илүүд үзнэ. Гоё кино гарвал үзчихнэ. Сүүлийн үед жин нэмээд байна гэдэг шүүмжлэлд өртөөд фитнесст явж эхлээд байна. Гэхдээ бас тасалдчихаад байх юм. Залуудаа бол хоккей, хөлбөмбөг тоглодог байлаа.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Уран зохиол уншиж урам зориг их авна. Бага байхад Н.Островскигийн "Болд хэрхэн хатаагдсан бэ?"-г уншаад, эсвэл Жек Лондонгийн зохиолуудаас асар их үлгэрлэл авдаг байлаа. 10-р анги төгсдөг жилээ Бальзакийн 16 ботийг бүгдийг нь уншчихсан юм даг. Зохиолын гол дүр, баатруудын аливааг давж байгаа, сөрж байгаа зан чанар ихийг бодогдуулдаг байлаа.

Гэхдээ юм гэдэг харьцангуй. Эдийн засагт ахиу орлого, ахиу зардлын тухай ойлголт байдаг шиг чи тухайн жилд хэдий чинээ их хөдөлмөр зарцуулж, анхаарал хандуулж байна, төдий чинээ түүнээс таашаал авах магадлал нэмэгддэг. Хэдий адилхан зүйлд дурлаж, нэг зүйл хэрэглэж, ижил зүйл сонссон ч миний авах таашаал, чиний авах таашаалын хооронд зөрүү үргэлж үүснэ. "Уяхан замбуу тивийн наран"-г эхлүүлээд 1, 2 нот сонсоод л би баярлана. Харин гайхамшгийг нь мэдрэхийн тулд залууст 10 нот хэрэгтэй байж мэднэ. Хөдөө гадаа явж байгаад хүмүүстэй уулзаж учрах, тэднийг сонсох, салхинд суугаад агаар үнэртээд, тал дээрх адуун сүргийг хараад эх орноороо, амжилт ололтоороо, ёс заншлаараа бахархах сэтгэлийг юутай ч харьцуулшгүй.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Их олон хэрэгтэй зөвлөгөө сонсож байсан ч эмээгийнхээ хэлдэг байсан "Хэзээ ч хүнд муу санаж болохгүй шүү" гэдэг үгийг хар багаасаа л сэтгэлдээ тээж, амьдралдаа мөрдлөг болгож явна даа. Хүний амьдралд олон зүйл тохиолдоно. Гэр бүлтэй болох, хүүхэдтэй болох, албан тушаал ахих гээд л амьдралд хүчтэй нөлөөлөх хугарлын цэгүүд тохиох бүрт хүнээрээ байх шиг чухал зүйл үгүй.

Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Нэг хэсэг нойроо багасга, зугаалахаа боль, ингэ тэг гээд л олон зөвлөгөө хэлдэг байлаа. Гэхдээ олон жилийн дараа ямар ч хэрэгцээгүй зүйлс байсан юм байна гэж бодох болсон. Тэртээ тэргүй эдгээр зүйлсийг залуус маань бүгд л мэдэж байгаа. Тодорхойлолтоороо дараагийн үе нь өмнөх үеээсээ үргэлж илүү гардаг юм шүү дээ. Тийм учраас залуу байхдаа амьдралаас таашаал авч сур, өөрийнхөөрөө, өөрөөрөө л бай гэж хэлье.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Саяхан Монгол улсын гавьяат багш цолоор шагнагдсан доктор, профессор Б.Галиндэвийг санал болгоё. Философийн чиглэлээр мэргэшсэн, ялангуяа ёс зүй, этикийн асуудлыг хамгийн сайн судалсан эрдэмтэн хүн байгаа юм.

Гэрэл зургийг Б.Батзаяа

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

90881   10


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.