Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   02 сарын 24, 2017

2017 оны Оскарын өмнө таны мэдвэл зохих 8 баримт

Монгол түмэн сар шинийн баяраа тэмдэглэж байхтай зэрэгцэн Америкийн кино академийн оны шилдгүүдээ шалгаруулах ёслолын ажиллагаа буюу Оскарын наадам явагдах болно. Өнгөрсөн жилийн кино урлагийн шилдгүүдийг тодруулж, уран бүтээлчдэд дүн тавих учиртай 89 дэх удаагийн Оскарын наадмын өмнө таны мэдвэл зохих зүйлсийг бид та бүхэнд багцлан хүргэж байна.

Оскар яг хэзээ болох вэ? Би хэрхэн үзэх вэ?

2017 оны Оскарын наадам Улаанбаатарын цагаар 2-р сарын 27-ны өглөөний 06:30-д эхлэх болно. Гэхдээ үүнээс 2 цагийн өмнө улаан хивсний ёслол эхэлж, Холливудын оддыг нэг дор харах боломж үзэгчдэд гарна. Шагнал гардуулах ажиллагаа Лос Анжелесийн Долби Театрт явагдах бөгөөд уг шоуг Монгол улсын газар нутагт шууд дамжуулах албан ёсны эрхийг Монгол ТВ телевиз эзэмшдэг билээ.

Хэн хөтлөх вэ?

Өнгөрсөн жилийн шоуг инээдмийн жүжигчин Крис Рок хөтөлж явуулж байсныг та бүхэн мартаагүй байх. Тэгвэл энэ жил телевизийн шилдэг хөтлөгчдийн нэг Жимми Киммел шоуны үндсэн хөтлөгчөөр ажиллах болно. Одоо цацагдаж буй хамгийн шилдэг үдшийн шоунуудын нэг Jimmy Kimmel Live-ийн хөтлөгч тэрээр өмнө нь Эмми, ESPY болон American Music Awards-ийг тус тус хөтөлж байсан туршлагатай нэгэн. "Зохион байгуулагчид 14 хүний жагсаалтыг гаргаж бүгдэд нь санал илгээсэн бүгдээрээ үгүй гэж хариулсан учир яг урд нь шоугаа хийж байсан намайг л сонгосон хэрэг. Мэдээж би юу гэж татгалзах вэ дээ" хэмээн хөтлөгчөөр сонгогдсныхоо дараа жиргээд амжсан Ж.Киммел энэ үдшийн гол оддын нэг байх учиртай. Жигтэй үгийн сонголтууд, мэдрэмжтэй хошигнолуудыг түүнээс хүлээж болно. Лав л таныг уйдаахгүй нь гарцаагүй.

Дэлгэрэнгүй: Time: Ж.Кимммелийн Оскарын тайзнаа хийж магадгүй 5 үйлдэл

Хэн хэн шагнал гардуулах вэ?

Нийт 24 төрөлд ялагчдыг зарлаж, шагнал гардуулах эрхэмүүдийн нэрс олон хүнд сонирхолтой байдаг. Академиэс зарласны дагуу жүжигчдийн төрөлд өнгөрсөн жил ялсан бүх жүжигчид энэ жил эргэн ирж, шагнал гардуулах болсон. Тийм учир Леонардо Ди Каприо, Брие Ларсон, Алисиа Викандер, Марк Райланс нар гол шагналуудыг гардуулах нь тодорхой. Түүнээс гадна ямар шагналд гэдэг нь тодорхойгүй ч Самуэл Л.Жэксон, Дуэйн Жонсоноос эхлээд С.Иоханссон, Х.Берри, К.Эванс нарын одод ялагчдын нэрсийг зарлах бололтой.

Дэлгэрэнгүй: Variety: Хэн хэн шагнал гардуулах вэ?

Оскарын бэлгийн цүнхэнд юу багтдаг вэ?

Жил бүр сэтгүүлчдийн ихээхэн ач холбогдол өгч, сонирхдог зүйлсийн нэг нь хүндэт зочдод олгодог бэлгийн цүнхэнд юу юу багтсан нь байдаг гэнэ. Нэр дэвшсэн уран бүтээлчдэд өгдөг ийм бэлгийн цүнхэнд 160 мянган фунтийн үнэ бүхий зүйлс агуулагдах болно. Үүнд Хавайд 6 хоног амрах эрхийн бичиг, Калифорниагийн хамгийн алдартай спагаар үйлчлүүлэх эрх, 17000 фунтийн үнэ бүхий хувийн амралтанд 3 хоног амрах эрх, оддын хувийн дасгалжуулагч А.Селецкигийн 10 хоногийн хичээлд суух эрх, Oomi-ийн ухаалаг гэрийн систем гэх мэт төрөл бүрийн сонирхолтой зүйлс багтдаг ажээ.

Дэлгэрэнгүй: Marie Claire: Оскарт нэр дэвшигчдэд юу бэлэглэдэг вэ?

Хэн хэн уран бүтээлээ хүргэх вэ?

Оскарын наадмын шилдэг хөгжмийн төрөлд нэр дэвшсэн бүх бүтээлийн эзэд уран бүтээлээ хүргэх болсон нь фенүүдийн хувьд сайхан мэдээ байлаа. Жастин Тимбэрлэйк Trolls-ийн Can't Stop The Feeling-ээ, Стинг Jim: The James Foley Story-ийн The Empty Chair-ээ, Жон Леженд La La Land-ийн City of Stars болон Audition дуунуудаа тус тус дуулахаас гадна Moana-ийн How Far I'll Go-г Аули Карвальо болон Миранда нар үзэгчдэд хүргэх болжээ.

Дэлгэрэнгүй: Ж.Тимберлэйк, Ж.Леженд нар Оскарын тайзнаа

Оскарт хэн хэн нэр дэвшсэн бэ?

Товчхондоо энэ наадмын гол дүр нь яах аргагүй La La Land байх болно. Тэд 14 төрөлд нэр дэвшснээрээ түүхэн дээд амжилттай зэрэгцсэн. Ийм амжилтыг өмнө нь Титаник болон All About Eve гэсэн кинонууд л үзүүлж байв. Гэхдээ энэ нь тэд бүх шагналыг хуу хамна гэсэн үг бас биш. 9 шагналд нэр дэвшсэн Manchester By The Sea болон Moonlight кинонууд үйл явдлын агуулга болон хөндсөн сэдвүүдээрээ ихэд ялгарч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгааг мартаж болохгүй. Гол шагналуудад эдгээр кинонуудын уран бүтээлчид ихээхэн жин эзэлж байгаа ч Fence-д бүтээсэн дүрээрээ Дензел Вашингтон, Jackie-д тоглосон Натали Портмэн зэрэг том уран бүтээлчид нэр дэвшчихсэн байгааг ахин нэг сануулъя.

Өө тийм, Ж.Лауренсийн Passengers, Star Wars цувралын Rogue One, Харри Поттерийн ертөнцийн өмнөтгөл Fantastic Beasts and Where To Find Them нар тус бүр 2 шагналд нэр дэвшсэн шүү.

Дэлгэрэнгүй: Оскарын шагналд нэр дэвшигчид

Ямар бүтээлүүд нэр дэвшиж чадаагүй вэ?

Энэ наадамд сүүлийн жилүүдэд гараагүй өрсөлдөөн өрнөх магадлалтай гэгдэж буй ч хэд хэдэн мундаг бүтээлүүд, онцлох уран бүтээлчид нэр дэвшиж чадаагүйг онцлох хэрэгтэй. Ялангуяа шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч буй Arrival-ийн Эми Адамс, "домогт" нисгэгч Саллигийн дүрийг бүтээсэн Том Хэнкс ч нэр дэвшиж чадаагүй зэргийг онцолъё. Тэрчлэн М.Скорсесийн Silence шилдэг кинонд, ихээхэн хүлээлтийн дор эргэн ирсэн Немогийн Эрэлдийн 2-р анги шилдэг хүүхэлдэйн кинонд нэр дэвшээгүй нь олныг гайхшруулсан билээ.

Дэлгэрэнгүй: Rolling Stones: Хамгийн гайхшруулсан 13 шийдвэр

#OscarsSoWhite юу болов?

Өнгөрсөн жилийн гол асуудал нь #OscarsSoWhite буюу өнгөт арьст уран бүтээлчдийг нэр дэвшүүлээгүй, дутуу үнэлж байна гэсэн олон нийтийн кампанит ажил байсан юм. Гэхдээ энэ жилийн хувьд Академи нэр дэвшүүлэлт болон шүүлтэндээ томоохон өөрчлөлт оруулж, гишүүнчлэлийн журамдаа ч багагүй анхаарсны үндсэнд энэ маргаан тасарч байгаа мэт харагдаж байна. Ялангуяа өнгөт арьст гол дүртэй, тэдний амьдралын тухай өгүүлэх Hidden Figures, Fences, Moonlight зэрэг кинонууд ихэд өндрөөр үнэлэгдэж, олон төрөлд нэр дэвшсэн билээ.

Дэлгэрэнгүй: Hollywood Reporter: Юу өөрчлөгдөв?

Харин та хэн хэн энэ наадмын шилдгүүдээр тодорно гэж бодож байна вэ? La La Land Алтан бөмбөрцөгт үзүүлсэн шигээ амжилт үзүүлж чадах уу? Manchester By The Sea эсвэл Moonlight таамаг эвдэж шилдэг кино болох болов уу? Шилдэг хүүхэлдэйн киноны төрөлд Zootopia-г дийлэх бүтээл бий юу? зэрэг олон асуултын хариуг бид тун удахгүй мэдэх болно.

22362   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.