Мэдүүштэй   12 сарын 01, 2016

Ажил дээрээ амжилт гаргах 9 дадал

Өглөө бүр та ажил дээрээ очдог. Гэхдээ та зүгээр л ажлаа хийх гэж очдог уу, эсвэл амжилттай ажиллах гэж очдог уу гэдэг талаараа бодож үзсэн үү? Хамт олондоо, даргадаа, захиралдаа та хэрхэн үнэлэгдэж байгаа бол? Нэгэнт хоногийн 24 цагийн гуравны нэгийг буюу амьдралынхаа ихээхэн цагийг зарцуулж буй ажлын тэр орчинд цагийг аргацааж биш амжилттай, нэр төртэй, үр бүтээлтэй, ажилласан шиг ажиллаж, үнэлэгддэг байх нь чухал. Тиймээс танд өнөөдөр ажил дээрээ амжилт гаргах 9 дадлыг танилцуулж байна. Та хэдэн дадлыг нь эзэмшсэн байна вэ?

1. "Тийм" гэж хэлж сур

Хэрэв танд ажил даалгахад "Тийм", "Чадна" гэж зоригтой хэлж чадахгүй дүлэгнээд, эсвэл асуудал тоочоод байвал таны үнэлгээ ихэд багасдаг хэмээн судалгаанд өгүүлжээ. Тиймээс ажлыг зоригтой "Тийм" гэж хэлээд авах хэрэгтэй. Мөн өөрийн санаачлагаар ажлыг өөр дээрээ авч гүйцэтгэх нь бусдын танд итгэх итгэлийг өндөр болгодог байна. Их ажлыг зоригтойгоор өөр дээрээ авч, тайван гэгч нь цагт нь амжуулж, нугалж байвал та карьерынхаа дараагийн шат руу ороход бэлэн болжээ.

2. Хов жив битгий хөөцөлд

Ямар x байгууллага, бизнест мэдээж асуудал үүсдэг. Энэ бол хэвийн л зүйл юм. Эсвэл тантай хамт ажиллаж байсан хүн тушаал дэвшээд дарга болох тохиолдол ч гарна. Ийм тохиолдолд өөрийн бухимдлыг гаргаж, эсвэл бусдын талаарх хов жив хөөцөлдөх нь мэргэжлийн бус харагддаг бөгөөд таны ажлаас халагдах шалтгаан ч болж мэдэх юм шүү. Тиймээс тайван байж, хов живнээс хол байх хэрэгтэй.

3. Нөхөрсөг бай

Та байгууллагынхаа бүх арга хэмжээ эсвэл бүх ажилд оролцох албагүй. Үндсэндээ тийм боломж ч байхгүй. Гэхдээ та бусдад таалагдаж, итгэлийг нь хүлээхүйц байхын тулд нөхөрсөг, шударга, хэлсэндээ л байдаг байх хэрэгтэй. Очно гэсэн бол оч. Хийнэ гэсэн бол хий. Цэвэрлэгчээс авахуулаад захирал хүртэл бүх хүнтэй ийн харилцаж чаддаг бол таны үнэлгээ асар өндөр болж байна гэсэн үг.

4. Санаачлагатай бай

Ажил даалгасан бол та шууд хий. Битгий цаг үр. Дэмий битгий хүлээ. Хэн ч танд туслахгүй. Цагийг дэмий үрснээр та өөрийн бусдад үнэлэх үнэлэмжээ л багасгаж байна гэсэн үг. Мөн санаачлагатай байх хэрэгтэй. Хэрэв та зөвхөн хий гэснийг л хийдэг бол бусдын нүдэнд та үнэ цэнэтэй харагддаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тушаал дэвшихийг хүсч байгаа бол санаачлагыг гартаа авч шинэ санаа, төслүүдийн талаар бусдадаа ярьж, танилцуулдаг байх хэрэгтэй.

5. Нүүр тулж харилц

Хэдийгээр интернэт алсаас ажиллах боломжийг хангаж, уулзалт хийгээд байх албагүй болгосон ч нүүр тулж харилцдаг байх нь маш чухал байдаг байна. Тиймээс та бусад руу имэйл шидчихээд, эсвэл чатаар биччихээд л орхичихдог бол ажлаа дутуу хийж байгаа гэсэн үг юм. Ахин имэйл явуулж, залгаж, болохгүй бол биечлэн очиж асуудлыг шийддэг дадалд суралцах шаардлагатай.

6. Асуудлуудаа өөртөө л үлдээ

Хүн л юм чинь алдаа гарах үеүүд байдаг. Хоцрох, ажлыг цагтаа дуусгахгүй байх гэх мэт зөндөө. Үүнийг ч дарга, захирал чинь мэдэж байгаа. Алдаа гаргасан үедээ уучлал хүсээд, хариуцлагаа хүлээж, асуудлыг хэрхэн шийдэж талаар санаа, шийдлээ ярьдаг байх хэрэгтэй. Түүнээс биш өөрийгөө хамгаалж, эсвэл "энэнээс болсон, тэрнээс болсон" гэж бусад руу чихэх, таг алга болох, элдэв шалтгаан тоочихыг чинь хэн ч сонсохыг хүсэхгүй. Ингэснээрээ та өөрийнхөө үнэлгээг газар луу чулуудаж байгаатай ижил гэдгийг ойлгох хэрэгтэй.

7. Санал, шүүмжийг тусгаж сурах

Бүтээлч шүүмж, саналуудыг өөртөө тусгаж, хэрэгжүүлж сурах хэрэгтэй. Өөрийгөө хамгаалах хэрэггүй. Их зан гаргах хэрэггүй. Баяртайгаар хүлээж ав, өөр дээрээ тусгаж бод. Хэрэгжүүл. Чамайг хөгжүүлэхийн тулд л шүүмж хэлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөртөө тусгахгүй, өөрчлөлт хийхгүй байх нь үл хүндэтгэж буй мэт харагддаг бөгөөд таныг хөгжих чадваргүй юм байна гэсэн ойлголтыг шууд бусдад өгдөг.

8. Өөрийгөө хөгжүүл

Ямар ч хүн хөгжлийн тодорхой шатанд хүрээд зогсдог. Энэ үед цаашид хөгжихийн тулд суралцах хэрэгтэй. Суралцах гэдэг нь их сургуульд очоод сур гэсэн үг биш юм. Ном унш. Эрэл хайгуул хий. Бусдыг сонс. Бусад чадвартай хүмүүстэй найзал. Гол нь өөрийгөө хөгжүүлэх юмсан гэж хүсч эрмэлз. Хичээ. Аливааг хойш нь тавиад, болж байна л гээд яваад байх юм бол та тамын тойргоос хэзээ ч гарч чадахгүй юм шүү.

9. Санаа бодлоо илэрхийл

Өөрийн санаа бодлоо илэрхийл. Санаа бодлоо илэрхийлэх, шалтгаан тоочих хоёрыг хамгийн гол нь ялгаж салгах хэрэгтэй. Аливаа асуудлыг шийдсэн, бүтээлч зүйл ярьж байвал та санаа бодлоо илэрхийлж байна гэсэн үг. Хэрэв ажлаа бүтээгүй шалтгаан тоочиж байвал буруутаж байгаагийн цондон. Тэгэхээр бүтээлчээр санаа бодлоо илэрхийлж сураарай.

Эх сурвалж: Mental Floss

37554   2


НИЙТЭЛСЭН:

Zack Batsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.