Би хэрхэн ажилладаг вэ?

Би хэрхэн ажилладаг вэ? - Michel & Amazonka брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер Ч.Янжиндулам, Ч.Нямханд

01 сарын 11, 2017


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


46285   8




Бид ярилцлагынхаа ээлжит зочноор Michel&Amazonka брэндийг үүсгэн байгуулагч, эгч дүү дизайнер Ч.Янжиндулам, Ч.Нямханд нарыг урилаа. Монголын уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Prèt-a-Porter төрлөөр урладаг тэдний бүтээлүүд нь чамин тансаг, эрхэмсэг байдлыг илэрхийлэхээс гадна дахин давтагдашгүй хэв шинжтэй байдаг. Багаасаа хувцас загварт дурласан тэд хоёул "Урлах эрдэм" дээд сургуулийг төгссөн бөгөөд 2013 онд Michel & Amazonka брэндээ үүсгэн байгуулж, 2014 оныг Азийн Fashion Asia Awards-ийн шилдэг дизайнер шагналыг гардан авч байжээ. Ингээд авьяаслаг, хөдөлмөрч хоёр дизайнертай ярилцсанаа толилуулж байна.

Байршил: Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Michel & Amazonka брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер
Хэрэглэдэг гар утас: Мишел - iPhone 6 S, Амазонка: iPhone SE
Хэрэглэдэг компьютер: Мишел, Амазонка - Macbook
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Мишел - Судалгаанд үндэслэн шинийг бүтээх, Амазонка - Дулаан уур амьсгалыг бүрдүүлэн хөгжилтэйгээр ажиллах
Сошиал хуудсууд: www.michelamazonka.com, Michel & Amazonka (фэйсбүүк), @michelamazonka (инстаграм)

Зүүн гараас: Амазонка - Ч.Нямханд (дүү), Мишел - Ч.Янжиндулам (эгч)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Амазонка: Чөлөөтэй бөгөөд зогсолтгүй ажилладаг гэж хэлж болох байх. Мэргэжлийн онцлог юм даа. Баяр наадмаар хүртэл ажиллана даа. Төсөөлсөн санаагаа буулгаж дүрсжүүлэх гэж нэлээд суудаг, чимхлүүр ажил ихтэй зүйлсийг хийдэг байх.

Мишел: Бид хоёрын нэг онцлог бол загвараа зураад, эскизийг нь гаргаад байдаггүй, ихэвчлэн шууд яриад явчихдаг юм. Ийм хээ, ийм материал орно, ингэж эсгэнэ гээд л... Үйлчлүүлэгчид болохоор бодитоор харах дуртай байдаг. Тийм болохоор заримдаа хүндрэл учрах, зөрөлдөх тохиолдол гарна. Шууд материалаа бариад л хийж эхлэх дуртай гэсэн үг. Зургийн дагуу явах гэхээр хувцсыг хийх явцад загвар нь байнга өөрчлөгддөг юм. Одоо 2-3 жил бидэнтэй хамт байсан ажилчид маань бидний юу хүсээд байгааг ч сайн ойлгодог болсон. Ингэснээр хурдтай ажиллаж чаддаг байх.

Бас бид өөр арга барилтай, өөр хүмүүс ч загвар дээр үнэхээр нэгдэж чаддаг. Зонка миний төсөөлснийг төсөөлчихсөн байдаг. Үр дүнг нь гаргаад тавихад яг ижил байх тохиолдлууд байдаг. Зонка дулаан талдаа, би хүйтэн талдаа өнгийг илүүд үздэг юм шиг, тэгээд дундаас маань бидний холимог өнгө гардаг юм шиг санагддаг. Ер нь манай загварууд хоёр хүний үзэмжээр буюу нэлээд шүүлтүүртэй гардаг болов уу. Нэгдэх үедээ нэгдээд, зарим үед нэг нь нөгөөгийнхөө хараагүй анзаараагүй, санаагүй зүйлсийг хэлж өгч бие биеэ нөхөж ажилладаг даа.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНҮҮДЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Мишел: Vogue Runway, Behance, Instagram зэрэг аппууд бол бидний байнгын хэрэглээ. За тэгээд өнгөт принтер, оёдлын машин бол гол багажууд.

Амазонка: Бас өөрийн гэсэн хайчуудтай. Өөр хүнд гар хүргэхгүй. Дизайнер гэхээр зураг зураад л суудаг хүмүүс гэж ойлгодог байж магадгүй. Бид хоёул оёдог. Дотроо төсөөлж харсан загвараа бодит байдалд буулгахад өөрөө оёж үзүүлэх шаардлага байнга гардаг. Нэг гаргаад өгөхөд манай багийнхан ойлгоод, дараа дараагийн удаа тэр загвар, энэ оёдол гэхэд л ойлгоод оёчихдог болдог.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ? 

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Амазонка: Бид хоёрын эхлүүлсэн энэ брэнд одоо манай гэр бүлийн бизнес болсон. Том эгч маань захирлаар орж ирснээр санхүү, хүний нөөц, медиаг хариуцдаг болсон юм. Мөн манай байгальд ээлтэй торыг хариуцаж явдаг. Өмнө нь бид хийж байгаа ажлаа урлаг, загвар гэж хардаг байсан бол эгч маань бизнес талаас нь харж ажиллах болсон.

Мишел: Нөхөр маань бас манай зураг авалт, танилцуулга материалууд, видео графикийг хийдэг. Өнгөний мэдлэг сайтай, бидэнтэй байнга хамт байдаг учраас загвар дээр ч зөв зүйтэй санаануудыг хэлдэг. Тэгэхээр тэд маань биднийг загвартаа төвлөрөх боломжийг олгон цаг хэмнэдэг.

Бас манай дэлгүүр, захиалга авах байр, урлангууд, манай гэрүүд бүгд Их дэлгүүрийн ойролцоо нэг дор байрладаг болохоор их цаг хэмнэдэг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ? 

Мишел: Би нэг их төлөвлөх дургүй, ажлынхаа дарааллыг толгойдоо гаргачихдаг. Хааяа Зонка дундуур орж ирээд одоо ингэх хэрэгтэй гээд ядаргаа болно оо (инээв).

Амазонка: Хийх зүйлсээ гэрийнхээ шилэн ханатай хаалган дээр пломастераар тэмдэглэнэ, дэвтэр сайн ашигладаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Амазонка: Тууштай, зогсолтгүй ажиллаж чаддаг байх. Ажилдаа хэтэрхий улайрдаг тал бий. Бид зурдаггүй ч гэсэн ямар нэг санаа төрөх үед таталбар байнга хийдэг. Энэ чадвараа алдахгүй байх нь дизайнер хүмүүст чухал. Бас бид нэг өнгөөр "байнга" нүддэггүй. Өөр өөр өнгүүд хэрэглэх дуртай.

Мишел: Эмэгтэй хүмүүс ажил, ар гэр, хүүхэд гээд бүхнийг зохицуулаад л явна даа. Бид хоёр хоёулаа хоол сайн хийнэ шүү. Ер нь манай гэрийнхэн бүгд тийм. Зонка маань амьд хөгжмийн хамтлагтай байсан. Сайхан дуулдаг. Дуугаа бүү орхиосой, цааш яваасай гэж хүсдэг юм.

ТАНЫ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? 

Амазонка: Бид өөрсдийн дурласан ажлыг хийж байгаа. Тийм болохоор зогсолтгүй ажилладаг байх. Гэхдээ энэ нь ажлаа хийхдээ байнга л жаргалтай байдаг гэсэн үг бас биш. Уурлах, цөхрөх үе бишгүй л тохиолдоно. Одоо бид 14-үүлээ болсон байна. Цөөнгүй хүнийг цалинжуулаад явж байгаа нь сайхан байдаг. Бүр олуулаа болох юм сан. Хийсэн загварууд маань хүмүүст гоо зүйн таашаал өгч байгаа нь үнэхээр эерэг сайхан санагддаг шүү.

Янз бүрийн бэрхшээл гаралгүй л яахав. Манайд чинь материалын асуудал их хүнд шүү дээ. Хятад юм уу Солонгосоос л авчруулна. Тийм болохоор өөрсдийн гэсэн материалтай болоход хэцүү. Ер нь дизайнер хүн өөрийн гэсэн материалтай байхыг хүсдэг. Тийм юмгүй болохоор судалгаа, хөдөлмөр их гаргаж хийсэн загварыг маань хуулбарлах тохиолдлууд гарна. Биднийг яаж байгаа юм гэхээр дэлхийн том брэндүүдийг хүртэл дууриадаг, материал нь ч гэсэн байж л байдаг эд шүү дээ гэдэг юм.

Мишел: Үйлчлүүлэгч нарын мэдлэг мэдээлэл дутмагаас манайхыг зөвхөн захиалгын салон юм шигээр хардаг тал бий. Бидний хувьд жилд 4 коллекц гаргаж, загварын салбарт өөрсдийгөө баталж явахыг, сайн жишиг тогтоохыг хичээдэг. Захиалгын тухайд, бидэн дээр ирж хүссэн хувцасаа урлуулахыг хүссэн хүмүүстай ярилцаж, тэдний мөрөөдлийн хувцсыг хэрхэн бодит болгох талаар ярилцаж, хийж өгөхийг хичээдэг. Давхар хүний дотоод ертөнц хүсэлд нь нэвтэрдэг болохоор бас сэтгэл судлаач шиг байх хэрэгтэй болдог. Мэдээж тухайн хүнийхээ биеийн галбир, онцлогт нь тааруулан загвараа ярилцаж зөвлөгөө өгнө.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ? 

Мишел: Саяхан болж өндөрлөсөн "Авьяаслаг монголчууд" шоунд бид Монгол ТВ-тэй хамтарч ажилласан. Ер нь бүтээлч, юмыг хийсэн шиг хийдэг хүмүүстэй хамтарч ажиллах дуртай шүү. Одоо Mongolia's Next Top Model шоун дээр ажиллаж байна. 2 шүүгчийн 7 хувцсыг хийж өгөхөөр тохиролцсон. Цоо шинэ юм хийх л санаатай байна. Бас сүүлийн үед киноны нээлтүүд их болж байгаатай холбоотойгоор жүжигчдийн хувцсан дээр ажиллаж байна.

Мөн Цагаан сарын коллекц гаргах ажил руугаа орсон. За тэгээд боломж нь гарвал хувцаснаас гадна цүнх, гутал зэргийг хиймээр л байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХДАА ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Мишел: Хөгжим их сонсоно, бидний ажилд их нөлөөлдөг юм. Саяхан урлангаа солиод хөгжмөө тавьж чадахгүй маш хэцүү байгаа.

Амазонка: Гоё аялгуутай, уйтгартай гунигийн дуу сонсохоор онгод орох шиг болдог ш дээ. Нэг тийм гунигтай мэдрэмжээс гоё юм гарч ирдэг юм шиг. Бидний сонсдог хөгжим ерөнхийдөө ижил. Kings of Leon, Woodkid, Richard Hawley, The Lemons гээд рок алтернатив хөгжим голдуу сонсоно. Гэхдээ бусад жанрын гоё дууг ч сонсоно оо. Сүүлийн үед шинэ хөгжим ухаж сонсож амждаггүй, дуртай хуучин дуунуудаа их сонсож байна.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ? 

Мишел: Брэндээ эхлүүлэхээс өмнө Бээжинд явахдаа Ричард Брансоны нэг номыг уншаад маш их урам зориг авч байсан шүү. Хийж бүтээхийн сайхныг ойлгож авч байлаа. Бид фэйсбүүк хуудсан дээрээ хүртэл хэсгээс нь оруулсан байдаг.

Амазонка: Ном унших зав ч бараг гардаггүй юм даа. Би нялх хүүхэдтэй болохоор "Франц хүмүүжлийн нууц: Хүүхэд өсгөхүй" гэдэг номыг барин тавин харж байна.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ? 

Мишел: Ер нь дотогшоо тал руугаа хүмүүс. Гэхдээ хийж байгаа ажилтай холбоотойгоор бага багаар нээлттэй болж байгаа. Яагаад гэвэл бидний хийж байгаа ажил багийн ажил учраас. Эгч маань бидний ажилтнуудтайгаа сайн ойлголцох ёстой гэж зөвлөдөг. Гэхдээ ТВ-ээр гарах, энд тэнд яриа өгөх нэг их дуртай биш. Яагаад гэвэл бид өөрсдийгөө одоохондоо түүхий байгаа гэж боддог, дөнгөж л карьераа эхлүүлж байгаа шүү дээ.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Мишел: Аль болох л зөв хооллож, зөв амрахыг хичээдэг. Тэгж чадахгүй бол сайн ажиллаж чадахгүй шүү дээ. Хоёулаа 12 цагийн үед унтаад өглөө 9 хавьцаа сэрдэг. Эмэгтэй хүмүүс сайн унтаж байхгүй бол болохгүй.

Гэхдээ би илүү шар шувуу талдаа. Орой илүү бүтээлч байдаг, оройн цагаар нэлээд ажилладаг. 7 хоногтоо 1, 2 удаа шөнө суудаг. Зонка болохоор хааяа үүрээр сэрж юм хийх дуртай байдаг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Мишел: Бүхий л цаг хугацаа маань гэр, урлан хоёр дээрээ л байдаг. Дуртай болохоор ажил дээрээ ирээд л суучихсан байдаг. Өөр тийшээ ер нь явдаггүй дээ.

Амазонка: Гоё хөгжимтэй, жижиг андерграунд газар суух дуртай. Бүтээлч хүмүүс цугладаг тийм газрууд гоё. Хүүхэдтэй болсноос хойш гэхдээ гараагүй.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?


Амазонка: Хамгийн түрүүнд хоёр биенээсээ гэж хэлнэ. За тэгээд мундаг дизайнеруудаас, гоё хувцаснуудаас, гоё хөгжмөөс урам зориг авдаг. Заримдаа зүүдэндээ шинэ загвар хардаг. Гоё интерьерүүд бас нөлөөлдөг.

Мишел: Мэргэжил нэгтэй найзууд маань эрч хүч өгдөг. Ер нь бид анх гарч ирэхдээ найзуудынхаа дэмжлэгээр гарч ирсэн юм. Бас мэдрэмжтэй үйлчлүүлэгчдээс санаа авах үе байдаг. Загварын мэдрэмжтэй, бидэнд нөлөө үзүүлсэн хүмүүс байдаг. Гэхдээ явж явж хамгийн чухал нь өөрийн дотоод ертөнцийг мэдэрч, өөрсдийгөө сонсох нь хамгийн чухал байдаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Амазонка: Сүүлд On n Off-ийн Нансалмаа эгчтэй уулзахад, эмэгтэй хүн гоё палааж өмсөх ёстой, нөхрийнхөө хажууд ижилхэн хувцас өмсөөд байж болохгүй, эмэгтэйлэг байх хэрэгтэй гэсэн санаа хэлсэн нь нэлээд юм бодогдуулсан шүү.

Мишел: Сургуульд байхад нэг багш маань юмыг дурлаж хий, зовж бүү хий гэж зөвлөсөн нь их тус болсон. Урьд нь дизайнер байх ямар хэцүү юм бэ гэж боддог байлаа. Түүнээс хойш ямар ч ажлыг сэтгэлээсээ, жаргалтайгаар хийх нь чухлыг, илүү сайн үр дүн авчирдгийг ойлгож мэдсэн. Ялангуяа өөрсдөө юм хийж байгаа одоо цагт их сайн ойлгож байна.

ЗАЛУУСТ ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Амазонка: Зарим хүмүүс бидний чинээлэг айлын хүүхдүүд гэж боддог юм шиг байна лээ. Бид хоёроо брэндээ эхлүүлэхээс өмнө 3 жил "Трэнд" нэртэй жижигхэн бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулсан. Энэ нь манай багш нарын хувьд зэмлэх шалтгаан болсон. Сайхан мэргэжил эзэмшчихээд мэргэжлийнхээ дагуу ажилласангүй гээд. Тэдний зөв байсан. Гэхдээ энэ туршлага маань бидэнд хэрэг болсон шүү. Хүмүүс ямар хувцсанд дуртай байдгийг, юу өмсвөл сайхан харагддагийг бүр илүү мэдэж авсан. Сүүлдээ бид зарим хувцсаа өөрсдөө хийдэг болж, улмаар брэндээ нээх замдаа орсон юм. Дэлгүүр ажиллуулсан маань энэ бизнесийг эхлүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг ч өгсөн. Гэхдээ огт хүний доор ажиллаж үзээгүй болохоор өөрсдөө хүн авч ажиллуулах эхэндээ тун амаргүй байсан шүү. Хүн авалгүй нэлээд олон сар явсан. Тэгээд яваандаа залуучуудтай л ажиллахгүй бол болохгүйг ойлгосон.

Мишел: Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, сайн багаар ажиллаж сураасай л гэж хэлэхийг хүсэж байна. Багаар ажиллахад хүний зан ааш, харилцаа их чухал юм билээ. Бас хүн үргэлж шинээрээ, даруу байх ёстой юм байна гэж бодох болсон. Монголд хийх юм их байгаа, бэлэнчлэлгүй сайн хөдөлмөрлөх ёстой гэж боддог юм. Бидэнд хувцаснаас өөр юм хийх санаа үе үе төрдөг, тийм боломж харагдаад л байдаг. Хэн нэг нь хийх болов уу гэж хүлээхээр зарим хүн санаснаар хийдэг болж. Бусдын хийсэн зүйлсийг шүүх бус өөрсдөө юм хийж бүтээхийг эрмэлзэж байгаарай л гэж хэлье дээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Зонка: On'n Off продакшиний дэд захирал Т.Нансалмаа эгчийг санал болгоё. Маш мэдрэмжтэй, залуу уран бүтээлчдийг гаргаж ирдэг, олон төслийн ард байдаг хүн. Залуучуудад тун сонирхолтой юмыг хэлж чадах байх.

Гэрэл зургийг Б.Батзаяа

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.