Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   02 сарын 20, 2017

Онцлох бизнес: Cashmere Workshop - Загварлаг гоёл

Энэ өдрүүдэд монголчууд бид цагаан сараараа юу өмсөх билээ хэмээн бодож байгаа нь лавтай. Тэгвэл бид өнөөдөр чанартай, загварлаг хувцас эрэлхийлж буй уншигчдадаа зориулан Cashmere Workshop брэндийг танилцуулж байна. Ноолууран хувцасны зах зээлд 10-аад жил үйл ажиллагаа явуулж, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн тэд саяхан Clothing Workshop нэртэй даавуун хувцасны брэндээ бас гаргаад байгаа аж. Ингээд тус брэндийн захирал П.Энхчимэгээтэй ярилцсанаа толилуулъя.

Бизнесийн нэр: Cashmere Workshop
Хаяг: Чингис зочид буудлаас Бөхийн өргөө явах замд
Үйл ажиллагааны чиглэл: Хувцасны үйлдвэрлэл, худалдаа
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2004 он
Үүсгэн байгуулагч: П.Энхмөнхөө
Фэйсбүүк: Cashmere Workshop, Clothing Workshop

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?


Манай үүсгэн байгуулагч П.Энхмөнхөө 2000-аад оны эхээр АНУ-д сурч байх үедээ ноолууран бүтээгдэхүүн тэнд их үнэтэй, аятайхан загварлаг хувцаснууд байхгүй байгааг, Монголд ирсэн хойноо ч бас загварлаг ноолууран хувцас ховор байгааг ажигласан юм билээ.

Тэгээд Монголдоо ийм төрлийн хувцас үйлдвэрлэхээр шийдэж Cashmere Workshop байгуулагдаж байсан түүхтэй. Манайх 2005 анхны коллекцоо гарган 2005 оны 3 сард анхны загварын шоугаа хийж байсан. 2011 онд эгч маань буюу манай ерөнхий дизайнер АНУ-д амьдрах болж, тэнд загваруудаа гаргадаг нааш илгээдэг болсон.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Манайх анх жижигхэн үйлдвэрлэлээс гараагаа эхэлсэн болохоор их хөрөнгө оруулалт шаардаагүй. Хувийн хуримтлалаар шийдсэн. Ингээд бага багаар үйлдвэрлэлээ өргөжүүлж өнөөг хүрсэн байна.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Загвар болон чанар гэж хэлнэ. Ер нь хувцасны брэнд амжилттай байх шалтгаан нь энэ. Ноолууран бүтээгдэхүүн олон шат дамжлагатай, нарийн стандарттай. Усны хүйтэн бүлээн, нэхээсний нягт сул гээд олон зүйл бий. Манайх масс үйлдвэрлэл хийдэггүй, загварлаг хувцаснууд маань цөөн тоогоор гардаг учраас чанар стандарт дээрээ сайн анхаарч чаддаг. Ажилчид маань ч олон жилийн туршлагатай, чадварлаг хүмүүс. Бид шинэ хүмүүстээ сургалт сайн хийдэг, ингэсний дараа ажилчид маань бие биедээ шаардлага тавиад явчихдаг юм.

Манай Cashmere Workshop загварын тренд дагахыг нэг их эрмэлздэггүй. Харин тренд бий болгож явах сонирхолтой. Байнга шинийг бүтээж, оригиналь, деталь чимхлүүр ажил ихтэй загварууд гаргахыг хичээдэг.

Дээр нь харилцагчийн үйлчилгээ, борлуулалтын дараах үйлчилгээндээ гойд анхаардаг.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Ноолууран бүтээгдэхүүний хувьд зах зээлд эзэлсэн байр сууриа хадгална. Олон шинэ компаниуд гарч ирж байгаа өнөө үед өөрсдийн үүсгэсэн чанар, онцлог, үнэ цэнээ хадгалсаар байх болно.

Харин бид өнгөрсөн онд даавуун хувцасны Clothing Workshop брэндээ гаргасан. Энэ брэнд маань торгомсог, гоёмсог даавуу ашигладгаараа онцлогтой. Ноолууран хувцсыг улирлын чанартай гэж хэлж болох тул, дулаан улиралд өмсөж болох хувцас хийгээч ээ гэсэн хэрэглэгчдийнхээ удаан хугацааны хүсэлтийг хүлээн авч даавуун хувцас хийдэг болж байгаа нь энэ юм. Өнгөрсөн 7 сард анхны коллекцоо гаргасан нь тун амжилттай болсон. Манайхаас ноолууран хувцас авдаг үйлчлүүлэгчид байсан учраас нэг их маркетинг хийхгүйгээр хүмүүст хүрсэн. Энэ брэнд маань бол нэлээд амбицтай байгаа. Одоогоор эмэгтэй даашинз, оффисын цамцнууд үйлдвэрлэж байна. Үүсгэн байгуулах гэж 2 жил судалгаа хийсэн.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Хэрэглэгчийг сайн сонсох ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Үйлчлүүлэгч орж ирэхэд юу сонирхож байгааг нь сайн лавлаж, чөлөөтэй ярилцвал үйлчлүүлэгчэд ч, бидэнд ч хувцас санал болгоход амар болоод явчихдаг. Тийм ч учраас бид хувцас авах уу, байх уу гэж эргэлзэж байгаа үйлчлүүлэгчдэдээ та бодож байгаад шийдвэрээ гарга гэж зөвлөдөг юм.

Үүнээс гадна бид яавал энэ хувцсыг хүмүүс илүү их өмсөх вэ гэж бодож загваруудаа гаргадаг.

Мөн бид өөрсдийн брэндийн ноолууран хувцаснуудыг угаах үйлчилгээ үзүүлдэг ба үйлчлүүлэгчдийг угаалга дээр ирэх үед нь санал сэтгэгдлийг нь сонсож чаддаг.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Цагаан сар дөхсөн учраас ачаалал ихтэй ажиллаж байна.

Бид энэ 2 сарын эхээр хоёр брэндийнхээ шинэ коллекцуудыг гаргасан. Дараагийн коллекцууд ар араас нь гараад явна. Ерөнхийдөө одоо дулаараа ирэхээр даавуун хувцаснууд түлхүү гарах юм.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Загварын бизнес бол нэг талаас эрсдэлтэй, нөгөө талаас сонирхолтой бизнес. Дандаа л шинэлэг зүйлийг үйлчлүүлэгчдэд санал болгохгүй бол өрсөлдөөнд хоцрох болно. Сүүлийн үед Монголын загварын хувцасны зах зээл хөгжиж, олон компаниуд бий болж өрсөлдөөн ширүүсэж байгаа. Загвар дээр жаахан анхаарал сулрахад л үр дүн нь мэдрэгддэг талтай. Тэгэхээр байнга бүтээлч, сониуч байж, шинэ зүйлсийг туршиж байх ёстой байдаг.

ТАНАЙ АЛЬ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХҮМҮҮС ХАМГИЙН ИХЭЭР СОНИРХДОГ ВЭ?

Ер нь манайхыг ноолууран палааж, пальтогоор хүмүүс сайн мэддэг гэдгээрээ хүмүүс сайн мэднэ. Хамгийн их авдаг хувцаснууд. Ер нь үйлчлүүлэгчид байнга шинийг эрэлхийлж, шинэ загвар гарахаар сайхан хүлээж авдаг. Нэг итгэсэн бол үнэнч хэрэглэгчид болдог. Дийлэнх эмэгтэй хэрэглэгчид маань мэдрэмжтэй, мэдлэгтэй байдаг. Гоё загвар гарахыг ер нь андахгүй дээ. Манай хамгийн сайн сурталчилгаа бол хэрэглэгчдийн амнаас ам дамжсан сурталчилгаа байдаг.

Cashmere Workshop, Clothing Workshop-ийн шинэ коллекцийн загваруудаас

32700   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.