Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   01 сарын 20, 2017

YPG - Залуу мэргэжилтнүүдэд зориулсан менторшип хөтөлбөр

Монголын залуу мэргэжилтнүүдэд зориулсан менторшипийн 2017 оны хөтөлбөр албан ёсоор зарлагджээ. Менторшип гэдэг нь өндөр амжилт гаргасан, ажил, амьдралын туршлага, мэдлэг, чадвар арвин хувь хүмүүс өөр бусад туршлага багатай нэгэнд хандаж мэргэжлийн хувьд чиглүүлэгч, үлгэр дуурайл үзүүлэгч мөн зөвлөгчийн үүргийг хувийн болон мэргэжлийн ойр дөт харилцаа холбоог бий болгох замаар гүйцэтгэж байгаа үйл явц юм. Энэхүү хөтөлбөрийг Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбар (The Young Professionals' Group - Mongolia Chapter) байгууллагаас санаачлан 2 дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна. 

The Young Professionals’ Group буюу Залуу Мэргэжилтнүүдийн Групп нь анх 2000 онд АНУ-д үүссэн түүхтэй. Гол зорилго нь залуучуудад өөрсдийн нөөц бололцоог нээн олж харахад, тэднийг мэргэжлийн хувьд болон хувь хүний хувьд чадавхижуулах, ирээдүйн зорьсон зорилгод нь туслах, зорилгыг нь тодорхойлоход туслах юм. Өнөөдөр энэхүү хөтөлбөр маань АНУ-ын 3 муж, Сингапур, Монгол, Энэтхэг улсуудад тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй Япон, Солонгос, Балба, Испани, Киркизстан улсуудад салбараа нээн өргөтгөхөөр ид ажиллаж байна.

Монгол улсад 2 дахь жилдээ үргэлжилж буй Менторшип хөтөлбөрийн хувьд ментор буюу чиглүүлэгч нь ментий буюу дагалдах, зөвлөгөө авах залуусын хувьд мөнгөөр үнэлшгүй ажил, амьдралын зөвлөх болдог төдийгөө мэргэжлийн болон хувь хүний хөгжил тал дээр томоохон ахиц дэвшил гарахад дэм болдог юм.

2016 онд улстөр, эдийн засаг, банк санхүү, хууль эрхзүй, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, уул уурхай, тээвэр ложистик, маркетинг, олон нийтийн харилцаа, төрийн бус байгууллагын чиглэлээр мэргэшсэн, салбартаа тэргүүлэгч 11 ментор, 12 шилдэг залуучуудыг оролцуулан хөтөлбөрөө Монгол улсад анх удаа эхэлсэн. Хэдий хөтөлбөрийн нэг жилийн хугацаа богино мэт сонсогдож магадгүй ч сонгогдсон залуус маань ажлын байр, хувийн карьер, зорьсон зорилгоо тодорхой хэмжээнд биелүүлж, бодитой амжилтуудыг гаргаж чадсан.

2017 Оны Менторууд

- Ноён Г. Батцэнгэл нь Монголиан Майнинг Корпорацийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг.

- Ноён Б.Найдалаа нь "Ногоон зээлийн сан" байгуулах төслийн багийн ахлагчаар ажилладаг.

- Ноён А.Билгүүн Хойд Америк болон Монгол улсын хѳрѳнгийн зах, тэр дундаа уул уурхайн үнэт цаасны судалгаанд мэргэшсэн санхүүч.

- Ноён Р.Ганболд нь Юнител группийн ерөнхий захирлын албан тушаалыг хашдаг.

- Ноён Б.Уламбаяр нь 2015 оны 7 сараас ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

- Хатагтай А.Ундраа нь Монгол улсын их хурлын гишүүн бөгөөд Монгол ба Итали улсын парламентийн бүлгийн дарга.

- Ноён Д.Энхбат бол Монголын интернэтийн пионер, энтрепренер, нийгмийн зүтгэлтэн хүн юм.

- Хатагтай С.Оюун нь 1998 оноос хойш улс төрд идэвхитэй оролцож байсан манай улсын тэргүүлэх эмэгтэй улстөрчдийн нэг юм.

- Ноён Ш.Алтанбагана нь "Тера Экспресс ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхий захирлаар ажилладаг.

- Ноён Б.Бямбасайхан нь хөрөнгө оруулалт, тѳслийн менежментийн НоваТерра ХХК-ийн Захирлаар ажилладаг.

- Хатагтай Т.Алтангэрэл нь 2009 оноос Монголын Худалдаа аж үйлдвэрийн Танхимын Үндэсний болон Олон улсын арбитрын арбитрч, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагад хуулийн ахлах зөвлөхөөр ажиллаж байна.

- Хатагтай Б.Мөнхжин нь дэлхийн “4-н Том” аудитын компаниудын нэг болох Эрнст энд Янг Монголия Аудит ХХК компанид ахлах менежерээр ажилладаг.

- Ноён В.Ганзориг нь Бат Солюшн Партнерс компанийн УЗ-ийн даргаар ажилладаг.

2017 оны хөтөлбөрт оролцоё гэвэл яах ёстой вэ?

Салбартаа тэргүүлэгч, манлайлагчдаас зөвлөгөө авч өөрийн нөөц бололцоогоо бүрэн нээн, мөрөөдөлдөө хүрэх хүсэлтэй залуучууд 1 сарын 25-ны шөнө дундын 12:00-с өмнө доорх материалуудыг бэлдэн цахим хэлбэрээр theypgmongolia@gmail.com хаяг луу илгээх ёстой юм байна.

Үндсэн шалгуур:
- Өргөдөл гаргах хугацаандаа 31 нас хүрээгүй байх
- Монгол улсын байнгын оршин суугч байх
- 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх

Бүрдүүлэх материал
- Өөрийн CV буюу Resume (PDF-ээр байх шаардлагатай)
- Иргэнийн үнэмлэхний хуулбар
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- Дээд тал нь 2 минутын урттай өөрийнхөө болон өөрийн мэргэжлийн талаар дараах асуултуудад хариулсан видео

Видео асуултууд
- Өөрийн овог нэрээ бүтэн хэлэх
- Өөрийн ажил мэргэжил болон ажлаас гадуур олон нийтийн болон хувийн хийж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх
- Та өөрийгөө ажил мэргэжлийн хувьд 10 жилийн дараа хаана байгаагаар төсөөлж байна вэ?
- Өөрийн ажил мэргэжлийн хүрээнд ямар тусгай мэдлэгтэй вэ?
- Таны ажил, мэргэжлийн зорилго хаанаас, юунаас үүдэлтэй вэ?
- Та өөрийн мэргэжлийн хүрээнд хэрхэн нөлөөллөө хэрхэн бусдад илэрхийлж чадах вэ?
- Та ЗМХ-ийн уг хөтөлбөрт хамрагдсанаар ямар өөрчлөлт гарна гэж хүлээж байна вэ?

Бичлэгийн чанарт бус тогтсон хугацаандаа багтах, асуултуудад товч тодорхой шууд хариулах тал дээр илүү анхаараарай.

Хөтөлбөрт хамрагдах үндсэн шалгуур нь нас, хандлага, туршлага байх болно. Ирсэн өргөдлүүдийг ЗМХ-ны Монгол дахь салбарын удирдах зөвлөлийн гишүүд, Дэлхийн Эдийн Засгийн Форумын Залуу Манлайлагчид, Глобал Шэйперс гэсэн холимог бүлгээр сонгон шалгаруулна.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа (1 сарын 25-ны шөнө дундын 12:00) тулаад ирсэн байгаа тул та бүхэн шаардлагатай материалуудаа одооноос бэлдэж эхлээрэй. Танд амжилт хүсье.

28174   2


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.