Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   02 сарын 04, 2017

Номын тойм: Д.Ганбаатар - Туялзуур сэлэмний анхан шатны гарын авлага

Туялзуур сэлэм хэмээх Олимпийн төрөлд багтдаг энэхүү спорт манай улсад сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, олон клубууд шинээр байгуулагдан, тамирчид маань олон улсын зэрэглэлийн тэмцээнүүдэд амжилт гаргах болсон. Уг спортыг сонирхогчдод зориулан Монголын туялзуур сэлэмний холбооноос анхан шатны үндсэн ойлголтуудыг өгөх гарын авлагыг эрхлэн гаргажээ. Номыг МТСХ-ны ерөнхий дасгалжуулагч Д.Ганбаатар зохиож, редактораар нь манай Unread-ын үүсгэн байгуулагчдын нэг А.Ундрал ажилласан бөгөөд туялзуур сэлмийн спортын талаар гарч буй анхны Монгол ном гэдгээр тун онцлог юм.

Миний бие АНУ-д суралцаж байх хугацаандаа туялзуур сэлэмний спортоор, тэр дундаа Sabre буюу Монголоор "илд сэлэм"-ний төрлөөр хичээллэдэг байсан билээ. Хэд хэдэн ч тэмцээнд оролцож D зэрэглэлийн болзол хангаж байсан удаатай. Тийм ч учраас энэ номны талаар бичих "эх орны даалгавар" авсан гэхэд болно. Анх хичээллэж эхлэхдээ клубынхээ дасгалжуулагчтай уулзаж ярилцахаас гадна Russel Swords-оос эрхлэн гаргасан DVD үзэж, номнуудыг нь уншиж үндсэн ойлголтоо бататгаж байсан юм. Хэдийгээр үзэгчдэд тун энгийнээр хатгалцаад, цавчилдаад байгаа мэт харагдаж болох ч туялзуур сэлэмний спорт нь асар баялаг түүх, дүрэмтэй, олон зуун жилийн уламжлалтай тул зайлшгүй судалж мэдэх зүйлс нэн их. Алхалт, хувцас хэрэгсэл, оноо хэрхэн авах, хэрхэн шүүх, хүнд сэлэм (epee), хөнгөн сэлэм (foil), илд сэлэм (sabre) гэсэн үндсэн гурван төрөл, тэр болгоны онцлог, сэлэмний бариулууд (french, visconti гэх мэтчилэн), тулаан эхлэхийн өмнө юуны түрүүн үзэгчдэд, дараа нь шүүгчид, эцэст нь өрсөлдөгчдөө хүндэтгэл үзүүлж ёсолдгоос авахуулаад нарийн ширийн зүйлс мундахгүй. Тулалдах тактикуудын талаар бол яриад ч илүүц. Тиймдээ ч энэ спорт "physical chess" буюу "бодгалийн шатар" хэмээн нэрлэгддэг буйзаа.

Дасгалжуулагч Д.Ганбаатарын "Туялзуур сэлэмний анхан шатны гарын авлага" ном уг спортын үндсэн ойлголтуудыг бүрэн өгч чадахаар болжээ. Зөвхөн ойлголт ч өгөх бус сонирхогч, тамирчдад заавал байх ёстой ширээний ном гэх нь зүйтэй. Намайг анх хичээллэж эхлэхэд энэ ном байсан болоосой ч гэж хүртэл бодогдов. Дүрэм, техник, довтолгоо, хувцас хэрэглэл, сэлэм гээд л бүх зүйлсийг зүгээр нэг тайлбарлаад зогсохгүй Монгол тамирчдын зурагнуудыг бодит жишээ болгон оруулсан нь ойлгоход тун хялбар болгожээ. Уг спортын үүсэл, тэр дундаа Монгол улсынд хэрхэн анх үүсч хөгжсөн талаар өмнө нь мэддэггүй байсан зүйлсээ олж уншсан нь бүх ч амттай санагдуулав. Би нэгэн тэмцээн дээр халаалт муутай гарч шөрмөсөө таслах шахсан тул сүүлийн 2 жил гаруй хугацаанд туялзуур сэлмээ түр орхиод байсан юм. Энэ номыг уншаад эргэн хичээллэмээр санагдлаа. Харин илд сэлэмний төрөл Монголд бусдаасаа жаахан дутуу хөгжөөд байгаа мэт санагдсан шүү. Холбоо маань энэ дээр анхаарахыг хүсч байна. Би ч хувь нэмрээ оруулъя гэж дотроо бодлоо.

Ийм сайхан бүтээл гарсанд баяртай байна. Талархаж байна. Уг номын тусламжтайгаар туялзуур сэлмийн спортод хайртай, дуртай сонирхогч хүмүүс нэмэгдэж, олон олон сонирхогчид маань мэргэжлийн тамирчин болон, мэргэжлийн тамирчид нь Олимпод оролцож, медаль хүртэж, бүр аварга болно гэдэгт итгэлтэй байна. Бид чадна.

Sabre буюу илд сэлэмний төрөл

19290   1


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.