Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   03 сарын 03, 2017

Бид энэ ертөнцөд үнэхээр ганцаараа гэж үү?

Уинстон Черчилл гэдэг нэрийг сонсохоор танд ямар төсөөлөл бууж байна вэ? Бидний ихэнх нь түүнийг дайны үеийн холбоотны лидерүүдийн нэг, 20-р зууны хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг гэдгээр нь мэддэг. Харин та түүнийг шинжлэх ухаан болон технологид дурлагч нэгэн байсан талаар сонсож байсан уу?

1896 оны үед Энэтхэг дэх Британийн армид алба хааж байх үедээ 22 настай залуу Черчилл Дарвины цуут “Зүйлийн үүслийн тухай” номыг анх уншсан гэдэг. Түүнээс хойш шинжлэх ухааныг улам сонирхон судалж, орон нутгийн сонин, сэтгүүлүүдэд төрөл бүрийн нийтлэл, бодролуудаа хэвлүүлдэг болжээ. Хожим дайны үед тэрээр Британийн цөмийн хөтөлбөрийг тууштай дэмжиж, байрлал тогтоох төхөөрөмжинд ихэд найдлага тавин санхүүжүүлдэг байжээ. Тэр тухайн үед Бернард Ловелл, Ф.Линдеманн зэрэг физик, химийн салбарын хамгийн шилдэг эрдэмтэдтэй нөхөрлөн, зөвлөгөөг нь сонсдог байсан гэдэг. Зарим үед генералууд нь үүнд эгдүүцэж, үг хаядаг байсан тухай ч баримт бий.

Тэр өөрийн дотны найз Линдеманныг 40-өөд оны эхээр шинжлэх ухааны асуудал эрхэлсэн зөвлөхөөрөө томилсноор ийм албан тушаалыг бий болгосон анхны ерөнхий сайд болсон юм. Түүний үед Их Британи даяар шинжлэх ухаан цэцэглэн хөгжиж, их сургуулиудад технологи дамжуулалт, шинэ нээлтүүд эрс нэмэгдэж, төрөл бүрийн зориулалттай лабораториуд байгуулагдаж байв. Гэхдээ бид энэ удаад саяхан алдарт Nature сэтгүүлд хэвлэгдсэн түүний “Энэ ертөнцөд бид үнэхээр ганцаараа гэж үү?” нийтлэлийнх нь тухай өгүүлэх болно. Хамгийн сонирхолтой нь түүний энэ бүтээлийг өнгөрсөн жилийг хүртэл олон нийт битгий хэл намтар судлаачид нь хүртэл мэдээгүй байсан юм. 11 хуудас, бичгийн машинаар цохьсон энэ нийтлэлдээ Черчилл өөр гарагт амьдрал хайхын ач холбогдлыг хөнджээ.

Тэрээр нийтлэлийнхээ эхний хувилбарыг 1939 онд буюу Европ айсуй их дайны өмнө зогсож байх цаг мөчид Лондоны News of The World сонинд зориулж бэлдсэн байж болзошгүй. Хэдий түүнд хэвлүүлэх боломж тодорхойгүй шалтгааны улмаас олдоогүй ч 50-аад оны сүүл үед өөрийн намтарч Эмери Ревестэй хамт багахан засваруудыг хийсэн гэнэ. Эмеригийн эхнэр Венди Ревес энэ нийтлэлийг 80-аад оны сүүл үед Үндэсний Черчиллийн Музейд шилжүүлж байсан ч хэний ч анхаарлыг таталгүй дарагдсаар өдийг хүржээ. Nature сэтгүүл, Марио Ливио энэхүү нийтлэлийн талаар товчлон бичсэнийг бид толилуулж байна.

Үеэсээ түрүүлж сэтгэхүй

Черчилл хамгийн эхэнд амьдралын хамгийн чухал шинжийг “өсөж үржих” хэмээн тодорхойлжээ. Тэрээр олон эст амьтдын үндсэн шинжүүдийг дурдаж, бүх амьд амьтдад шаардлагатай зүйл бол ус гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Өөр төрлийн шингэнийг тооцооноос хасаж болохгүйг тэр сануулж, ус болон шингэн зүйлсийг хайх нь амьдрал оршин байх гарагийг олох хамгийн энгийн шалгуур хэмээн бичжээ.

Черчилл үүний дараа амьдрал оршин байх урьдач нөхцөлүүдийг тодорхойлсон байна. Тухайн гараг нь хэт хүйтэн, эсвэл хэт халуун байж болохгүй. Ус илүү чулуурхаг гарагт оршин байх магадлал өндөр. Дэлхий нар хоёрын хоорондын зай яг төгс байрласныг мөн онцолжээ. Мөн агаар мандал, татах хүчний ач холбогдлыг ч мартсангүй.

Эдгээрээс үндэслэн тэрээр манай нарны аймаг дотор гэвэл Ангараг, Сугар гарагуудад л амьдрал байх магадлалтай хэмээн бичжээ. Бусад гарагуудыг яагаад хассанаа ч үндэслэлтэйгээр тайлбарласан байна.

Том зургаар харахуй

“Манай нар бол хэдэн зуун сая одыг агуулсан ертөнцийн ердөө л нэг жижигхэн хэсэг нь, ердөө л нэг од төдий зүйл” гэж дараагийн хэсгээрээ өөр нарны аймгийг оршин байх нөхцөлийг тодорхойлохыг зорьжээ. Хэдэн зуун тэрбум од байхад яагаад аль нэг нь гарагийн тогтолцоотой, тэдгээр гарагуудын ядаж нэг нь урьдач нөхцөлийг хангасан байж болохгүй билээ гэж бичсэн байна. Гэвч одод хоорондын зайнаас шалтгаалж бид түүн дээрх амьд организм, амьдралын талаар хэзээ ч мэдэхгүй өнгөрч магадгүйг сануулжээ.

Черчилл нарны аймгийг илүү нарийвчлан судлах нь асар их бололцоог нээнэ гэдгийг мэдэж байв. “Нэг өдөр, магадгүй ойрын ирээдүйд, бид сар луу аялдаг, бүр цаашаа ангараг, сугар гарагууд руу ч зорчих боломжтой болох биз”. Гэхдээ тэрээр одод хоорондын аяллыг хийхэд дэлхийтэй харилцах холбооны асуудал тун түвэгтэй байж магадгүй гэж бичжээ. Гэвч эр зоригтой аавын хүү, ээжийн охид хүн төрөлхтнийг оддын зүг хийх урт аялалд түүчээлж, араас дагах замыг гаргана гэдэгт итгэлтэй байна хэмээн нийтлэлээ дуусгасан байна.

“Хэдэн зуун мянган гараг эрхэс, хэдэн зуун сая нар одод оршин буй энэ ертөнцөд амьдрал агуулсан гарагийг олохгүй байна гэдэг өөрөө боломжгүй зүйл байж мэдэх юм” хэмээн төгсгөл хэсэгтээ мөн дурджээ. Бараг 80 жилийн дараа ч түүний энэ санаа шинжлэх ухааны хамгийн сонирхолтой сэдвүүдийн нэг байсаар л байна. Техник технологийн хөгжил биднийг улам урагшлуулж, зорьсон зүйлээ олоход ойртуулж байгаа нь үнэн ч баталгаатай, нотолгоотой зүйлс үгүйлэгдсээр. Бид үнэхээр ганцаараа гэж үү?

Үлгэр жишээ авахуй

Черчиллийн уг бичвэрээс түүний аливаа нийгмийн хөгжилд шинжлэх ухаан, технологийн үзүүлэх нөлөө үнэхээр чухал гэдэгт итгэж байсныг анзаарч болно. Тэрээр 1958 онд Кэмбрижийн Их Сургуульд Черчиллийн коллежийг үүсгэн байгуулахад хувь нэмэр оруулах үедээ “хүн төрөлхтнийг инженерчлэл, шинжлэх ухааны ололтоор дамжуулан шинэ үе рүү хөтлөн оруулах” тухай онцлон дурдсан байдаг.

Үүнээс гадна эрдэмтдийг илүү хүнлэг, ёс зүйтэй байхыг сануулдаг байж. “Бидний дэлхийд эрдэмтэд хэрэгтэйгээс биш эрдэмтдийн дэлхий хэрэггүй” гэж бичиж байжээ. Шинжлэх ухааныг хүн төрөлхтний эзэн нь биш, үйлчлэгч нь байлган хөгжүүлэхийн тулд ёс зүй, хүний үнэт зүйлсийг хамгийн түрүүнд тавих ёстойг анхааруулжээ.

Черчилл бол түүхэн дэх хамгийн агуу алсын хараатай, шинэлэг сэтгэлгээтэй, үе үеийнхний үлгэр дууриал болсон манлайлагч байв. Тэрээр шинжлэх ухаанд ач холбогдол өгөхийн зэрэгцээ ёс зүйг чухалчлахыг сургаж байсан нь өнөөгийн нийгэм дэх улс төрчдөд ихээхэн дутагдаж буй чанар билээ. Ядаж л шинжлэх ухааны асуудал эрхэлсэн зөвлөхтэй, тэднийгээ ашигладаг улс төрчид хэр их байдаг билээ дээ?

Эх сурвалж: Nature сэтгүүл

34653   5


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.