7 Хоногийн Тойм

7 хоногийн тойм: CES 2017 + Теслагийн аварга үйлдвэр + Шварценеггер эргэж ирлээ!

01 сарын 08, 2017


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


9211  




CES-ээр сонин юутай вэ?

Жил бүрийн 1-р сард Лас Вегаст зохиогддог технологийн хамгийн том үзэсгэлэн шоунуудын нэг CES 2017 өнгөрч буй долоо хоногт явагдлаа. Дэлхийн тэргүүлэх компаниуд ирэх оны технологийн салбарын хандлагыг тодорхойлох учиртай, өөрсдийн гаргасан шинэ загварын лаптоп, гар утас, камераа танилцуулснаас гадна ухаалаг шүршүүр, төрөл бүрийн ур чадвартай роботууд, бүр ухаалаг сойз хүртэл гэх мэтийн сонирхол татахуйц мянга мянган бүтээгдэхүүнд энд зарлагдсан юм. Тэгвэл энэ дотроос Dell-ийн гаргасан таблет, лаптопын хослол XPS 13, ердөө 2.6 мм-ийн зузаантай LG-ийн OLED W-series зурагт, Легогийн гаргасан робот угсрах, удирдах зориулалт бүхий цогц тоглоомын сет, Toyota-ийн ирээдүйн машины өнгө төрхийг шингээсэн Concept I, AR/VR-ийг аль алийг нь агуулсан анхны гар утас ASUS Zenfone AR зэрэг бүтээгдэхүүнд хамгийн онцгой нь байлаа. Амазоны ухаалаг гэрийн систем Alexa-г агуулсан төрөл бүрийн гэрийн автоматжуулалтын систем, мөн жолоочгүй ухаалаг автомашины концепцууд энэ жилийн гол тренд байсан гэж хэлж болно. Үүнээс гадна гэртээ шар айраг исгэх боломж танд олгох PicoBrew, L'Oreal-ийн зарласан, таны үсний сайн сайхан байдал ямар байгааг апп-аар дамжуулж мэдээд, дараагийн алхмуудын талаар зөвлөгөө авах ухаалаг сам, таныг тухтай унтуулж, хүйтэн шөнө хөлийг тань дулаацуулж, унтах болон сэрэх цагийг тань тохируулж чадах Sleep Number 360 ухаалаг ор зэргийг сонирхож үзэхийг зөвлөе. 50 жилийн ойтойгоо золгож буй CES-ийг энэ жил 200 мянга орчим үзэгч ирж сонирхжээ.

Telegraph: CES 2017-ийн хамгийн хачирхалтай бүтээгдэхүүнүүд
CNN: CES2017-ийн хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүд

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

АНУ-ын Невада мужид баттерейний дэлхийн хамгийн том үйлдвэр ашиглалтанд орлоо. Энэ бол Элон Маскийн үүсгэн байгуулсан автомашин үйлдвэрлэгч Tesla-ийн Панасониктой хамтран бүтээж буй Gigafactory нэртэй үйлдвэр юм. 455 мянган м2 хэмжээтэй энэхүү үйлдвэр 2018 онд бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 1.5 сая цахилгаан машин үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц буюу 2013 онд дэлхий даяар үйлдвэрлэсэн бүх баттерейнаас ч илүү хэмжээний баттерей гаргах боломжтой гэнэ. Уг үйлдвэрт нийт 6500 ажилтан ажиллах бөгөөд эргэн тойрны бүс нутагт 30 мянган ажлын байр шинээр бий болгож байгаа ажээ. Гэхдээ Теслагийн хувьд бүх зүйл сайн биш байна. Тэд 2016 онд амласан 80 мянган машин үйлдвэрлэх зорилтдоо хүрч чадсангүй. Элон Маскийн мэдээлснээр "хил дээр буудалцаан болсон, зарим захиалагчид машинаа цагтаа ирж аваагүй" зэрэг олон шалтгааны улмаас Тесла өнгөрсөн онд 76,250 машин худалдаанд гаргажээ. Энэ нь 2015 оныхоос 50 хувиар өссөн үзүүлэлт юм. АНУ-ын шинэ ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдсэнчлэн Америкийн зах зээлд 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэх Японы Softbank-ийн үүсгэн байгуулж буй Vision нэртэй хөрөнгө оруулалтын санд Apple нэгдэнэ гэнэ. Тэд 1 тэрбум доллар оруулахаар зэхэж байгаа бөгөөд Foxconn, Qualcomm, Oracle-ийн дараах хөрөнгө оруулагч нь болж байгаа юм. Хятадын онлайн такси үйлчилгээний зах зээлийн лидер Didi ижил төстэй үйл ажиллагааг Бразилын зах зээлд үзүүлэгч 99 нэртэй компанид 100 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Риогийн олимпийн үеэр амжилтанд хүрсэн 99-ээс гадна Didi нь өөр өөрсдийн нутаг дэвсгэрт Uber-ийн өрсөлдөгчид болох Grab, Lyft, Ola, Careem зэрэг стартапуудад хөрөнгө оруулаад байгаа юм. Хойд Америкийн хамгийн том мэргэжлийн лигүүдийн нэг NBA фэйсбүүк ашиглан анх удаа бүтэн тоглолт шууд дамжууллаа. Тэд Голден Стэйт болон Сакраменто багуудын тоглолтуудыг зөвхөн Энэтхэгт шууд дамжуулжээ.

The Verge: Gigafactory үйлдвэрлэлээ эхлүүллээ
Recode: Didi Бразилд хөрөнгө орууллаа

Теслагийн энэ үйлдвэр дангаараа дэлхийд үйлдвэрлэгдэж буй бүх баттерейг нийлүүлснээс ч илүүг үйлдвэрлэж чадна.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Фэйсбүүкийн эзэмшдэг мессеж апп Whatsapp он солигдсон өдрийг "хамгийн их мессеж бичсэн өдөр" хэмээн зарлалаа. 2016 оны 12-р сарын 31-ээс 2017 оны 1-р сарын 1 хүртэлх 24 цагийн хугацаанд дэлхий даяарх энэ апп-ийг хэрэглэдэг 1 тэрбум хэрэглэгч 63 тэрбум мессеж солилцсон нь дээд амжилт болсон байна. Эдгээрийн дунд 8 тэрбум зураг, 2.4 тэрбум видео байсан гэнэ. Энэ онд IPO хийх магадлал өндөр байгаа Snap-ийг статистик үзүүлэлтээ хэт хөөрөгдөж гаргадаг гэсэн үндэслэлээр хуучин ажилтан нь шүүхэд өглөө. Фэйсбүүкээс Snapchat-ийн өсөлт, хэрэглэгчийн харилцааны албыг хариуцахаар томилогдон ирээд 3-хан долоо хоногийн дараа халагдсан гэх Э.Помплиано хэмээх эрхэм "хууль бус үйлдлээ далдлах гэж өөрийнх нь нэр төрд халдсан, бусад компаниудад ажилд авахгүй байхыг зөвлөсөн бичиг үйлдсэн, авах боломжтой байсан цалин болон бонусыг нь цуцалсан" хэмээн өөрийн өргөдөлд дурджээ. Амазоны хамгийн том өрсөлдөгч болох боломжтой гэгдэж буй Jet.com-ийг худалдаж аваад удаагүй буй Walmart пүүз болон гутал борлуулагч ShoesBuy-ийг 70 сая доллараар худалдаж авлаа. Amazon-ий эзэмшдэг Zappos-ийн өрсөлдөгч гэгддэг ShoesBuy 1999 онд байгуулагдан Бостон орчимд л нэрд гарсан ч өнгөрсөн жил 300 гаруй сая долларын борлуулалт хийж чаджээ. Walmart энэ худалдан авалт нь Jet.com-д онлайн худалдааны хамгийн их борлуулалттай ангилал болоод буй пүүз, гуталны салбарт давуу тал авчирна хэмээн үзэж байгаа гэнэ. Гол өрсөлдөгч Самсунгийнхаа нутагт буюу Сөүлийн Ганнам дүүрэгт анхныхаа дэлгүүрийг нээхээ зарлаад буй Apple компани The New York Times-ийн гар утасны апп-ийг Хятадаас татаж болохгүй болгон жагсаалтаасаа хассан нь шуугиан дэгдээж байна. Хятадын дотоодын дүрэм журмыг удаа дараалан зөрчсөний улмаас хассан хэмээн тэд тайлбарласан ч энэ нь эрх баригчдын нөлөөллөөр хийгдсэн гэдэг нь бараг тодорхой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Ташрамд дурдахад компани борлуулалтын болон орлогын зорилтдоо хүрч чадаагүй учир Apple-ийн CEO Тим Күүк өнгөрсөн жил авсан цалингаасаа 15 хувиар бага буюу 8.7 сая долларын цалинг хүртсэн гэнэ.

BusinessInsider: Хуучин ажилтных нь гомдол Snap-ийн IPO-д нөлөөлөх үү?
VentureBeat: Шинэ жилийн үдэш хүмүүс 63 тэрбум мессеж солилцжээ

Э.Шпигелийн үүсгэн байгуулсан Snapchat энэ жилийн хамгийн том IPO-г хийхээр зэхэж байгаа юм.

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

АНУ-ын шинэ ерөнхийлөгч Д.Трампыг супер одын хэмжээнд хүртэл нь дэлхийд таниулж чадсан реалити шоу "The Apprentice" шинэ хөтлөгч, шинэ форматтайгаар эргэн ирлээ. Шоуны 15-р улирлаас эхлэн шоуны ерөнхий шүүгчээр алдарт жүжигчин, Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Шварценеггер ажиллах болсон байна. The Celebrity Apprentice нэртэйгээр гарч буй уг шоуны өмнөхөөсөө ялгарах гол зүйл нь алдартнууд өөр өөрийн сонгосон олон нийтийн санд мөнгө босгох зорилготойгоор оролцож байгаа явдал юм. Шварценеггерийн эхний шоуг 5 сая хүн үзсэн тооцоо гарчээ. Тэрээр Трампыг Бүгд Найрамдах Намын сунгаад ялахаас ч өмнө уг шоунд оролцохоор гэрээ байгуулсан бөгөөд эхний улирал нь аль хэдийнэ дууссан гэнэ. Шварцнеггерийн гол үг нь Трамп шиг "You're Fired" биш "You're Terminated" байх ажээ. Холливуд өнөөдөр болох "Алтан бөмбөрцөг" шагналын ёслолд бэлдэж байна. Жимми Фэллоны хөтлөн явуулах энэ ёслолын ажиллагаа ирэх сард болох Оскарын өнгийг тодорхойлох учиртай. Энэ жилийн наадамд Р.Гослинг, Э.Стоуны тоглосон La La Land 7 шагналд нэр дэвшсэнээрээ бүх киног тэргүүлж байгаа бол өнгөт арьст ижил хүйстнүүдийн тухай өгүүлэх Moonlight 6 шагналд өрсөлдөж байна. Харин телевизийн цувралын төрөлд The People vs OJ Simpson, Night Manager, The Night of, Westworld гэсэн кинонуудын хооронд гол өрсөлдөөн өрнөх бололтой.

CNN: Шварценеггер Трампыг орлоно
BBC: Алтан бөмбөрцгийн өмнө

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.