Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   03 сарын 09, 2017

Аялагчдын зөвлөгөө: Онгоцоор нисэхдээ юу юунд анхаарах вэ?

Өнөөдөр нэг сонирхолтой зөвлөгөө нийтлэлийг хүргэе. Аялал болон ажлаар гадаад зорчих хэрэгцээ хүмүүст үе үе, зарим хүнд байнга л гардаг. Улам бүр даяарчлагдаж байгаа энэ цаг үед онгоцоор нисэх хэрэгцээ улам нэмэгдсээр байх нь тодорхой. "Тэнгэрийн хүлэг”-ийг хөллөн оргил уулсын дээгүүр, очих ирээдүйн зүг 10 гаруй кмийн өндөрт ниснэ гэдэг гайхалтай. Гэхдээ онгоцоор ниснэ гэдэг автобус, таксинд суух шиг амар хялбар ажил биш. Ачаа тээш, хил гаалиар гарах, онгоцонд тавтай, эрүүл явах гэх мэтэд бэлтгэлээ сайн базаах нь аялал сайхан болохын урьдач нөхцөл билээ. Тиймээс онгоцоор их зорчдог манай зарим уншигч, "Дэлхийгээр аялагчид" группийн зарим гишүүд энэ тал дээр юу юу зөвлөснийг сонирхоно уу.

ОНГОЦНЫ ХООЛОНД БҮҮ НАЙД & ДАСГАЛ ХИЙ

Онгоцны хоолонд бүү найд, боломжтой бол битгий ид. Ойр зуур амны зугаа авч яв. Ус их уудаг хүн бол онгоцны үйлчлэгчийг ойр ойрхон дуудахгүйн тулд том сав ус гуйж ав. Ер нь холын нислэгт үйлчлэгчтэйгээ сайхан харилцахад гэмгүй шүү. Бас Bose чихэвч онгоцны чимээнээс сайн тусгаарладаг. Болж өгвөл цаг тутам босоод 00-ийн дэргэд дасгал хийгээрэй. (@baikap)

Б ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙ & КОНДИШНИЙ ХАНИАДААС БОЛГООМЖИЛ

Холын нислэгт ус сайн уу, таавчиг авч яв. Арьс их хуурайшдаг тул нүүрний маск авч яваад тавибал сайхан арьстай бууна. Үгүй бол арзайсан л юм бууна. Чих өвдөхөд хамраа чимхэж байгаад чанга нийвэл бөглөөс гарч өвчин арилна. Хөл хавагнан цус овоорох тул бас зузаан резинтэй, хавагнуулдаггүй оймс зүгээр. Харин ойрын нислэгт, байдгаараа гоёод хөөрхөн харагд (инээв).

Хурал зөвлөгөөнд явж байгаа бол гар ачаандаа хуралд өмсөх нэг ээлжийн хувцас, ядаж нэг цамц ав. Ачаа богино транзитад хоцроод хүсээгүй шоппинг цөөнгүй хийж байлаа. Бас манайхан халуун орон гэж бодоод юу юугүй нүцгэлээд кондишний ханиад их тусдаг. Энэ бол аяллын ганц дайсан. (Bulgan Bayasgalant)

УС ИХ УУ & МАСК ЗҮҮ

Онгоцонд маск зүүж явбал их зүгээр юм билээ. Онгоцны кондишн агаарыг хуурайшуулдаг, өндөрт хүчил төрөгч бага байдаг болохоор хүн амьсгалаараа аажмаар шингэнээ алддаг. Цагийн зөрүүнд орох нь өөрөө яг шарталттай адилхан шингэний дутагдал. Тэгэхээр маск зүүх, их ус уух хэрэгтэй. (Гантулга)

АЧААНЫХАА ЖИНГ ТААРУУЛ

Тээшний хэмжээ, жингээ тохируулна гэдэг нислэгийн түвэгтэй хэсэг. Тэгэхээр болбол жинтэй явах юм уу ачаа ихдэхэд юу юуг орхиж болохоо тооцоол. Үүнтэй холбоотой нэг мэдээ сонирхуулахад, Америкийн Раден компани өнгөрсөн 11 сард өөрийгөө жинлэдэг ухаалаг чемадон гаргасан байна лээ. Чемадонаа bluetooth-ээр гар утастайгаа холбож, байгаа газрынхаа цаг агаар, замын хөдөлгөөний ачаалал, нислэгийн мэдээлэл авах, дараагийн нислэлийн төлөвлөгөөг гаргах, гар утсаа цэнэглэх боломжтой гэсэн. (Эрдэнэ Эрдэнэс)

БИЕД ЭВТЭЙХЭН ХУВЦАС ӨМС & ОНГОЦНООС БУУГААД ХУРДАА НЭМ

Би бэлтгэлийн өмд, юүдэнтэй цамц, урт оймс өмсөхийг илүүд үздэг. Онгоцны дэр, хөнжил байнга цэвэрхэн биш тул юүдэнтэй цамц хэрэгтэй байдаг. Богино оймстой бол гутлаа тайлахад хэцүү. Ихээхэн цагийн зөрүүнд орох бол унтуулах эм авч явах хэрэгтэй. Emergency гарцтай эгнээнд суухыг эрмэлз. Тэр эгнээнд суухгүй бол гарц хүртэл хэдэн эгнээ байгааг тоол. Учир нь, юмыг яаж мэдэх вэ, аваар осол гарлаа гэхэд гарцыг олж харж чадахгүй байж мэднэ. Дэргэд чинь нялх хүүхэд юм уу халамцуу хүн байвал суудлаа солихыг хүс. Асар ялгаатай шүү. Бас хөл доороо үүргэвчээ авчихад ном, компьютер, салфетка, цэнэглэгч, үзэг гээд юм юмтайгаа ойр амар. Тэгээд эцэст нь, онгоцноос буухдаа хүмүүсийг гүйцэж хурдан алхаад гаалиар нэвтрэх оочерт хамгийн түрүүнд жагс! (@Okod)

ОЧИХ ГАЗРЫНХАА ЦАГ АГААРЫГ ХАР

Тухайн очих, дамжин өнгөрөх хотынхоо цаг агаарын байдлыг харахад илүүдэхгүй. Нью Йорк орохдоо хямдыг бодож Истанбулаар ниссэн чинь цас орж 2 өдрөөр нислэг хойшлогдоод “дөтийг харж дөрөв хонохын үлгэр” болсон шүү. (Gavaa Suren)

НИССЭН МИЛИЭ ЦУГЛУУЛ

Mileage буюу агаараар явсан зайгаа байнга тооцуулж бай. Явсан зай чинь нэмэгдэх тусам economy нислэгийг бизнес класс болгох, лаунжид суух зэрэг боломжуудыг эдэлнэ. Нүдний хаалт, сайн дэр, чихний бөглөө заавал авч явах зүйлс. (@Lkhagva)

НЯРАЙ ХҮҮХДЭД ЗАХИАЛАХ ЗҮЙЛС

Нярай хүүхэдтэй онгоцоор нисэхэд хүүхдийн сагс буюу ор захиалах, хүүхдийн насанд тохирсон хоол захиалах, онгоцны хаана суух суудлаа захиалах маш чухал. Эдгээрийг нислэгийн тийз авахдаа захиалганд оруулдаг ч онгоцны буудал дээр бүртгүүлж байж баталгаажуулахыг анхаараарай. Хүүхдийн тэрэг ачааны жинд огт хамаагүй үнэгүй тээвэрлэгдэнэ, мөн онгоцны хоолойн дээр өгч, авах хэрэгтэй. Тэгэхгүй бол онгоцны буудал дотор хол, удаан явбал хэцүүднэ. Бас онгоцон дотор хөл жийдэг зайтай суудал руу хүмүүс шунаад байдаг. Хүүхдийн дэргэд суух магадлал тун өндөр шүү. (Хулан хулан)

БАГА АЧААТАЙ БОЛ СҮҮЛД НЬ СУУ

Онгоцонд орохдоо хамгийн сүүлд нь орвол зүгээр. Хүмүүстэй чихэлдэхгүйн зэрэгцээ сүүл ороход хүнгүй аятайхан суудал олдож мэднэ. Магадгүй дараалсан хүнгүй 3 суудал байвал хэвтээгээрээ явна шүү дээ. Бас заримдаа онгоц их хүнтэй байвал бизнес класс руу шууд шилжүүлчих нь бий. Гэхдээ нэгээс илүү гар ачаатай бол сүүлд ороход ачааны зайгүй болсон байх магадлалтай. (@Khosoo)

Уншигч та бас онгоцоор нисэхдээ юу юуг чухалчилж, ямар арга хэрэглэдгээ бидэнтэй хуваалцаарай. Энэ нийтлэл цуврал болон үргэлжилнэ.

78910   8


НИЙТЭЛСЭН:

Zack Batsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.