Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   03 сарын 01, 2017

Бид хэрхэн ажилладаг вэ? - АНУ-ын классик рок "Break of Reality" хамтлаг

2017 онд Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд АНУ-ын Элчин Сайдын Яам, Гадаад Харилцааны Яам, Монголын Урлагийн Зөвлөл хамтран АНУ-ын ‘Break of Reality’ цөөхүүл хөгжмийн хамтлагийг Монголд урьсан бөгөөд тэд Морин Хуурын Чуулгатай хамтран “Өрнө Дорнын Аялгуу” тоглолтыг өнгөрөгч нэгдүгээр сард амжилттай тавьсан юм. Классик, рок, инди рок урсгалаар бүтээлээ туурвидаг тус хамтлаг 2003 Нью-Йорк хотод байгуулагдаж, Хойд, Өмнөд Америк, Европ, Азид аялан тоглолт хийж, цомгуудаа гаргаж байсан бөгөөд АНУ-ын Засгийн Газраас 2015 онд “Хөгжмийн элч” хамтлагаар сонгогдсон юм. Pandora дээр 50 мянга орчим дагагчтай тэдний 2013 онд хийсэн Game of Thrones-ийн ковер хөгжмийг нь Huffington Post "киноны хөгжмийг тоглосон хамгийн гайхалтай үзүүлбэр" гэж үнэлж байжээ.

Байршил: АНУ, Нью Иорк
Та бүхний ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Зогсоо зайгүй, тууштай
Сошиал хуудсууд: Вэбсайт, Фэйсбүүк, Википедиа, Юүтүб

Та бүхэн ямар арга барилаар ажилладаг вэ?

Бид бүх л юмаа өөрсдөө хийдэг дээ. 13 жилийн турш бид хамтлагаа хэрхэн зангидах, аялан тоглолтоор явах, цомог гаргах, өндөр чанартай клип хийх, өөрсдийгөө онлайнаар сурталчлахыг сурсан. Бид өнөө цагийн онлайн трендээс хоцрохгүй байхын тулд их хөдөлмөрлөдөг. Өөрөөр хэлбэл медиа сувгуудтай ажиллах, хөгжмийн компаниуд, тоглолт хийх газруудтай харилцаа холбоо тогтоох, бүтээлээ сурталчлахад нэлээд цагийг зарцуулдаг. Үүнээс гадна бид хөгжмөө өөрсдөө бичиж найруулдаг.

Та бүхэн ямар апп, програм их ашигладаг вэ? 

Видео хийхдээ бид Adobe Premiere, хөгжмөө хийхдээ Pro Tools болон Sibelius, фото янзлахдаа Photoshop-ийг ашигладаг. Мөн хүргэлт дээр наах шошгоо хэвлэхийн тулд принтер байнга ашиглана. iPad-ийг Pro Tools-ийн удирдлага болгож, бас болон бэлтгэл дээр, тоглолт дээр ноот харахдаа ашигладаг.

Танай ажлын өрөө, орчин ямархуу вэ? 

Хамтлагийн оффисдоо бид 2 ширээ нийлүүлэн нэг том ширээ бий болгосон. Дээр нь компьютер, янз бүрийн юм тэмдэглэсэн наадаг цааснууд маш олон бий. Студид маань бол студийн бүх л төхөөрөмж бий.

Та бүхний цаг хэмнэх хамгийн сайн арга? 

Бид оффисоо эмх цэгцтэй байлгаж, гэртээ харьсан үедээ хэрэгтэй бүх юмандаа холбогдож нэвтэрдэг. Цаг хэмнэхийн тулд бид байнга ирдэг имэйлүүдэд өгөх загвар хариу имэйлүүд бэлдсэн байдаг. Түүнчлэн эксел файл дээр тооцоогоо байнга хөтөлж, сар бүр хийдэг санхүүгийн тооцоогоо хялбарчилдаг. Энэ нь их цаг хэмнэдэг шүү.

Хийх ажлын жагсаалтаа юун дээр хөтөлдөг вэ?

Бид 10 жилийн турш Google Calendar-ийг ашиглаж байна. Бид үүнийг хугацаатай ажил зоох биш, хийх ажлын жагсаалт маягаар ашигладаг юм. Өдөр бүрийнхээ ажлыг календарьтаа л даатгаж, жагсаалтаа яс барьдаг даа. Зарим үед мэдээж амжихгүй бол хийж чадах өдрөө шилжүүлнэ.

Та бүхний хамгийн гаргууд хийдэг зүйл юу вэ?

Бид ажилдаа үнэхээр дуртай. Биднийг амжилт гаргахад нөлөөлж буй гол хүчин зүйл гэж боддог. Хөгжим маань хэрхэн хөгжиж сайжирч байгааг харахад үнэхээр таатай байдаг. Бид зорилго тавиад, түүндээ хүрэхийн тулд юу хийх ёстойг тодорхойлохдоо, хийх ёстой зүйлсээ тууштай хийхдээ сайн. Хийх зүйлсээ календарьтаа оруулаад, оруулсан бол хийж байж л санаа амардаг. Түүнчлэн хөгжмөө дараагийн түвшинд гаргахад туслах санаануудыг бодож олох дуртай. Тэр нь вайрал видеоны, шинэ дууны, хөгжмийн шинэ төслийн гээд ямар ч санаа байж болно.

Та бүхний хийж буй ажлын эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд юу вэ?

Бид ажилдаа хайртай учраас өөр юм хийдэггүй. Эрх чөлөөтэй байж өөрсдөө өөрсдийнхөө төлөө ажилладаг, хийхийг хүсдэг зүйлээ өдөр бүр хийдэг нь эерэг сайн тал. Харин нэг бэрхшээлтэй зүйл нь бид АНУ-д өөр өөр газар амьдардаг юм. Энэ нь бэлтгэл хийх, уулзалт товлох, тоглолтонд орох зэрэгт жаахан хүндрэлтэй байдаг. Заримдаа нислэг, аяллын зардал мөнгө хэмнэхийн тулд үе үе нэг газраас хөдөлдөг.

Та бүхэн одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ? 

Бид саяхан томоохон аялан тоглолтоос буцаж ирээд, имэйлд дарагдсан байдалтай байна. Өнгөрсөн сард хойшлуулсан зүйлсээ гүйцээхээд нэг долоо хоног болох байх. Үүний дараа видео клипүүд дээрээ ажиллах болно. Мөн хамтлагийнхаа 2017 оны төлөвлөгөөн дээр ажиллана даа. Тэгээд хамгийн чухал нь хэдий амжилттай явж байсан ч байнга л өөрсдийгөө яаж үргэлж шинэ байлгаж, сонирхолтой зүйлсийг сонсогчдодоо хүргэх вэ гэдгийг бодох явдал байдаг.

Та бүхэн ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Бид бүх л төрлийн хөгжмийн сонсдог. Гэхдээ бүгд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг хамтлаг бол Radiohead.

Та бүхэн яг одоо юу уншиж байна вэ?

Бид бас бүх л төрлийн номыг уншдаг. Зав чөлөө олдвол уншаад л байхыг хичээдэг дээ.

Та бүхэн хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Унтах дэглэмийн хувьд бид өөр өөр. Зарим нь их орой унтдаг, зарим нь эрт сэрдэг. Бид ажлаа үд дунд л нийлж хийдэг.

Ажиллаагүй үед тань та бүхнийг хаанаас олж болох вэ? 

Мэдээж өөр өөрийн хоббитой. Жишээ нь манай бөмбөрчин Иван спортод дуртай болохоор байнга л тоглолт үзэж байдаг. Бүгдийнх нь хийх дуртай нэг зүйл бол концерт үзэх.

Та бүхэн урам зориг, эрч хүчийг хэнээс, хаанаас олж авдаг вэ? 

Дуртай хөгжимчид, хамтлагуудаасаа л их эрч хүч, урам зориг авдаг. Хүн болгон өөр өөр нэр хэлж болох ч тэдгээр уран бүтээлчид бүгд маш шаргуу хөдөлмөрлөдөг нь үлгэр дууриал болдог юм.

Та бүхний авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Хүн бүхэн л бусдад хийх дуртай зүйлээ олж, түүнийгээ тууштай хөө гэж зөвлөдөг. Бид багаасаа л хөгжимд дурлаж, тууштай үргэлжлүүлсэн нь азтай хэрэг. Мөнгө олж амьдралаа авч явах ажилдаа дуртай байх нь хамгийн чухал зүйл гэж боддог. Хэрвээ хийж буй зүйлдээ чи дуртай бол байнга л ажиллахыг хүсэж, хамгийн сайн нь байхыг эрмэлздэг болно. Энэ бол амжилтанд хүрсэн хүмүүст байдаг хамгийн нийтлэг зүйл гэж бид боддог. Түүнчлэн өөрийн хийж чадахгүй гэж боддог, бас огт мэддэггүй зүйлээ яаж хийхийг сурах нь чухал гэж итгэдэг. Энэ бол бидний амжилтын нэг шалтгаан байсан. Бусад хамтлаг бол өөр хүн хөлсөлж хийлгэх ажлуудыг бид өөрсдөө хийж сурсан юм.

Та бүхэн манай энэ ярилцлагад хэнийг санал болгох вэ?

Бид Radiohead-ийг эдгээр асуултад хариулаасай гэж хүсэж байна. Бидний дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг, шүтэж биширдэг энэ хамтлагийнхан хэрхэн хамтарч ажилладгийг мэдэхэд тун сонирхолтой байна байх.

Гэрэл зургийг Б.Төмөрбэх

39159   4


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.