Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   02 сарын 25, 2017

Кевин Келлигийн бүтээгч хүмүүст зориулсан "1000 үнэнч фэн" нийтлэл

Өнөөдөр алдартай бизнесмэнүүд, уран бүтээлчдийн ажлын арга барил, дадал хэвшлүүдийн тухай өгүүлсэн Тим Феррисийн "Tools of Titans" номоос нэгэн өгүүллийг орчуулан хүргэж байна. Үүнийг бичигч бол Wired сэтгүүлийг үүсгэн байгуулагч Кевин Келли юм. Технологийн салбарын томоохон сэтгэгчдийн нэг гэгддэг тэрээр дэлхий дээр амьтны аймгийн бүх л төрөл зүйлийг тодорхойлон ангилах All Species Foundation, дэлхийн бүх бүртгэлтэй хэлүүдийг архивлах Rosetta Project зэрэг байгууллагуудыг хамтран байгуулсан бөгөөд The Inevitable, What Technology Wants зэрэг найман ном бичжээ. Тим Феррисийн тодорхойлсноор бол тэр магадгүй дэлхий дээрх хамгийн сонирхолтой хүн гэнэ. "1000 үнэнч фэн" бол урлаач, зурагчин, хөгжимчин, дизайнер, зохиолч, апп бүтээгч, энтрпренер, хөрөнгө оруулагч зэрэг бүтээгч хүмүүсийн, түүнчлэн маркетингийн хүмүүсийн заавал унших ёстой нийтлэл юм.

1000 үнэнч фэн

Хэрвээ та Монголын зах зээлд бүтээл, бүтээгдэхүүн гаргадаг, гаргахыг зорьж байгаа бол нийтлэлд дурдагдаж буй тоонуудыг эндхийн нөхцөл байдалд хөрвүүлэн уншихыг зөвлөе. Жишээ нь Монголын хувьд 1000 гэсэн тоо магадгүй 300 эсвэл 500 байж мэдэх юм. Харин хил хязгааргүйгээр бүтээл, бүтээгдэхүүнээ гаргадаг бол, гадаад хүмүүс бүтээлийг тань худалдаж авч болох бол 1000 нь 1000-аараа байх ёстой болов уу.

Амжилттай бүтээгч (creator) болоход танд сая сая доллар, сая сая хэрэглэгч, сая сая фэн хэрэгггүй. Урлаач, зурагчин, хөгжимчин, дизайнер, зохиолч, апп бүтээгч, энтрпренер, хөрөнгө оруулагч хүмүүсийн хувьд амьдралаа авч явахад 1000 үнэнч фэн л хэрэгтэй.

Үнэнч фэн гэдэг нь таны бүтээсэн ямар ч зүйлийг худалдан авах хүн юм. Ийм л "галзуу" фэнүүд таны дуулахыг үзэх гэж 300 км-ийн цаанаас зорин ирж, таны номын хатуу, зөөлөн хавтастай болон аудио хувилбарыг худалдан авч, таны уран баримлыг өөрийн болгож, Youtube сувгийн тань шилмэл бүтээлүүдийн DVD-г эргэлзэхгүй авч, ресторанд тань сардаа нэг зочлох болно. Тэд Google Alert-даа таныг нэрийг бүртгэж, таны зарагдахаа больсон ховор бүтээлүүд тавигддаг eBay-гийн хуудсыг дагаж, таны бүтээлийн нээлтэд ирэх болно. Тэд таны бүтээл дээр гарын үсгийг тань авч, бүтээлтэй холбоотой футболк, аяга, малгай зэргийг авах ба дараагийн ажлаа гаргахыг тань тэсэн ядан хүлээнэ. Тэд бол үнэнч фэнүүд билээ.

Хэрвээ та ийм 1000 фэнтэй бол, та боломжийн амьдарчихна. Гэхдээ баяжиж хөрөнгөжихөөс илүүтэй боломжийн амьдаръя гэвэл шүү дээ. Жаахан тооцоо бодъё л доо. Та хоёр шаардлагыг хангах ёстой. Нэгдүгээрт, та жил бүр нэг үнэнч фэнээс дунджаар 100 доллар олох хэмжээнд ажиллаж бүтээл гаргах ёстой. Энэ бол бизнес, урлагийн төрлүүдээс хамаараад хялбар юм уу хэцүү байж болох ч бүх л салбарт хэрэгжиж болох, бүтээлч зорилт юм. Яагаад гэвэл шинэ фэнүүдтэй болохоос илүү байгаа хэрэглэгчдэдээ илүү ихийг өгөх нь хэзээд амар бөгөөд таатай байдаг.

Хоёрдугаарт, та фэнүүдтэйгээ шууд харилцаатай байх ёстой. Өөрөөр хэлбэл, тэд бүтээлийн төлбөрийг танд шууд шилжүүлдэг байх ёстой гэсэн үг юм. Хөгжмийн лэйбил, паблишинг компани, студи зэрэг зуучлалын компаниудтай ажиллахад төлбөрийн багахан хэсэг нь танд ирдэг бол дээрх тохиолдолд та фэнүүдийнхээ бүрэн дэмжлэгийг авна гэсэн үг. Хэрвээ та үнэнч фэн нэг бүрээс 100 доллар олж чадвал, жилийн 100,000 доллар олохын тулд 1000 фэнтэй байхад л хангалттай юм. Энэ мөнгөөр дийлэнх хүмүүс амьдралаа элбэг аваад явчихна шүү дээ.

1000 фэнтэй болох нь хэрэгжүүлж болохуйц зорилт. Нэг сая фэн бол бодитой биш. Ялангуяа та гараагаа эхэлж байгаа бол бүр ч хэцүү. Харин 1000 фэнтэй болж болно. Магадгүй та бараг 1000 фэнийхээ нэрийг нь ч цээжилж болох шүү дээ. Хэрвээ өдөрт үнэнч фэнийхээ тоог нэгээр нэмээд байвал танд 3 жил л хэрэгтэй. Үнэнч фэнээ баярлуулна гэдэг таатай бөгөөд урамтай байдаг. Үнэнч фэнүүдтэй болох гэж тэмүүлснээр та өөрийн мөн чанараа хадгалан үлдэж, бүтээлийнхээ давтагдашгүй чанарт төвлөрч чадна. Үнэндээ үнэнч фэнүүд үүнийг л хүсдэг.

Гэхдээ 1000 бол заавал хадгалах тоо биш юм. Танд амьдралаа авч явахад хэр их мөнгө хэрэгтэй, нэг үнэнч фэнээс хэдий хэмжээний орлого орж ирэхээс хамаараад тоо өөрчлөгдөж болно. Жишээ нь та нэг үнэнч фэнээс жилд 50 доллар л олох боломжтой бол 2000 фэн хэрэгтэй гэсэн үг. (Нэг фэнээс 200 доллар олж байвал танд ердөө 500 фэн хэрэгтэй) Эсвэл танд амьдралаа авч явахад жилд 75 мянган доллар хэрэгтэй бол, тэр ёсоор фэнийхээ тоог гаргаж ирнэ гэсэн үг. Хэрвээ та хамтрагчтай бол хамтдаа 2000 фэнтэй болох хэрэгтэй юм.

Гэхдээ фэн болгон өгөөмөр байна гэж үгүй. Танд 1000 фэний дэмжлэг хангалттай байж болох ч, нэг үнэнч фэний ард 2-3 энгийн фэн байх магадлалтайг санаарай. Эдгээр энгийн фэнүүд таны бүтээлийг хааяа нэг юм уу нэг л удаа худалдан авна. Улмаар тэдний худалдан авалт таны нийт орлогыг нэмэгдүүлэх юм. Магадгүй тэд нэмэлт 50 хувийн орлогыг авчрах байх. Гэсэн ч та үнэнч фэнүүддээ төвлөрөх нь зүйтэй. Тэдний сэтгэл ханамж энгийн фэнүүдийн тоог улам өсгөж, өгөөмөр байдлыг нэмэгдүүлнэ. Үнэнч фэнүүд гэдэг таны орлогын шууд эх сурвалж байгаад зогсохгүй энгийн фэнүүдэд хүрэх маркетингийн гол хүч билээ.

Фэнүүд, хэрэглэгчид, ивээн тэтгэгчид үргэлж байсаар л байсан. Энд тэгвэл юу нь шинэ байгаа юм бэ гэвэл хэд хэдэн зүйлийг дурдаж болно. Өнгөрсөн зуунд ихэнх бүтээгчид хэрэглэгчидтэйгээ шууд харилцаатай байгаагүй юм. Паблишинг компаниуд, студиуд, лэйблүүд, үйлдвэрлэгчдэд хэрэглэгчдийнх нь нэрс мэтийн чухал мэдээлэл байдаггүй байв. Жишээ нь, Нью Йоркт олон арван жил бизнес эрхэлсэн паблишинг компаниудад үнэнч уншигчдынх нь бүртгэл байгаагүй. Тэр цаг үед амжилт олохын тулд бүтээгчид ба эдгээр зуучлагч компаниуд илүү олон хэрэглэгчтэй байх ёстой байлаа. Харин хүмүүс хоорондоо шууд харилцдаг, төлбөр шилжүүлдэг технологи буюу вэб бий болсноор дэлхийн хаа нэгтээ байх хэн нэгэнд ямар нэг зүйлийг борлуулах боломж хүн бүрт бий болсон юм. Орегонд байгаа уран бүтээлч Непалийн Катмандуд байгаа хэн нэгэнд, эсвэл Нью Йоркийн аль нэг лэйбэлд дуугаа зарах боломжтой болсон. Энэ шинэ технологи бүтээгч хүмүүст хэрэглэгчидтэйгээ харилцах боломжийг олгож, хэрэглэгчид нь фэн болох, тэднээс төлбөрөө бүтнээр нь авах, улмаар шаардлагатай фэнүүдээ бүрдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Төлбөрөө бүрэн авдаг болсон нь бүтээгч хүмүүст асар их боломжийг авчирсан бол өөр нэгэн технологийн дэвшил үүнийг улам тэлсэн билээ. Вэбийн үндсэн ашиг тус нь тааруу борлуулалттай, хүмүүсийн сайн мэдэхгүй бүтээлүүд (ном, дуу, санаанууд) хамгийн борлуулалт сайтай, чанартай бүтээлүүдээс нэг л товшилтын (хулганаа товших - click) зайд байгаад оршдог. Вэбийн хөгжлийн эхэн үед контент, бүтээгдэхүүнүүдийг нэгэн дор бөөгнөрүүлсэн eBay, Amazon, Netflix зэрэг компаниуд борлуулалт тааруу, хүмүүсийн сайн мэдэхгүй бүх бүтээгдэхүүний борлуулалтын нийт орлого нь зарим тохиолдолд цөөн сайн бүтээлийн борлуулалтын орлогыг давж байгааг олж анзаарсан байдаг. Тиймээс тэд өөр бүтээгдэхүүн санал болгодог алгоритм зохиож, хэрэглэгчдийн анхаарлыг бусад бүтээгдэхүүнүүд рүү татах сонирхолтой болсон. Тэр ч байтугай Google, Bing, Baidu зэрэг хайлтын системүүд хэрэглэгчдэд сайн мэдэхгүй бүтээгдэхүүнийг нь санал болгох сонирхолтой болж ирсэн юм. Учир нь тэд ч гэсэн тухайн зараар орлого олдог. Энэ бүхний үр дүнд өнөө цагт ямар ч "сураггүй" бүтээл, бүтээгдэхүүн хэрэглэгчдэд танигдах магадлалтай болжээ.

Хэрвээ та дэлхийн 2 сая орчим жижиг хот тосгоны аль нэгэнд амьдардаг байвал та тухайн газраа хүнд металь хөгжим сонсдог цорын ганц хүн нь ч байж болно. Вэб гарч ирэхээс өмнө танд өөрийн хүсэл сонирхлыг бүрэн хангах боломж байгаагүй. Тэгвэл өдгөө энэ сонирхлоо бүрэн хангаж, сэтгэл хангалуун байя гэвэл хулганаа нэг товшиход л болно. Бүтээгч хүний хувьд та юу ч хийхийг хүсдэг байлаа гэсэн, 1000 үнэнч фэн тань нэг л товшилтын зайд бий. Интернэтэд ямар нэг фэнгүй нэг ч бүтээгдэхүүн, нэг ч санаа, ерөөсөө нэг ч зүйл байхгүй гэж би хэлж чадна. Ямар ч зүйл ядаж л нэг саяд нэг хүнийг сонирхлыг татаж таараа. Хамгийн багаар бодоход шүү. Тэгэхээр нэг саяд нэг хүн сонирхож байна гэвэл, дэлхий дээр 7000 хүн тэр зүйлийг сонирхож байх магадлалтай. Тэгэхээр тэр зүйл 1000 үнэнч фэнтэй байх боломжтой. Тиймээс фэнүүдээ олох, яг үнэндээ тэд таныг олж чадах нөхцөл боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

Үнэнч фэнүүдийг эрэлхийлж буй бүтээгч хүмүүст хэрэг болох олон шинэ инновацийн нэг нь краудфандинг (олон нийтээс хөрөнгө босгох) юм. Дараагийнхаа бүтээлийн санжүүжилтээ фэнүүдээсээ босгоно гэдэг гайхалтай биш гэж үү. Аль аль нь хожно. Дэлхий дээр 2000 орчим краудфандингийн сайт байгаагаас нэлээд нь шинжлэх ухааны туршилт хийх зардлыг босгох, хамтлаг бүрдүүлэх, баримт кино хийх санхүүжилт олох гээд өөр өөрийн зорилго чиглэлтэй. Тэрчлэн өөр өөрийн шаардлага, санхүүжилтийн модельтой. Авах хандив, дэмжлэгийн хэмжээ нь ялгаатай байхаас гадна зарим нь бүрэн дууссан төсөлд мөнгө босгодог, зарим нь ид дундаа хийгдэж яваа төслүүдийг дэмждэг байх жишээтэй.

Эдгээрээс хамгийн алдартай нь 100,000 гаруй төсөлд 2.5 тэрбум доллар босгосон Kickstarter юм. Нэг амжилттай төслийг дэмжигчдийн дундаж тоо 241 байгаа нь 1000-аас бага байна. Энэ нь хэрвээ та 1000 үнэнч фэнтэй бол, крауфандингийн төсөл эхлүүлж болно гэсэн үг юм. Үнэнч фэн тань таны дараагийн бүтээлийг дэмжиж л таараа. (Гэхдээ энэ краудфандинг төсөл амжилттай болох эсэх нь та үнэнч фэнүүдээсээ юу хүсэхээс хамаарна гэдгийг мартаж болохгүй.)

1000 үнэнч фэнтэй болно гэдэг цаг хугацаа их шаардсан, тун амаргүй ажил. Ер нь хүн бүрт тохирох зүйл биш. Фэнүүдтэйгээ шууд харилцахыг хүсдэггүй, тэгэх ч шаардлагагүй бүтээгч хүмүүс олон бий. Тэд зүгээр л зургаа зурж, хөгжмөө бүтээж, үнэнч фэнүүдтэйгээ харилцах хэн нэгнийг хөлсөлж болно. Хэрвээ та бол энэ төрлийн хүн бол хүнээр туслуулж, фэнүүдийнхээ тоог өсгөөд явахад асуудалгүй.

1000 үнэнч фэнтэй болохын тулд заавал нэг аргыг нь ашиглаж, нөгөөг нь орхих албагүй. Олон бүтээгч хүмүүс, жишээ нь би, зуучлагч компаниудтай ажиллахаас гадна үнэнч фэнүүдтэйгээ шууд харилцдаг. Нью Йоркийн хэд хэдэн томоохон паблишинг компанитай хамтран номуудаа гаргаж, бас өөрөө бие даан хэвлэж, мөн үнэнч фэнүүддээ зориулан Kickstarter-аар номын санхүүжилтээ босгож байв. Би ямар агуулгатай, ямар зорилготой бүтээл хийж байгаагаасаа хамааран арга замаа сонгож байсан. Ер нь үнэнч фэнүүдэд төвлөрөх нь аль ч тохиолдолд ихээхэн үр дүнтэй байдаг.

Дүгнэлт: Од болохоос гадна амжилтад хүрэх нэг зам бол 1000 үнэнч фэнтэй болох явдал юм. Онцгой борлуулалттай ном, кино бүтээж, одын түшинд хүрэх гэж тэмүүлэхийн оронд та 1000 үнэнч фэнтэй шууд харилцаа тогтооно гэж зорьж болно. Эцэст нь та хэдэн ч фэнтэй боллоо гэсэн, өөрийг тань үнэхээр үнэлдэг хүндэлдэг хүмүүс таныг хүрээлэх болно. Энэ бол амжилтанд хүрэх илүү зөв зүйтэй зам ч байж магадгүй. Та хүссэн газраа хүрэх илүү магадлалтай.

19212   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.