Монголын мисс топ 20-д багтаад байна

Нэр хүнд, цар хүрээгээрээ дэлхийн мисс шалгаруулах хамгийн топ тэмцээнүүдийн нэгт тооцогддог "Miss World 2016" АНУ-ын Вашингтон хотноо явагдаж байна. 66 дахь удаагийн энэхүү тэмцээнд дэлхийн 117 улсын мисс бүсгүйчүүд оролцож байгаа бөгөөд манай улсыг төлөлөөн энэ жил 25 настай Алтангэрэлийн Баярцэцэг оролцож буй. А.Баярцэцэг тэмцээний эхний өдрөөс эхлэн өндөр амжилт үзүүлж, шалгаруулалт бүрт шилдгүүдийн жагсаалтанд багтсаар топ 20-д багтаад байна. "Мультимедиа мисс" шалгаруулалтанд 2-р байрт, "Хүмүүнлэг мисс" шалгаруулалтанд топ 20-д багтаад байсан А.Баярцэцэг Mobstar аппликэйшнээр олон нийтийн саналаар шалгаруулсан "Авьяаслаг мисс" шалгаруулалтанд түрүүлснээр эхний 20-д шууд шалгарсан нь энэ юм. Түүний уран бичлэгийг илбэ болон бүжигтэй хослуулсан үзүүлбэр нь 2010 оноос хойш энэ төрөлд тэргүүлсэн дуунаас өөр анхны үзүүлбэр болжээ. Онлайн шалгаруулалтын сүүлийн өдрүүдэд Монгол орон даяар түүний төлөө саналаа өгөх хөдөлгөөн өрнөж, олон байгууллага, хамт олон нэгдсэн нь интернетийн ертөнцийн хамгийн амжилттай бөгөөд эерэг кампанит ажлуудын нэг байлаа. Гэхдээ шалгаруулалт дуусах болоогүй, ахиад топ 10-т ч багтах боломж манай мисс-д байгаа юм. Хэрвээ манай мисс Miss World-ийн албан ёсны апп-ийн шалгаруулалтанд түрүүлж чадвал ийм амжилтанд хүрэх боломжтой тул таныг саналаа өгөхийг уриалж байна. Дэлхийн миссийн шалгаруулалт Улаанбаатарын цагаар маргааш үүрийн 05:00 цагт явагдах бөгөөд MNC шууд дамжуулан үзүүлэх ажээ.

Gogo: А.Баярцэцэгт хэрхэн саналаа өгөх вэ?
UB.LIFE: Монголын мисс А.Баярцэцэгийн талаар таны мэдэхгүй 11 зүйлс

Та яг одоо Miss World апп-ийг татан авч, Монголын миссдээ саналаа өгөөрэй.

Трампыг тойрсон дуулиан

Нэг сарын дараа тангараг өргөх АНУ-ын дараагийн ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн кабинетийн гишүүд, багаа бүрдүүлсээр байна. Энэ долоо хоногт тэрээр хэд хэдэн сонирхолтой томилгоо хийсний дотор технологийн ертөнцийн супер одод болох Тесла, SpaceX-ийн Элон Маск, Uber-ийн Трэвис Каланик нарыг зөвлөхөөрөө нэрлэсэн явдал байлаа. Энэ сарын эхээр байгуулагдсан төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, инноваци-шинэ технологийн дэвшил зэрэг асуудлуудын талаар ерөнхийлөгчид зөвлөн ажиллах "Стратеги, бодлогын форум"-д тэд нэгдэх болсон байна. Маск, Каланик нараас гадна энэ зөвлөлд GM, EY, Boeing, JP Morgan, IBM, Walmart, Walt Disney зэрэг Америкийн аварга компаниудын захирлууд багтаж байгаа юм. Трамп өнгөрч буй долоо хоногт Цахиурын хөндийн лидерүүдийг хүлээн авч, хэрхэн хамтран ажиллах тухай санал солилцсон. Google-ийн Л.Пэйж, Э.Шмидт, Майкрософтийн С.Наделла, Амазоны Ж.Бэйзос, Apple-ийн Т.Күүк, Фэйсбүүкийн Ш.Сандберг нар буюу нэгэн үе Трампын хамгийн том шүүмжлэгч байсан технологийн лидерүүдийн оролцсон энэхүү уулзалтын гол сэдэв нь ажлын байр шинээр бий болгох, гадаадад байгаа хөрөнгийг эх нутаг руугаа шилжүүлэх зэрэг байсан гэнэ. Жил бүрийн төгсгөлд "тайлан" маягаар хийдэг хэвлэлийн бага хурлынхаа үеэр ОХУ-ыг, тэр дундаа Путины шууд удирдлаган дор Оросын хакерууд АНУ-ын сонгуульд нөлөөлснийг батлан өгүүлсэн Б.Обамагийн байр суурь ч өнгөрсөн долоо хоногийн онцлох сэдвүүдийн нэг байлаа. Сонирхуулахад, Д.Трамп төрийн нарийн бичгийн даргадаа В.Путины найз гэгддэг Exxon Mobil-ийн CEO Р.Тиллерманыг нэр дэвшүүлээд байгаа билээ.

NYT: Трампын технологийн лидерүүдтэй хийсэн уулзалтын гол сэдэв юу байв?
Politico: Обамагийн оны сүүлчийн хэвлэлийн хурлын онцлох сэдвүүд

Д.Трамп уулзалтаа эхлэхдээ л "Та бүхэн надад жаахан ч гэсэн дуртай болох хэрэгтэй байна даа" гэж хэлсэн нь уур амьсгалыг багагүй зөөлрүүлсэн гэнэ.

Алеппогийн хямрал үргэлжилсээр

Сирийн иргэний дайны хамгийн гол байлдааны цэг Алеппо хот энэ долоо хоногийн хамгийн онцлох мэдээнүүдийн нэг байлаа. Учир нь эрх баригч Б.Ассад болон босогчдын хооронд гал зогсоох хэлэлцээр амжилттай хийгдэж, 4 жилийн турш үргэлжилсэн цуст мөргөлдөөн дуусах нь гэсэн найдвар дэлхий дахинд төрсөн юм. UNESCO-ийн дэлхийн өвийн жагсаалтанд багтсан, хүн төрөлхтний хамгийн удаан оршин суусан бүсүүдийн нэгт тооцогддог, Сирийн хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд хамгийн том хотуудын нэгт тооцогдож байсан Алеппо хот 4-хэн жилийн дотор дайны хөлд нэрвэгдэн, жинхэнэ утгаараа там болон хувираад байгаа юм. Иргэний дайны дүнд зөвхөн энд 31 мянган хүн амь насаа алдаж, нийт 400 мянган хүн хохирогч болж, орон гэр, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирчээ. ОХУ, Туркийн оролцоотой хийгдсэн энхийн хэлэлцээр амжилттай болсны дүнд 12-р сарын 15-наас эхлэн тус хотод үлдсэн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн, амжилттай эхлүүлсэн ч тодорхойгүй шалтгаанаар буун дуу, агаарын цохилт үргэлжилж, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зогслоо. Алеппогийн зүүн хэсгээс 4000 гаруй энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж амжсан ч 50 мянга гаруй хүн дайны ид голомтонд үлджээ. Дэлхий нийт, хүмүүнлэгийн байгууллагууд, олон улсын донор байгууллагууд бүгд Алеппо дахь энгийн иргэд, хүүхдүүдийн ирээдүйд санаа зовж, тодорхойгүй байдлыг эцэс болгохыг шаардсаар байгаа юм.

BBC: Алеппод яг юу болоод байна?
QZ: Алеппогийн төлөө бид юу хийж чадах вэ?

Алеппод гэмгүй иргэд, балчир хүүхдүүд өдөр бүр арав арваараа, долоо хоног бүр зуу зуугаараа амь насаа алдаж байна

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Энэ долоо хоногт Фэйсбүүк өөрийн платформ дээр тавигдаж буй хуурамч мэдээг таних, устгах төлөвлөгөөг танилцуулсан нь технологийн салбарын онцлох мэдээнүүдийн нэг байлаа. Тэд Snopes, Factcheck.org, Politifact зэрэг бусад баримт шалгадаг газруудтай хамтран хуурамч мэдээг таних, тэдгээрийг хэрэглэгчдийн хуудсанд хамгийн бага давтамжтай харагдуулах, анхааруулга өгөх зэрэг замаар спамчидтай тэмцэнэ гэнэ. 600 сая хэрэглэгчтэй болсноо зарласан Инстаграмаар дамжуулан LIVE буюу шууд бичлэг хийж дагагчдадаа хуваалцах боломжтой боллоо. Одоогоор зөвхөн Америкт л энэ нэмэлт хэрэглэгдэж байгаа ч ирэх сараас дэлхий даяар нээлттэй болно гэнэ. Тэгвэл Snapchat энэ долоо хоногт 16 хүртэлх хүний хооронд зураг, видео, текст хуваалцаж болох "групп"-ийн нэмэлтээ танилцууллаа. Инстаграмд хамаг онцгой зүйлсээ алдчихсан тэд ингэснээр групп мессежийн үйлчилгээг санал болгодог бусад мессенжер апп-уудтай шууд өрсөлдөх болж байгаа гэсэн үг юм. Uber жолоочгүй машинаа Сан Францискод зам дээр гаргасантай зэрэгцэн Google автомат удирдлагатай машины нэгжээ тусад нь гаргаж, Waymo нэртэй компани байгуулсан байна. Уг компанийг Хьюндайд удирдах албан тушаал хашиж байсан Ж.Крафчик удирдана. Yahoo-ийн бүтэлгүйтэл үргэлжилсээр, тэд 2013 оны 8-р сард 1 тэрбум хэрэглэгчийнхээ мэдээлэл датаг алдсан гэдгээ энэ долоо хоногт хүлээн зөвшөөрлөө. Verizon-д зарагдаж буй тус компанийн хэрэглэгчдийн мэдээлэл хар зах дээр 300 мянган доллараар борлогдсон байж болзошгүй байгаа гэнэ. Твиттерийн эзэмшдэг богино хэмжээний видео бүтээгчдийн нэгдэл Vine бүр хаагдчихгүй нь. Vine тусдаа платформ байдлаар хөгжихгүй, харин Vine Camera болон өөрчлөгдөж, 6.5 секундын видео бичлэг хийн Твиттертээ тавих, эсвэл хадгалж авдаг байдлаар апп болон хөгжих болжээ. Эцэст нь дуулгахад, Нетфликсийн гол өрсөлдөгч Amazon Prime Video дэлхий даяар нээлттэй болсон бөгөөд Монголын хэрэглэгчид сарын 3 доллар төлж Transparent, The Man in The High Castle зэрэг цувралуудыг үзэх боломжтой боллоо.


Wired: Фэйсбүүк хуурамч мэдээнүүдтэй жинхэнэ утгаараа тэмцэж эхэллээ
IE: Yahoo яг хэрхэн 1 тэрбум хэрэглэгчийн мэдээллээ алдсан бэ?

Инстаграмын найз тань LIVE хийвэл танд мэдэгдэхээс гадна Story хэсэгт ч ялгарч харагдах аж.

Super Mario Run & Rogue One нээлтээ хийлээ

Нэгэн үе гар утастай хүн бүрийг өөртөө татсан Pokemon Go-оос ч илүү тоглоомчдыг донтуулж мэдэх Super Mario Run энэ долоо хоногт албан ёсоор гарлаа. 90-ээд оны тоглоомын ертөнцийн нүүр царай Супер Мариог эхний өдөр нь л гэхэд 5 сая хэрэглэгч татаж авсан бөгөөд 60 гаруй орны жагсаалтыг тэргүүлсэн юм. Nintendo-ийн ихээхэн найдвар тавьж буй энэ тоглоомыг та үнэгүй татаж болох ч бүх үеийг тоглохын тулд 10 доллар төлөх ёстой аж. Variety-ийн мэдээлснээр эхний 24 цагт уг тоглоомын орлого аль хэдийн 5 сая долларыг давжээ. Мэргэжилтнүүд тоглоомоо ийм өндөр үнэтэйгээр тоглуулахаар төлөвлөж буй Нинтендогийн стратегийг ихээхэн эрсдэлтэй хэмээн үнэлж байгаа. Шинжээчдийн таамгаар эхний сардаа уг тоглоом 71 сая долларын орлого олохоор байгаа. Энэ нь Pokemon Go-тэй харьцуулахад 2 дахин бага тоо юм. Ирэх 3-р сар гэхэд уг тоглоомын таталтыг 200 саяд хүрнэ гэж Нинтендо үзэж байгаа бөгөөд 15-20 хувь нь төлбөр төлж тоглоно гэж таамаглажээ. Нэг жилийн өмнөхтэй харьцуулахад хувьцааны үнэлгээ нь 60 гаруй хувиар өсөөд байгаа Нинтендог энэ бүх өсөлтөөрөө дэнчин тавьж, шинэ модель туршиж байна гэж шүүмжлэх хэсэг ч мөн байна. Энэ долоо хоногт өөр нэг "хуучин танил" маань нээлтээ хийсэн билээ. Энэ жилийн Холливудын хамгийн хүлээлттэй кинонуудын нэгт тооцогдож байсан "Оддын дайн"-ы ертөнцийн шинэ түүх Rogue One дэлхийн нээлтээ хийж, эхний өдрөө 71 сая доллар олж, түүхэн амжилтыг үзүүлжээ.

Recode: Супер Мариогийн талаар таны мэдвэл зохих бүх зүйлс
The Verge: Яагаад Rogue One Диснейд тийм чухал гэж?

Бага насандаа эргэж очиход бэлэн үү?