Мэдүүштэй

Сэтгүүлч мэргэжлээр суралцах гэж буй, суралцаж байгаа, сураад төгссөн бүх хүнд дайх 8 зөвлөгөө

12 сарын 19, 2016


НИЙТЭЛСЭН:

Unread Today
@Unread


54132   12




Орчуулагчийн үг: Энэ бол Washington Post сонины ерөнхий редактор, сэтгүүл зүйн гэрэлт цамхгуудын нэг Martin Baron 2016 оны 12 сарын 16-нд New York хотын их сургуулийн сэтгүүл зүйн магистрын ангийн төгсөлтөд уригдаж очоод хэлсэн үгс юм. Доналд Трампын оронд Монголын хэн нэгэн улс төрчийг орлуулаад ойлгоход манайд энэ бүх асуудал байдаг тул энэ орчуулгыг сэтгүүлч мэргэжилтэй хүн бүрийг хийдэг ажилдаа итгээсэй, нийгмээ хамгаалаасай гэсэн хүсэл тээж орчууллаа. 

Э.Лхагва, Монгол ТВ-ийн мэдээний албаны ерөнхий продюсер

Өнгөрсөн жилийн Оскарын шилдэг киноны шагналыг хүртсэн "Spotlight"-д энэ зөвлөгөөг хүргэж буй М.Бароны багийн талаар өгүүлдэг билээ.

Өнөөдөр намайг энд урьсан явдалд маш их баярлалаа. Та бүгдэд баяр хүргэе! Энэ сургуулиас олж авсан чадварууд таны амжилтыг тодорхойлох болно. Харин та бүхний ажил амьдралын замнал сэтгүүлч гэх энэ мэргэжилд өвөрмөц эерэг нөлөөлөл авч ирнэ гэж бодож байна.

Чи өөрийнхөө туулсан туршлага, хийсэн ажиглалт, өссөн ахуйгаасаа өөр нэгэн дуу хоолойг сэтгүүл зүйд авчрах байх гэж би найдаж байна. Яагаад гэвэл энэ мэргэжлийнхэнд чамайг сонсох хэрэгцээ байна. Нэг хүн, ганцаараа даацтай өөрчлөлт хийх боломжтой мэргэжил бол сэтгүүлч байдаг.

Бид илүү сайн, илүү ухаалаг, илүү хэрсүү байж чадна. Чиний харсан, сонссон, гэрчилсэн зүйлээс одоо ба амьдралын чинь туршид ард түмэн мэдээлэлтэй байх болно.

Чи хүмүүсийг урьд өмнө оршин байсныг нь мэдэх ч боломжгүй ертөнцөд аваачиж чадна. Сэтгүүл зүй тийм зүйлийг хийж чаддаг. Танай багш надад 10 минут олгосон болохоор би гол хэлэх гэсэн зүйлдээ одоо орохгүй болохгүй нь. Бид дөнгөж саяхан урьд өмнө болж байгаагүй ерөнхийлөгчийн сонгуулийг үзлээ. Эндээс бид юу суралцах ёстой талаар бодлоо хэлье.

Би энэ сонгуулийн дараа Washington Post сонины сэтгүүл зүйгээр бахархаж байлаа. Манай сэтгүүл зүй асуудал сөхөж, ухаж тайлбарлаж байсан. Сэтгүүлчид маань самбаатай байж, зоригтой ажилласан. Гэвч мэргэжил нэгтэй бидэнд суралцах хичээлүүд байсаар байна. Яагаад гэвэл бид цаг үргэлж сайжирч байх ёстой. Өөрсдийгөө харах цаг болжээ. Бид толинд харахаас татгалзах ёсгүй.

Тоос буугаагүй байхад толинд анзаарсан зүйлсээ хуваалцъя. 

1. Хэвлэлийнхэн бид маш муу таамаглал дэвшүүлэгчид. Бид хэдий мэдээлэл сайтай боловч ирээдүйг таашгүй юм. Бид таах гэж оролдсон. Гэвч энэ сонгуулийн дүнг хэн маань ч таамаглаж чадаагүй.

Сэтгүүл зүйн туршлага бидний гарт юу болж байгаад анализ хийх түлхүүр, багажнуудыг атгуулдаг. Дараа нь юу болохыг зөв таамаглах багаж одоогоор алга. Хэтэрхий олон хувьсагчтай энэ бодлогын зарим өгөгдөл хөдөлгөөнтэй байдаг.

Тэгэхээр бид судалгаанаас таамаглал руу хальтарч унахаас болгоомжлох хэрэгтэй. Бид өөрсдийгөө ямар агуу ухаалаг вэ гэж бодоод ч ирээдүйг таах хэмжээнд очиж чадахгүй.

2. Даруу зан биднийг ухаалаг бардамналд сургана. Бардамнал биднийг өөртөө итгэлтэй харагдуулдаг, гэвч бид гэрийн даалгавраа хийсэн байх ёстой гэдгийг сонгуулийн улирал сануулдаг.

Та нар мэднэ дээ. Сэтгүүлчид их биеэ тоодог. Хүмүүст ч ийм байх чинь таалагддаг. Манай сонины эзэн Жефф Бэйзос "Бардамнал" бол манай сонины соёлын нэг хэсэг гэж хүртэл хэлж байсан. Бидэнд ч бас энэ байдал таалагддаг. Эргэлзэх хэрэггүй. Энэ бол үнэн.

Тэгвэл яагаад би даруу зангийн талаар ярих гээд байна вэ? Би энэ үгийг юу гэж ойлгодог гээч?

Яагаад гэвэл даруу зан биднийг төгс, бидэнд суралцах зүйлс их байгааг сануулж байдаг. Хамгийн сайн сэтгүүлчид ямар ихийг мэдэхгүй байгаагаа олж мэдээд баярладаг. Ямар ихийг мэддэгээрээ онгирох биш.

Асуултаар дүүрэн толгой манай мэргэжлийн гол шалгуур. Бидний асуултын тоо дээшээ хязгааргүй, харин доод хязгаартай. Энэ сонгуулийн үеэр сэтгүүл зүй маш олон зүйлийг урьдчилан таамагласан. Хэн ялах, нэр дэвшигчдийн ямар өгөгдөлд сонгогчид гол анхаарлаа хандуулах, аль асуудлаар ямар байр суурийг сонгогчид таашаах, мөн хэн юуны талаар мэдэгдэл хийвэл асуудалд орох гэх мэт. Эдгээр таамаглалуудын дийлэнх нь ташаа болж таарсан.

Таамаглал дэвшүүлэх өвчинд хамгийн сайн эм бол сурвалжлах юм. Өрөөнөөсөө гараад ард иргэдтэй уулзах, тэднийг ойлгохыг хичээх, гэрийн даалгавараа хийх. Урьдчилан таамагласан хуурамч ойлголтуудыг чинь энэ процесс эмчилж өгнө. Зөвхөн сурвалжилсны дараа бид эрүүл дүгнэлтэд хүрч чадна. Түүний дараа чи "бардамнах" эрхээ авч байгаа хэрэг. Мэргэжил чинь чамд "бардамнах" эрхтэй ирэхгүй. Сурвалжилгын үр дүнд чи "бардамнаж" болно гэсэн үг.

Жефф Бэйзос сонингийнхоо сэтгүүлчдийг "мэргэжлийн эрэлхэг бардамнагчид" гэж хэлж байсан. Хүнд хэцүү боловч нийгмийн далд сэдвээр сурвалжилга хийдэг нь тэднийг "мэргэжлийн" болгож байгаа юм.

3. Бид илүү сайн сонсогчид болох хэрэгтэй байна.

Сонгуулийн үр дүнд хэвлэл мэдээллийг "хариуцлага" үүрэх ёстой гэдэг маргаан нэлээд гарсан. Хамгийн түрүүнд би нэг зүйлийг хэлье.

Бид ардчилалтай улс. Шийдвэр сонгогчдын саналд бий. Хэвлэлийн мэдээлэх үүргийг баталгаажуулж өгсөн нөгөө ардчилал чинь гэдгийг энд цохон тэмдэглэе.

Бидний ажил бол ард түмэнд мэдэх ёстой, мэдэх хэрэгтэй мэдээллийг олж өгөх. Сонгогчид авсан мэдээллийнхээ дагуу өөрсдийнхөө дүгнэлтэд өөр өөрсдийн аргаар хүрдэг. Би үүнээс өөр байхыг хэзээ ч хүсэхгүй.

Гэсэн хэдий ч Доналд Трампыг бодит өрсөлдөгч гэж эрт харсангүй, сунгааны эхээр тоосонгүй, түүнд хэтэрхий их эфирийн цаг, сонингийн нүүр өгч, хожимдохоос өмнө "нэгжлэг" хийсэнгүй гэж биднийг буруутгасаар байна. Нөгөө талдаа түүнд хатуу хандсан гэх хүмүүс ч байна.

Том зургаараа энэ бүх аргументийг нэг бүрчлэн нягтлаад үзвэл дийлэнх нь үнэнд ойртохгүй ээ. Бид “хэвлэл” гэж ерөнхийлөхөөс мөн болгоомжлох нь зүйтэй. Хэвлэл мэдээлэл бол том газар нутаг. Маргаангүй алдаатай алхмууд байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс дурдвал кабелийн ТВ-үүд хэн нэгэн нэр дэвшигчид хэдэн арван цагийн шууд дамжуулалт олгож, иргэдтэй хийсэн уулзалт болгоныг дамжуулах шаардлага байгаагүй. Энэ бол сэтгүүл зүй биш.

Доналд Трампыг нэр дэвшигч болохоос өмнө сэтгүүлчид бид энгийн америкчуудын гүн гүнзгий сэтгэл зовнил, шаналлыг олж хараагүйд би илүү санаа зовнисон. Өөрсдөөс нь болон гэр бүлээс нь холдон одож буй боломжуудад шаналан, энэ бүхнээс хожиж буй хүмүүст уурлан шатаж байгаа хүмүүсийг бид анзаараагүй.

Бидний ажил бол бүх хүмүүсийг сонсох. Чин сэтгэлээсээ сонсох. Америкчуудын амьдралыг америкчуудад танилцуулан ойлгуулах бол бидний ажил. Бид энэ ажлаа сайн хийхийг хичээх хэрэгтэй байна.

4. Бидэнд редакц (мэдээний өрөө) дүүрэн өөр өөр гарал үүсэл, туршлагатай хүмүүс хэрэгтэй байна.

Америк улсын нүүр царай өөрчлөгдөж байна. Энэ ч утгаараа редакцуудын нүүр царай өөрчлөгдөх ёстой. Бид америкчуудын амь амьдралыг бүрэн төлөөлмөөр байгаа бол бидэнд Америкийн өнцөг булан бүрээс ирсэн сэтгүүлчид хэрэгтэй.

Бүх л сонгуулиар нэг зүйл харагддаг. Манай нийгэм хэвлэл мэдээллээсээ өөрийгөө олж харахгүй, Америкийн хэвлэл тэднийг үнэн зөвөөр төлөөлж буйг мэдрэхгүй байна.

Сарын өмнө өөд болсон, чадварлаг сэтгүүлч Г.Айфилл нэг удаа хэлэхдээ "Бидэнд ярих түүхүүд их байгаа ч манай үзэгчид сонсохоо болиод удаж байна. Яагаад гэвэл тэдний талаар ярихгүй байгааг тэд мэдэж байгаа" гэсэн юм. Арьс өнгө болон үндэстэн ястан энэ асуудлын гол зангилаа нь. Бид мэргэжлээрээ энэ фронт руу дайрч, ажилд авахдаа олонлог чанарыг хангахад зорих хэрэгтэй. Бид илүү хичээх хэрэгтэй. Редакцийнхаа бүтцийг илүү өргөн хүрээнд бодох хэрэгтэй. Эдгээр асуултуудыг асуух нь шударга юм.

Манай редакцийн хэд нь ажилчин ангийн гэр бүлээс гаралтай вэ? Нэг нь ажлаасаа халагдах, машин нь эвдрэхэд л хүнд байдалд орох, санхүүгийн дэмжлэггүй гэр бүлүүдийн амьдралыг хэд чинь мэдэх вэ?

Манай редакцид цэрэгт явсан хүн байна уу? Арми 1973 оноос хойш цэрэг татлага хийгээгүй. Манай улсад хэчнээн хүн дайнд оролцож, дайны талбарын шархтай буцаж ирсэн хэдэн мянган америк хүн байгаа вэ? Бид америкчуудаа бүрэн ойлгох хэмжээний хүмүүсээр багаа бүрдүүлсэн үү?

5. Бид юуг "шударга" гэж үзэх талаар илүү сайн эргэцүүлэн бодох хэрэгтэй.

Сонгуулийн улиралд энэ чухал. Хэвлэл мэдээлэл намчирхсан дайралтын тогтмол бай болдог.

Бид мэдээж сурвалжилж буй хүмүүсдээ шударга хандах ёстой. Тэдэнд шударга, хүндэтгэлтэй хандаж үнэн бодитоор сурвалжлах нь бидний үүрэг. Бид нэр дэвшигчдийг нээлттэйгээр сонсож, таамаглалуудаа шалгаж үзэх нь зөв. Бид олж илрүүлж чадаагүй зүйлс маань их байгааг дурдах, таамаглал зөрвөл хүлээн зөвшөөрөх хариуцлагыг хүлээх ёстой.

Харин бид шаардлагатай бүх судалгаагаа хийсэн, ажлаа нягт нямбай гүйцэтгэсэн бол ард түмэнд юу олж мэдсэнээ шулуун шударгаар хэлэх үүрэгтэй. Олон нийттэй шулуун шударга байна гэж үүнийг л хэлнэ. Бид ингэж чадахгүй бол үнэн мөнийг хүндлэхгүй байна гэсэн үг.

6. Үнэн байдаг гэдгийг санацгаая. Сэтгүүлчид бид үнэнийг эрэлхийлж олоод хэлэх ёстой.

Энэ бидний нэн тэргүүнд биелүүлэх ёстой даалгавар. Зөвхөн явцуу үзэл санаандаа тулгуурладаг хэвлэлүүд баримт фактуудыг бидэнд өөрчлөн хүргэсээр байна. Нягтлан үзэхэд эдгээр баримтууд нотлогддоггүй хуйвалдааны онол байдаг. Зарим цахим хуудсанд 9 сарын 11-ний халдлагыг Осама бин Ладен болон Аль Кайда бүлэглэл зохион байгуулаагүй ба Америкийн засгийн газар юм ууеврейчүүд хийсэн гэж тараадаг. Тэд ерөнхийлөгчийг АНУ-д төрөөгүй гэдэг. Өнгөрсөн жилийн цэргийн сургуулилт буюу "Хаш дуулга" ажиллагааг иргэдийн эрхийг нугачин дарж, төрийн эрх авах цэргийн эргэлт хийх гэж байсан гэцгээдэг.

Нэгэн радиогийн хөтлөгч, олон хүн зочилдог цахим хуудас ажиллуулдаг этгээд мөн Сэнди Хүүк, Сан Бернардиногийн галт зэвсэгтэй халдлагуудыг хуурамчаар галт зэвсэгний хяналтыг чангатгах үйл ажиллагаа гэж байсан юм. Зарим улс төрчид эдгээр мэдээллийг ичгүүргүйгээр давтаж, зарим нь эдгээр худал хуурмагийн өмнө хулчийж, тэдэнтэй маргадаггүй, нотлохыг шаарддаггүй билээ.

Үр дүнд нь юу болдог вэ? Хүмүүс маш энгийн, амархан нотолж болох худал зүйлсэд итгэдэг. Олон хүн эсрэг тэсрэг мэдээлэл дунд юунд итгэхээ мэдэхээ больдог. Энэ үед хүн хамгийн амархан шийдвэр гаргах буюу юунд итгэмээр байгаадаа итгэж эхэлдэг. Энэ бүхэн бидэнд муугаар нөлөөлж байна.

Бид энгийн фактууд дээр санал нийлэхгүй юм бол, худал хуурмагийг үнэн гэж хүлээж авах юм бол яаж хүчирхэг иргэний нийгэм байгуулах юм бэ?

Тийм ч учраас бид, сэтгүүлчид үндсэн зорилгодоо үнэнч байх хэрэгтэй. Байгаа зүйлийг байгаагаар нь хэлэх хэн нэгэн байх хэрэгтэй. 

7. Хэн нэгэн хувь хүн дэлхийн хамгийн хүчирхэг улсын хамгийн дээд албан тушаалтан болохыг эрмэлзэж байгаа бол бид тэр хүний талаар бүх мэдээлэл, бие хүнийг нь танихыг хичээх үүрэгтэй.

Ухаж төнхөнө гэсэн үг. Энэ бол эрэн сурвалжлах сэтгүүл зүй. Улс төрч болон шийдвэр гаргагчдын хэлж буй үг биш, хийж ирсэн ба хийх гэж буй үйлдлийг нь анхааран анзаарахыг чухалчлахыг хэлж байгаа юм. Байгалийн өгөгдлөөрөө ийм үед бид байнгын бөгөөд хортой дайралтын бай болно.

Биднийг тэнцвэргүй байна гэж буруутгана. Нэр дэвшигчтэй уулзах боломжуудыг хязгаарлана. Захиалгууд цуцлагдана. Дандаа биш ч заримдаа, өнгөрсөн сонгуулиар болж өнгөрсөн адилаар манай сэтгүүлчид доромжлуулж, халдлагад өртөх болно.

Гэхдээ New York Times-ийн нийтлэлч, биднийг орхин одсон Э.Льюис “Америкийн хэвлэл мэдээлэл дээд шүүхийн үндсэн хуулийн 1-р зүйлийн тайлбараар гайхамшигтай эрх чөлөөг эдлэх боломжтой болсон. Хариуд нь та бүхэн НИЙГЭМД ЭР ЗОРИГ ӨГӨХ ӨРТЭЙ” гэж бичиж үлдээснийг санагтун.

Тэгэхээр нөхцөл байдал ямар ч новшийн болж хувирсан, бид ажлаа хийсээр байх хэрэгтэй. Ерөнхийлөгч болох тэмүүлэлтэй нэгэн үлэмж ихээр нягтлан шалгуулах хэрэгтэй. Бид тэрийг хийх л ёстой.

8. Энэ миний санааг хамгийн их зовоож буй шалгуур

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө энэ улсад та бидний төсөөлж байгаагаас илүү хэврэг байна. Одоо энэ зүйл дайралтад өртөж байна. Чи, би, энэ мэргэжлийнхэн бүгдээрээ, бас ард түмэн энэ зүйлийг хамгаалан зогсох хэрэгцээ үүсээд байна. Ерөнхийлөгчийн сонгууль бүр нэр дэвшигчдийг хэвлэл мэдээлэлтэй зөрчилдөхөд хүргэдэг. Энэ бол байгалийн өгөгдөл. Энэ жил аль ч нэр дэвшигч хэвлэлийнхэнтэй зөөлөн уур амьсгалтай байгаагүй. Тэр нь ч дээр. Хиллари Клинтон сонгуулийн сурталчилгааны туршид ойртоход гайхамшигтай хэцүү байсан. Тэр хариулах ёстой хүнд асуултуудаас бултаж байсан. Түүний хэвлэлд итгэдэггүй, сөрөг хандлагатай байдгийг эдгээр үйлдлүүд нотолсон юм.

Харин манай сонгогдсон ерөнхийлөгч түүнээс ч дор байсан. Ерөөс хэвлэл мэдээллийг үзэн ядах нь түүний сонгуульт ажлын гол цөм байлаа. Тэр хэвлэлийг "заваан", "хаягдал", "хүний доод төрөл", бүүр цаашлаад "амьд организмын доод төрөл" гэж нэрлэж байв. Сонгуулийн өдөр ойртон ирсэн өдрүүдэд биднийг бүр "өшөөтөн буюу дайсны тал" гэж нэрлэсэн юм. Тэр гүтгэлгийн хуулийг дахин хэлэлцэнэ гэж хэлсэн төдийгүй өөртэй нь найрсаг харьцаагүй хэвлэл мэдээллийн байгууллагуудыг зөвхөн хуулийн зардлыг нь нэмэгдүүлэхийн тулд шүүхэд өгөх болно гэж амлаж байлаа.

Washington Post сонины хувьд Доналд Трампад таалагдаагүй мэдээ бэлтгэсний төлөө бидний нэвтрэх эрхийг цуцлахыг удаа дараа шаардаж, хэрвээ би ерөнхийлөгч болбол энэ сонины эзнийг залхаан цээрлүүлнэ гэж ил тод илэрхийлж байсан юм.

Манай улсыг юу нь эрх чөлөөг эрэлхийлсэн хүмүүсийн гэрэлт цамхаг болгодог талаар бүгдээрээ эргэн санацгаая. Үндсэн хуулийн 1-р зүйл. Санал, бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө. Үүнээс цаашлаад ардчиллын тогтсон хэм хэмжээнүүд буюу сонгогдсон албан тушаалтнуудаа чөлөөтэй шүүмжлэх, нягтлан шалгах, асуух эрх чөлөө юм. Төрийн залхаан цээрлүүлэлтээс айж эмээхгүй өөрийгөө илэрхийлэх эрүүл, хүмүүнлэг улс төрийн соёл биднийх.

Дээд шүүхийн шүүгч Л.Брандайс 1927 онд “өөрийн эрхээр сэтгэх, сэтгэн бодсоноо хэлэх нь улс төрийн үнэнг олох, тухайн үзэл санаа түгээхийн үндсэн баталгаа юм..." гэж бичжээ. Үнэндээ бид үндэстэнийхээ байгууллагуудыг бидний эрх чөлөөг хамгаална гэж дандаа найдаж болохгүй юм. Түүхийн хуудас сөхвөл тэд гутамшигтайгаар алдаж байсан тохиолдлууд бий. 1798 оны Ж.Адамсын үед батлагдсан ерөнхийлөгчийн үеийн үймээн самууны хуулиас эхлээд Дэлхийн 1-р дайны үед В.Вилсоны үед батлагдсан ерөнхийлөгчийн эх орноосоо урвах, үймээн самууны тухай хууль, өштөн дайсны болгоомжгүй эрэл ямар хохирол учирч болохыг ойлгуулсан сенатор МакКартигийн үе зэргийг энд дурдаж болно.. 1940 онд өөр нэгэн гайхамшигтай шүүгч Л.Ханд америкчуудыг уриалан сануулахдаа “Эрх чөлөө ард түмний зүрхэнд бий. Тэнд бөхвөл ямар ч үндсэн хууль, бусад хууль, шүүх засаглал түүнийг аварч чадахгүй юм” гэж хэлж байсан билээ. Эрх чөлөөтэй бид бүгдийн өмч бөгөөд түүнийг өмөөрөн байлдах нь бас бидний дайн юм.

Та бүхэн бусдаас илүү хүчирхэг тулалдана гэж би итгэж, найдаж байна. Та нарт энэ гайхамшигтай бэлэг уламжлагдан ирсэн. Тиймээс энэ бэлгийг хэзээ ч хулгайд алдахгүй төлөө ажиллаасай, зүтгээсэй гэж хүсэж байна.

Намайг сонссонд баярлалаа. Та нарт амжилт хүсье.

Орчуулсан: Э.Лхагва
Эх сурвалж: Washington Post
Гэрэл зургийн эх сурвалж: CJR

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.