Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   01 сарын 27, 2017

Нийслэлийн чимэг "Монгол ГЭР ГАРЦ"

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үзэмжийг чимэх, үндэсний хэв маягийг хадгалсан Монгол ГЭР ГАРЦ-ийг "Монторх" компаниас санаачлан хотын төв болон бусад томоохон уулзваруудад бүтээн байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү байгууламж нь нийслэл хотыг маань ганцхан чимээд зогсохгүй замын хөдөлгөөн, ачаалал, түгжрэлийг бууруулах, осол аваар багасгахад ихээхэн нөлөө үзүүлэх юм.

Өнөө цагт явган зорчигчид санаа амар зам хөндлөн гарна гэдэг жолооч нар түгжрэлгүй явахтай ижил бэрх болсон. Ногоон гэрэл ассан ч гэрлэн дохио мөрддөггүй жолооч, машинуудтай нь амь өрсөн шахуу уралдах нь тун ярвигтай. Гэтэл сая гаруй хүн амтай нийслэл хотод маань явган хүний гарц гарын арван хуруунаас ихгүй нь харамсалтай. Дэлхийн стандартын дагуу бол Улаанбаатар шиг хүн амтай хотод 200-аас доошгүй явган хүний гарц байх шаардлагатай аж. Ийм учир шалтгаан дээрээс үндэслэн нийслэл хотын иргэн та биднийг аюулгүй зам хөндлөн гаргахад туслах "ГЭР ГАРЦ" хэмээх төслийг "Монторх" компанийн ерөнхий захирал, техникийн ухааны доктор Л.Оросоо санаачилжээ. Төлөвлөгөөний дагуу эхний гарцыг бидний хэлж заншсанаар Төв Шуудангийн уулзварт барих юм байна. Төв шуудангийн уулзвар бол Монгол Улсын төв цэг. Нөгөөтэйгүүр хамгийн олон автомашин, явган хүн нэвтрэх огтлолцол юм. Төсөл амжилттай болвол Баруун болон Зүүн дөрвөн замын уулзвар дээр жижиг "Гэр гарц"-ууд барих аж.

"Ер нь хот гэдэг айлын инженерийн байгууламж, цахилгаан холбоо гээд л газар доогуур асар их байгууламж байдаг. Тиймээс энэ гарцыг газар доогуур хийвэл тэдгээрт саад болно. Мөн өртөг өндөр гарна. Бас зам засвар, шинэчлэлт, замын байгууламжуудыг өөрчлөх шаардлагатай болно. Харин зам дээгүүрх гарц бол тун бага зардлаар хийгддэг. Мөн үзэмжтэй. Гол давуу тал нь нэг гарцаар дээшээ гарлаа гэхэд дөрвөн замын уулзвар дээр дурын гарц руу гарах боломжтой юм." хэмээн "Монторх" компаний ерөнхий захирал Л.Оросоо өгүүлсэн юм.

Гэр гарцны тооцоо болон метал хийцийн зургуудыг гаргачихсан байгаа аж. Харин хотын удирдлагуудаас дэмжлэг аваад хийх тохиолдолд бүх метал хийцийг "Монторх" компани үйлдвэртээ хийж бэлдээд, газар дээр нь аваачиж угсрах юм байна. Гарцны зөвхөн тулгууруудыг газар дээр нь хийх тул замын хөдөлгөөнд ямар ч саад болохгүй ажээ.

Замын хөдөлгөөнийг бууруулж, бидний аюулгүй байдлыг хангах энэхүү төслийг зүгээр ч нэг гарц хэлбэрээр бус Монгол улсын ёс заншил, уламжлалыг шингээгээд дэлхийд анхны том Монгол гэр маягийн гарц хийе гэж зорьсныг магтууштай. Хотын өнгө үзэмж чимэх Монгол ГЭР ГАРЦ төслийг дэмжихийг Улаанбаатарчууддаа уриалж байна.

Unread нийгэм рүү чиглэсэн аливаа эерэг санаачилга, сайн дурын төсөл хөтөлбөрүүдийг үргэлж дэмжин ажилладаг. Хэрвээ танд үүнтэй холбоотой аливаа санал, санаачилга байвал бидэнтэй editor@unread.today хаягаар холбогдоорой.

24263   21


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.