Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   03 сарын 17, 2017

FUTURA - Саран дээр анх газардсан фонт

Дэлхийн хамгийн өргөн ашиглагддаг, дизайнеруудын хамгийн дуртай фонтуудын нэг FUTURA-г хэрэглэдэггүй, мэдэхгүй хүн гэж үгүй. Энгийн харагдацтай ч цаанаа ч чамбай энэ фонтын түүхийг та мэдэх үү? Бид Нацистуудын үзэл суртлын золиос болох дөхсөн ч эцэстээ түүхийг бүтээж, сансарт дэлхийн нэрийг авч гарсан энэ фонтын сонирхолтой түүхийг танд хүргэж байна. 

Германы дизайнер Пол Реннер энэхүү фонтыг 1924-26 оны хооронд бүтээжээ. 20-р зууны эхэн үеийн зөвхөн Германы төдийгүй Европын дизайн, соёлын өнгийг тодорхойлж байсан Баухаус сургуулийн "бүтээгдэхүүн" Реннер уламжлалт, төвөгтэй, хүнд элементүүдээс татгалзаж "ирээдүйн" гэж тодорхойлогдсон фонтыг бий болгохоор зорьсны үр дүн нь энэ байж. 1927 онд хамгийн анх олон нийтэд хүрэхдээ чухам Futura гэдэг нэрийг сонгосон нь ч ийм учиртай.

Тэрээр энэ фонтыг хамгийн минимал байдалтайгаар бүтээхийг эрмэлзсэн тухайгаа хожим дурссан байдаг. Энгийн геометрийн дүрслэлүүдийг ашиглан элдэв хачир, чимэг, хэрчлээсгүйгээр хийсэн нь өнөөдрийн нийгмийн хамгийн эрэлттэй трендүүдийн нэг болсон "үр ашигтай", "минимал" байдлыг илэрхийлсэн хэрэг болжээ.

Гэвч Futura зуун дамнан бидэнд хүрэх хүртлээ маш сонирхолтой замыг туулсан юм. Фонтыг бүтээгч Пол Реннер "нацист" дэглэмийг эсэргүүцсэн эссе бичиж, олон нийтэд хэвлэн эсэргүү зан гаргасныхаа төлөө эх орноосоо хөөгдөж, Швейцарьт орогнох болов. Энэ хооронд Гитлер болон түүний нөхөд герман шинжийг харуулсан, илүү хурц, илүү "чамин" фонтуудыг сонгон, үзэл суртлынхаа хэрэгсэл болгосон юм. Герман фонт гэхээр хүмүүсийн тархинд илүү готик хэлбэрийн бичмэл үсэгнүүд санаанд ордог болов. Нэгэн үе овоо түгээмэл хэрэглэгдэж ирсэн Futura мартагдаж эхэллээ.

Гэвч Futura-г эх нутгаас нь илүү барууны ертөнц таашааж, Америкчуудын хамгийн дуртай фонт гэж нэрлэсэн ч болохоор болж орхив. Реннер ч нутагтаа буцаж ирэн, Futura хэвлэлийн салбарын хамгийн түгээмэл фонт боллоо. Алдарт найруулагч Стэнли Кюбрик кинонуудынхаа эхлэлийг энэ фонтоор бичиж, бизнесийн байгууллагууд ч сурталчилгаандаа ашиглах болов. Хангалттай энгийн, амархан уншигдахуйц, хаана ч хэрхэн хэрэглэхэд тохиромжтой гэдэг шинжүүд нь түүнийг "алдаршуулав".

Нацистуудын үзэл сурталд "дарагдах" дөхсөнөөс гадна сонирхолтой түүх Futura-д бий. Энэ бол NASA энэ фонтоор бичсэн үгс бүхий дурсгалын зүйлийг саран дээр анх газардахдаа үлдээж орхисон нь юм. Тэдэнд олон сонголт байсан нь гарцаагүй, гэхдээ чухам тэд энэ фонтыг сонгож 1969 онд саран дээр газардсан Н.Армстронг болон түүний Апполло 11 хөлгөөр дамжуулан түүхийг бүтээсэн билээ. Саран дээр газардсан анхны фонт болсон Futura-ийн түүх энэ билээ.

Анх бүтээгдээд 80 жил өнгөрсөн ч Futura арилжааны шинж чанараа алдаагүйн дээр уран бүтээлчдийн хамгийн дуртай фонт байсаар л байна. Маш олон дизайнерууд чухам үүнээс санаа аван Kabel, Century Gothic зэрэг шинэ фонтуудыг бий болгосноос гадна өөрсдийн багахан "засвар" оруулсан хувилбаруудыг бүтээсээр л байна. Adobe, Volkswagen, IKEA-ийн хэрэглэдэг фонтууд бүгд Futura-аас санаа авч хийгдсэн гэдэг.

Маркетерууд, брэндүүд, уран бүтээлчид бүгд түүнийг ашигласаар. Илүү олон хувилбарыг бүтээж, илүү өргөн хэрэглээнд нэвтрүүлсээр. Фонт гэхээр ийм л байдаг юм шиг сэтгэлд дотно дулаахан сэтгэгдэл төрүүлтлээ энэ фонт бидний хэрэглээнд, эргэн тойронд нэвт шингэсэн аж. Танд ч гэсэн тийм сэтгэгдэл төрөхгүй байна гэж үү?

26579   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.