Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Блог   12 сарын 26, 2016

Өдөр бүр - нэг үйлдэл: Unread агаарын бохирдлын эсрэг аянд нэгдлээ

Бидний хаалгаар "чимээгүйхэн" шургаж, өдөр тутмын амьдралын маань "салшгүй" нэгэн хэсэг болоод удаж буй агаарын бохирдлын эсрэг иргэд, олон нийтийн тэмцэл эсэргүүцэл өдөр ирэх тусам идэвхжсээр байна. Агаарын бохирдлын хэмжээ гамшгийн хэмжээнд хүрч, онц байдал зарлахуйц нөхцөл байдал үүссэн гэдгийг, хорт утаа бүхэл бүтэн үед, бидний үр хүүхэд, хойч үед ч нөлөөлөхүйц болчихсоныг тоо баримтууд, хэмжигч төхөөрөмжүүд бидэнд мэдэгдсээр. Бүгд анзаарч байгаа хэрнээ олигтой анхаардаггүй, бүгд мэдэрч байгаа хэрнээ хор уршгийг мэддэггүй энэ аюулын эсрэг тэмцэлд Unread албан ёсоор нэгдэж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй медиа стартапын хувьд бид энэхүү тэмцэлд өөрсдийн нийтлэлүүд болон бусад үйл ажиллагаагаар уншигчдад мэдээлэл хүргэх, эерэг үйлдэл хийхийг уриалах, нөлөөлөх үүрэгтэй билээ.

"Өдөр бүр - Нэг үйлдэл"-ийг агаарын бохирдлын эсрэг хийцгээе!

Unread өнөөдрөөс эхлэн дараагийн саруудад "Өдөр бүр - нэг үйлдэл" гэсэн уриаг өмнөө дэвшүүлэн, агаарын бохирдлын эсрэг ажиллахаар шийдлээ. Өдөр бүр нэг нийтлэл хүргэдэг манай редакц өнөөдрөөс эхлэн өдөр бүр агаарын бохирдлын эсрэг ямар нэгэн байдлаар үйлдэл хийнэ. Бид өөрсдийн үндсэн үйл ажиллагаа болох нийтлэл, контент, мэдээллийг бэлтгэн хүргэхээс гадна өөрсдийн сошиал хуудсуудаар дамжуулан сайн туршлага, хэрэгтэй мэдээлэл, үнэн зөв тоо баримтуудыг хуваалцах, уншигчид-дагагчид дундаа хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр төрөл бүрээр энэ зорилтоо гүйцэлдүүлэх болно.

Ташрамд энэ нийтлэлийг уншиж буй хүн бүрийг бидэнтэй нэгдэж, дор бүрнээ "Өдөр бүр - Нэг үйлдэл" аяныг өрнүүлэхийг уриалж байна. Жижиг үйлдлүүд нийлж том үйлийг бүтээдэг билээ.

Бид цаашдаа блог бичвэрүүдээрээ дамжуулан ямар үйлдлүүдийг хийж байгаагаа та бүхэнд тайлагнан хуваалцсаар байх болно.

12.26 - Утаа биднийг заналхийлсээр

Өнөөдөр, монголчуудын агаарын бохирдлын эсрэг анх удаа нэгдэн жагссан энэ өдөр Unread-ийн вэбсайтад "УТАА" нэмэгдсэнийг уншигч та анзаарсан байх. Дэлгэцийн тань баруун талаас үндсэн хэсэг рүү орохоор "заналхийлж" буй энэ хар утаа бодит амьдрал дээр энэ "гамшиг" биднийг хэрхэн угаартуулж байгааг, бидний ирээдүйг нөмрөн авсныг илэрхийлэх далд утгыг агуулсан билээ.

Утаанаас сална гэдэг энэ нийгмийн оролцогч бүх талуудын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг шаардсан нүсэр ажил юм. Unread-тэй энэ асуудлаар хамтран ажиллах, бүтээлч санаачилга дэвшүүлэх албан байгууллага, хувь хүмүүст бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Агаарын бохирдлын эсрэг хамтдаа тэмцэцгээе.

Гэрэл зургийг Б.Батзаяа

17147   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.