Онцлох Бизнес

Онцлох бизнес: Soyol Wellness Center - Алжаал тайлах төгс газар

12 сарын 12, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


30121   3




Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо их хотын ядаргаа алжаалаа тайлах нөхцөлийг бүрдүүлсэн нэгэн төвийг өнөөдөр бид онцолж байна. Энэ бол эрүүл тухтай орчин, найрсаг үйлчилгээ бүхий "Соёл Вэлнэсс" юм. 9000 м2, таван давхар барилгыг зөвхөн таны эрүүл мэнд, амралтанд зориулсан энэ газраас та төрөл бүрийн усан, үнэрт, массаж эмчилгээнүүдийг болон эрүүл хоолны ресторан, фитнесс, зочид буудал зэрэг олон үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. Ингээд бид уг төвд зочилж, үүсгэн байгуулагч Г.Мөнхмандахтай ярилцсанаа хүргэж байна.

Бизнесийн нэр: Соёл Велнесс Төв
Хаяг: ХУД, Алтай хотхоноос урагш, Хуучны 19-ийн цагаан хаалганы хойно
Үйл ажиллагааны чиглэл: Алжаал тайлах цогц үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 оны 1-р сар
Үүсгэн байгуулагч: Г.Мөнхмандах
Ажилтны тоо: 130
Вэб: www.soyol.mn, Soyol Wellness Center (фэйсбүүк)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Би өмнө нь бизнесийн шугамаар гадаадад нэлээд их зорчдог байсан юм. Гадаад хүмүүсийн аж байдал, нийгмийн соёл нь бидний нэг л өөр, аажуу тайван, эерэг сэтгэгдэлтэй, залуу, хамгийн гол нь эрүүл байгаа нь анзаарагддаг байлаа. Үүний учир шалтгаануудын нэг нь тэдгээр хүмүүс гэр бүлээрээ саун, спа, велнесс төвөөр тогтмол үйлчлүүлдэг, амьдралын хэв маягаа болгосонтой холбоотой байсныг судалж мэдсэн. Ингээд л саунд суух усан эмчилгээ нь хүний биед удаан хугацааны туршид хэрхэн эергээр нөлөөлдгийг олж харсан даа. Манай гэр бүлийнхэн ч саунд суух дуртай, үнэнч хэрэглэгч болсон, биед гарах эерэг сайн өөрчлөлтүүд ч мэдрэгдэж эхэлсэн. Тэгээд л ер нь яагаад Монголдоо энэ соёлыг түгээн дэлгэрүүлж болохгүй билээ гэж бодоод, энэ том бүтээн байгуулалтыг 2012 онд эхлүүлж, барилгын ажилдаа орсон.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Санхүүжилтээ хувийн хуримтлалаасаа гаргасан. Гадны хөрөнгө оруулалтгүй, зөвхөн монгол хүний хүч хөдөлмөрөөр бизнес маань боссон гэдгээр би хувьдаа маш их бахархдаг. Гол хөрөнгө оруулалт нь маш олон хүний, ялангуяа манай хамт олны сэтгэл, хүч хөдөлмөр, оюуны хөрөнгө оруулалт байсан.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Бид монгол хүмүүс, тэдний эрүүл мэндэд болоод амьдралын хэв маягт эерэг нөлөө үзүүлье гэсэн туйлын хүсэлтэй. Тиймдээ ч үйлчлүүлэгч нар маань нэг дороос бүх төрлийн үйлчилгээг авч болох цогцолбор велнесс төвийг бүтээснээрээ онцлог юм. Үүнд саун, даралттай усан эмчилгээ, үнэрт массаж, уламжлалт тайланд эмчилгээ, фитнесс, эрүүл хооллолтын ресторан, спа, үсчин зэрэг багтана. Энэ цогц үйлчилгээг гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо хамтдаа авах боломжийг бүрдүүлж өгсөнд гол давуу тал маань оршиж байгаа байх. Гэр бүлтэйгээ байх цаг хугацаа гэдэг маш үнэ цэнтэй байдаг. Тэр үнэт цагаа үр дүнтэй, хөгжилтэй өнгөрүүлж, улам эрүүлжээсэй гэж хүсдэг юм.

Цогц велнесс үйлчилгээ бол Монголд харьцангуй сүүлд орж ирсэн ойлголт. Тийм ч учраас бид жижиг гэлтгүй бүх зүйл дээр анхаарч, мэргэжлийн түвшинд ажиллахыг чухалчилдаг. Одоо бидний санал болгож байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнүүд маш сайн судлагдсаны дараа хэрэглэгчдэд хүрч байгаа. Бид саун гээд л мод, халаадаг төмөр авчраад тавьчихдаггүй. Дэлхий дээр саун, массаж гээд эрүүл мэндийн үйлчилгээ хэрхэн хөгжиж, аль түвшинд хүрсэн байгааг судалж, хамгийн сүүлийн үеийн батлагдсан бүтээгдэхүүн үйлчилгээг, өөрөөр хэлбэл хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог.

Тухайлбал, манайх халуун, хүйтэн усан сан, Турк Хаммам (уурын саун), хамгийн орчин үеийн Sawo брендийн Cedar (улаан хуш) модоор хийсэн Финлянд саунтай. Эдгээр нь нано технологийн элсэн болон ультра шүүлтүүр бүхий ус цэвэршүүлэгч ариутгагч, кварцан гэрлэн халдваргүйжүүлэлттэй тул үйлчлүүлэгчдийн эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан. Эрдэнийн чулуун Ягаан болор, Мана, Гартаам, Хаш, Гималайн давсан өрөөнүүд нь таны ядаргаа стрессийг тайлах тав тухтай орчинг бүрдүүлсэн. Цогц үйлчилгээг бэлэглэх гол зорилтын хүрээнд үнэрт эмчилгээ буюу арома спаг санал болгодог. Их газраар хүрээлэгдсэн манай улсын хувьд далайн эрдэс бодис болон түүний тансаг үнэрээр бүх төрлийн арьс гоо заслын эмчилгээ, иллэгийг хийлгэж эмчлүүлэх нь сэтгэл ханамж болоод амралтын оргил хэсэг болдог.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Нэг талаасаа олон улсын хэмжээний велнесс үйлчилгээг монгол хүмүүст хүргэх , нөгөө талаасаа монгол велнесс үйлчилгээг бүтээх, цаашлаад хамгийн гол нь монгол хүмүүсийг эрүүл болгоход хувь нэмрээ оруулах. Юу гэсэн үг вэ гэвэл, саунд орж, массаж хийлгэх, эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх амьдралын хэв маяг Монголд одоо л хөгжиж байгаа тул бид олон улсын туршлагаар бизнесээ хөгжүүлж, Монголд зөв зохистой хэрэглээг бий болгохоор ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр Монголд эрт дээр үеэс уламжлан ирсэн энэ чиглэлийн арга ухааныг судлан, өөрсдийн үйлчилгээнд нэвтрүүлэхийг зорино.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Манай бизнесийн үнэт зүйл бол хэрэглэгчид болоод ажилчид гэж харж болно. Цаг үе хурдацтай хөгжихийн хэрээр бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөж илүү завгүй, илүү стресстэй, орчны бохирдолтой болж байна. Нөгөө талаас нь харвал хүмүүс эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийж, саунд сууж, массаж хийлгэж, өөртөө болоод гэр бүлдээ зарцуулах цаг хугацаагаа чухалчилдаг болж байна. Манай бизнес хүмүүст энэ боломжийг олгодог. Бид бизнесээ зөвхөн мөнгөн ашгийн төлөө явуулдаггүй. Учир нь бид Монголын анхны цогц велнесс төв гэдгээрээ монгол хүмүүсийг эрүүл тав тухтай, зөв хэв маягаар амьдрахад нөлөөлж байгаа гэдгээ ухамсарладаг.
Энэ нь өөрөө манай бизнесийн гол утга учир юм.

Бидний байнга анхаарч ажилладаг бас нэг зүйл бол ажилчдын тогтвортой байдал. Бид бий болгож бүтээснээ хамтдаа үргэлжүүлэн хөгжүүлэх нь маш чухал юм. Хэдийгээр эдийн засгийн байдал хүнд байгаа ч ажилтан бүрийг тогтвортой ажиллуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхийг хичээж ажиллаж байна.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?


Хэд хэдэн зүйл дээр төвлөрч ажиллаж байна. Велнесс төвийн хэрэглэгчийн үйлчилгээ гэдэг маш чухал байдаг. 120 гаруй ажилтан манай үйлчилгээний салбарт ажиллаж байна. Ажилтан бүр бизнесийнхээ утга учрыг ойлгож, манай хаалгаар орж ирж байгаа хэрэглэгч бүрийг сэтгэл хангалуун гаргах ёстой. Тэр хүн хаалга онгойлгодог хүн байна уу, дуудлага хүлээн авдаг хүн үү, тогооч уу, багш дасгалжуулагч уу гэдгээс үл хамааран бүгд юу хийж байгаагаа ойлгож байх нь чухал учраас үйлчилгээний сургалт, хөгжил дээр байнга анхаарч ажилладаг.

Одоогоор мэргэжлийн өндөр ур чадвартай тайланд массажистуудыг Тайланд улсаас урьж авчран тус улсад төдийгүй дэлхийд алдартай треатмент үйлчилгээг Монголд шинээр нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа. Энэ нь мэргэжлийн массаж, бариа заслын хөгжилд томоохон хувь нэмэр, ахиц дэвшил авчирна гэж найдаж байгаа. Мөн үйлчилгээгээ хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй байлгах үүднээс олон сонголттой багц үйлчилгээ, улирлын чанартай велнесс үйлчилгээнүүдийг нэвтрүүлж байгаа.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Үйлчлүүлэгчдийнхээ амарсан, алжаал нь тайлагдсан байгаа царайг харах, тэдний талархлыг хүлээх үнэхээр сайхан байдаг. Эргээд хийж бүтээсэн бүтээн байгуулалтаа харахад хамтдаа байсан залуучууд, гэр бүл, хамт олноороо бахархаж суудаг даа. Зарим хүмүүсийн үүнийг хэн хийв гэсэн асуултад монголчууд хийсэн гэж хариулахад "Монгол хүмүүс бас чаддаг юм байна" гэхийг сонсоход үнэхээр бахдалтай байдаг.

Шинэ зүйл болохоор анх ийм велнесс цогц үйлчилгээний соёлыг нэвтрүүлэхэд хүндрэлтэй байсан. Өмнө нь хүмүүс энд тэндхийн салангид саун массажанд ордог соёл тогтсон байсан. Гэхдээ хийж байгаа ажил маань өөрөө зөв зорилготой учраас одоо хүмүүс ач холбогдлыг өндрөөр үнэлдэг болоод байгаа.

ТАНАЙ АЛЬ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮМҮҮС ХАМГИЙН ИХЭЭР СОНИРХДОГ ВЭ?

Манай олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс гималайн давсан өрөөнд орж ядаргаагаа тайлах сонирхол их өндөр байдаг нь харагддаг. Хана, тааз, шал гээд бүх зүйлийг гималайн уулсын давсаар хийсэн, халуун өрөө байдаг юм. Энэ өрөөнд амрахад хөлс их ялгарч, ядаргаа бүрэн тайлагдаж, амардагтай холбоотой байх. Хавар олон хүн харшлын эсрэг эмчилгээгээ энэ өрөөнд хийсэн дээ. Бас сүүлийн үед манай нэвтрүүлсэн шинэ төрлийн тайланд массаж, эмчилгээнүүдийг их сонирхож байна. 4 гарын тайланд массаж, гуа-ша, ток-сэн эмчилгээ, халуун чулуун, халуун тосон гээд дэлхийн олон улс орноос зөвхөн Тайланд улсыг зорин очиж хийлгэдэг массаж, эмчилгээнүүдийг манайд хийлгэх боломжтой болсон байгаа. Зөвхөн тайланд мэргэжлийн массажистууд, олон жилийн туршлага олж авсны үндсэн дээр эдгээр массаж, эмчилгээг хийх эрхийг нь олж авдаг.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.