Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   03 сарын 16, 2017

Аваргуудын лигийн талаар таны мэдээгүй 5 зүйл

Хөлбөмбөгийн фанатуудын нойрыг хулжааж, сэтгэлийг сэргээсэн ногоон талбайн "цусгүй" тулаан ид дундаа үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө болсон хоёр тоглолтоор Аваргуудын лигийн шилдэг 8 багийн нэр бүрэн тодорхой болов. Сүүлийн 3 жил дараалж аваргалаад буй Испаниас 3 баг, Германаас 2 баг, мөн Итали, Англи, Францаас тус бүр нэг баг үлдсэн Аваргуудын лигтэй холбоотой сонирхолтой 5 баримтыг өнөөдөр дэлгэж байна.

НЭМЭЛТ: Шилдэг 8 багийн сугалаа гарлаа

Аваргуудын лигийн шилдэг 8 багийн сугалаа явагдаж, хөлбөмбөг сонирхогчдыг гэгэлзүүлсэн өрсөлдөөн өрнөх тулаануудын тов гарлаа. Аварга цолыг эзэмшигч Реал Мадрид клуб Германы Бундеслигийг тэргүүлэгч Байерн Мюнхентэй тоглох болсон нь энэ тойргийн гол тулаан байх болно. Мадридын багийн экс дасгалжуулагч Карло Анчелотти хуучин цэргүүдтэйгээ тулах болсон нь энэ. Тэрээр 2014 онд Реалыг Аваргуудын лигт түрүүлүүлж, 10 дахь цомыг нь авчирч байсан билээ. Шөвгийн 16-д гайхамшигтай эргэн ирэлт хийж, ПСЖ-г эцсийн мөчид "мулталсан" Барселона 2015 онд финалд таарч хожиж байсан Италийн аварга Ювентустэй таарсан нь маргаангүй онцлох тоглолт байх болно. Харин Английн аварга Лестер өөр нэг Испани баг, өнгөрсөн жилийн финалист Атлетико Мадридтай учраа таарлаа. Английн нэр төрийг хамгаалж, ганцаараа энэ шатанд үлдээд буй Лестерийн хувьд өмнөх шатанд Европа лигийн "дархан" аварга Севильяг хожсон билээ. Тэрчлэн Германы Борусси Дортмунд Францын Монакотой тоглохоор болжээ.

Шөвгийн 8 багийн сугалааны үр дүн:
Байерн Мюнхен /Герман/ - Реал Мадрид /Испани/
Атлетико Мадрид /Испани/ - Лестер Сити /Англи/
Борусси Дортмунд /Герман/ - Монако /Франц/
Ювентус /Итали/ - Барселона /Испани/

Шөвгийн найман багийн тоглолтууд 4-р сарын 11, 12 болон 4-р сарын 18, 19-нд тус тус явагдана.

Аваргуудын лигийн финал Уэльсд явагдана

Европын хөлбөмбөгийн хамгийн том тэмцээний шигшээ тоглолт 2017 оны 6-р сарын 3-ны өдөр Уэльсийн Кардифф хотноо явагдана. Финалын тоглолт регбигийн дэлхийн аваргад зориулан 1999 онд ашиглалтанд орсон 75 мянган хүний суудалтай "Миллениум Цэнгэлдэх"-д явагдах юм. ФА Цом, Лигийн цомын шигшээ тоглолтууд явагддаг тус цэнгэлдэх анх удаа Аваргуудын лигийн финалыг хүлээн авч буй нь энэ юм. Сонирхуулахад, энэ цэнгэлдэхийн дээвэр нь бүрэн нээгдэж хаагддаг бөгөөд Оасис, Пол МкКартни, Бейонсе зэрэг хөгжмийн ертөнцийн супер одод битүү дээвэртэй хэлбэрт нь оруулан, аялан тоглолтоо хийж байжээ.

Энэ жилийн зар сурталчилгааны гол нүүр царай - Жозе Моуриньо

Моуриньогүй Аваргуудын лиг уйтгартай санагдаж байна уу? Тэгвэл танд баяртай мэдээ дуулгая. Аваргуудын лигийн хошой аварга дасгалжуулагч маань хэдий баг нь энэ тэмцээнд шалгараагүй ч, "жүжигчин"-ий дүрээр эргэн иржээ. Аваргуудын лигийн спонсороор 11 дэх жилдээ дараалан ажиллаж буй Хайнекен брэндээс "Prep Talk" нэртэйгээр гаргаж буй энэхүү сурталчилгаанд Моу тоглолт үзэхээр зэхэж буй фенүүдийг яг л талбайд гарахад бэлтгэж буй тамирчид адил зоригжуулж байгаагаар гардаг. "Аваргуудын лигийн тоглолтыг урьдчилан бэлдэж үзвэл бүр гоё байдаг. Жаахан бодоод чармайлт гаргавал фэнүүд илүү сайхан мэдрэмжийг тоглолтоос авах боломжтой. Гэхдээ тэднийг заримдаа бага зэрэг зоригжуулах хэрэгтэй бол Жозе Моуриньо л үүнийг хамгийн сайн хийж чадна гэж үзсэн" хэмээн Хайнекений зүгээс тодотгосон уг рекламыг Английн алдарт найруулагч, Мадоннагийн экс нөхөр Гай Ричи найруулсан нь бүр сонирхолтой. Маргааш эрт эхлэх ажлаа умартан, хажуудаа амрах гэрийнхнээ үл тоон, шүтдэг багаа дэмжих чин сэтгэлээрээ шөнө дунд зурагтынхаа өмнө суудаг монгол фанатуудад энэ сурталчилгаа ихээхэн таалагдах нь гарцаагүй.

Аваргуудын лигийн сүлд дууны үг гурван хэл дээр бичигдсэн байдаг

Тоглолт бүрийн өмнө эгшиглэж, телевизийн шууд дамжуулалтын завсарлага бүрээр сонсогдсоор чихэнд хэзээний танил болсон Аваргуудын лигийн сүлд дууны үг гурван хэл дээр бичигдсэн байдаг аж. 1992 онд бүтээгдсэн энэхүү сүлд дуунд УЕФА-ийн үндсэн гурван хэл буюу Англи, Франц, Герман үгс агуулагдсан байдаг. "Аваргуудын лиг" гэдэг даруухан үгтэй энэхүү бүтээлийг Английн хөгжмийн зохиолч Тони Бриттен бичсэн бөгөөд Лондоны Филармони оркестр хөгжмийг нь тоглосон юм. Сонирхолтой нь гурван минут үргэлжлэх энэхүү аяыг УЕФА хэзээ ч арилжааны хувилбараар худалдаанд гаргаж байгаагүй гэнэ.

Реал Мадрид "хараал" тайлж чадах уу?

Аваргуудын лигт хамгийн олон буюу 11 удаа түрүүлсэн, цомыг хамгаалагчийн статустайгаар энэ жил өрсөлдөж буй Реал Мадридын өмнө биелүүлэхэд тун бэрх нэгэн даалгавар бий. Энэ бол аваргын цолоо хамгаалах. Европын Аваргуудын цом нэрээ Аваргуудын лиг болгон өөрчилсөн 1992 оноос хойш ямар ч баг 2 жил дараалж түрүүлж чадаагүй байгаа. Хамгийн сүүлд Милан 1989, 1990 онуудад дараалж түрүүлснээс хойш Сир А.Фергюсоны удирдаж байсан Манчестер Юнайтед ч, тики-такаг төгс мэт болгосон Барселона ч, Ливерпүүл, Байерн, Реал Мадрид аль нь ч дараалж цом өргөсөн тохиолдол үгүй. Тэгвэл Реал Мадридад энэхүү "хараалыг" тайлах боломж байна. Шөвгийн наймд итгэл төгс шалгараад буй тэд ахин гурван давааг давах шаардлагатай.

Түрүүлсэн баг ямар мөнгөн шагнал хүртдэг вэ?

Европын хөлбөмбөгийн топ клубүүдийг нэг дор нэгтгэж, өндөр ачаалал, өрсөлдөөн дүүрэн лигийнх нь дундуур долоо хоног бүр ийш тийшээ явуулна гэдэг хүнд ажил. Тиймдээ ч УЕФА шагналын мөнгөө жил бүр ихэсгэж, клубүүдэд тараадаг. Эхний шатны сонгон шалгаруулалтанд оролцоход л 2 сая евро авдаг бол Аваргуудын лигийн хэсгийн шатанд шалгарсан баг бүр 12 сая еврогийн урамшууллыг авахаас гадна тоглолтын үзүүлэлтээс хамааран бонус авна. Ялалт бүр 1.5 сая, тэнцээ бүр 500 мянган евро байдаг байна. Харин түрүүлсэн багт энэ жил 15 сая еврог холбооноос гардуулах бөгөөд финалд ялагдсан баг 10.5 сая еврогийн мөнгөн шагнал хүртэх ажээ. Гэхдээ ингээд болоогүй, Газпром, Хайнекен, Мастеркард зэрэг спонсоруудаас гадна шууд дамжуулалт- телевизийн орлогоос клубүүд ихээхэн ашиг хүртдэг. Газарзүйн байрлалаас хамааран мөнгөн дүн нь өөр өөр гардаг учир үнийн дүнг шууд хэлэх боломжгүй ч өнгөрсөн жил түрүүлсэн Реал Мадрид 94 сая еврог авч байхад финалд үлдсэн Атлетико нийт 82 сая еврог халаасалж байв. Энэ жил телевизийн шууд дамжуулалтын үнэ бараг 15 хувиар нэмэгдсэн бөгөөд УЕФА-аас 1.3 тэрбум еврог багуудад тараана гэдгээ зарласан юм. Тэгэхээр түрүүлсэн баг нийт 100 сая еврогийн шагнал хүртэх магадлал өндөр болсон гэсэн үг. Ингээд бодохоор нэг тоглогчийн үнэ 100 сая хүрэх нь бараг тодорхой байгаа биз?

39462   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.