Мэдүүштэй   12 сарын 22, 2016

Мэдүүштэй: 2016 оны хамгийн их анхаарал татсан 6 нийтлэл

Бидний өмнө танилцуулж байсан Pocket 2016 онд хэрэглэгчдийнхээ хамгийн их уншсан, дараа уншина даа гээд хадгалсан, бусдад санал болгож хуваалцсан контентуудаа зарлажээ. Хэрэгцээтэй, сонирхолтой санагдсан контентуудаа хадгалж авч дараа нь "тухтай" хэрэглэх боломжоор хангадаг Pocket-ийн шилдгүүдийн жагсаалт гэдэг бол интернет орчинд ямар контентийг хүмүүс хамгийн их сонирхсон, уншсан бэ гэдгийг харж болох сонирхолтой хэмжүүр юм. Энэ апп-ийн хэрэглэгчдийн дийлэнх нь урт контент унших хандлагатай, тогтмол уншдаг хийдэг, харьцангуй бүтээлч хэрэглэгчид байдаг учир уншигч танд ч гэсэн сонирхолтой байх нь гарцаагүй.

NYMAG: Би урьд нь" хүн" байсан

The New Republic-ийн редактороор ажиллаж байсан Эндрью Салливан бол LGBT-ийн эрхийн тухай асуудал болон улс төрийн консерватив шүүмжлэлүүдээрээ ихэд нэрд гарсан сэтгүүлч, зохиогч. Дижитал сэтгүүл зүйн анхдагчдын нэг тэрээр 2015 оны 1-р сард блог ахин бичихгүй гэдгээ зарласнаас хойш хамгийн эрэлттэй нийтлэлчдийн нэг болсон гээд хэлчихэд буруудахгүй. Түүний NYMAG-ийн Select All буланд бичсэн "Би урьд нь хүн байсан" нэртэй нийтлэл энэ оны Pocket-ийн хамгийн эрэлттэй нийтлэл байлаа. Технологийн дэвшил, хөдөлгөөнт төхөөрөмжүүдийн нөлөө хүн төрөлхтөнд хэрхэн тусаж, урьд өмнө бидний үнэ цэнтэй, нандин хэмээн тооцдог байсан харилцаа, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг үгүй болгож байгаа талаар өгүүлсэн энэ нийтлэл танд ч гэсэн нэгийг бодогдуулах нь гарцаагүй.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ

VOX: Жингээ хасахын тулд яагаад дасгал хийх хэрэггүй вэ?

"Мэдээг тайлбарлаж" хэрэглэгчдэд хүргэдэг Vox-ийн Show Me The Evidence цуврал нийтлэлийн хүрээнд бичигдсэн "Жингээ хаяхын тулд дасгал хийх нь яагаад буруу вэ?" нэртэй нийтлэл энэ жилийн гол контентуудын нэг байлаа. Нийт 60 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны ажил дээр үндэслэн нийт 10 үндсэн мессежийг хүргэсэн энэ контентийг өнөө цагийн эрүүл мэндийн хамгийн түгээмэл асуудлуудын нэг болсон "таргалалт"-тай тэмцэж буй танил хүн бүртээ санал болгоход илүүдэхгүй.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ

MEDIUM: Brexit & Trump-ийн дараа юу болохыг түүх ингэж хэлж байна

Newsquare-ийн үүсгэн байгуулагч Тобиас Стоун энэ жил Medium-ийн хамгийн алдартай блоггеруудын нэг байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Британийн Европын холбооноос гарах шийдвэр болон Трампын ерөнхийлөгчөөр сонгогдсон үйл явдлын дараа дэлхий дахиныг ямар ирээдүй хүлээж байгаа талаар түүний бичсэн энэ нийтлэл олон талаар шуугиан тарьсан юм. Дэлхийн түүхийг донсолгож байсан том дайнууд, дарангуйлагчид, онцгой үйл явдлуудыг хар тахлаас эхлээд коммунист нийгэм байгуулах туршилт хүртэл жишээ авч таамаг дэвшүүлсэн энэ нийтлэлийг уншихад танд яг 10 минут л шаардлагатай.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ

Politico: Бид тэнгэрт хөөрсөн ганц онгоц байсан

2001 оны 9-р сарын 11-ний террорист халдлагын дараах 8 цагт АНУ-ын ерөнхийлөгч хаана байсан бэ? Дэлхийг цочирдуулсан, бүхнийг айдаст автуулсан энэхүү үйл явдлын дараа тус улсын хамгийн нөлөө бүхий хүн ямар шийдвэр гаргах нь, юу гэж хэлэх нь ихээхэн ач холбогдолтой байв. Тухайн үед ерөнхийлөгч байсан Ж.Бушийн эргэн тойронд байсан, түүнд зөвлөж байсан, мэдээллээр хангаж байсан хүмүүстэй хийсэн энэ ярилцлага "хямралын үед" яг ямар уур амьсгал бий болдгийг танд мэдрүүлэх нь гарцаагүй.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ

AEON: Хоосон тархи

Psychology Today сэтгүүлийн ерөнхий редактор асан Роберт Эпштэйний бичсэн энэ нийтлэл таны, тархины талаар мэддэг гэж боддог бүх зүйлсийг өөрчлөх болно. Тархи хэрхэн мэдээлэл хүлээн авдгаас эхлээд боловсруулдаг талаар шинжлэх ухааны салбарт өрнөж буй хамгийн сүүлийн үеийн судалгааны ажлуудыг дүгнэн нэгтгэж бичсэн энэ нийтлэлээс та нэг зүйлийг маш сайн ойлгох болно. Тархи мэдээлэл боловсруулдаггүй. Тархи компьютер биш.

НИЙТЛЭЛ УНШИХ

The Cut: Гэрлээд 10 жил өнгөрсний дараа романтик байдал хэрхэн өөрчлөгддөг вэ?

NYMAG-аас энэ жагсаалтанд багтсан 2 дахь нийтлэл бол хүн бүрийн уншвал зохих сэдвийг хөндсөн тун сонирхолтой нийтлэл. Гэр бүл болоод 10 жилийн дараа хосуудын "романтик" байдал хэрхэн өөрчлөгддөг вэ? Хосуудын итгэлцэл, гэр бүлийн үнэ цэн юун дээр тогтдог вэ? Юу тэдний хайрыг хөргөлгүй, сэтгэлийг нь хөдөлгөж, бие биедээ улам уусаж татагдахад хүргэдэг вэ? Хариултыг нь 52 мянган удаа хадгалагдсан энэ нийтлэлээс уншаарай.

НИЙТЛЭЛ УНШИХ

19576   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.