Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Блог   12 сарын 28, 2016

"Залуучууд тогтвортой хөгжлийг авчирна" сэдэвт бүтээлийн уралдаанд түрүүлэв

Монгол Улсын Засгийн Газар, НҮБХАС-ийн хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд Иргэний Боловсролын Төвөөс зарласан "Залуучууд тогтвортой хөгжлийг авчирна" сэдэвт шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд зориулж Unread өнгөрөгч 12 сарын 23-нд "17 зорилт - 17 санаачилга" хэмээх нийтлэл бичсэн билээ. Тэгвэл өнөөдөр уралдааны дүн гарч, манай бүтээл тэргүүн байрыг эзэлжээ. Ингээд бид Иргэний Боловсролын Төв дээр багаараа очиж, өргөмжлөл, нөүтбүүк бүхий шагналаа гардаж авлаа. Энэ мэдээ бидний хувьд шинэ жилийн гайхалтай бэлэг боллоо.

Бид энэхүү нийтлэлдээ 2030 он хүртэл дэлхийн бүх улс орнууд дагаж мөрдөх учиртай "Тогтвортой Хөгжлийн Зорилтууд" хэмээх нэн чухал баримт бичгийн 17 зорилт бүрийн утга учир, дотор нь хамаарагдаж буй дэд зорилтуудыг таниулж, тус бүр дээр Монгол дахь залуучуудын оролцоотой болон залуучуудад чиглэсэн байгууллагууд, ТББ-ууд ямар ажлуудыг санаачлан хийж байгаа тухай сайн жишээнүүдийг дурдахыг зорьсон юм. Энэ нь тэдгээр байгууллагуудад урам зориг өгөх, нөгөө талаас хийж буй ажил нь өргөн утгаараа ямар ач холбогдолтойг мэдүүлэх зорилготой байлаа. Иргэний Боловсролын Төвийн захирал Р.Нарангэрэл хэлэхдээ "Та бүхний бүтээл бидний олон нийтэд сурталчилж таниулахыг хүсдэг зүйлсийг маш ойлгомжтой, цэгцтэй байдлаар, мэдүүштэй жишээнүүдийн хамтаар тайлбарласанд талархаж байна" гэсэн юм. Түүний хэлсэнчлэн нийтлэл маань манай уншигчдад энэ мэт ажил, санаачилгуудыг эхлүүлэх сэдлийг өгсөн гэж найдаж байна.

Улс орны, цаашлаад дэлхий ертөнцийн тогтвортой хөгжлийг хангахад хамгийн их идэвх зүтгэл гаргах ёстой хүн амын хэсэг бол ирээдүйгээ бүтээх залуучууд билээ. Залуучуудыг зөв зүйтэйд уриалж, хийсэн бүтээснийг нь таниулах ажлаа манай сайт цаашид ч гэсэн үргэлжлүүлсээр байх болно.

Гэрэл зургийг: Иргэний Боловсролын Төв


9338   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.