Онцлох Бизнес

Онцлох бизнес: ТехГэр - Зурагтыг компьютер болгоно

01 сарын 09, 2017


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


15359   13




Өнөөдөр бид монгол инженерийн гараар бүтсэн нэгэн шинэ технологийг танилцуулж байна. Үүнийг хөгжүүлэгч нь Японы Тошиба компанид автоматжуулалтын системийн инженерээр ажиллаж байгаад Монголдоо ирж, Шинэ Монгол Коосэн сургуулийн захирлаар ажиллаж буй Ш.Буянжаргал. Тэрээр монголчуудыг технологид улам ойртуулах, энэ талын мэдлэг мэдээлэлтэй болгох зорилгоор айл бүрт байдаг зурагтыг компьютер болгон хувирдаг бүтээгдэхүүн гаргасан нь энэ юм. Ингээд төрөл бүрээр хөгжүүлэх боломжтой, хэрэглэж дадвал үр нөлөө нь өндөр Техгэр-тэй танилцана уу.

Бизнесийн нэр: Техгэр
Бизнесийн хаяг: 13-р хороолол, Шинэ Монгол Коосэн сургууль
Бизнесийн чиглэл: Эмбеддед технологи, програм хөгжүүлэлт, компьютер
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 12-р сар
Үүсгэн байгуулагч: Ш.Буянжаргал
Сошиал хаяг: ТехГэр (фэйсбүүк хуудас)

Бизнесийн санаагаа анх хэрхэн олсон бэ? 

Миний бие 10 гаруй жил Япон, АНУ-д суралцаж, Тошиба компанид автоматжуулалтын системийн инженерээр ажиллаж байлаа. Энэ үеэс ер нь улс орон яавал хөгждөг юм бэ гэсэн асуултыг өөртөө тавьсаар ирсэн. Тэгээд нэгдүгээрт, эрдэм боловсролтой болох ёстой юм байна. Хоёрдугаарт, юмсын болон зүйлсийн эмх цэгцийг олж чадвал нийгэм хөгждөг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч, түүндээ бат итгэсэн. Эрдэм гэдэг нь орчин үед технологийг эзэмших эрдэм, боловсрол гэдэг нь зөв хүн байх гэдэг талаасаа юм. Энэ ч утгаараа би Монголдоо ирээд Шинэ Монгол Коосэнгийн захирлаар ажиллаж, монгол инженерүүдийг бэлтгэх үйлсэд гар бие оролцож явна. Харин нөгөөх эмх цэгцтэй байх гэдэг асуудал дээр нэмээд технологийн эринд амьдарч буй бидэнд digital literacy буюу "цахим бичиг үсэг тайлагдалт" гэдэг ойлголт хэрэгтэй юм байна гэж үзэн энэ төслөө эхлүүлсэн.

Үүнээс гадна одоогийн "завгүй" нийгэмд эцэг эх болон хүүхдийн харилцаа хангалттай бус байна, гэр бүлийн дулаан уур амьсгалыг бий болгох шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон. Эдгээрийг шийдэх ямар арга байж болох вэ гэж бодсоор энэ ажлыг эхлүүлсэн дээ.

Анхны хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдсэн бэ?

Энэхүү төслөө би ажлын бус цагаар, шөнө орой болон амралтын өдрөөр сууж хөгжүүлсэн. Тиймээс зарцуулсан цаг маань миний хувьд хамгийн том хөрөнгө оруулалт. Зунаас эхэлж судалгаа хийн, хөгжүүлэлт, туршилтуудаа хийсээр 4 сарын дараа гаргасан.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ? 

Софтвэйр хөгжүүлэх ажилд маань Японд хамт коосен сургууль төгссөн, одоо тэндээ мэргэшиж, томоохон компаниудад ажиллаж байгаа монгол инженерүүд зөвлөж байсан.

Танай бүтээгдэхүүний онцлох, давуу тал нь юу вэ?

ТехГэр бол айлуудын телевизийг компьютер болгох чадалтай алгын чинээ төхөөрөмж. Айл бүрт телевиз байдаг. Харин компьютер бол үгүй. Бид үүнийг хамгийн хялбараар, хамгийн үр ашигтайгаар, хамгийн хямдаар шийдэж байгаа юм.

Төхөөрөмжийн маань суурь нь Raspberry Pi. Алгын чинээ энэ жижиг компьютерийн ганц сул тал нь рам (RAM) багатай. Тиймээс хүчтэй програм, их зүйл ачаалж болдоггүй. Би энэ асуудлыг шийдэхээр хэрэггүй зүйлсийг нь хасаж, рамд үзүүлэх ачааллыг багасгасан гэж хэлж болно. Датабаз үүсгэхэд MySQL ч юм уу ямар нэг софтвэйр ачаалахгүй байгаа буюу нэг ёсондоо оптимизаци хийсэн гэсэн үг.

Техгэрт бага, дунд ангийн хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрүүд, агуулгууд бий. Математик, монгол хэлээс гадна гадаад хэл, програмчлалын хичээлд голлон анхаарсан. Өөрийн вэб аппликэйшнийг ашиглаж оффисийн бүх төрлийн програм дээр ажиллаж, код бичиж, интернетэд холбогдож болно. Монгол хэл дээр бичигдсэн, илүү хялбархан компьютер гэсэн үг. Гарын удирдлага, товчлолууд нь яг л Windows үйлдлийн систем шиг. Зураг үзэж, дуу сонсож, кино үзэж болно.

Төхөөрөмж маань заавал интернет шаардахгүй. Оффлайн орчинд ажиллаж, ашиглах боломжтой програмууд, сургалтын гарын авлагууд бий. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн хөтөлбөрт шууд хяналт тавьж, цахим номын сангаас ном уншиж, хамтдаа асуулт хариултын АХА тоглож, оройдоо караоке дуулан стрессээ тайлж болно. Нэг ёсондоо гэр бүлийн уур амьсгалыг нэмэгдүүлэх шууд боломжтой.

Танай бүтээгдэхүүн ямар боломжуудыг багтаасан бэ?

ТехГэр дэх аппликэйшнүүдийг сурагч, хүүхдүүдэд зориулсан болон гэр бүлд зориулсан гэж 2 хувааж болно. Хүүхдүүдэд зориулсан аппликэйшн өмнө дурдсанчлан шууд хичээлээ давтаж, шинэ зүйлсийг бие дааж сурахад чиглэгдсэн. Англи хэлний хичээл дээр жишээ нь дасгалууд дээр шууд ажиллаж, дуудлагыг нь сонсон давтаж болно. Эцэг эхчүүд "Яст мэлхий" гэдэг нэмэлт апп-ийг ашиглан хүүхдээ хоцрогдолтой бол нэмэлт давтлага хийлгэж болно.

Гэр бүлд зориулсан апп-ууд мөн хэд хэд бий. Гэрт байдаг элдэв зүйлс хадгалдаг хайрцгийг эмхлэх, доторхыг нь цэгцтэй байлгахад зориулагдсан бүртгэлийн "Маш нууц хайрцаг" нэртэй апп байна. Мөн "Сим Сим" гэдэг нэртэй апп-аар дамжуулж хиймэл оюун хөгжүүлэн, тухайн айлын эргэн тойронд байгаа айлуудтайгаа аливаа зүйлсээ солилцох, өгч авалцах боломжийг хангахаар ажиллаж байна. АХА, караоке зэрэг апп-ууд дээр өөрөө дуу, асуулт нэмж хасаж болохоор хөгжүүлсэн.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн юу гэж тодорхойлсон бэ? 

Миний хувьд Монгол улс "технологич үндэстэн" болох ёстой гэж бат итгэж, энэ чиглэлд бүх зүйлээ зориулж байна. Монголчууд бид шинэ, дэвшилтэт технологийг хэрэглэхдээ баярлаад л, сүрдээд л, ид шидийн юм шиг хүлээж авах биш, харин ч түүнийг мэдэрч, утга учрыг нь ойлгож, технологитой найз болох ёстой. Монголдоо тохирсон технологи, шинэ санааг гаргалаа гэхэд түүнийг хийх арга ухааныг ойртуулж, бодит болгох чадвартай болох хэрэгтэй байна.

Бараг ямар ч түүхий эд, баялаг, нөөцгүй гэж хэлж болох Япон улс баахан материал энд тэндээс цуглуулаад, түүн дээрээ тултал нь ажиллан боловсруулалт хийгээд эргүүлээд заран хөгжиж байна. Үүн шиг бид технологитой найз болж, түүний бололцоо потенциалыг ашиглах ёстой. Ядаж л 35 нас хүртэлх бүх залуус маань арван хуруугаараа чөлөөтэй шивдэг болоход эдийн засгийн үр ашиг нэлээд нэмэгдэнэ шүү.

Бизнестээ баримталдаг зарчим, үнэт зүйлс тань юу вэ?

Би ажилдаа хичээж байгаа хүн бүрт боломж нээлттэй байх ёстой, боломжийг нээж өгөх ёстой гэдэг зарчмыг барьдаг хүн. Гэр хорооллын, захын дүүргүүдийн боломж багатай, юм суръя гэсэн ч компьютергүй, сурах бичиггүй сууж байгаа хүүхдүүд, гэр бүлүүдийг манай гол хэрэглэгч болох байх гэж энэ бүтээгдэхүүнийг гаргасан. Технологи хүнд боломж нээж өгдөг, энэ бүтээгдэхүүн өөрөө тэдний ирээдүйг нээх учиртай.

Яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Яг одоо бол бүтээгдэхүүнээ зах зээл, олон нийтэд таниулах тал дээр анхааран ажиллаж байна. Бүтээгдэхүүн маань бүх татвар, гар, хулгана, бүр баттерей нь хүртэл ороод 260 мянган төгрөгөөр борлогдож байгаа юм. Олон тоогоор борлогдвол зардлыг цаашид багасгаж, үнийг буулгах боломжтой.

Үүнээс гадна бид бүтээгдэхүүнээ зөвхөн гэр бүлд зориулсан биш, өөр олон хэрэглээтэй болгох талаар ажиллаж байгаа. Техгэр дээр суурилан төрөл бүрийн хөгжүүлэлтүүд, вэб аппликэйшнүүд гаргах боломжтой. Дэлгүүрийн киоскоос эхлүүлээд л. Энэ тал дээр санаачилга гаргаад хамтран ажиллах хүмүүст миний үүд хаалга үргэлж нээлттэй.

Коосенд сурч байгаа сурагчид маань үүн дээр аль хэдийнэ ажиллаад эхлэсэн. Фитнесийн бүртгэл хийдэг аппликэйшин хөгжүүлээд борлуулалт хийж байгаа хүүхдүүд ч байна. Бид удахгүй IoT буюу юмсын интернетийн чиглэлээр хэрхэн бүтээгдэхүүн хөгжүүлэх вэ гэдэг сургалтыг хөтөлбөртөө оруулахаар зэхэж байгаа.

Энэ бизнесийг хийхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд нь юу вэ?

Айл бүхэнд компьютертэй болох боломжийг олгоно гэдэг өөрөө их эерэг зүйл. Компьютер шууд худалдаж авах боломжгүй байгаа хэсэгт илүү боломж олгож байна гэсэн үг. Ялангуяа өсвөр насныханд компьютертэй танилцах, илүү сонирхох боломжийг олгоно гэж найдаж байгаа. Технологийн ертөнцийн шинэ давлагаа болох IoT-ийг сонирхох залуус улам олшрох байх.

Гэр бүлд зориулсан нэмэлтүүдийг ашиглаж гэр бүлүүдийн харилцаа сайжирна гэж мөн итгэж байгаа. Дулаан, бүтээлч уур амьсгал бүрэлдээсэй гэж хүсэж байна.

Хэцүү бэрхшээлтэй тал мэдээж зөндөө бий. Явцын дунд шийдээд шийдээд явна. Одоогоор бол шинэ бүтээгдэхүүнийг таниулж, нийтийн хэрэглээ болгох үе шатыг давах л хамгийн хэцүү нь гэж харж байна даа.

Хөгжүүлэлтийн үед учирсан хамгийн сургамжтай явдал?

Бид төхөөрөмжөө гаднаас захиалгаар авчирч шийдэж байгаа. Үүнийгээ Монголын хилээр оруулах л хамгийн хэцүү санагдсан. Янз бүрийн татвар төлөхөөс эхлээд, процессийн хувьд хүнд сурталтай санагдсан шүү.

Гэрэл зургийг Б.Төмөрбэх

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.