Би хэрхэн ажилладаг вэ?   01 сарын 04, 2017

"Би хэрхэн ажилладаг вэ?" - "U Film"-ийг үүсгэн байгуулагч, жүжигчин, продюсер Г.Ундармаа

Энэ 7 хоногт нээлтээ хийсэн “Амьдралоги” киноны нээлтийг үзмэгцээ бид манай ярилцлагын энэ оны эхний зочин хэн байх ёстойг ойлгосон юм. Тэр бол энэ киног бүтээж, гол дүрд нь тоглосон жүжигчин Г.Ундармаа. "Шинэ үе”-ийн гол жүжигчдийн нэг байсан үеэс нь монголчууд түүнийг мэднэ. "U Film"-ийг үүсгэн байгуулж, кино компани удирдах болсон тэрээр сүүлийн жилүүдэд өөр нэг ажил үйлээрээ олны талархлыг хүлээх болсон билээ. Хамгийн чухал боловч хөгжлөөр тааруу эрүүл мэндийн салбарт идэвхийлэн зүтгэж, улсын эмнэлгийн байруудыг засаж тохижуулах ажлыг санаачлан, хүсэл эрмэлзэл нэгтэй хүмүүсийг нэгтгэн уриалж, энэ ажлыг өөрөө удирдан тогтмол хийж буй. Энэ бол төр засаг, том компаниудын ч хийж чадахгүй байгаа томоохон ажил үйл юм. Тийм ч учраас зочин маань Гэрэг сэтгүүлийн "2016 оны 50 онцлох хүн"-ий нэгээр тодорч, шинэ оны өмнөхөн “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртжээ.

Байршил: Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Жүжигчин, продюсер, "U Film"-ийг үүсгэн байгуулагч, "Итгэлийн танхим" ТББ-ын үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: Galaxy S6 Edge
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 13'
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Үнэнч, хариуцлагатай
Сошиал хуудсууд: Ундармаа (фэйсбүүк хуудас), @ilbenkh (твиттер)

Таны ажлын онцлох арга барил?

Миний залуугаасаа баримталж ирсэн зарчим, бусдад тавьдаг шаардлага бол үнэнч, хариуцлагатай байх. Ямар ч ажлыг хийсэн үүнд ихээхэн ач холбогдол өгдөг. Нэгэнт цагаа гаргаж хийж байгаа бол хийсэн шиг л хийх хэрэгтэй.

Мөн ширээний ажил буюу бичиг цаасны ажилдаа гойд анхаардаг. Кино хийнэ гэдэг бол тэр чигээрээ бэлтгэл ажил байдаг. Зохиол дээр, дүр дээр, обьект дээр ажиллахаас эхлээд аливаа уран бүтээл дүрсжихийн өмнө асар их ажил өрнөдөг.

Би нарийн ширийн зүйлсэд ач холбогдол өгдөг хүн. Миний давуу тал уу, сул тал уу. Жүжиглэж байхдаа хүртэл аль нэг эд хэрэгслийн байршил буруу байвал анзаарчихсан байдаг юм. Тийм болохоор кино хийж байхдаа оролцогч талууд, хүн бүртэй тусгайлан уулзаж ярилцаж, ойлголцохыг хичээдэг.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Фэйсбүүк, твиттер хэрэглэнэ. Фэйсбүүк дээр групп үүсгэж, түүгээрээ багийнхаа гишүүдтэй мэдээлэл солилцдог. Олон талаас олон хүн хамтарч ордог төслүүд дээр ажилладаг учир хүмүүст нэг бүрчлэн мэдээлэл хүргэх гэж цаг алдахын оронд групп чатаар холбогдох нь амар байдаг. Viber-ийг мөн тогтмол ашигладаг. Компьютер дээр ажлуудынхаа төлөвлөгөөг гаргадаг.

Мөн тэмдэглэлийн дэвтэр бол ажлын гол хэрэгсэл. Жилд дор хаяж 2 дэвтэр дуусгана, бүгдийг нь цуглуулж хадгалдаг.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү? 

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Өглөө эрт босох. Өдрийг аль болох эрт эхлэх тусам ажил амжаад байдаг юм. Өглөө эрт босчихвол илүү тайван усанд орж, илүү тайван цайгаа ууж, илүү тайван гэрийнхэнтэйгээ ярьж, илүү тайван ажил руугаа очно. Амьдралаас кайф мэдрэх, аз жаргалтай байх үе бол өглөө юм шиг санагддаг.

Их ажилтай байгаад байхаар сүүлдээ ямар ч юмыг яаж хурдан, үр дүнтэй хийх вэ гэж байнга боддог болчихдог юм байна. Хэчнээн ч оройтож харьсан, яаж ч ядарч байсан, машинаа гараашдаа тавихдаа өглөө гарахад амар байхаар нааш нь харуулж тавих жишээтэй.

Багаа зөв сонгох нь дунд болон урт хугацаанд их цаг хэмнэдэг. Би хийсэн ажилдаа эзэн болж чаддаг, чадварлаг мэргэшсэн багийг цуглуулж, залууст боломж олгон хамтарч ажиллах дуртай. Жишээ нь сая "Амьдралоги" кинонд Солонгост сурч төгссөн залуу жүжигчинтэй ажилласан нь миний ажлыг нэлээд хөнгөвчилж өгсөн шүү. Бас менежер маань яг л надтай ижил арга барилтай, намайг маш сайн мэдэрдэг бүсгүй байдаг.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ? 

Анх өдөр тутмын ажлуудаа гар утасны Notes дээр тэмдэглээд, чагтлаад явдаг байсан. Гэвч сүүлдээ ажил маань барагдахаа болиод аргаа өөрчилчихөөд байгаа. Одоо бол тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичээд, тэр хэсгээ тасдаж аваад гар утасныхаа тунгалаг кэйзний ард хавчуулан харж явдаг болсон. Өдөр бүр хийх ажлаа бичээд, хийж гүйцээнгүүтээ дараад явах урамтай. Өдөрт 5-6 ажил амжуулна гэж төлөвлөөд, араас нь хөөцөлддөг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Ажлын төлөвлөгөө гаргахдаа гаргууд гэж хэлж болно. Ажлыг жилээр, хагас жилээр, улирлаар нь төлөвлөнө. Би чинь "Анун" компанид 15 жил ажилласан, MCS-ийн бүтээгдэхүүн шүү дээ. "Шинэ Үе"-д жүжигчин байх үедээ "Анун"-д 10 гаруй жил давхар ажилласан учир ажлаа сайн төлөвлөж, амжуулдаг болсон байх.

Ахуйн ажлууд буюу хоол хийх, гэрээ цэвэрлэх зэрэгт бас сайн гэдгээ тун итгэлтэй хэлж чадна шүү (инээв). Хэний ч ямар ч тусламжгүйгээр зохицуулаад л байдаг юм.

Таны хийж байгаа ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? 

Ажил маань дандаа инээж хөхөрсөн хүмүүсийн дунд, тийм орчинд явагддагаараа маш сайхан байдаг. Нөгөө талаас цаг наргүй ажил. Кино гэдэг жүжигчид, зохиол, дуу хөгжим, гэрэлтүүлэг гээд урлагийн бүх л төрөл жанраас бүрддэг. Олон хүчин зүйлээс хамааралтай. Тэр болгоны харилцааг зохицуулж байж сайн бүтээл төрнө. "Бүх юм надаас хамаарах гээд байгаа юм шиг" мэдрэмж төрөөд байдаг болохоор хүн бүртэй харилцаж, тэдний ажлын үр дүн хамгийн сайн байхад анхаардаг.

Тэгэхээр янз бүрийн зан характер, онцлогтой хүмүүстэй ажиллах шаардлага болно гэсэн үг. Хүн бүртэй тулж ажиллахад их цаг, их ухаан шаардана. Уйлах, уурлах, тал засах, загнах гээд л бүх аргыг л хэрэглэнэ шүү дээ.

Үзэгчдээ баярлуулж, инээлгэж, догдлуулж, төрөл бүрийн сэтгэл хөдлөл бэлэглэж байдгаараа би азтай. Энэ бүхнийг бодохоор өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн, цаг наргүй зүтгэсэн маань утга учиртай болж байгаа мэт санагддаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ? 

2016 он миний амьдралын нэгэн завгүй, үр бүтээлээр дүүрэн жил байлаа. Яг нэг жилийн өмнө Single Ladies 2 бүтээлийнхээ ард гараад Солонгос, Европын орнуудаар монголчууддаа киногоо үзүүлж явсан. 2016 оны 7-р сараас "Амьдралоги" киноныхоо ажил руу орсон. Намар нь "Х Түц"-ийн Одноо эгч, Онон ах 2-оос тоглолтонд хамтрах урилга хүлээж аваад, хүндэлдэг хүмүүсийн минь татгалзахын аргагүй санал байсан тул зөвшөөрч, энэ намар киноныхоо хажуугаар 2 тоглолтонд 4 сар ажилласан. Мөн "Итгэлийн танхим" ТББ маань СХД-ийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу дахь салбар амбулаторийн хүүхдийн кабинет, хүлээлгийн танхим, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг, хүлээлгийн танхимын засвар, тохижилтын ажлыг хийж хүлээлгэн өгсөн.

Ингээд ердөө 2 өдрийн өмнө хагас жил хичээж ажилласан киноны маань нээлт болж өнгөрлөө. Одоо энэ уран бүтээлээ илүү олон хүнд хүргэх, таниулах ажилд төвлөрч байна. Киногоо нээх гэж явсаар 2017 оны төлөвлөгөөгөө гаргаж амжаагүй, энэ сарын гол зорилго бол оны төлөвлөгөөгөө гаргах явдал болчихоод байна. Шинэ киноныхоо төслийг эхлүүлчихсэн явж байгаа.

2017 онд шинээр 2 эмнэлэг засаж тохижуулахаар төлөвлөж байна. Би эмнэлгүүдээ өөрийн биеэр явж сонгодог. Энэ далимд хямралтай, хүнд үед ч гэсэн бидний ажлыг төрөл бүрээр дэмждэг, хандив өргөдөг хамтрагчдадаа талархал илэрхийлье.

Та ажиллаж байхдаа хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Ажиллаж байх үедээ хөгжим сонсдог. Сонсох сонсохдоо бүр өсгөгч гаргаж тавьж байгаад сонсдог. Гар утаснаас бол сонсож чаддаггүй юм. Аль нэг урсгал жанрыг илүүд үзэлгүй тухайн үед таалагдсан дуунуудыг сонсох дуртай.

Сүүлийн үед ардын дуу, буриад дуу сонсох дуртай болоод байгаа. 80, 90-ээд оны Харш, Хурд, Харанга хамтлагуудын фэн.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ? 

Манайх ер нь ном ихтэй айл. Сүүлийн үед гарч буй номуудыг хардаг ч тэр болгоныг уншиж амжихгүй. Зорьж уншсан болон ажилд хэрэглэх номнуудаа бол дуустал нь уншина. Сүүлд дараагийн киногоо бодож хэдэн ном уншсан. Гэхдээ одоохондоо нууцалъя. Дуртай жанр гэвэл хүмүүсийн намтар. Хамгийн сүүлд төрсөн өдрөөр охин маань "Анна Каренина”-г бэлэглэсэн. Дээр үед уншиж байсан ч орныхоо дэргэд тавьчихаад бага багаар дахин уншиж байна. Бас Баабар гуайн нийтлэлүүдийг унших дуртай.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ? 

Нээлттэй хүн (Би нээлттэй биз дээ гэж маркетингийн менежерээсээ асуун инээв). Гэхдээ асуудал бэрхшээлээ хүмүүст ярьдаггүй. Ёстой эцсийн мөчид л эгч нартаа, найз нартаа ярих нь бий. Хүмүүс намайг байнга инээсэн, жаргалтай хүүхэн гэж боддог байх. Гэвч би ингэж инээхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөдөг. Хүн л юм чинь төрөл бүрийн л асуудалтай учирна. Аль болох зовлонгоо нууж жаргалаа ил гаргахыг хичээдэг дээ.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Сүүлийн үед бол ёстой хэлэхэд хэцүү, янз бүр байгаа. Сүүлийн хагас жил дутуу нойртой явна. Оройн 10 цагт гэртээ орж ирээд баярлаж байх жишээтэй. Ер нь ажил гайгүй үед бол орой 10.30-11 цаг гээд орондоо орчихдог. Өглөө 6.30-7 гээд босчихно. Нойрны тал дээр би толгой тавиад л унтчихдаг, сэрвэл нойрмоглолгүй шууд босчихдог онцлогтой.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Гэртээ байнга байж чаддаггүй болохоор чөлөө завтай үедээ гэртээ л байдаг даа. Бас хөдөө явах дуртай. Ахынх маань 61-ын гарам дээр байдаг юм. Заримдаа явмаар санагдсан үедээ ямар ч их ажилтай байсан, ээж, охиноо аваад дөрвүүлээ тийшээ явж, өдрийн хоол иддэг.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Намайг тойрон хүрээлж байдаг сайхан хүмүүсээс асар их урам зориг, эрч хүч авдаг. Хамгийн түрүүнд нөхрөө дурдах ёстой. Миний хань намайг юу ч хийсэн байнга дэмжиж, урмын үгээр тэтгэж байдаг. Цаг наргүй ажлыг маань ойлгож, байнга утсаар ярьж, ус уугаарай, би очих уу гэх мэтээр халамжилдаг юм. Заримдаа уут дүүрэн юмтай манай багийнхан дээр ороод ирнэ. Миний найдвартай түшиг тулгуур болдог хүн.

Жүжигчин хүмүүс ер нь амархан баярлаж, амархан гомддог. Би багын л айлын бага эрх хүүхэд байсан. Аав ээж минь намайг эрхлүүлж, хайранд умбуулж, зөв өсгөсөн учраас би эерэг хандлагыг эрхэмлэдэг хүн болж өссөн гэж боддог. Өөрийгөө ч эерэг хандлагатай хүмүүсээр хүрээлүүлэхийг, тийм хүмүүстэй л ойр байхыг хичээдэг юм.

Ах дүү нарын маань дэмжлэг бас их. Манай ээжийн талынхан их сайхан тусархуу хүмүүс. Аавын талынхан бол өндөр боловсролтой, үлгэр дууриал болсон хүмүүс. Тэднээсээ суралцсан зүйлс надад олон бий.

За тэгээд мэдээж үзэгчдээсээ асар их хүч авна. Фэйсбүүк рүү үргэлж орж чадахгүй ч хааяа зочлоод таних танихгүй хүмүүсийн урмын үгийг сонсоход сайхан байдаг. Боломжоороо тэр хүмүүст хариу бичиж, харилцаа үүсгэхийг хичээдэг. Ер нь нэг танихгүй хүн хажуугаар инээгээд өнгөрөхөд ч эрч хүчтэй болж, цааш эргээд нуруугаа цэхэлж алхдаг даа.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Би ер нь хүний үгийг хурдан хүлээж авдаг талдаа хүн шүү. Ялангуяа хүндэлдэг хүмүүс маань юм хэлэхэд дор нь тусгаад авчихдаг. Олон жилийн өмнө ганц бие байхад Анунд ажилладаг эгч маань манайд ирсэн юм. Тэгэхэд гэр хөглөрсөн байдалтай байлаа. Эгч маань “Хүүе, чи яасан онцгүй суудаг юм бэ?” гэж зэмлэсэн. Түүнээс хойш яагаад ч юм бэ, гэр орноо маш цэвэрхэн сайхан авч явдаг болсон доо. Эгч маань яаж харин намайг залуу байхад манайд ирсэн юм бэ дээ гэж одоо баярладаг.

Муу аав минь байхдаа над руу их ярьдаг байлаа. Ер нь аав ээж нар охин хүүхэд рүүгээ их ярьдаг шүү дээ. Ирж хоол цай ид, цуг ийшээ тийшээ явъя гэнэ.. Би тэгсэн завгүй гэх дүрдээ итгэчихсэн амьтан амжихгүй амжихгүй гээд л. Нэг удаа машинд явж байхдаа аавтай утсаар ярьчихаад, нөхөртөө “Аав намайг л тэгээдэх, ингээдэх гээд байх юм” гэж хэллээ. Нөхөр маань “Миний хань ямар олон аавтай биш дээ” гэснээ өөр юм хэлээгүй юм. Түүнээс хойш болж л өгвөл аавдаа цаг зав гаргахыг хичээх болсон. Харамсалтай нь тэр хугацаа тийм урт байгаагүй дээ (нулимс нь цийлэгнэв).

Залууст хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Сая нээлтээ хийсэн “Амьдралоги” кино бол миний хүмүүст, ялангуяа залуучуудад өгөхийг хүссэн мессеж юм. Энэ киногоор би гэр бүлийн аз жаргалын үнэ цэнийг ойлгуулахыг хүссэн. Гэр бүл, хань ижил гэдэг тухайн хүнд заяасан цорын ганц үнэт зүйл, шавхагдашгүй хөрөнгө байдаг. Гэтэл гэр бүлийн хүнээ зодлоо, хардлаа, өөр хүнтэй боллоо гэсэн асуудал элбэг байдаг нь харамсалтай. Зүй нь бол хүн аав ээжийгээ илүү сайн хайрлан халамжилж, хань ижилдээ өдөр болгон аз жаргалыг мэдрүүлэх учиртай.

Бид киноныхоо урилгад 2 зураастай жирэмсний тест явуулсан. Энэ нь шинэ бүтээл төрж байгаа шүү, бас гэр бүлийн аз жаргалыг бэлгэдсэн давхар утгатай. Хүмүүст сюрприз байдлаар илгээсэн болохоор янз янзаар хүлээж авсан.

Тэгэхээр залуучуудад хань ижлээ зөв сонго, сонголтоо хийсэн бол өдөр бүр аз жаргалыг бэлэглэ гэж захья. Гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун хүн ажил дээрээ ч өндөр амжилт гаргадаг. Харин аливаа хүн гаднаа хэчнээн жаргалтай, сайхан харагдлаа гээд гэр бүлийн асуудалтай л бол жинхэнээсээ аз жаргалтай байж чаддаггүй, нэг л зүйл дутуу, "сондгой" байдаг.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

МCS-ийн Ж.Оджаргал захиралтай ярилцвал уншигчдад сайхан санагдах болов уу.

Гэрэл зургийг Д.Ганзул

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

131702   17


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.