Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   02 сарын 06, 2017

Онцлох бизнес: Black Star Wear Mongolia - Залуусын шинэ хэв маяг

Залуусын дунд сошиал медиагаар дамжуулан алдаршиж буй нэгэн брэндийг энэ удаад онцолж байна. Энэ бол Black Star Wear Mongolia дэлгүүр юм. Оросын хөгжмийн салбарын тэргүүлэх оддын нэг Тиматигийн үүсгэн байгуулсан чөлөөт стилийн хувцас нийлүүлэгч энэхүү брэнд Монголд албан ёсоор салбараа нээгээд удаагүй байгаа билээ. Олон улсын стандарт, чанар болон дэлхийн хувцас загварын трендийг эх орондоо дэлгэрүүлж буй тус брэндийн дэлгүүрийг үүсгэн байгуулагч Д.Даваадоржтой хийсэн ярилцлагаа хүргэе. 

Бизнесийн нэр: Black Star Wear Mongolia
Бизнесийн хаяг: Хүүхдийн 100, Platinium Center
Бизнесийн чиглэл: Залуучуудын тренд хувцаслалт
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 9-р сар
Үүсгэн байгуулагчид: Б.Зориг, Д.Даваадорж
Ажилчдын тоо:
4
Сошиал хаяг: Black Star Wear (фэйсбүүк хуудас)

Бизнесийн санаагаа анх хэрхэн олсон бэ? 

Би багаасаа л энтертэйнмент салбарыг сонирхож өссөн хүн. Анх 2014 оноос л Оросын реппер Тиматиг сонирхож, уран бүтээлийг нь сонсож эхэлсэн. Хэдий би өөрөө орос хэлгүй ч гэсэн дуу болгон дээрээ эх орон гэдэг үгийг бахархал болгож, тэр үзлээ залуустаа түгээж байгаа нь их таалагддаг байлаа. Нэг удаа шинэ клипийг нь үзтэл нэг мөрөн дээрээ оросын тугтай, нөгөө талдаа төрийн сүлдтэй Россия гээд биччихсэн хувцастай байсан нь нүдэнд туссан. Тэрийг нь хараад интернетээс мэдээлэл хайтал өөрөө Black Star Wear гэж брэнд үүсгэсэн байв. Тэгээд л загвар, чанар нь таалагдаж, энэ брэндийг монголын залууст таниулж, гарааны бизнес эрхэлж яагаад болохгүй гэж бодогдсон доо.

Манай залуусын хувцаслалт болон хөгжмийн чиг хандлага их өргөн болсон. Бид Орос болон станы орнуудад нэлээн хүчтэй тренд бий болгож буй чөлөөт хувцасны энэ чиг хандлагыг Монголд түгээж байна.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Бид хуримтлуулсан бүх хадгаламжаа нийлүүлж байгаад л бизнесээ эхлүүлсэн. Мөн дотны найз Б.Баттулга маань бидэнд итгэж, тодорхой хэмжээний мөнгө зээлүүлснийг дурдахгүй байхын аргагүй. Хямралын үед хувцасны бизнес хийх хэрэг байна уу гэж олон хүн хэлж байсан. Гэхдээ хэн ч чамд зүгээр сууж байхад чинь мөнгө өгөхгүй гэдгийг ойлгож байсан учир шинэ сорилт өөртөө тавьж, эхнээс нь бүгдийг нь өөрийн биеэр мэдрэхийг хүссэн. Одоо бол банкнаас зээл аваад үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байна.

Франчайзингийн бизнес эрхэлж байгаа учир эхний зардал нэлээд өндөр гарсан. Зээл аваад эхлэхээр хариуцлагатай байж, өдөр хоногийн аргацаах биш улам үр ашигтай өнгөрүүлэхийг эрмэлзэж эхэлдэг юм байна шүү.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Хамтран үүсгэн байгуулагч Б.Зориг бид хоёр багын найзууд. Сонирхол нэгтэй учир Тиматиг хамтдаа сонсдог байлаа. Тэгээд л санаа нийлж анхны гарааны бизнесээ хамтдаа эхлүүлэхээр болсон.

Танай онцлог, давуу тал юу вэ?

Чөлөөт хувцасны зах зээл дээр Монголд нээгдсэн анхны франчайзинг дэлгүүрүүдийн нэг гэдгээрээ онцлогтой. Бид олон улсын стандартын хамгийн чанартай хувцсыг хэрэглэгчдэдээ санал болгодог. Орост үйлдвэрлэгддэг, үйлдвэрлэгдсэн хувцсыг Black Star Label-ийн бүх уран бүтээлчид өмсөн сурталчилж фенүүддээ хүргэдэг.

Нэг загвар дахин давтагдаж үйлдвэрлэгддэггүй нь Black Star Wear-ийн нэг онцлог юм. Сар бүр гаргадаг шинэ коллекц, загварын хувцаснуудаа маш бага тоотойгоор гаргадаг. Жишээ нь нэг малгай ердөө 6000 ширхэг үйлдвэрлэгдэж Оросын 139 сая хэрэглэгчтэй зах зээлд борлуулагдаж байх жишээтэй. Ерөөс брэндийн үнэ цэнээ энэ байдлаар хадгалж явдаг.
Манайд гутлаас бусад бүх төрлийн хувцас бий. Хувцаснаас гадна бусад дагалдах хэрэгслүүд ч гэсэн борлуулагддаг. Үнийн хувьд бид брэндээ дотоодын зах зээлд сурталчлан таниулах зорилготой байгаа учир зарим тохиолдолд үндсэн үнээс нь багаар ч зарах нь бий.

Албан ёсны дэлгүүрээс худалдан авалт хийж буй учир хэрэглэгчид барааны чанарт итгэлтэй байж болно. Эргэж холбогдох эзэнтэй, асуудал гарвал шийдэх хандах газартай байна гэдэг давуу тал гэж боддог. Мөн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том уран бүтээлчдээр дамжуулж Монголоо сурталчлах давуу талтай болж байна гэж харж байгаа. Албан ёсны франчайзинг эрхийг эзэмшигч учир бид зөвхөн Монголд зориулсан тусгай загвар, хувцас гаргах боломжтой болсон юм. Тэр хувцаснуудыг Тимати өөрөө сурталчилна гэхээр нэлээн том нөлөөлөл үзүүлнэ гэж бодож байгаа шүү.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Бид Black Star Wear-ээр дамжуулж олон улсын чөлөөт хувцасны зах зээлийн чиг хандлагыг монгол залууст шууд хүргэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Black Star нь өөрөө Black Star 13 Salon, Black Star Burger гээд дагалдах бусад бизнесүүдтэй байдаг юм. Үүнийг бүрэн ашиглаж зах зээлээ тэлэх боломжийг эрэлхийлж байна.

Олон улсын брэндийн стандарт, шаардлагууд, шаардаж буй судалгаа, бичиг баримтуудаас бид маш их зүйлийг сурч байгаа. Түүн дээрээ үндэслэн урт хугацаандаа чөлөөт хувцасны монгол брэндийг бий болгох хувийн хүсэл бий.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Хэрэглэгчдэдээ хамгийн онцгой, хамгийн нандин, хамгийн ховор бүтээгдэхүүнийг санал болгож байгаа нь бидний үнэт зүйл юм. Нэг загвараас маш цөөн хувцас ирдэг. Нэг цамцнаас л гэхэд 7 ширхэг л ирж байх жишээтэй. Сая хүнтэй хотод таны авсан энэ цамцыг ердөө 7 хүн л өмсөж байна гэдэг нь өөрөө үнэ цэнийг үүсгэнэ.

Мөн олон улсын брэндийн стандартыг хэвшүүлж, нэвтрүүлж буй нь бидний хувьд чухал зүйл юм. Бид дэлгүүрийн тохижолт, уур амьсгалаас эхлүүлээд сурталчилгаа, маркетингаа хүртэл олон улсын хэмжээнд хийх гэж хичээж байна. Саяхан Улаанбаатарт ирсэн Оросын циркийнхэн манай дэлгүүрийг зорин ирж, яг л үндсэн дэлгүүр шигээ сэтгэгдэл төрүүлж байна хэмээн баяр хүргээд худалдан авалт хийгээд буцсан. Хэрэглэгчидтэй харьцах, хэрэглэгчдээ халамжлах тал дээр ч гэсэн стандарт баримталж байгаа учир бид аль хэдийн байнгын үйлчлүүлэгчидтэй болоод амжсан шүү.

Яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Яг одоо бол дэлгүүрээ илүү олон хүнд таниулж, сурталчлах, зах зээл дээр байр сууриа эзлэх зорилготойгоор ажиллаж байна. Миний хувьд социологич мэргэжилтэй ч сошиал медиа дахь хэрэглэгчдийн сэтгэл зүйг ойлгож, түүн дээр үндэслэн сурталчилгаа хийхийг зорьж байгаа. Анх дэлгүүр нээх гэж байгаагаа сошиал хуудсууддаа оруулахад бараг 8 мянган лайк цугларч, бөөн амжилт хүссэн сэтгэгдэл ороход их баярлаж, эднээс багахан нь л худалдан авалт хийхэд алзахгүй юм байна гэж итгэл төрж байлаа. Гэхдээ эхний 3 сарыг "тун хүнд" өнгөрүүлсний дараа зорилтот зах зээл рүүгээ илүү чиглэх ёстой, илүү үр ашигтай сурталчилгаа хийх ёстой гэдгийг ойлгоод ажиллаж байна.

Өмнө дурдсанчлан бид Black Star Burger буюу түргэн хоолны брэндийг монголдоо оруулж ирэхээр хэлэлцээрийн шатанд ажлаа үргэлжлүүлж байна. Бид хүн амын тоон дээр үндэслэж, бургерт дуртай сегментийг тодорхойлон, хэр давтамжтай иддэг, ямар төрлийг нь сонирхдог, хэрхэн бусад өрсөлдөгчидтэй зэрэгцэн байрших ёстой зэрэг нарийн судалгааны ажлуудыг Оросын талтай хамтран хийж байна.

Black Star Wear үнэнч хэрэглэгчдээ дэмждэг онооны системтэй. Байнгын үйлчлүүлэгчид нь борлуулалтаасаа хамаарч оноо цуглуулан, артистуудтайгаа уулзах, концерт тоглолтуудад оролцох зэрэг урамшуулал олгодог юм. Энийг Монголдоо нэвтрүүлэхээр яг одоо ажиллаж байна. Эдний хэрэглэгчдээ халамжлах бодлого нь их мундаг. Байн байн ирдэг уран бүтээлчдийн гарын үсэгтэй хэрэглэл, плакатуудаас хэрэглэгчдэдээ урамшуулж, бэлэглэдэг юм.

Мөн энэ брэндийг үүсгэн байгуулагч Тиматиг Монголд авчрах тал дээр шаргуу ажиллаж байгаа шүү. Удахгүй сайн мэдээ дуулдах байх. Ер нь бид 2 орны залуусын соёлын харилцаан дээр их анхаарч, хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд нь юу вэ?

Би өөрөө дэлгүүртээ амралтын өдрүүдээр бүтэн ажилладаг юм. Брэндийнхээ үнэ цэн, онцлогийг хэрэглэгчдэдээ илүү ойлгуулахыг эрмэлзэж, нарийн деталиудыг нь мэдээсэй гэж хүсдэгтээ тэр л дээ. Худалдан авагчдынхаа сэтгэл ханамжтай байдал, сонсдог уран бүтээлчдийнхээ гаргасан, өмсдөг хувцсыг аваад гарч байгаа хүмүүсийн баяр хөөрийг хараад их урам зориг авдаг шүү.

Гэхдээ миний эмзэглэдэг нэг зүйл бол хувцасны чанарын асуудал юм. Хэрэглэгчид маань өнгө зүсэнд хууртаад тухайн хувцасны ямар орчинд хийгдсэн, ямар материалаар хийгдсэнийг нь нэг их анзаардаггүй юм шиг санагддаг. Гэтэл аливаа хувцасны биед үзүүлэх нөлөө, харшлах харшил зэрэг нь том асуудал байдаг. Баталгаагүй, албан бус хувцсанд хяналт илүү хэрэгтэй байдаг юм шиг санагдсан.

Бидний хувьд өөрсдөө албан ёсны үйлдвэр дээр нь очиж, гэрээ хийн, бүтээгдэхүүнээ борлуулж байгаа учир үүн дээр бардам байж чаддаг. Ямар ч ажил итгэлцэл дээр тогтдог учир хэрэглэгчидтэйгээ дахиад уулзахад нүүр дүүрэн итгэлтэй байх боломжтой гэсэн үг.

Нөгөө талаар төр засаг маань улсынхаа сурталчилгааг зөвхөн уул уурхай, улс төрөөс арай ангидаар бодлоготойгоор хийх хэрэгтэй юм шиг санагдаж байлаа. Анх Орост очоод Монголын тухай ярихад танай улсын эдийн засаг хүнд байгаа, улс төр тогтворгүй байгаа юм биш үү гээд их л эргэлзэнгүй хандаж байсан. Залуус маань дор бүрнээ хөдөлмөрлөж, олон салбарт амжилттай ажиллаж байгаа ч гадаадын зах зээлд энэ талаараа биш зөвхөн сөрөг өнцгөөс харагдаад байгаа нь их харамсалтай. Арай гэж итгэлийг нь олоод, бодит байдлыг харсныхаа дараа тэдний хандлага ч эргэж өөрчлөгддөг юм билээ. Монголын Black Star Wear нэр хүнд сайтай шүү.

Учирч байсан хамгийн том бэрхшээл юу вэ?

Мэдээж банкны зээл, валютын ханшны зөрүү, тээврийн зардал гээд л асуудал их бий. Гэхдээ албан ёсоор олон улсын стандартыг нэвтрүүлж, чанартай, найдвартай бараа бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж буй бизнес эрхлэгчдээ дэмжих "франчайзингийн хууль" гэдэг зүйл ямар их хэрэгтэйг мэдэрч ойлгож байна. Бид зах зээлдээ сайн стандарт, сайн жишиг, чанарыг авчирч байгаа гэдгийг ойлгоосой. Бид өөрсдийн хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, татвараа төлж, бүх бичиг баримтуудыг бүрдүүлж байгаа ч эзэнгүй улсад амьдарч буй мэт дарамтан дор ажилласаар байгааг хэлэхийг хүсэж байна. Бөөн торгууль, бөөн татвар. Бизнес эрхэлж буй залуусаа аль аль талаасаа боомилолгүй дэмжих ямар хэрэгтэй вэ гэдгийг л ойлгож байна даа.

Нөгөө талаар бизнес сонирхож буй залуустаа хандан франчайзингийн үнэ цэнийг зөв ойлголттой болоосой гэж хүсч байна. Хулхи, чанаргүй барааг 20-30 хүн борлуулж байхад чи өөрийн эрхийг нь эзэмшиж буй брэндийг ганцаараа л борлуулж чадна гэдэг том давуу тал. Аюулгүй, эрсдэлгүй, өрсөлдөх чадвартай, баталгаатай бизнесийн үндэс бол франчайзинг. Бид асар их эрсдэл хүлээн тэдэнтэй холбогдож, дэлгүүрийг нь нээх хүсэлтээ илгээхэд эхэндээ тэд шоолж, инээж, бараг л тоохгүй байлаа. Нэг бараанаасаа бөөнийг "шахаад" Монголдоо зараад ирэх эхний даалгавар өгөөд биднийг явуулсан. Харин удалгүй манай сошиал медиа дахь хандалт, хүмүүсийн хандлагыг хараад франчайзинг эзэмших зөвшөөрөл өгсөн юм. Бид эхний 2 жилдээ багтаад л албан ёсны франчайзинг эзэмшигч болох зорилготой байтал 3 сарын дотор л ийм амжилтанд хүрч чадсан шүү. Энэ бүгдийн ард өндөр эрсдэл бас гүнзгий судалгаа байсан гэдгийг онцолмоор байна.

Гэрэл зургийг Э.Соёл-Оргил

42563   5


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.