Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   03 сарын 06, 2017

Онцлох бизнес: Mama App - Ээжүүдийн уулзах газар

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр тохиож буй энэ 7 хоногт бид, ээжүүдэд ажил амьдралаа тэнцвэртэй авч явахад нь туслах зорилготой Мама апп-ийг онцолж байна. Эмэгтэйчүүд ээж болсон цагаасаа хойш өөрийгөө умартдаг түгээмэл хандлагыг халж, ээжүүдийг хөгжүүлж чадавхжуулах зорилготой энэ апп-ийг бүтээгч багийнхан аппаас гадна арга хэмжээ, ном, дэвтэр, тв шоу зэрэг олон зүйлд төвлөрч ажилладаг бөгөөд энэ сард автобусанд ээжүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд тусгай суудал гаргаж өгөх "Ягаан суудал" нөлөөллийн аяныг хэрэгжүүлж байгаа юм.

Бизнесийн нэр: Mama app
Хаяг: Мэдээлийн технологийн үндэсний парк, 203 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Нийгэмд ээлтэй бизнес
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 6-р сар
Үүсгэн байгуулагч: Э.Жавхлан, Ч.Золзаяа, Л.Наранзул
Ажилтны тоо: 5
Вэб: www.mamaapp.mn, Mamaapp (фэйсбүүк)

Зүүн гараас: Э.Жавхлан, Ч.Золзаяа, Л.Наранзул

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Э.Жавхлан: Би 2014 оны намар ээж болж, ээжүүдэд тулгардаг түгээмэл асуудлуудыг өөрийн биеэр мэдэрч эхэлсэн. Тэр үед манайх шинэ дүүрэгт нүүж очсон болохоор хаана ямар үйлчилгээ байгааг мэдэхгүй, таньдаг хүмүүс ч байхгүй байлаа. Мөн хүүхдүүдээ асрахтай холбоотой мэдээллүүдийг авах хэрэгцээ гарч ирсэн. Энэ үеэс ээжүүд хоорондоо танилцдаг, асуудлуудаа ярилцдаг, өөрсдийгөө хөгжүүлдэг, хэрэгцээт үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл авах цогц платформ бий болговол зүгээр юм байна гэж бодох болсон. Тухайн үед ээжүүдийн группууд байдаг байсан боловч фэйсбүүк нь мэдээллийг бөөгнүүлж хадгалахад тохиромжгүйгээс гадна зөвхөн зорилтот хүмүүсээ биш хэтэрхий олон нийтийг хамарчих гээд байдаг байсан. Ингээд нөгөө хоёртойгоо хамтран аппаа эхлүүлж, Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн инкубаторт тэнцэж ороод үйл ажиллагаагаа явуулж байна.

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Ч.Золзаяа: Миний хувьд Babyzone.mn сайтад ээжүүдийн асуудлаар блог бичдэг байлаа. Тэгтэл өнгөрсөн жилээр эхээр Жавхаагаас хамтрах санал ирж, нэг баг болсон. Надаас гадна идэвхтэй байдаг ээжүүдэд санал тавьсан юм билээ. Мөн энэ үед Жавхаа маань өөрийн сайн найз, энэ санааг анхнаас нь дэмжиж ирсэн Наранзулыг татан оролцуулж, гурван ээжийн хамтын ажиллагаа эхэлсэн юм. Бид аппийнхаа зэрэгцээ Mompreneur Union of Mongolia ТББ-ыг удирдан явуулдаг.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Э.Ж: Гурвуулаа хуримтлалаа нийлүүлээд эхлэлтийн санхүүжилтээ босгосон. Апп хөгжүүлэхэд багагүй хөрөнгө шаарддаг.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Л.Наранзул: Орчин цагт ээжүүд гэртээ зөвхөн хүүхдээ хараад суудаг хэв маяг дэлхий нийтээр өөрчлөгдөж байгаа. Ээжүүдэд хүүхдээ хараад суух хугацаанд өөрийгөө хөгжүүлэх, өөрийн хүсэл сонирхлын дагуу ажил хийх хүсэл, боломж бий болсон. Гэхдээ тэр зорилгодоо хүрэхийн тулд хурдан мэдээлэл авах шаардлагатай байдаг. Ийм мэдээллийн талбар дутагдаж байсан болохоор бид Мама апп-ийг эхлүүлсэн. Бид аппаараа дамжуулан, өөрийгөө хөгжүүлдэг, ажил амьдралтай тэнцвэртэй авч явдаг момпренерүүдийг илүү олон болгохыг хүсэж байгаа.

Апп-ийн онцлогийн тухайд газарзүйн байршил дээр суурилсан, ээжүүдэд ойрхон байгаа ээжүүд болон үйлчилгээнүүдийг харуулах боломжтой. Хоорондоо танилцах, бүтээлч нөхөрлөх үүсгэх, өөрсдийгөө хөгжүүлэх, бизнес карьерын хувьд өсөж дэвжихэд тусална. Ойролцоох үйлчилгээнүүдийг хямдралтай авах купонуудыг мөн санал болгож байгаа. Одоогоор манайд гар урлал эрхэлдэг ээжүүдийн нэгдэл, блог бичигчдийн нэгдэл үүсээд байна. 20 орчим блоггер нийтлэл бичиж оруулдаг.

АППААС ГАДНА ТАНАЙХ ТӨРӨЛ БҮРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ. ТЭДГЭЭРИЙН ТАЛААР ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

Ч.З: Манайх сардаа 2 удаа ээжүүдэд зориулсан арга хэмжээ хийдэг. Нэг нь хэрхэн сайн ээж байх вэ гэдэгт чиглэдэг бол нөгөө нь бизнес карьерын хувьд өсөн дэвжихэд туслах зорилготой. Нэг удаа 3-4 зочныг уриад 3-4 цагийн арга хэмжээ хийж, аль болох олон талын мэдээлэл өгөхийг зорьдог юм.

Үүнээс гадна бид өнгөрсөн 12-р сард ээжүүдэд зориулсан анхны "365 төлөвлөлт"-ийн дэвтрийг гаргасан. 1000 ширхэг хэвлэсэн нь 1-2 сарын хугацаанд эрэлттэй байж, бүрэн борлогдсон шүү.

Бид бас ээжүүдэд зориулсан "Mum Tv Show" шоуг B Production-тай хамтран бүтээж, Channel 11 сувгаар цацаж байгаа. Энэ шоунд маань гэртээ хүүхдээ харж буй, бизнес эрхэлж буй, карьер хөөж буй 3 төрлийн ээжүүд оролцдог. Одоогоор 10 дугаар гаргасан, нийт 12 дугаар гаргахаар зэхэж байна.

Түүнчлэн гар урлал эрхэлдэг ээжүүдтэйгээ хамтран Mama Handmade Boutique байгуулж, цагаан сарын өмнө 2 ч үзэсгэлэнд туршилтын журмаар оролцсон шүү. Гэртээ гар урлал эрхэлдэг ээжүүд олон байдаг болохоор нэгдсэн зохион байгуулалтанд оруулж байгаад ээжүүд маань талархалтай байгаа.

ТАНАЙХ АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Л.Н: Ээж болсон хүн зөвхөн хүүхдэдээ л бүхнээ зориулж, өөрийгөө гаргуунд нь гаргадаг байдлыг арилгаж, сайн ээж байхын хажуугаар ажил карьерын хувьд амжилттай явж болдог гэсэн ойлголтыг нийгэмд түгээж, ээжүүдэд урам зориг, эрч хүч өгдөг платформ байхын төлөө бид зорин ажиллаж байгаа. Апп-ийн тухайд улам сайн хөгжүүлж, олон улсын зах зээлд гаргах зорилготой. Судлаад үзэхэд олон улсад энэ чиглэлийн апп олон байдаггүй. Эхний алхмуудаа хийж, гадаадын зарим хурдасгуур хөтөлбөрүүдийн шалгаруулалтад материалаа илгээгээд хариу хүлээж байна.

Холбоогоо мөн өргөжүүлж, олон улсын ижил төстэй холбоод, клубуудтэй холбогдон Азийн Момпренерүүдийн Холбоог байгуулах алсын хараатай.

ТАНАЙ ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ЮУ ВЭ?


Э.Ж: Үнэнч байдал ба хамтын ажиллагаа гэж тодорхойлж болно. Ээжүүд бие биеэ дэмжиж, нэгдэж чадвал хамтдаа ихийг бүтээх боломжтой шүү дээ

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Э.Ж: Нийгмийн зорилготой бизнесийн хувьд "Бид суумаар байна" уриатай, нөлөөллийн аянг ид хэрэгжүүлж байна. Жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулан автобусны 2 суудлыг ягаан бүрээсээр бүрж, тусгай сандал бий болгох юм. Ээжүүд ажил төрлөө амжуулах гэж нийтийн тээврээр их зорчдог болохоор тэднийг тав тухтай, эрүүл, аюулгүй яваасай, хамгийн гол нь ээжүүдээ хүндлэх, хайрлах эерэг хандлагыг түгээе гэж энэ аяныг сэдэж эхлүүлсэн. Улаанбаатар 1000 автобус байдаг гэхээр нийт 2000 суудлын бүрээс, зурагтай наалт үйлдвэрлэх юм. Бид эхний хэдэн зуун бүрээсээ хийсэн байгаа. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Авто Тээврийн Газартай холбогдож санаачилгаа дэмжүүлсэн. Улаанбаатар Принтинг, UA Consulting, Mongol Mums зэрэг компаниуд бас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран ажиллаж байгаа. Энэ ташрамд мөн манай аян дээр хамтрах боломжтой байгууллагуудыг урьж байна. Нэлээд өргөн хүрээтэй ажил учраас бид тун шаргуу, зогсолтгүй л ажиллаж байна. Хувь хүмүүс, байгууллагууд дэмжвэл их баярлах болно.

Мөн алдартай момпренер эмэгтэйн бичсэн 2 номыг монгол хэлнээ хөрвүүлэхээр ажиллаж байна. Энэ оны 11-р сард момпрненер ээжүүдийг цуглуулан томоохон "Mompreneur Conference"-г зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ арга хэмжээнд гаднаас илтгэгчид урихаас гадна Мама апп-ийнхаа албан ёсны нээлтийг хийх юм.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Ч.З: Нийгэмдээ эерэг хандлага, сэтгэлгээний өөрчлөлтийг авчрахаар ажиллаж байгаадаа баярладаг. Ээжүүд гэдэг хүн амын томоохон хэсэг. Ээжүүд мэдээлэл сайтай, өөртөө сэтгэл хангалуун байснаар хүүхэд жаргалтай, хүмүүжилтэй хүн болж өснө, гэр бүл тогтвортой байна. Тийм ч учраас бидний хийж байгаа бүх арга хэмжээ, бүтээгдэхүүнийг манай ээжүүд маш талархалтайгаар хүлээн авч, ихийг хийх хүсэл эрмэлзэлтэй болж байна гэж бидэнд урмыг үг их хэлдэг. Тэгэхээр бидний санаачилга оновчтой, цагаа олсон юм болов уу.

Бэрхшээлийн хувьд бид өөрсдөө мэдээллийн технологийн хүмүүс биш болохоор апп хөгжүүлэлт дээр янз бүрийн асуудлууд үүсэж байсан. Одоо гэхдээ тэр бүхнийг даваад, салбарынхаа талаар нэлээн сайн ойлголттой болоод явж байна.

31363   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.