Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   12 сарын 21, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор Б.Цогтбаатар

Ярилцлагынхаа ээлжит зочныг бид эрүүл мэндийн салбараас урилаа. Тэр дундаа монгол хүний эрүүл мэнд, түүнд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчин, удамшлын хүчин зүйлсийг судалдаг, нийт хүн амын дунд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх чиг үүрэгтэй ажилладаг Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатартай ярилцсан юм. АШУИС-ийг хүний их эмчээр төгсөж, мэргэжлээрээ АНУ-д магистр, Канад улсад докторын зэрэг хамгаалсан түүний, агаарын бохирдол (нарийн ширхэгт тоосонцор) өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 орчим хувиар өссөн, үүнтэй холбоотой өвчлөлүүд улам нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд хэрхэн ажиллаж, эрүүл мэндийн салбарын томоохон харьяа байгууллагыг ямар арга барил, үзэл баримтлалаар удирдаж байгаатай танилцана уу.

Байршил: Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн захирал, Азийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч, анагаах ухааны доктор
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Ажил дээр 2 дэлгэцтэй Dell, хувьдаа Sony Vaio
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Сайн төлөвлөх, цаг цагт нь үр дүнтэй гүйцэтгэх
Сошиал хуудсууд: @TsogtbaatarB

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Хүнд хийх ёстой, хийхийг хүсэж буй асар олон ажил байдаг. Тиймээс зайлшгүй сайн төлөвлөх ёстой гэж боддог. Хэчнээн ой сайтай байлаа гээд төлөвлөж, явцын дунд ажлаа шалгаж дүгнэлт хийж явахгүй л бол яваандаа ажилдаа дарагдаж түүртэнэ. Миний хувьд анагаахын оюутан байх үеэсээ өнөөдөр хийсэн зүйлсээ орой нь дүгнэж, маргаашийнхаа ажлыг цаасан дээр бичиж заншсан. Технологи хөгжсөн өнөө үед ч цаас, самбар дээр бичдэг хэвээрээ.

Мөн нэг баримталдаг зарчим бол хэмнэл, дадал хэвшлийг эрхэмлэх. Өглөө ажил дээрээ ирээд ямар ч байсан 2 цаг тухайн өдрийн бичиг цаастай танилцах, ажлынхаа чиг үүрэг өгөх ажил хийдэг. Үүнийгээ тогтмол хийж байхгүй бол байгууллагын ч гэсэн хэмнэл алдагдаж, бүтээмж буурна. Үдээс хойш бол уулзалт, сургалт нэлээд ихтэй байдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ

Сүүлийн үед байнга ашиглаж байгаа гэвэл Agaar.mn буюу O2 апп байна. Агаарын бохирдол гэдэг нийгмийн эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудал учраас судлаач хүний хувьд динамик, зүй тогтлыг нь судлахын тулд өдөрт олон дахин нээж хардаг. Жаахан цас хаялахад, салхи салхилахад агаарын бохирдол яаж өөрчлөгдөж байна вэ гэдгийг шалгана.

Дуртай гэвэл S гэдэг Канадын спортын апп байна. Их ажлын дундуур хааяа орж тоглолтуудын дүнг шалгахад амрах шиг болдог. За тэгээд твиттер, фэйсбүүк, хэрэглээний бусад аппуудыг ашиглана. Шинэ програм, аппуудыг туршихад цаг хэрэгтэй тул сүүлийн үед завдахгүй л байна.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Манай нийгэм биднээс цагийн менежмент сайн хийхийг, хурдтай ажиллахыг шаардаж байна. 24 цагийг унтах 8 цаг, ажиллах 8 цаг, өөртөө болон гэр бүлдээ зарцуулах 8 цаг гэж хувааж болно. Гэвч манай өнөөгийн нийгэм сүүлийн 8 цагт тун харам, халгаатай болчихож. Замын түгжрээ гэж том дайсан байна. Тиймээс энэ 8 цагаа аль болох бүрэн дүүрэн ашиглаж, стрессгүй эрүүл саруул байхын тулд ажиллах 8 цагтаа бүтээмж өндөртэй байх хэрэгтэй. Цаг цагт нь ажлаа гүйцэтгэхгүй бол болохгүй. Миний хувьд замын түгжрээнд явахдаа утсаар ярих, имэйл шалгах, сошиал медиа үзэх зэргээр ажил амжуулахыг боддог. Харин ажлын цагаар оффистоо сошиал медиа руу орохгүй байх нь цаг хэмнэнэ. Манайд сошиал медиагийн зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх шаардлага байгаа.

За тэгээд багаар ажиллах үед сайн төлөвлөж, ажлын явцыг үнэлэх уулзалтыг үе үе хийх нь цаг хэмнэнэ. Багаараа бичиг цаасан дээр суух үед би дэлгэцэн дээр гаргаад, шууд ярилцаад, санаа оноогоо тусгаад явахыг илүүд үздэг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Түрүүнд хэлсэнчлэн цаасан дээр хөтөлдөг. 2 багана үүсгээд нэг талд нь хийх ажлууд, төрсөн санаа, тэмдэглэлүүд, нөгөө талд нь цаг нар ажлууд, уулзалтын товуудыг бичдэг. Энэ цааснуудаа боломжоороо хадгалаад л явдаг. Сүүлд харахад сонин юм билээ.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Өөрийгөө үүнд гаргууд гэж хэлэхэд хэцүү юм. Ойр дотныхон маань бол намайг үзэл бодол, үгээ өөрчилдөггүй хүн гэж хэлдэг. Дуртай хоол, үздэг кино, сонирхдог спорт маань хадгалагдсаар л байдаг. Нэг их гуйвж холбироод байдаггүй байх. Хийдэг ажил маань нийгмийн эрүүл мэндийн төлөө учраас ярьж байгаа зүйлээсээ хоцрох ёсгүй, загасчны морь усгүй байж болохгүй гэж боддог. Тийм ч учраас эрүүл амьдралын хэвшлийг эрхэмлэж, спортоор хичээллэхийг зорьдог.

Бас миний хариуцлагын булчирхай гайгүй сайн ажилладаг гэж боддог шүү (инээв).

ТАНЫ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хүмүүсийн амьдралын хэмнэлийг алдагдуулж буй зүйлс, өвчлөлийн хүчин зүйлүүд амь бөхтэй оршсоор байгаа нөхцөлд манай байгууллага алгуурлалгүй цаг хугацааны үнэ цэнийг ухамсарлаж, мэдрэмжтэй, маневр сайтай ажиллах ёстой. Нэгэн сургуулийн ойролцоо гарц, гэрлэн дохио байхгүй байвал үүнийг холбогдох байгууллагад нь хэлж тавиулах гэх мэтээр нийгмийн эрүүл мэндийг хамгаалах акцууд хийх нь бидний үүрэг.

Мөн манай ажлын нэг онцлог бол судалгааны үр дүнгүүд, нотолгоонуудыг эргэлтэнд оруулах явдал байдаг. Жишээ нь давс их хэрэглэх нь хортой гэх нотолгоог эргэлтэнд оруулж, монголчуудын ийм хэрэглээг бууруулах тал дээр ажиллах ёстой. Монголд өнөөдөр нас баралтын хамгийн түгээмэл өвчлөл нь зүр судасных байна. Тэр дундаа давсны илүүдлээс үүддэг артерын даралт ихдэх явдал өвчлөлийн дарамтын хоёрт явж байх жишээтэй. ДЭМБ-аас насанд хүрсэн хүний давсны хэрэглээ өдөрт 5гр-аас ихгүй байх хэрэгтэй гэж заасан байхад монголчуудын дундаж хэрэглээ 11 гр, баруунд аймгуудад бол бүр 17 гр байдаг.

Эерэг тал нь хэдэн жилийн дараа монголчуудын хэр эрүүл байх нь бидний ажлаас тодорхой хэмжээгээр хамаарах тул ажил маань утга учиртай, урамтай байдаг.

Амаргүй тал нь, хүмүүсийн эрүүл байх эсэх нь өнөөдөр дэндүү олон хүчин зүйлээс хамаарч байна. Энэ олон хүчин зүйлд барьц алдахгүйн тулд асуудлуудыг эрэмбэлж, хамгийн чухлуудад нь анхаарахгүй бол болохгүй. Зарим үед хүмүүс ирээдүйн үр нөлөө, ач холбогдлыг харж чаддаггүйгээс урам хугарах, үр дүнгээ харж чадахгүй байх тохиолдлууд бий.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Он шувтарч байгаа тул дутуу ажлуудаа гүйцээх, тайлан, төлөвлөгөө гээд уулзалтууд их хийгдэж байна.

За тэгээд хамгийн их хүч тавьж байгаа ажил бол мэдээж агаарын бохирдол. Бид мэргэжлийн байгууллагын хувьд юу хийх ёстой вэ, тэр бүхнийг хийж байгаа. Үүнд, агаарын бохирдлын талаар судалгаа хийх, иргэдийг агаардлын бохирдлоос хамгаалах ажлууд орно. Тэр дундаа хүүхдийн эрүүл мэндийг яаж хамгаалах вэ, цэцэрлэг, дунд сургуулиудын доторх агаарын чанарыг хэрхэн сайн болгох вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Маск зүү гээд ярихаар өдөр аргацааж байна, дорвитой юм хийхгүй байна гэж шүүмжлэх нь бий. Гэвч агаарын бохирдол олон хүчин зүйлээс шалтгаалж ужгирсан, амархан арилахгүй гамшиг учраас бид иргэдийн өртөлтийг бууруулж, утаатай үеийг хохирол багатай туулахад туслахаас өөр аргагүй.

Миний хувьд энэ ажлыг авсан цагаасаа Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнг олонд танигдсан, гаргаж буй зөвлөмж нь үнэ цэнтэй байгууллага болгохын төлөө зорьсон. Тийм ч учраас олон нийтийг эрүүл мэндийн мэдээллээр хангах, зөв ойлголтууд өгөх зорилгоор бид онлайн контентуудыг эрчимтэй гаргадаг болсон. Баяр болж байгаатай холбоотойгоор шинэ жилээр зөв баярлая, баяраар хүүхдүүдэд хэрэгцээтэй бэлэг өгье, тодруулбал маск, алхаа хэмжигч, гар ариутгагч, ном гэх мэт зүйлсийг өгье гэж уриалсан инфографикууд хийгээд оруулах жишээтэй. Манай сайт хэдий гоё ганган биш ч тогтмол шинэчлэгддэг. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд манай сайтаар их зочилдог, манай контентуудыг сайн түгээдэг болсонд баярлаж байгаа. Энэ завшааныг ашиглаад манай контентуудыг сайн түгээгээрэй, бид чанартай үнэн зөв зөвлөгөөнүүдийг хүргэнэ, итгэлийг тань алдахгүй гэж хэвлэлийн мэдээллийнхэнд дамжуулмаар байна.

Б.Цогтбаатар захирал Монгол ТВ-ийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлэгт оролцох үеэрээ иргэд утаанаас өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар зөвлөж байгаа нь.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Бичиг цаасан дээр сууж байхдаа чихэвчээр хөгжим сонсдог. Эрч хүчтэй болдог юм. Урьд нь бол бүх л төрлийн хөгжим сонссдог байлаа. Одоо харин Америкийн кантри хөгжим илүү их тавьдаг. Нэг тийм чамин, уянгалаг хэрнээ эршүүд хөгжим. Бас Монголынхоо сонгодог хөгжим, морин хуурын татлагад илүү татагддаг болсон байна лээ.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Сүүлийн үед судалгааны тайлан, эрдмийн ажлууд л их уншиж байна даа. Саяхан хүүхэд маань миний уншиж өссөн Робинзон Крузо зохиолыг уншаад таалсан бололтой, надад бэлэглэхэд сайхан санагдсан шүү. Ширээн дээр тавьчихаад үе үе нээж, ганц хоёр хуудсыг сонирхон харж байна. Залууст харин Барак Обамагийн The Audacity of Hope номыг санал болгоё. Нөхөр ерөнхийлөгч болоогүй байхдаа энэ номыг бичиж байсан, цаг хугацааны хувьд одоо албаа өгч байгаа үед нь уншвал тун сонирхолтой байна байх.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, АЛЬ ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Би нээлттэй хүн. Энэ маань миний ажилд эергээр нөлөөлдөг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Ер нь бол би “шар шувуу” талдаа хүн. Сурч байх үедээ үүр цайтал суучихаад, өглөө нь сайн унтдаг л байсан. Одоо төрийн албанд ажиллаж байгаа учраас эрт унтаж эрт босохоос өөр аргагүй. Шөнө 12 цагаас өмнө унтахыг хичээж, өглөө 6 өнгөрөөгөөд босож байна. Түрүүнд хэлсэн унтах 8 цагаасаа аль болох хороохгүйг л хичээдэг. Бага унтах нь тухайн үедээ их юм амжуулаад байгаа юм шиг боловч маргаашийн бүтээмжийг унагаж байдаг эд л дээ.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Аавынхаа зуслан дээр өнжих дуртай. Бас спортын хорхойтон тул сагс, америк хөлбөмбөг үздэг. Денверт сурч байхдаа сагсны Денвер Наггетс багийн улаан фэн болж, америк хөл бөмбөгийн амтанд орж байлаа. Канадад байхдаа хоккейнд бас дуртай болсон. Зарим найзтайгаа нийлээд энд 8 жил америк хөлбөмбөгийн лигийн финалын тоглолт буюу Супербоулыг үзүүлсэн шүү.

Амралтын өдрийн өглөө бол орондоо борцтой цай ууж, тоглолтоо үзээд суучихна. Маш сайхан амралт болдог. Заримдаа боломжтой үед Спортын Төв Ордонд сагс үзнэ. 7 хоногтоо ажлынхантай нэг удаа заал авдаг. Бас гүйлтийн зам дээр гүйх дуртай. 30 минут гүйсний дараа тархи мундаг ажилладаг шүү.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Урам зориг, үлгэр дууриалыг аав ээжээсээ авдаг. Амьдралдаа, ажилдаа хандах хандлагыг тэднээсээ олж авсан. Аав маань эмч, ээж маань багш, хүний төлөө сайхан хүмүүс бий.

Мөн нийгэмдээ байр суурь эзэлсэн, өөрсдийнхөө нөлөөг мэддэг, бас мэддэггүй, үлгэр дууриал болдог хүмүүстэй ярилцахад сайхан байдаг. Тийм хүмүүстэй аль болох ойрхон байхыг хичээдэг дээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

20 гаруй настайдаа Денверт сурч байхад нэг хүндэлдэг ах маань “Өнөөдөр юу хийх ёстойв, тэрийгээ л сайн хий” гэж зөвлөж байсан нь хоногшиж үлдсэн шүү. Түүнээс хойш цагийн юмыг цагт нь хийхийг эрмэлздэг болсон. Тэр ах маань өдгөө Канадын их сургуулийн профессор болсон хүн. Тэр хүн хийх ёстой ажлаа өдөр өдөрт нь хийсээр өнөөгийн өндөрлөгт хүрсэн байж таарна.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Ирээдүйд үр хүүхдэдээ үг хэлэх, сургамж айлдах эрхтэй байхын төлөө л яваарай гэж захья. Хүүхэдгүй бол би эцэг эх болоход бэлэн үү, хүүхэдтэй бол би тэдэндээ үлгэр дууриал болж чадах уу гэж өөрөөсөө асуухад нэлээд юм бодогдоно гэдэгт итгэлтэй байна. Хүн ер нь явж явж өөрөөсөө л ухаарлыг олох ёстой шүү дээ. Яахав бусдын үг, зөвлөгөө үүнд нь дэм болно. Үхэх үнэн, төрөх үнэн гэдэг шиг хүн үр удмаа үлдээж, цаг үеийн холбоос болох нь үнэн. Хүүхдээ ирж яваа нийгэмд бэлдэх ёстой. Тиймээс эцэг эхийн байр сууринаас асуудалд хандаж сураасай гэж хүсэж байна.

Бас залуустаа, нийгмээ шүүмжлэгч биш нийгэмдээ үйлчлэгч байгаарай гэж хэлье. Нийгмээр үйлчлүүлж байгаа хүмүүс нийгэмдээ үйлчлэх нь зүйн хэрэг. Хоосон шүүмжилж, нийгэмд үйлчлэгч хүмүүсийн урам зориг мохоохоос илүү өөрсдөө асуудлыг шийдэхийг төлөө явдаг байгаасай.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газарын О.Алтансүх даргын ажлын арга барилыг сонирхмоор байна. Шинээр байгуулагдсан, тун чухал үүрэгтэй энэ агентлагийг ямар арга барилаар, ямар цагийн менежментээр удирдаж байгааг нь мэдвэл сонирхолтой байна. Улс орны эрүүл мэндийн хамгийн чухал нэгж нь гэр бүл байдаг. Тэр утгаараа О.Алтансүх даргын хийж байгаа ажил биднийхтэй шууд холбоотой.

Гэрэл зургийг Б.Ганчөдөр

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

109712   13


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.