Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   01 сарын 28, 2017

Шинэ ном: "Ланс Прайс - Моди Үзэгдэл" номын тухай

Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны хавар Монгол улсад айлчлал хийсэн билээ. Тухайн үед айлчлалынхаа талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа зургууд оруулж (тэр дунд манай ерөнхийлөгчтэй цуг авахуулсан селфи ч бий), пэйжээ идэвхтэй хөтлөн олон олон монголчуудад танигдаж байсан. Тухайн үед би сошиал медиа идэвхтэй хэрэглэдэг ерөнхий сайд байна даа л гээд бодоод өнгөрсөн. Харин өнөөдрийн танилцуулах энэ номтой уншиж танилцсанаар энэ хүн дан фэйсбүүк ч гэлтгүй сошиал медиа, мэдээллийн технологийг өөрийн ажил үйлсэд маш үр дүнтэй ашиглаж буй эрхэм гэдэг нь ойлгогдлоо. Тэрээр 2014 онд Ерөнхий сайдаар сонгогдохын өмнө гайхалтай өвөрмөц кампанит ажлыг явуулсан ажээ. Нэгэн жишээ нь Моди хүрэхэд бэрх алс бөглүү хот тосгодод бодит хүний хэмжээтэй өөрийн 3D холограмм дүрсийг өөрийнхөө төлөөлөл болгон илгээсэн байна.

Тоон технологи, нийгмийн сүлжээ, интернет, гар утсыг өндөр түвшинд ашиглан явуулсан түүний сонгуулийн кампанийг “Нью-Йорк Таймс” сонин “Дэлхийн хамгийн том шоу” гэсэн бол Хилари Клинтон түүний энэ сонгуулийн үйл ажиллагааг дэлхий нийтийн “алтан жишиг” хэмээн нэрлэж байжээ.

Модигийн талаар өгүүлэх энэ номыг BBC агентлагт олон жил улс төрийн сурвалжлагчаар ажилласан, мөн Британийн Ерөнхий сайд Тони Блэйрийн тусгай зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байсан Ланс Прайс бичиж 2015 онд хэвлүүлэн гаргажээ.

Тус ном монгол хэлээр хөрвүүлэгдэн түрүү онд Монсудар хэвлэлийн газраас гарчээ. Дашрамд дурдахад орчуулга үнэхээрээ ойлгомжтой, сайхан болсон санагдаж байна, орчуулагчид баярлалаа гэж хэлье.

Та уг номыг онлайнаар худалдан авах бол энд дарна уу.

Номыг яагаад Моди үзэгдэл” буюу англиар “Modi Effect” гэж нэрлэсэн юм бол гэж гайхаж байлаа. Гэвч номтой танилцах тусам тэрээр дэлхийн өнө эртний соёл иргэншилт, агуу түүх соёлтой, агуу их оронд шинэ цагийн шинэ дэвшилтэт арга барилыг нэвтрүүлж, өөрийн өвөрмөц үзэл, хувь хүний онцгой чанараараа Энэтхэг оронд төдийгүй дэлхий нийтэд нөлөөгөө үзүүлж байгаа эрхэм болох нь ойлгогдож байна.

Номын хэсгээс

Аравдугаар бүлэг: iМОДИ

Нарендра Моди эртэч нэгэн. Тэрээр үүр цайхаас өмнө сэрээд бие, сэтгэл, оюун бодлоо өдрийн туршид ажилдаа зориулахад нь тусалдаг йог, бясалгалын дасгалаа хийдэг. Гэхдээ Энэтхэгийн олон зууны уламжлалаас эхтэй эдгээр дасгалуудаа хийхээр суухаас өмнө амжуулдаг арай өөр, орчин үеийн гэмээр зуршил ч түүнд бий. Тэр өглөө босоод интернэтэд холбогдоно. “Тийм ээ. Энэ бүр зуршил болчихож. Өглөө бүр таван цагт босож тэр дороо л цахим шуудангаа шалгадаг. Сэрээд дөрөв таван минут ч бололгүй iPad-аа шүүрч авдаг, үдэш унтахаар хэвтэхийн өмнө цахим шуудангаа харж, надад холбогдолтой, сонсож амжаагүй, унших шаардлагатай мэдээ ирсэн эсэхийг нягтлана. Үнэнийг хэлэхэд надад завсарлана, цахим төхөөрөмжөө унтраана гэдэг ойлголт байдаггүй” гэж Моди ярьсан юм. Түүний хэлж буйгаар бол төрөлх Гужарат мужаасаа холдож улс төрийн шалтгаанаар бараг л цөлөгдсөн 1990-ээд оны эцсээс эхлээд тэрээр интернэттэй нөхөрлөжээ. Ард үлдсэн нутагтаа болж байгаа үйл явдлуудыг байнга мэдэж байх хамгийн сайн арга нь интернэттэй нөхөрлөх явдал болохыг ойлгосон тэр цагаас хойш хамгийн сүүлийн үеийн аппликэшинуудыг хайж олон татаж хэрэглэдэг болжээ. Ийм ч учраас тэрээр залуу ажилтнуудаа технологийн ололттой танилцуулдаг хүн нь байсаар ирсэн юм. Моди эртнээс техник сонирхдог, 1999 оны сонгуульд дижитал зургийн аппаратыг анх хэрэглэсэн ба 2001 онд тэргүүн сайд болсноосоо хойш ч энэ тоглоомын манлайд явахыг хичээсэн байна. Техникийн дэвшлээс хоцрохгүйг хичээдгийнх нь бас нэг жишээг whatsapp-ийг хэрэглээнд орохоос өмнө түүний талаар олж мэдсэнээс харж болох юм. Whatsapp дөнгөж анх гарч, нийтийн хүртээл болохоос өмнө энэ аппликэйшн тун удалгүй мэссежийн гол платформ болох тул харилцаа холбоондоо хэрэглэж сураарай гэж тэр өөрийн хүмүүстээ захиж байжээ. Моди ерөнхий сайд болоогүй бол эргээд цай худалдагч болохгүй, харин цахим зах зээлд амжилт олох байсан биз.

Моди 2009 онд нүүр ном, жиргээнд нэгдэж түүний найзууд болон дагагчдын тоо түргэн өссөн байна. Тэр үеэс л залуучуудыг ажилд авахдаа нийгмийн сүлжээг хэр сайн эзэмшсэнийг нь хардаг болжээ. “Анх уулзах үед л нүүр номынхоо дагагчдын тоог хэрхэн хоёр дахин нэмэгдүүлж болох талаар асуусан” гэж тэдний нэг нь дурссан юм. Моди харилцаа холбооны цахим технологи сонирхдог нь БЖП намын Мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн үндэсний захирал Гуптагийн анхаарлыг татжээ. Арвинд Гупта бол цаг үеэсээ хоцорч болохгүй гэж намынхаа удирдлагыг ятгасаар ирсэн хүн. Цахиурын хөндий болон Энэтхэгийн мэдээллийн технологийн нийслэл Банглорын аль алинд нь ажиллаж байсан тэрээр 2010 оноос БЖП намын орон тооны ажилтан болсон бөгөөд Гуптаг онлайн кампанид оролцож эхлэх үед нам нь энэ тоглоомд дөнгөж анх оролцож эхэлж байсан ажээ. “Сонгууль эхлэхэд ердөө гуравхан сар үлдээд байхад бид энэ бүгдийг хийж чадахгүй. Бүтцээ бий болгож, мэдээллүүдээ цуглуулж, түүнийгээ үр дүнтэй хэрэглэн олон нийттэй удаан хугацаанд ажиллах шаардлагатай. Сонгуулийн өмнө сонгогчидтой сайн дурынхныг түр ажиллуулснаар энэ бүгдийг хийж чадахгүй. Хэрэв үүнийг брэнд гэж нэрлэж болдог бол тэр цагт л манай брэнд улам хүчирхэгжинэ гэж би хэлсэн” гэж тэр ярьж байна. Гуптагийн хэлж буйгаар бол намын дээд удирдлагынхнаас Моди л энэ боломжийг харсан байна. “Тийм ээ, ганцхан тэр л энэхүү арга хэрэгслийн хүчин чадлыг ойлгож байсан”.

Нарендра Моди ерөнхий сайдад нэр дэвшсэнээр 2014 оны сонгууль бол 2009 оны сонгуулиас хойш гарсан техникийн бүх ололтыг өргөнөөр ашигласан, интернэтийн боломжийг ингэж ашигласнаараа Энэтхэгийн түүхэнд төдийгүй, дэлхийд хамгийн боловсронгуй сонгууль болох нь илэрхий байлаа. Дэлхийн хөгжлийг мэдэрсэн нь ганц БЖП нам ч биш байсан нь мэдээж хэрэг. Хөрөнгө хүчээр ядмаг боловч урам зоригтой сайн дурын ажилтнуудтай, шинэхэн байгуулагдсан Эгэл ардын нам цахим ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай болсон нь түүнд байгаа жингээсээ хүчтэй цохилт хийхэд тусалжээ. Конгресс намд ч мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, нийгмийн сүлжээнийхэн байсан хэдий ч улс төрийн кампанид тоон технологийн бүхий л боломжийг ашиглах удирдагч тэдэнд дутагдсан байна.

Модигоос хорин насаар залуу, Флоридад, дараа нь Кембрижид суралцаж Лондонд менежментийн зөвлөхөөр ажиллан олон жил гадаадад амьдарсан Рахул Ганди өөрийгөө тус орныг өчнөөн жил хөндлөн гулд туулсан Модигоос илүү Энэтхэгийн улс төрийг мэднэ гэж санасан аж. Хожим Модигийн багт орж ажилласан харилцаа холбооны нэгэн мэргэжилтний ярьснаар тэр нөхдийн хамт эхлээд Гандид хандан түүнд ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Тэрээр найзуудаараа дамжуулан Рахултай холбогдсоноо яриад “Бид залуу хүмүүс болохоор түүнтэй уулзахдаа Рахулыг ниймгийн сүлжээг ашигладаг, шинэ үеийн удирдагч гэж бодоод сэтгэл догдолж байсан. Бид түүнд үүнийг хийе, хүмүүст хүрье, та энэ орныг өөрчилж чадна гэж хэлсэн. Гэтэл тэр “үгүй, жинхэнэ Энэтхэгчүүд цахим ертөнцөд амьдардаггүй юм” гэж хариулсан. Би гайхсандаа “юу сонсчихов доо” гэж бодтол “хотын залуус та нар Энэтхэгийг хот шигээ төсөөлж байна. Гэтэл энэ чинь ядуу орон” гээд тэр мөнөөх л социалист лекцээ уншсан. Тэгээд бид гайхшран гарч явахдаа улс төрийн философи сонсох гэж түүнтэй уулзаагүй, залуу хүн гэж бодоод очсон болохоор ихэд урам хугарсан. Тэр явдлаас нэг жилийн дараа Модитой уулзсан. Тэгээд уулзмагц энэ бол бидний яриаг ойлгох хүн байна гэж бодогдсон” хэмээн дурссан билээ. Энэтхэгийн хөдөө нутагт зарим газар нь цахилгаангүй ч 2014 оны дунд гэхэд 240 сая хүн модем хэрэглэдэг болж, интернэт холболт жилд 28 хувь нэмэгдсэн бөгөөд 185 сая хүн гар утсаараа интернэтэд орж байв. Энэтхэг хүн бүр нийгмийн сүлжээнд орж мэдээлэл авдаггүй тухай Рахул Гандийн хэлсэн үнэн боловч тийшээ ордог нь интернэтээс авсан мэдээллээ найз нөхөд, төрөл төрөгсөд, хөршүүддээ ярьж өгдөг юм.

Интернэтийн мөн чанарт дулдуйдсан онлайн төрхгүйтэл ч мөн нэлээд гарсан байна. Дахиад л Рахул Гандитай холбогдчихлоо. Рахул Гандийг дуурайлгасан Паппу (маанаг гэсэн утгатай), Модийг дуурайлгасан Фику (онгироо), Эгэл ардын намын удирдагч Арвинд Кежривалаг дууриалгасан Наяак (удирдагч) гэсэн дүрүүдтэй элэглэсэн дуураймал кампани гарч википедиагийн ижил www.pappupedia.com гэдэг веб хуудас нээдэв. Соня Гандийг элэглэсэн дүр нь Папугийн тархийг эмчлүүлэхэд мөнгө шаардагдсан болохоор луйварт оролцсон, та хандив өргөж биднийг засрахад тусална уу гэж ярина. Тэрчлэн Модийг шүүмжлэгч нарын www.pheku.in вэб хуудсанд “худал хуурмагийн уул мэт овоон дороос түүний талаарх жинхэнэ баримтыг ухаж гарган илчилнэ” гэж амлаж байлаа.

БЖП нам тус улсын сонгуулийн 543 тойргийг ойролцоо тоотой гурван хэсэгт хувааж, багийн нэгэн гишүүний ярьснаар “гурван төрлийн сонгууль зэрэг явуулсан” ажээ. Сонгуулийн хуучин хэлбэрээр өрсөлдөх хоёр зуу орчим суудлын төлөө нийгмийн сүлжээнд кампани өрнүүлэх шаардлагагүй байв. Харин хагас хотожсон суурин газруудад орчин үеийн хэлбэртэй сонгууль явагдсан юм. Эцэст нь цахим хэлбэрээр сонгууль явагдах боломжтой нэг зуун тавин таван тойргийг тусад нь ялгаж тодорхойлжээ. Интернэтийг зөвхөн намынхаа суртал нэвтрүүлгийг түгээх эсвэл сайн дурынхныг элсүүлэхэд хэрэглээд зогссонгүй. Интернэт ашиглан нөхцөл байдлыг судлах, хүмүүсийн санаа бодлыг таньж мэдэх, улмаар ирсэн мэдээллийг “Цахим ажиллагааны үндэсний нэгж” буюу Н-док хэмээх зориуд байгуулсан мэдээллийн санд хуримтлуулж тэндээс Модигийн үйл ажиллагааны төв байранд хүргэхээр зохион байгуулжээ. Энэ нь “Дели дэх мэдээллийн технологийн төв болон түүний эко системээс гадуурх чөлөөт ажилтнуудын хоорондох хоёр урсгалтай суваг юм. Тэр хэдийгээр нүүр номонд 14 сая найзтай болж дагагчдынхаа тоогоор Обамагийн дараа хоёр дахь улс төрч болсон боловч дижитал кампани нь түүний “лайк” эсвэл жиргээн дэх дагагчдын тоог өсгөхийг зорьсонгүй. Сонгуулийн кампани дуусах үед Энэтхэгийн нүүр ном хэрэглэгчдийн зургааны нэг нь Модийг дагагч болсон хэдий ч хамгийн гол асуудал нь “лайк”-ийг “санал” болгож хөрвүүлэхэд оршиж байв.

Дижитал кампани нь оролцогчдынхоо хувьд сэтгэл хөдөлгөм сорилт учир түүнд татагдан орсон сайн дурын олон зуун залуус хэдэн сараар зай завгүй ажиллахад хүрчээ. Өмнө нь дэлхийн хаана ч сонгуулийн кампанид нийгмийн сүлжээ, мэдээллийн технологийг ийм өргөн хэмжээнд ашиглаж байгаагүй учир тэдэнд үлгэр дуурайлал болгох жишээ байсангүй тул Моди өөрөө үүнийг сорилт гэж нэрлэсэн юм. Buzzfeed, Pinterest, Tumblr зэргээс эхлээд интернэтийг сүрхий хэрэглэдэг хүмүүс ч будилдаг StubleUpon-ыг хүртэлх онлайн платформ бүрийг нэгийг ч үлдээлгүй бүгдийг нь ашиглажээ. Баннер зар сурталчилгааг олон хэлээр бичиж, хэрэглэгчдийн өөр хоорондоо харилцахыг нь аль болохоор дэмжиж байв. Тэд компьютерийн хулгана, курсор хөдөлгөх төдийгөөр авилга, хоцрогдол гэх мэтийн хамгийн ихээр санаа зовоосон асуудлуудыг ч “арчин арилгаж”, тэдгээр бэрхшээлүүдийг хэн хамгийн сайн шийдэж чадахыг ч нээн харуулж чадна. Тэд хэн байсныг илчлэх шаардлага надад байхгүй. Селфи солиорол ид эрчээ авч байсан цаг болохоор хүссэн хүн бүр өөрийн зургийг өөр хэн нэгэнтэй хамт авахуулсан болгох эрэлт хэрэгцээ их байжээ. Модитой хамт байгаагаар зураг авахуулдаг аппликэшин нийгмийн сүлжээнд анх гарснаасаа хойш хоёр минутын дотор л Энэтхэгт төдийгүй дэлхий даяар хамгийн их эрэлттэй аппликэшн болсон юм. Жил бүрийн гуравдугаар сард тохиодог Холи хэмээх будгийн баярын үеэр олон мянган хүн бие биедээ будаг түрхэж, ус цацдаг. Моди дэмжигчиддээ жиргээгээр олон өнгө алагласан захидал илгээж “Энх амгалан, хөгжил цэцэглэл, аз жаргалын будгийг газар сайгүй түгээхийг” уриалж, шинэлэг санаагаар хариу бичихийг тэднээс хүссэн байна. Том арга хэмжээнд үгээ хэлэхийн өмнө тэр “Энэтхэг 272+” вэб хуудсаараа нээлттэй (Зургадугаар бүлгийг үзнэ үү) зар түгээнэ. Олон нийтийн санаа бодлыг танддаг энэ аргаа тэрээр 2013 оны долдугаар сард Пуне хотноо Фергуссоны коллежид оюутнуудын өмнө үг хэлэхдээ туршжээ. Тэгэхэд Моди нүүр номоороо дамжуулан хүмүүсийн санал бодлыг асуусанд 2500 гаруй хариу ирсэн байна. Түүний олон нийтийн санаа бодлыг өөрийн хэлэх үгэнд тусгах хүсэл нь ийм үр дүнд хүргэсэн аж. Нити Дижитал компанийн захирал Шаши Шейкхар энэ үйл явц хэрхэн өрнөдгийг надад ярьсан билээ. “Тэрээр үг хэлэхээсээ долоо хоног орчмын өмнөөс блог дээрээ нээлттэй хэлэлцүүлэг зарладаг. Түүнийг үгээ хэлэхээс дөчин найман цагийн өмнө бид санал хүсэлтүүдийг нэгтгээд тоймыг нь Модигийн ажлын албанд өгдөг. Тэр замдаа онгоцонд тэрхүү тоймтой танилцаад заримыг нь, ялангуяа тэр өөрөө болон түүний ажлын албаны анзааралгүй орхисон тухайн орон нутгийн асуудлууд хийгээд тэндэхийн оршин суугчдын санаа сэтгэлийг хөндсөн сэдвүүдийг олж үгэндээ тусгадаг. “Би төв засгийн газар орон нутгийн түвшинд амьдралд хэрхэн нөлөөлж болох тухай ярих ёстой байсан. Тандалт судалгаа, тухайн мөчид авсан мэдээллийн дагуу орон нутгийн асуудлыг ойлгож буйгаа харуулахын тулд ингэж ярих шаардлага гардаг” гэж тэр надад ярьсан билээ. Олон санал хүсэлтийг шинжлэн дүгнэх амаргүй, тэгээд ч тэр асар их мэдээллээс жинхэнэ чухлыг нь таних технологи хараахан гараагүй болохоор саналуудаас нухацтайг нь гараар түүн ялгадаг тухай Шейкхар яриад “Сүүлдээ зарим нэг байдлаар автоматжуулахыг хичээсэн ч хэрэгтэйг нь хэрэггүйгээс ялгаж салгахад их хүндрэлтэй. Санал хүсэлтүүдийн ихэнх нь эерэг байдаг ч бүгд тийм байдаггүй” хэмээн өгүүлж билээ. Моди 3D холограмм ашиглан хэлсэн анхны үгэндээ ямар асуудал хөндөх талаар санал асуухад ирсэн хариу нь Шейкхарыг гайхшруулсан байна. “Өмнө нь тэрээр ийм цуглаанд Конгресс намыг хатуу ширүүн дайрч довтолдог байсан юм. Харин одоо бол “конгресс намыг хангалттай довтоллоо, өөрийнхөө үзэл бодлыг түлхүү тайлбарлаж ярь” гэсэн хүсэлт зонхилж буйг бид Модигийн ажлын албанд дамжуулсан. Тэр 3D үгэндээ Конгресс намыг шүүмжлэхээ багасгаж, өөрийн үзэл бодлын талаар голлож ярьсныг анзаарч болно.”

Номын 129-134-р тал

11645   1


НИЙТЭЛСЭН:

Zack Batsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.