Онцлох Бизнес

Онцлох бизнес: "Сүүн Шүдхэн" хүүхдийн шүдний эмнэлэг - Бяцхан иргэдээ хамгаална

12 сарын 05, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


26702   4




“Онцлох бизнес" буланд төрөл бүрийн бизнесүүд ордгийг манай уншигчид мэднэ. Бид энэ удаа нэгэн шүдний эмнэлгийг онцолж байна. Тэр дундаа хүүхдийн шүдний эмчилгээгээр мэргэшсэн, тохилог тухтай, хүүхдэд ээлтэй орчинтой “Сүүн Шүдхэн” эмнэлгийг танилцуулж байна. Тус эмнэлэг хэдхэн хоногийн өмнө 3, 4-р хорооллын Минж Плазад шинэ салбараа нээгээд байгаа юм. Энэ нийтлэлээс та бүхэн хүүхдүүдээ, дүү нараа яагаад энэ эмнэлэгт үзүүлэх хэрэгтэйг олж мэдэх болно.

Бизнесийн нэр: "Сүүн Шүдхэн" хүүхдийн шүдний эмнэлэг
Хаяг: 3, 4-р хорооллын "Минж Плаза" дэлгүүрийн 3-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Хүүхдийн шүдний эмчилгээ
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 оны 8-р сар
Үүсгэн байгуулагч: Н.Билгүүн, Н.Дөлгөөн
Ажилтны тоо: 30
Фэйсбүүк: "Сүүн Шүдхэн" хүүхдийн шүдний эмнэлэг

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Манайд хувийн шүдний эмнэлгүүд сүүлийн жилүүдэд олширч байгааг та бид мэднэ. Улаанбаатар хот гэхэд 250 орчим шүдний эмнэлэгтэй гэсэн судалгаа бий. Гэхдээ чанарын шаардлага, стандарт хангаагүй эмнэлэг олон байдгаас гадна яг хүүхдийн шүдний эмчилгээгээр дагнасан эмнэлэг байдаггүй байсан. Гэтэл гадаадын орнуудад хүүхдийн шүдний эмчилгээгээр мэргэшсэн эмч нарыг олноор нь бэлтгэж, тусдаа төрөлжсөн эмнэлгүүдийг байгуулдаг. Тийм ч учраас Монголын хүүхдийн шүдээр мэргэшсэн 20-иодхон эмчийн нэг болох эгч маань ийм орон зай байгааг мэдэрч, эмнэлэг байгуулах санааг анх гаргасан юм. Ингээд жил гаруйн өмнө анхны Өгөөж ХК-ийн урд, Сөүлийн гудамжинд анхны салбараа нээж байлаа. Нээгдсэнийхээ маргааш л битүү хүнтэй болж байсан гэхээр монголчуудад дутагдаж байсан, тун хэрэгцээтэй үйлчилгээ болох нь илэрхий болсон.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Гэр бүлийнхээ санхүүжилтээр л шийдсэн дээ. Хөрөнгөө гаргаад, эгч маань эмчилгээгээ хариуцаж, би бизнес талаа хариуцаж эхэлсэн.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Хүүхдийн эмнэлэг учраас хамгийн түрүүнд хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлсэн гэдгээ дурдах хэрэгтэй байх. Хүүхдүүд шүдний эмнэлэгт ороод цагаад халадтай эмч хараад айдастай болчихдог тул эмчилгээ үр дүнгүй болох тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс тэднийг өмнө нь тоглуулж, сэтгэл санааг нь бэлдэхийн тулд бид Break House тоглоомын дэлгүүртэй хамтарч орчноо тохижуулсан. Мөн шүдээ эмчлүүлж байх үед таблетаар дуртай хүүхэлдэйн киног нь үзүүлдэг.

Эмнэлгийн хамгийн чухал зүйл бол мэргэжлийн эмч нар. Манайд хүүхдийн шүдний эмчилгээгээр мэргэшсэн, хүүхэдтэй сэтгэлзүйч мэт харилцаж чаддаг чадварлаг эмч нар ажилладаг. Залуучуудаас бүрдсэн манай хамт олон шинэ зүйлд тун соргог. Бид эмч нараа байнга сургалт, семинаруудад хамруулдаг. Жижиг, дунд мэс ажилбаруудыг 1-р эмнэлгийн мэргэжлийн мэс засалчдаар хийлгэдэг.

Манай эмнэлгийн шинэ салбар хүүхдийн 4 суудал, өсвөр насны хүүхэд болон том хүнд 1 суудалтай. Хүүхдээ эмчлүүлэхийн зэрэгцээ эцэг эхчүүд, дагуулж яваа хүмүүс нь өөрсдийнхөө шүдийг үзүүлж эмчлүүлэх боломжтойгоор онцлог. Ингэж хэлэхээр хүүхдийн эмчилгээг том хүнийхтэй хольж болж байгаа юм уу, шүдний эмнэлэг нь элэгний В, С вирус гэх мэт өвчин халдах сурвалж болдог шүү дээ гэж зарим хүн бодох байх. Гэхдээ манайх эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн тал дээр онцгой анхаарч, 7 шат дамжлага бүхий ариутгал хийдэг юм. Том хүн, хүүхдийн эмчилгээний багаж хэрэгсэл холилдоно гэсэн зүйл огт байхгүй тул та санаа зовохгүй байж болно.

Үнийн хувьд чанартай үйлчилгээ үзүүлдэг, хүүхдэд тусгайлан зориулсан орчинтой ижил түвшний эмнэлгүүдээс хямд гэж хэлнэ. Нэг ломбо тавиулахад 20 мянга, түрхлэг 3 мянга гэх мэт. Монголчуудын хүүхдийнхээ төлөө мөнгө хайрладаггүй байдлыг овжиноор ашиглах гэдэг бизнесүүдээс манайх огт өөр бодлого барьдаг шүү.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Бид салбартаа тэргүүлэгч, хүүхдийн шүдний сүлжээ эмнэлгийг байгуулж, эрүүл монгол иргэнийг бэлтгэх алсын хараатай. Хүүхдийн шүдний өвчлөл цаашдын олон өвчний суурь болдог учраас манай үйлчилгээ эрүүл монгол хүн олон болоход ихээхэн тус болно гэдэгт итгэдэг. Тийм ч учраас бид өвчилснийх нь дараа эмчлэх биш, урьдчилан сэргийлэх зорилгоор фэйсбүүк хуудсаараа дамжуулан шүдээ хамгаалах зөвлөгөөнүүдийг видео, инфографик хэлбэрийн контент болгон түгээдэг. Бид энэ чиглэлээр сургууль, цэцэрлэг, телевизүүдтэй хамтран ажиллаж байгаагаа цаашид илүү өргөн цар хүрээтэй болгохоор төлөвлөж байна.

Мөн манай улсын шүдний эмчилгээний технологи өндөр хөгжилтэй орнуудыг бодвол олон жилийн хойно яваа тул шинэ, сүүлийн үеийн технологиудыг Монголдоо хамгийн түрүүнд нэвтрүүлж байхыг эрмэлзэх болно.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС ТАНЬ ЮУ ВЭ?

Хэрэглэгчийн сэтгэл ханамж бол бидний хамгийн эрхэмлэдэг зүйл. Бид төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлэг болохоор төлсөн үнээсээ давсан үйлчилгээг үзүүлж, сэтгэл ханамж амлах ёстой. Хүнд суртал, хүлээлт дараалалтай байж болохгүй. Манай эмч нар хүүхдүүдэд үргэлж өөриймсөг, аав ээж шиг нь хандаж эмчилдэг. Үйлчлэх соёл сайн байвал дагаад хүмүүсийн үйлчлүүлэх соёл ч нэмэгдэнэ.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

3, 4-р хорооллын Минж Плаза дахь шинэ салбарын маань нээлт 11-р сарын 26-нд болж өнгөрсөн. Одоогоор энэ шинэ салбараа олон нийтэд таниулах тал дээр анхаарч байна. Мөн шүдний эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг гадаадын чанартай брэндүүдтэй яриа хэлцэл хийж, бүтээгдэхүүнийг нь Монголдоо боломжийн үнээр нийлүүлэхээр ажиллаж байна. Энэ ажил маань нэлээд ахицтай, гэрээний шатандаа яваа шүү.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Манайх 2015 онд энэ чиглэлийн эмнэлгүүд дундаа анхдагчдын нэг болон нээгдсэн. Түүнээс хойш интернэтээр контент маркетинг хийж, төрөл бүрийн зөвлөгөөнүүд нийтэлдэг болсон тул хүмүүс ч манайхыг мэддэг, бусад шүдний эмнэлгүүд ч үлгэр жишээ авдаг болсон. Сүүлийн үед шүдний эмнэлгүүд хүүхдийн эмчилгээгээр төрөлжих хандлага нэмэгдэж байх шиг байна. Бидэнд хандаж туршлага судалж болох уу гэж асуудаг болсон. Тэгэхээр бид ямар ч гэсэн энэ салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа болов уу.

Хэцүү зүйл гэвэл эцэг эхчүүдийн өрөөсгөл хандлагыг хэлж болно. Сүүн шүд удахгүй уначих юм чинь гээд тоодоггүй, эмчилгээ хийж болох шүдийг авахуулчихъя гэх маш буруу хандлага нэн түгээмэл. Шүд авахуулснаар шүдний согог, гажиг үүсдэг. Хүүхдийн сүүн шүдний эрүүл мэнд чухал гэдгийг тэд сайн ойлгодоггүй. Бидний хувьд энэ өрөөсгөл ойлголтыг нь залруулах гэж чадах чинээгээрээ тайлбарладаг.

ЭЦЭСТ НЬ, ТА МАНАЙ УНШИГЧДАД ШҮДЭЭ ХАМГААЛАХ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ ҮҮ?

Монгол хүмүүсийн 93 хувь нь шүдний өвчлөлтэй гэсэн статистик бий. Үүнд буруу хооллолт, амны хөндийн арчилгаа, амьдралын хэв маяг нөлөөлдөг. Жишээ нь аав ээжүүд хүүхэддээ амнаасаа хоол өгдөг. Энэ бол өвчин, нян бактер дамжуулах маш буруу үйлдэл.

Шүд өөрөө эрдэслэг эрхтэн учраас хатуу юмыг зажилж байж бэхэждэг. Орчин цагт монголчууд хатуу юм идэхээ байснаас болж сул шүдтэй болж байна. Хүүхдүүддээ чихэрлэг, хүчиллэг зүйлсийг хяналтгүй өгч байна. Бас хүүхдийн шүд ургасан хойно ээжүүд хөхүүлсээр байдаг. Эхийн сүү чихэрлэг, хүчиллэг байдаг тул шүдийг амархан хорхойтуулдаг, иймээс шөнийн цагаар хөхүүлэх нь шүд хорхойтох эрсдэлийг нэмэгдүүлдэг.Мөн өглөө орой шүдийг нь заавал угаах хэрэгтэй. Хүүхдүүд 6 нас хүртлээ сайн угааж чаддаггүй тул ээж аавууд заавал өөрсдөө дэмжин угаах хэрэгтэй.

Тэгээд хамгийн чухал нь эцэг эхчүүд хүүхдүүдээ 6 сар тутамд хүүхдүүдээ, шүд нь өвдсөн ч бай өвдөөгүй ч бай эмчид үзүүлж байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдийн шүдний эмнэлэгт очих хэрэгтэй. Хүүхдийн шүд бол томчууд бидний шүднээс огт өөр зүйл.

Зургийг Р.Лувсанням

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.