Онцлох Бизнес

Онцлох бизнес: Bee Cafe - Lava - Бүтээлч залуусын цуглах цэг

12 сарын 19, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


35189   7




Кофенд дуртай, номонд шимтдэг, тавлаг тухтай газар ажиллах сонирхолтой хүмүүст дуулгах сайхан мэдээ байна. Хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт буюу Интерномын төв салбарын 2 давхарт Bee Cafe шинэхэн салбараа нээжээ. Барилгачдын талбай дахь анхны салбараараа бүтээлч залуусын эчнээ танил болсон Bee Cafe шинэ салбарынхаа албан ёсны нээлтийг энэ 7 хоногт хийх гэж байгаа аж. Ингээд та бүхэн өнөөдрийн нийтлэлээс тэдний шинэлэг бөгөөд ил гал тогоо, гоёмсог интерьер, сонирхолтой менютэй танилцана уу.

Бизнесийн нэр: Bee Cafe - Lava
Хаяг: Интерномын төв салбарын 2 давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Кофе шоп, ресторан
Байгуулагдсан огноо: 2016 оны 12-р сар (эхний салбар 2015 оны 4-р сар)
Үүсгэн байгуулагч: Б.Бөртэ-Үжин, Д.Сарангуа, Б.Мөнх-Алдар
Ажилчдын тоо: 12
Фэйсбүүк: Bee Cafe Lava

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Би 2014 оны 8-р сард MCS-д ажиллаж байгаад, нийгэмд ээлтэй бизнес хийхээр шийдэн ажлаасаа гарсан юм. Тухайн үед төслүүд дээрээ ажиллах, хүмүүстэй уулзах ажлаа кофе шопуудаар хийж, тэнд оффислож байсан. Оффисийн түрээс өндөр, бас санхүүгийн боломж тийм сайнгүй учир ингэж ажлаа явуулдаг залуус олон. Гэвч тэндээ тухтай сууж чадалгүй байнга хөөгдөж, ад үзэгдэж явсаар өөртэйгөө адилхан хүмүүст зориулсан орон зай бий болгох хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Зарим газрууд буцалсан усаа хүртэл үнэтэй болгоод, олуулаа суувал цагийн мөнгө хүртэл авна гээд "хүйтэн" хандлага гаргадаг байлаа. Тиймээс үйлчлүүлэгчээ хэзээ ч хөөдөггүй, заавал юм ав гэж шахдаггүй, эерэг уур амьсгал бүхий орон зай бий болгоё гэж зорьсон.

Хамгийн эхний салбар маань Барилгачдын талбайн хажууд байрладаг юм. Тэнд ирдэг хүмүүс маань зүгээр дайраад гардаг явуулын биш зорьж ирдэг, ирээд ажлаа явуулдаг, бүтээлчээр ажилладаг хүмүүс байдагт их баярладаг. Одоо бол тус салбараа "дундын оффис" буюу co-working space болгож, бизнес моделио өөрчлөөд байж байна.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Анх санаагаа гаргачихаад олон хүнтэй уулзсан, олон захирлын хаалгыг сахиж суусан. Яг 16 хүнээс татгалзсан хариу авчихаад 17 дахь хүн маань биднийг дэмжихээр болж, хөрөнгө оруулалтын зээл олгосон юм. Тэгж л эхэлсэн дээ.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Тухайн үед "Үүжгэнэ Жүүжгэнэ" гэж өглөөний клубт явдаг байсан юм. Өөрсдийн кофе шопыг нээж, нийгэмд ээлтэй төслүүд дээр ажилладаг залуусыг дэмжих орон зай бий болгох санаагаа бусадтайгаа хуваалцаж, улмаар хамтрах хүмүүс байна уу гээд л эхэлж байлаа. Эхэндээ бол их олуулаа байсан, маш олон хүний хөдөлмөр, сэтгэл шингэсэн.

Шинэ салбарын тухайд, манай хамтрагч Б.Мөнх-Алдар хэдий өөрөө орчны дизайнер мэргэжилтэй ч дипломын ажлаа рестораны интерьерээр бичиж, хятадад хоолны газар нээж ажиллуулж байсан туршлагатай залуу юм. Хоолны салбарын хамгийн сүүлийн үе трендүүдийг дагадаг, түүнийгээ хэрэгжүүлэх гэсэн чин хүсэл нь биднийг нэгтгэсэн.

Монголын хамгийн том номын дэлгүүр Интерном биднийг дэмжиж, хамтран ажиллах болсонд мөн их баяртай байгаа. Интерном номын дэлгүүртэйгээ хослох кофе шопуудыг судлан явж байгааг дуулаад, тэдэнтэй уулзан хийж байгаа зүйлсээ танилцуулсаны дараа биднийг сонгож, залуучуудыг дэмжихээр болсон нь үнэхээр том боломж олгосон хэрэг болсон шүү.

Танай онцлог, давуу талууд?

Хүнсний салбарын хамгийн сүүлийн үеийн технологи болох molecular gastronomy буюу "молекул гал тогоо"-г ашиглаж бүх хоолоо хийж байгаа нь манай энэ салбарын гол онцлог юм. Анх 1980-аад оны үед Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гаргасан энэхүү арга нь хоол хүнсний физик, химийн шинж чанарыг хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэлгүйгээр өөрчилдөг, эрүүл хооллолтын арга юм. Хоолнуудынхаа орцыг аль болох органик байлгахыг хичээн, монгол нийлүүлэгчдээс түүхий эдээ татаж байгаа.

Тохижолтын хувьд бид Karandash-тай хамтран дараа, дараагийн салбарууддаа жишиг болохуйц байдлаар бодож төлөвлөн хийж гүйцэтгэсэн. Сайн анзаарвал өөр өөр хэсгүүдээс бүрдсэн байгаа. Нэг хэсэгт нь клубээрээ ч юм уу олуулаа суух боломжтой бол өөр нэг хэсэгт нь хосоороо арай тухтай суух боломжтой гэх мэт. Эхний салбар маань "савлууртай" гэдгээрээ ялгардаг байсан болохоор тэр онцлогоо ч гэсэн шингээж өгсөн.

Кофены хувьд ROC-тэй хамтардаг. Шинээр хуурсан үр хэрэглэдэг гэсэн үг. Номын дэлгүүр 10 цагаас онгойдог ч манай кофе шоп өглөө 7-д онгойж, шөнийн 12 цагт хаана. Тусдаа хаалгатай учир хэрэглэгчдэд ямар нэг саад учрахгүй, хүсвэл дэлгүүрээс ч шууд ороод ирж болно. Мэдээж сайн ном, сайн кофетой хамгийн төгс хосолно шүү дээ.

Бид олон төрлийн арга хэмжээг эндээ зохион байгуулахаар мөн төлөвлөж байгаа. Интерномтой хамтран номын эвентүүдийг илүү өргөн хэмжээнд зохион байгуулах, клубүүд, бүлгэмүүдийн арга хэмжээг хүлээн авах боломжтой.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Бүтээгдэхүүн, үйлчилгээний стандарт, онцгой шинэлэг байдлаараа олон улсад өрсөлдөх кофе шопын франчайзинг болох зорилготой. Яагаад бид дандаа гадны франчайзингийн салбар нээж, түүгээр үйлчлүүлэх ёстой гэж? 3-5 жилдээ өөр нэг улсын нийслэлд салбараа нээх зорилго тавьсан байгаа.

Энэ зорилгоо олон нийттэй хуваалцсаны дараагаас Эрдэнэт, Дорнодоос бидэнтэй холбогдож, Bee Cafe-ийн салбарыг нээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ үүнээс өмнө бид өөрсдийгөө сайн бэлдэж, стандартаа тодорхойлох, бэхжих хэрэгтэй байна.

Бизнесийн үнэт зүйлс тань юу вэ?

Үнэт зүйлсээ чулуун дээр сийлчихээд зөвхөн захирал нь л мэдээд байдаг жишиг эргэн тойронд маань их байна. Бид байгууллагынхаа үнэт зүйлийг ажилтнуудынхаа өдөр тутмын ажилд шингээхийг хичээдэг. Бидний гол үнэт зүйл бол хэрэглэгчдэд ээлтэй, найрсаг уур амьсгалыг бий болгох. Үйлчлүүлэгчдийнхээ нэрийг нь мэдэх, захиалдаг зүйлийг нь асуулгүй гаргаж өгөх гэх мэт илүү найзархаг байдлаар үйлчлэхийг зорьдог.

Саяхан Интерномын менежер орж ирээд манай үйлчилгээний соёлыг өндрөөр үнэлж, номын дэлгүүрийнхээ худалдагч нарт зөвлөж, зааж өгөөч гэхэд нь тийм сэтгэгдэл төрүүлж чадсан хамт олноороо бахархсан шүү.

Одоо та бүхэн юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?

Яг одоо бол менюгээ илүү сонирхолтой байлгах тал дээр голчлон ажиллаж байна. Хүмүүс орж ирээд "хөөх ийм юм байдаг юм уу" гэтэл нь сонирхлыг нь татахаар, уламжлалт биш зүйлсийг санал болгохыг зорино.

Удахгүй өдрийн хоолны сетээ танилцуулна. 2 дугуй авчихсан болохоор ойр орчмын газрууддаа хүргэлт хийж болох байх.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Монголчууд дунд кофе уух соёл сүүлийн 2 жилийн хугацаанд нэлээн эрчимжиж, түгэн дэлгэрч байна. Алдарт Starbucks-ийн эхний салбар нээгдээд 11 жил болсны дараа л дараагийн салбар нь нээгдэж, 3 жилийн дотор улс орон даяар салбартай болж түгсэн түүхийг уншиж байсан юм. Кофе гэдэг өөрөө хүнийг сэргээдэг, нөгөө талаасаа донтуулдаг онцлогтой бүтээгдэхүүн. Залуус маань илүү ажил хэрэгч болж байгаатай холбоотойгоор хэрэглээ ч нэмэгдэж байх шиг байна.

Нөгөө талаар эдийн засгийн хямрал кофе шопын бизнест тодорхой хэмжээгээр нөлөөлж л байна. Хүмүүс хоол авах уу, кофе авах уу гэдэг сонголтыг хийж байна шүү дээ. Сайн кофены мөн чанарыг ойлгуулах бас хэрэгтэй байгаа. Хар ус 4000 мянгаар зарлаа, дэлгүүрт бэлэн кофе 200 төгрөг л байна гээд загнадаг хүмүүс байсаар л байгаа шүү.

Учирч байсан хамгийн том сургамж тань юу вэ?

Ажиллах тусам л илүү ихийг мэдэх хэрэгтэйгээ, юу ч мэдэхгүй байгаагаа мэдэрдэг. Хамтын ажиллагаа бүр дээр л өөр өөр нөхцөл байдлууд тулгарч, багийн ажилд алхам тутамдаа суралцаж байна. Бид хамгийн анх түрээсийн гэрээгээ байгуулаад л 6 хоногийн дараа нээлтээ хийж байлаа. Өөрсдөө багс, будгаа бариад л дайрчихсан хэрэг. Байршлаас эхлүүлээд туршлага, мэдлэг гээд олон асуудал тулгарч байсан ч бид алхам тутамдаа суралцсаар, зогсолтгүй урагшилсаар л байна.

Танайд ирсэн зочдодоо хамгийн түрүүнд ямар бүтээгдэхүүнээ санал болгох вэ?

Bee Latte-аа санал болгоё. Бид өөрсдөө зөгийн балаа хурааж, түүгээрээ органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. Молекулар шоколадтай мөстэй кофе, энерги өгдөг цэцгийн тоосонцортой ундаа гэх мэт онцгой бүтээгдэхүүнүүд ч бидэнд бий.

Зургийг Б.Батзаяа

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.