Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   12 сарын 11, 2016

7 хоногийн тойм: Бүгдийг алмайруулсан Amazon Go + Улс төрийн бужигнаан + Beyonce vs Adele

Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог "Төрийн соёрхол" хүртлээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүүхдийн нэрт зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Жамбын Дашдондогт "Төрийн соёрхол" хүртээлээ. Өдгөө 75 настай энэ эрхэм 24 жилийн турш монгол улсаа тойрон нүүдлийн номын сан ажиллуулж, төв суурин газраас алслагдсан сум, орон нутгийн хүүхдүүдэд ном уншуулах ажлыг зохион байгуулсан нэгэн юм. Ерөнхийлөгчийн зарлигт "Аав, ээж, би”, “Морьтой үлгэр”, “Чулуун домог”, “Өргөө”, “Гурван марал” зэрэг шилдэг бүтээлээрээ дэлхийн хүүхдийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сувдан сондор адил үлгэрийн цомог нээж, хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Жамбын Дашдондогт Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсүгэй” гэжээ. Тэрээр өөрийн санаачилсан "Алтан үлгэр" цувралаараа хүүхдийн шилдэг зохиолын 108 номыг хэвлүүлэн гаргажээ. Түүний бүтээлүүд англи, япон, солонгос зэрэг 10 гаруй хэлнээ орчуулагдан гарсны дотор "Есөгчин" нэртэй үлгэр нь Английн зарим сурах бичгүүдэд багтжээ. Тэрээр үүнээс гадна дэлхийн хүүхдийн шилдэг зохиолч С.Маршак, К.Чуковский, А.Барто, С.Михалков, И.Тургенев нарын зохиолоос монгол хэлнээ орчуулж гуч гаруй ном гаргасан билээ. “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонин, “Залуу үе", “Залгамжлагч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж хүүхэд, залуучуудын утга зохиолыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг шагнал гардуулах үеэр онцолж байлаа.

Ikon: Ж.Дашдондог: Зохиолыг минь уншдаг хүүхдүүддээ баярлалаа
President.mn: Хүүхдийн зохиолч, СГЗ Ж.Дашдондогт Төрийн соёрхол хүртээлээ

"Төрийн соёрхол"-ыг жилд 5 хүртэлх хүнд хүртээдэг бөгөөд шинжлэх ухаан, техникийн томоохон нээлт, ололт, технологийн туйлын оновчтой шийдэл, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн онцгой амжилт гаргасан, үндэсний соёл, урлаг, утга зохиол, уран барилгын шилдэг бүтээл туурвиж амжилт бүтээлээрээ гадаад дотоодод алдаршсан олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн хүмүүст олгодог.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Kickstarter-аас 10 гаруй сая доллар босгож, "мөрөөдлийн" гэмээр замналтай явсан Pebble-ийн "үнсгэлжингийн үлгэр" дууслаа. Нэгэн үе 740 сая доллараар үнэлэгдэж, Citizen, Intel-ийн худалдан авах саналаас татгалзаж байсан ухаалаг утас үйлдвэрлэгч Pebble "дөнгөж" 40 сая орчим доллараар Fitbit-д зарагджээ. Борлуулалт удааширсан, Apple Watch-аас эхлээд өрсөлдөгчид зах зээлд байршиж эхэлсэн зэрэг шалтгаанууд Pebble-ийн өрсөлдөх чадварыг эрс доошлуулаад байсан юм. Цахим болзооны тэргүүлэгч апп Tinder-ийн үүсгэн байгуулагч Ш.Рад CEO-ийн албан тушаалаа хүлээлгэн өгч, толгой компанийнхаа шинээр бий болгож буй гарааны компаниудад хөрөнгө оруулах зорилго бүхий Swipe Ventures-ийг удирдах боллоо. Өмнө нь удирдах зөвлөлийнхөө саналаар компаниасаа "хөөгдсөн" ч удалгүй буцан ирж байсан Радын орыг Tinder-ийг эзэмшдэг Match Group-ийн CEO Грегг Блатт гүйцэтгэх аж. 300 сая хэрэглэгч өдий болтол ашигласаар буй онлайн асуулт, хариултын Yahoo Answers анх удаа гар утсанд зориулсан хувилбараа гаргажээ. Гар утасны апп-д нэмэлтээр Quora-тай ижил олны танил алдартнууд, экспертүүд хариулт өгөх боломжтой болсон гэнэ. Дижитал хөгжмийн зах зээлийн тэргүүлэгчдийн нэгдэх хэлэлцээр бүтэлгүйтсэн гэнэ. Ирэх жил IPO хийх боломжтой гэгдэж буй Spotify Берлиний хамгийн амжилттай стартапуудын нэг Soundcloud-ийг худалдаж авснаар лиценз, зохиогчийн эрхийн асуудлуудтай тулгарах тул IPO хийхээс өмнө худалдан авах нь ашиггүй гэсэн шийдвэрт хүрчээ. Энэ хооронд тэдний өрсөлдөгч Apple Music 20 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй болсон гэдгээ зарлажээ. Мөн Microsoft анх зарласнаасаа 6 сарын дараа Linkedin-ийг 26 тэрбумаар худалдан авах үйл ажиллагааг дуусгаснаа зарлаж, дараагийн төлөвлөгөөнүүдээ танилцуулжээ.


QZ: Pebble-ийн түүхээс бид юуг сурч болох вэ?
Techcrunch: Spotify-ийн Soundcloud-ийг худалдаж авах хэлэлцээр зогслоо

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Fitbit компани Pebble-ийн ухаалаг утасны үйлдвэрлэлийг зогсоож, инженерийн багийг нь өөрсдийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт рүү шилжүүлнэ гэнэ.

Улс төрийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхий дахинаа улс төрийн сонирхолтой, онцлох үйл явдлуудаар дүүрэн долоо хоног өнгөрч байна. Монголд хүлээлт өндөртэй байсан Ардчилсан намын 6-р их хурал явагдаж, намын даргаа бүх гишүүдийн дунд сунгаа хийн 1-р сарын 29-нд тодруулах, 2-р сарын 12-нд явагдах 7-р их хурлаар батламжлахаар тохирон өндөрлөлөө. Харин БНСУ-д бараг сарын турш үргэлжилсэн ард түмний эсэргүүцэл, шахалтын дараагаар ерөнхийлөгч Пак Гын Хэ үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр боллоо. Тэрээр өөрөө ажлаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэний дараагаар парламентын олонхын саналаар энэ шийдвэрийг баталгаажуулсан юм. Дээд шүүхийн олонх нь энэ шийдвэрийг дэмжвэл шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгууль 60 хоногийн дотор явагдах ёстой. Одоогоор ерөнхийлөгчийн үүргийг шинээр томилогдоод удаагүй байгаа ерөнхий сайд Хван Кё Ан гүйцэтгэж байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама "2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын хакерууд нөлөөлсөн байж болзошгүй" талаарх ТЕГ-ын мэдээлэлд бүрэн хяналт хийх даалгавар өгсөн нь ихээхэн шуугиан дэгдээлээ. Аюулгүй байдлын албаныхны үзэж байгаагаар Оросын хакерууд Ардчилсан намын удирдлага, Хиллари Клинтон болон түүний штабын гишүүдийн имэйл рүү халдаж, Wikileaks-д мэдээлэл өгч, олон нийтийн үзэл бодолд нөлөөлөх үйлдлүүд хийсэн байж болзошгүй гэнэ. Европын Холбооны хамгийн нөлөө бүхий гишүүдийн нэг Италид мөн улс төрийн тодорхойгүй байдал үүсээд байна. Засаглалын нүсэр бөгөөд хүнд бүтцийг өөрчлөх зорилгоор үндсэн хуулинд өөрчлөлт хийх "зөвшөөрөл" хүссэн бүх ард нийтийн санал асуулгад олонхын дэмжлэг авч чадаагүй ерөнхий сайд Маттео Ренци өмнө амласны дагуу албан тушаалаа хүлээлгэн өглөө. Дараагийн сонгууль 2018 онд явагдах ч зарим улс төрийн хүчнүүд яаралтай сонгуулийг зарлах хэрэгтэй хэмээн үзэж байгаа ажээ. Гэхдээ Австрид явагдсан дахин сонгуулийн дүнгээр цагаачдын эсрэг бодлогыг дэмждэг, Европын холбооны эсрэг байр суурьтай "популист" Н.Хофер ялагдал хүлээж, эдийн засагч, ногоон намын нэр дэвшигч А.Ван Дер Феллен ялсан нь Европын холбооны лидерүүдийн хувьд сайн мэдээ байлаа. 2008 оноос хойш Шинэ Зеландыг удирдсан Жон Кэй ерөнхий сайдын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн нь гэнэтийн үйл явдал байлаа. Улсынхаа түүхэн дэх хамгийн нэр хүндтэй, сайн лидерүүдийн нэг хэмээн үнэлэгдэж байсан Кэй "хувийн шалтгааны" улмаас ажлаа өгөхөөр шийдсэн гэнэ. Тэгвэл Гамбиаг 1994 оноос хойш удирдсан Я.Жамме 12-р сарын 1-нд явагдсан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж, ахин сонгууль явуулахыг шаардсан нь олон улсын дургүйцлийг хүргэж байна. Жамме сонгуулийн дүнгээр өрсөлдөгчдөө ялагдсан бөгөөд бүр ялагдлаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийчихээд байсан билээ.


Washington Post: Оросууд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн үү?
CNN: БНСУ-ын улс төрийн амьдрал яагаад улам "тодорхойгүй" болсон гэж?

БНСУ-ын парламентийн гишүүд түүхэн шийдвэр гаргаж, 234:56-ын саналаар ерөнхийлөгчөө огцруулахаар шийдэв. Нийт 200 санал П.Гын Хэг "унагахад" шаардлагатай байсан юм.

Amazon Go танилцуулагдлаа

Жижиглэнгийн худалдааны бизнесийг тэр чигт нь өөрчлөх боломжтой технологийг Amazon танилцууллаа. Тэд худалдан авсан бүтээгдэхүүнээ заавал бичүүлэх албагүй, шууд аваад гарч болдог, гарсных нь дараа өмнө нь ачаалсан байсан аппликэйшнээр дамжуулан төлбөр нь хийгддэг технологийг танилцуулсан юм. Machine Learning болон computer vision технологиудыг хослуулан мэдрэгчүүд ашиглаж, 4 жилийн турш боловсруулсны эцэст танилцуулж байгаа энэ технологио "зүгээр л аваад гар" буюу "Just Walk Out Technology" гэж нэрлэжээ. Уг дэлгүүрт шууд хэрэглэхэд зориулагдсан хагас болон бүрэн боловсруулсан хоол, бялуу зэрэг бүтээгдэхүүнүүд хийгдэх юм. Цаашид сүлжээ дэлгүүрийн хэлбэртэйгээр хөгжих Amazon Go хамгийн эхний дэлгүүрээ 170 м2 хэмжээтэйгээр Сиэтлд нээгээд байгаа гэнэ. Одоогоор зөвхөн Амазоны ажилчид л үйлчлүүлэх боломжтой бөгөөд 2017 оны эхний улирал гэхэд олон нийтэд нээлттэй болохоор төлөвлөж байгаа гэнэ.

Forbes: Тоглоомын дүрмийг өөрчлөх технологийг Amazon танилцууллаа
Mashable: Дронуудыг март, Amazon Go бол ирээдүй

Грэмми нэр дэвшигчдээ зарлалаа

Америкийн дуу хөгжмийн хамгийн том наадам болох Грэмми 2017 оны наадамд нэр дэвшигчдийг зарлалаа. Урьдчилан таамаглаж байсанчлан энэ жилийн гол өрсөлдөөн шилдэг цомог, шилдэг дуу, шилдэг бичлэг зэрэг гол шагналуудад хамтдаа нэр дэвшсэн Бэйонсе, Аделе нарын хооронд өрнөх нь. Бэйонсе өнгөрсөн 4-р сард гаргасан Lemonade цомог болон түүнд багтсан бүтээлүүдээрээ нийт 9 шагналд, тэр дундаа рок категорид хүртэл нэр дэвшсэн нь энэ жилийн хувьд хамгийн өндөрт тооцогдоно. Түүний араас Drake, Rihanna, Kanye West нар 8 шагналд нэр дэвшсэн бол Аделе 2015 онд гаргасан "25" цомгоороо 5 төрөлд өрсөлдөж байгаа аж. Сүүлийн цомгоо гаргаад удаагүй байхдаа нас барсан домогт Дэвид Боуви нийт 4 төрөлд нэр дэвшсэн ч "оны шилдэг цомог"-т нэр дэвшиж чадаагүй нь олныг гайхашруулсан. Боуви карьертаа ганцхан удаа л Грэмми хүртэж байсан юм. Нетфликсийн өнгөрсөн зуны хит цуврал Stranger Things-ийн 2 ч дуу нь "визуал бүтээлийн шилдэг дуу" төрөлд нэр дэвшсэн нь сонирхолтой. Грэмми 2017 2-р сарын 12-нд явагдах юм. Төгсгөлд нь өчигдөр болсон Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд өөрийн биеэр оролцож чадаагүй, энэ жилийн утга зохиолын салбарын ялагч Боб Диланы уран бүтээлийг алдарт П.Смит хэрхэн амьдруулсныг эндээс үзээрэй.

Vulture: Грэмми 2017: Гэнэт хасагдсан болон тооцоолоогүй нэр дэвшигчид
Pitchfork: Грэммигийн нэр дэвшигчдээс анзаарах 6 зүйл

Өнөө цагийн дуу хөгжмийн ертөнцийг өнгийг тодорхойлогчдын өрсөлдөөнд хэн нь давамгайлахыг бид 2-р сард мэдэх болно.

18790   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.