Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   02 сарын 08, 2017

Бид хэрхэн ажилладаг вэ? - "Хөсөгтөн" хамтлаг

Олон жил дэлхий даяар аялан тоглолт хийж, BBC телевизээс зохион байгуулдаг “BBC Prom 2011”-д эх орноо төлөөлөн оролцож, алдарт Albert Hall зэрэг дэлхийн томоохон тайзуудад үндэснийхээ язгуур урлагийн гайхамшгийг толилуулж ирсэн "Хөсөгтөн" хамтлагийг 2015 онд Asia’s Got Talent шоунд оролцсоноос хойш бүх монголчууд сайн мэддэг болсон юм. Ази тивийн 7000 орчим оролцогч авьяасаа сорьсон энэ том шоунд тэд үзэгчдийг хийгээд дэлхийн урлагийн 4 од шүүгчийг шоуны үе шат бүхэнд алмайруулж, монголчууд биднийхээ сэтгэлийг огшоон бахдуулсан нь саяхан. Тэдгээр нэртэй шүүгчид “Энэ бол миний өмнө нь огт сонсож үзээгүй гайхалтай хөгжим”, “Та бүхэн биднийг Монголд аваачиж чадлаа. Танай улсын талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байна”, “Технологийн хүчээр хөгжим хийдэг болсон өнөө цагт та бүхний хөгжим бол хамгийн оригиналь нь” гэх мэтээр амаа олохгүй магтаж байсан билээ. Монгол соёлын уламжлалын элч болсон тэд сүүлийн үед сайн уран бүтээл, шинэ мэдээгээр арвин байгааг нь хуваалцахаар бид ярилцлагадаа урьсан юм.

Байршил: Улаанбаатар, Монгол
Байгуулагдсан он: 2009 он
Бүрэлдэхүүн: Д.Ариунболд (их хуурч, хөөмийч), В.Батзориг (морин хуурч/хөөмийч), Г.Адъяадорж (лимбэч/цохиур хөгжимчин/хөөмийч), О.Чулуунбаатар (морин хуурч/хөөмийч), Х.Уламбаяр (дунд хуурч/хөөмийч), Ч.Амарбаясгалан (ятгач)
Ашигладаг хөгжмүүд: Гитар, бөмбөр, домбор, төмөр хуур, хулсан хуур, цуур, урам болон бүх төрлийн этник хөгжмүүд
Та бүхний ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бүтээлч, эвсэг, шударга
Сошиал хуудас: Husugtun (фэйсбүүк хуудас)

ТА БҮХНИЙ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Бид бүгдээрээ Үндэсний Урлагийн Их Театрын хөгжимчид. Анх оркестрынхоо хөгжмийг тоглож дууссаны дараа бид зургуулаа үлдээд хамтлагийнхаа хөгжмийг үргэлжлүүлж хийдэг байлаа. Төрийн байгууллагад олон жил ажилласан, мэргэжлийн уран бүтээлчид гэдэг утгаараа цаг барих, цуглах, юманд хандах хандлага, хариуцлага тал дээр өндөр, тархинд бараг суучихсан гэхэд болно. Хамтлагаараа аливаад хариуцлагатай, хөдөлмөрч, цаг баримталж ханддаг нь бидний ажлын онцлог юм уу даа. Тийм байх нь амжилтанд нөлөөлдөг.

Хамтлагийн маань тав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй. Залуучууд бүгд хөөмийлдөг нь бас нэг онцлог. Монгол үндэсний хөөмийн урлагийг анх удаа орчин цагийн хэлбэрт оруулж, өөрчлөлт шинэчлэлт хийн олон хоолой, дуугаралтыг бий болгосон.

УРАН БҮТЭЭЛДЭЭ БАРИМТАЛДАГ ГОЛ ЗАРЧИМ?

Бид зөвхөн Монголын бус дэлхийн сонсогч нарт зориулж уран бүтээлээ хийдэг учраас маш хариуцлагатай хандах ёстой. Тиймээс их бодож, төлөвлөж, хөдөлмөрлөж хийдэг. Хийнэ гэдэг үйлдвэрлээд байхын нэр биш. Бүтээл өөрөө их сонин л доо. Норм, төлөвлөгөөтэй байх боломжгүй. Гурван жил ч явна. 5 секундэд ч гарна. Нийлээд суумагц аялгуу, найруулга нь шууд нийлээд л хийчих нь бий. Заримдаа нэг маань бичээд авчрах нь ч бий. Бас бүтээл гарахгүй удаан дуншиж, сэтгэлд нэг л хүрэхгүй олон засвар орж явах удаа ч байна. Их ярилцана. Санаагаа солилцоно доо. Бүтээлээ хийчихээд тоглолтууд дээр тоглонгоо сайжруулаад явчихна. Мөн тусдаа уран бүтээлийн цаг гэж заавал гаргадаг. Хэчнээн ачаалалтай, завгүй, тоглолттой байсан ч гаргахгүй л бол болохгүй.

ТА БҮХНИЙ ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМУУД?

Фэйсбүүк болон гар утас гэж болох юм уу даа. Хоорондын харилцаа бол ерөөсөө Фэйсбүүк болон Фэйсбүүк Мессенжерээр явна. Дундын групп чат үүсгэчихсэн байдаг. Бүх хуваарь, төлөвлөгөөгөө тэрүүгээрээ бичдэг. Шинэ бүтээл, санаагаа бол гар утсан дээрээ бичээд бусдадаа сонсгоно. Бас Sibelius гээд хөгжмийн програм байдаг, тэрийг нэлээн хэрэглэдэг юм байна.

ТА БҮХНИЙ ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ЮУ ВЭ?

Олон хүн нийлж хамтлаг болж байгаа учир харилцаа холбоо сайтай байх нь чухал. Дундын групп чат дээрээ юм бичингүүт аль болох хурдан хариулж, уншсан, харсан эсэхээ бусдадаа мэдэгддэг. Мөн мэргэжлийн хамтлаг, ур чадвар сайтай учраас шинэ хөгжим сурах, бэлтгэл хийх гэх мэтийн зүйлсэд хугацаа алдах нь бага. Дээр нь цагтаа цуглана. Бусдыгаа чирдэггүй байх хэрэгтэй.

ТА БҮХЭН ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Тоглолтууд, ажлуудаа нэг нь хариуцаж цуглуулаад график гаргачихдаг. Утасныхаа Reminder эсвэл Note зэргийг ашиглаад "сэгсийтэл" бичнэ дээ. Тэгээд дундын групп чат дээрээ хуваалцдаг. Зарим гишүүд маань СУИС, Үндэсний Урлагийн Их Театрт ажилладаг учраас цагаа зохицуулах, тааруулах нь чухал. Тиймээс маш сайн төлөвлөнө. Батзориг маань голдуу базаж төлөвлөөд, тоглолтын өмнөх өдөр нь бусдадаа урьдчилан мэдэгдэх жишээтэй. Тоглолтын хуваариуд гэхэд 6 сараас 1 жилийн өмнө гарч байна. 2017 оны эхний хагас жилд гадаадад хийх тоглолтуудын хуваарь тодорхой болчихсон байгаа.

ТА БҮХЭН ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Мэдээж хэрэг хөгжмийн ур чадвар сайн. Төрөл бүрийн хөгжмийн зэмсэг асуудалгүй тоглочихно. Шинээр сурахдаа ч хурдан.

Ахуйн талаасаа гэвэл аавынхаа ажлуудыг сайн хийнэ. Хүүхдүүдээ хооллож, ундлах, хүргэх өгөх гээд л. Гэрийн, "жангүмийн" ажилдаа сайн. Гэр бүлдээ цаг гаргахыг их хичээдэг. Гэртээ байхаасаа байхгүй нь их дээ. Хүмүүсийг харих гээд явж байхад зөрөөд тоглолттой гээд л гарна. Тиймээс гэртээ байхаараа байсан шиг байх гэж хичээдэг. Болж л өгвөл гэр бүл рүүгээ яарна.

ТА БҮХНИЙ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Улс эх орныхоо нэрийг гаргаад, ардын урлагаа сурталчилж, дэлхийд таниулж мэдүүлдэг маань эерэг сайн тал. Тиймдээ ч хүмүүсийн хайран дунд явдаг. Монголынхоо, гадаадын том том тайзан дээр тоглоод, нижгэнэтэл алга ташуулаад зогсох ёстой аз жаргал шүү дээ.

Хэцүү бэрхшээлтэй талууд гэвэл бараг өмнө хэлчихсэн дээ. Амралтын цаг гэж байхгүй. Дандаа цагийн зөрүүн дунд, тоглолтоос тоглолтын хооронд гэрийн бараа харахгүй явна. Баяр ёслолын үеэр гэртээ байна гэдэг чинь бараг цочир үзэгдэл болчихоод байна шүү (инээв). Гэртээ байна гэчихээд гэнэт яваад өгөх тохиолдол байна. Урлагийн хамгийн хэцүү нь энэ юм уу даа.

Монголд бас урлагийн үнэлэмж байхгүй нь харамсалтай. Маш бага үнэлэмжтэйн дээр зах зээл жижигтэй. Нийгмийн сэтгэл зүй тийм байгаа юм л даа. Урлагийг ширээний ард, архи дарсны даруулга гэж ойлгоод байгаа юм. Тийм урлагийн төрлүүд байдаг. Харин жинхэнэ урлаг гэдэг чинь шал ондоо зүйл. Ялангуяа Монголын ардын урлаг, бидний хийж байгаа хөгжим бүтээлүүд бол шоуны урлаг биш. Энийг ойлгох хэрэгтэй. Монголд бид нар Хөсөгтөн гэдэг нэртэй байж болно. Хилийн дээс даваад Хөсөгтөн биш Монгол гэдэг нэрийг зүүдэг. Энэ өөрөө том хариуцлага.

ТА БҮХЭН ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

АНУ болон Канадаар хийх аялан тоглолтондоо голлон төвлөрч байна. Бидний тоглолтын нэг онцлог нь НҮБ-ын театр, Рубины музей гээд л дэлхийн алдартай тайзнууд, театрууд дээр зөвхөн монголчуудаас гадна тухайн улсын иргэдэд зориулж тоглодогт байдаг. Монголын урлагийг гайхалтай хүлээн авдаг шүү. Гадныхан маш их ирдэг.

Мөн хоёр дахь цомгоо 2017 ондоо багтааж гаргах төлөвлөгөөтэй байгаа. 13 бүтээл орох юм. Одоо бараг 70 хувьтай болчихлоо. 3 жил шахам ажиллаж байна даа. Эхний цомгоо гурван өөр студид хувааж бичүүлж байсан учраас дуунууд дуугаралт, мастерингийн хувьд хоорондоо жаахан өөр болж байсан. Шинээр гарах цомгоо бүхэлд нь Анир студид бичүүлээд Англид мастеринг хийлгэж байгаа. Нямдаваа гэж тэнд саунд инженеринг чиглэлээр сураад төгсөж байгаа найз маань их тусалж байна.

Нэг сонин дуулгахад Их ундарга гээд этник хамтлагуудын нэгдсэн тоглолт энэ 2 сарын 17, 18, 19-нд болно. Тэрэнд давхар бэлдэж байгаа. Оролцох хамтлагууд маань 4 улирлыг хувааж авсан юм. Манайд зун гэдэг сэдэв таарсан. Цэн.Эрдэнэбат гэдэг хөгжмийн зохиолчид сэдвийнхээ дагуу бүтээл, аялгуугаа захиалчихсан хамтраад ажиллаж байгаа.

ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

  • 3 сарын 3. Оттава, Канад. Mongolian Embassy (private event)
  • 3 сарын 5. Торонто, Канад. (2 цагаас) Toronto Centre for the Arts / (6 цагаас) PDAC mining meeting
  • 3 сарын 6. Монтреал, Канад. Amphithéâtre du Gesù
  • 3 сарын 9. Нью Иорк, АНУ. UN House (private event)
  • 3 сарын 10. Нью Иорк, АНУ. Rubin Museum, Concert Hall
  • 3 сарын 11. Вашингтон ДС, АНУ. Mongolian Embassy (private event)
  • 3 сарын 12. Вашингтон ДС, АНУ. Kenmore School
  • 3 сарын 18. Чикаго, АНУ. Chicago theater
  • 3 сарын 19. Чикаго, АНУ. Chicago theater
  • 3 сарын 20. Сиатл, АНУ. Black box theater
  • 3 сарын 21. Ванкувер, Канад. Vancouver Heritage Hall
  • 3 сарын 24. Сан Франциско, АНУ. International House, University of Berkeley
  • 3 сарын 25. Сан Франциско, АНУ. Throckmorton the Theatre
  • 3 сарын 26. Лос Анжелес Франциско, АНУ. Barnsdall Gallery Theatre

ТА БҮХЭН ЯМАР ХӨГЖИМ ГОЛЧЛОН СОНСДОГ ВЭ?

Тухайн хөгжим таалагдах юм бол стиль жанр хамаагүй. Рок, жаз, хип хоп, нийтийн дуу, уртын дуу гээд бүгдийг нь уран бүтээл талаас нь сонсдог. Сонсох ч ёстой. Бүх дуу, хөгжим бол уран бүтээл. Тэнд бидэнд хэрэгтэй зүйлс их бий.

ТА БҮХЭН ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ЮУ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШООГОО ЮУ? ЭНЭ НЬ ТА БҮХНИЙ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Энэ цаг үед олон түмэнтэйгээ ойр яваарай гэдэг чинь их чухал үг шүү дээ. Их нийтэч, нээлттэй гэхэд болно. Хүмүүс ч гэсэн бидэнд хандах хандлага нь сайхан шүү. Ажилд маань маш сайнаар нөлөөлдөг.

ТА БҮХЭН ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Дандаа л шөнө (инээв). Хаа ч очсон тоглолтууд ихэвчлэн шөнө оройн цагаар болно. Их орой унтаж өглөө эрт сэрдэг. Хүүхдүүдээ хүргэж өгдөг учраас өглөө унтах ямар ч боломж байхгүй. Гэртээ байлаа гэхэд орой эрт унтах нь бас ховор. Ажлуудаа зохицуулна, төлөвлөнө, имэйл хариу бичнэ гээд л дуусахгүй. Унтах цаг бол шөнө 2 цагаас наашгүй, өглөө бол 6, 7 гээд л амьдрал эхэлчихнэ.

ТА БҮХНИЙГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ёстой гэрээс л олно доо. Болж л өгвөл гэртээ байхыг хүсдэг. Гэртээ байх л хамгийн их аз жаргал. Гадаад явахаар гэрээ санадаг байдаг болж. Бас агаар салхинд бас гарах дуртай. Хамтлагаараа шагай харваа, даалуу их тоглоно. Өөр юм бодохгүй тэгж тархиа амраах сайхан шүү.

ТА БҮХЭН ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Үзэгчдээс, тайзнаас олж авна. Нижигнэсэн алга ташилтыг сонсоод аян замын ядаргаа, цагийн зөрүү ерөөсөө арчсан юм шиг л алга болдог. Гадаадад тоглосон тоглолтууд маань үнэхээр гоё болдог. Өвөг дээдсийнхээ өв соёлыг зөв таниулж, гайхамшигтай сайхнаар харуулахын тулд үнэхээр хичээдэг. Манай ардын соёл, дуу хөгжмийг талархан хүлээж авдаг. Тэгээд мэдээж гэр бүл, үр хүүхдүүдээсээ эрч хүч авна. Хийсэн уран бүтээлүүдээсээ урам зориг олж авна. Манай ардын урлаг угаасаа сүнслэг, гайхамшигтай шүү дээ.

ТА БҮХНИЙ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Зөвлөгөө зөндөө шүү. Гэхдээ хамгийн чухал нь түмэнтэйгээ явах, биеэ тоохгүй байх. Ээж аавууд маань ч захина. Бие биендээ ч хэлнэ. Бид нар энэ тал дээр их хичээдэг. Ер нь ээж аавуудын захиас бүгд ижилхэн шүү дээ. Эвтэй байгаарай гэдгээс авахуулаад. Аа бас тураарай гэж хэлж байсан юм байна (инээв).

ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨГ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Тууштай бай. Хариуцлагатай, зорилготой бай. Шударга бай. Эвтэй бай. Зоригтой бай. Үнэнч бай. Хүмүүсийг хуулж, дууриах хэрэггүй. Өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай, давтагдахгүй, илүү мундаг юмыг сэтгэж, олж хийх хэрэгтэй. Дууриагаад байвал хөгжихгүй шүү дээ. Цаг алдахын л нэмэр.

ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦАХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?

Маркетинг, менежмент тал дээрээ манай урлагийнхан жаахан дутагдалтай байдаг. Тэр чиглэлийн хүмүүс байвал бидэнд сонирхолтой байна. Бас антрапологич Д.Бум-Очир. Манай менежер байсан юм. Цагаан хоолтон шүү дээ. Бид нэг удаа гадаадад тоглолтоор яваад Бум-Очирын цагаан хоолны хуушуурыг бүгдийг нь идчихээд өрөнд орж билээ (инээв). Н.Жанцанноров гуайг оруулмаар байна. М.Батжаргал гэж "Тод Өнгө" бичиг хэргийн сүлжээ дэлгүүрийн захирал бий. Маш сонин ертөнцтэй, өвөрмөц стильтэй хүн. Монголын Үндэсний Урлагийн Театрын хөгжмийн зохиолч М.Бирвааг бас нэрлэе.

48946   6


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.