Апп Тойм   01 сарын 24, 2017

Апп тойм: Meitu - Сэльфиний шинэ трэнд

Хэдхэн хоногийн өмнөөс эхлэн сошиал медиагаар анимэ төрхтэй сэльфинүүд ихээр нийтлэгдэж эхэлснийг та мэдээж анзаарсан байх. Яагаад гэдгийг гайхаж байв уу? Хятадын Meitu хэмээх технологийн компаниас хөгжүүлэн гаргасан сэльфиний апп вайрал болж дэлхий даяар 450 сая гаруй хэрэглэгчтэй болоод байгаа юм. Та уг аппыг ашиглан арьсаа толигор болгож, нүүрээ нарийсгаж, өөрийгөө өндөр харагдуулахаас гадна сэльфи зургаа анимэ төрхтэй болгох боломжтой юм. Дэлхийд сэльфиний трэндийг бий болгоод байгаа уг аппыг бүтээгчид өнгөрсөн сар Хонг Конгод IPO (хувьцаагаа нийтэд зарах) хийн $629 сая ам.доллар босгосон бөгөөд нийт $4.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй болоод буй аж.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Товчхондоо сэльфичид болон шинэ юм турших дуртай хүмүүс эсвэл уйдаж зугаагаа гаргах гэсэн хүмүүс их хэрэглэдэг гэхэд болно. Өөрийгөө бусдаас өндөр харагдуулах, байгаагаасаа илүү том нүдтэй болгох, илүү туранхай харагдуулах, үрчлээ арилгах, арьсыг цайруулах гээд л сэльфи зургийг төгс мэт харагдуулах асар олон төрлийн хэрэгсэл, эффект, фильтерүүдтэй бөгөөд тэдгээр нь бүгд гайхалтай хурдан ажилладаг давуу талтай. Meitu апп нь Хятадын зах зээл дээрх гарсан даруйдаа олон хэрэглэгчтэй болж алдаршсан бөгөөд одоо АНУ болон дэлхийн бусад орны хэрэглэгчдийн турш шинэ сэльфи трэнд үүсгээд байна. App Store-ийн Trending дотор орсон байна гэхээр ямар эрэлттэй байгаа нь ойлгомжтой.

ЯМАР ОНЦЛОГТОЙ ВЭ?

Уг апп нь үндсэндээ энгийн л сэльфи засварлагч боловч алдартай болгож буй хамгийн өвөрмөц давуу тал нь Hand-Drawn буюу таны зургийг гараар зурсан анимэ хэлбэрт оруулдаг боломж юм. Яг л Хятад, Солонгос, Японы хүүхэлдэйн кино, манга, анимэ дээр гардаг дүр шиг том гялалзсан нүдтэй, цагаан арьстай, гялалзсан фонтой болгодог уг боломж АНУ-н хэрэглэгчдийн дунд сүүлийн хэдэн өдөр трэнд болж хэдэн сая удаа шэйрлэгджээ. Та ч гэсэн туршаад үзээрэй. Зугаатай байна гэдэгт эргэлзэхгүй байна.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Аюулгүй байдлын мэргэжилтнүүд Meitu апп нь үнэгүй хэрнээ энгийн фото аппуудтай харьцуулахад хамаагүй их мэдээллийг хэрэглэгчийн утаснаас авдгийг олж тогтоосон байна. Мөн аппын кодонд нэлээн эргэлзээ төрүүлэхүйц алгоритмууд бичигдсэн байсныг давхар илрүүлжээ. Хэдийгээр Meitu нь хэрэглэгчийн мэдээллийг авсныхаа хариуд үнэгүй боломжуудыг олгодог анхны апп биш хэдий ч хэрэглэгчийн мэдээллийн нууцлалтай холбоотой нэлээдгүй шуугиан үүсээд байгаа юм. Уг сэльфи аппын Android хувилбар нь хэрэглэгчийн камера, зурагнуудад хандахаас гадна байршил, ямар аппууд хэрэглэж байгаа, гар утасных нь давтагдахгүй дугаар (IMSI), хаашаа залгасан, wi-fi мэдээлэл болон үүрэн телефоны оператор ашиглаж байгаа зэрэг мэдээллүүдийг авдаг гэнэ. iOS дээр jailbreak хийсэн, үгүйгээс шалтгаалан мэдээллийг янз бүрээр авдаг байна. Apple нууцлал тал дээр чанга хэдий ч Meitu ямар оператор хэрэглэж байгаа, утас нь jailbreak хийгдсэн эсэхийг лав л авч дөнгөдөг гэнэ шүү. Аппыг туршиж буй хэрэглэгчид мэдээллийн нууцлалаа анхаараарай.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Сэльфи буюу "өөрөгт" шинэ трэндийг тогтоож буй энгийн хэрнээ зугаатай, сонирхолтой энэ аппд бид 6 оноо өгч байна.

Татаж авах

14999   3


НИЙТЭЛСЭН:

Zack Batsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.