Онцлох Бизнес

Онцлох бизнес: Dynamic Cloud - Таны цахим оффис

11 сарын 28, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


19450   8




Өнөөдрийн онцолж буй бизнес бол Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн инкубаторт бойжиж буй залуу стартапуудын төлөөлөл GoSmart юм. GoSmart үүлэн тооцоолуурт суурилсан цахим оффисын програм Dynamic Cloud-ийг хөгжүүлдэг. Бүтээгдэхүүн нь ижил төсөөтэй бусад үйлчилгээнүүдээс ямар ялгаатай, ямар давуу талуудтай талаарүүсгэн байгуулагчид болох Г.Ганбат, Г.Гантөмөр нартай ярилцсанаа хүргэж байна. 

Бизнесийн нэр: Dynamic Cloud by GoSmart
Хаяг: IT Park, 202 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Онлайн оффис, үүлэн тооцоололд суурилсан үйлчилгээ
Үүсгэн байгуулсан огноо: 2015 оны 11-р сар
Үүсгэн байгуулагчид: Г.Ганбат, Г.Гантөмөр, С.Ганбаяр
Вэбсайт: GoSmart.mn

Бизнесийн санаагаа анх хэрхэн олсон бэ?

Г.Ганбат: Төрийн байгууллагад сүүлийн 10 гаруй жил ажиллах хугацаандаа зөвхөн төрийн ч гэлтгүй ер нь байгууллагууд лицензтэй, албан ёсны эрхтэй програм ашиглахгүй байгаагаас асар их цаг хугацаа, бүтээмж алдаж байгааг анзаарсан юм. Хүмүүсийн дижитал хэрэглээний мэдлэг төдийлөн сайн биш, байгууллагуудын дотоод зохицуулалт сул байдгаас болж мэдэх мэдэхгүй олон програм татаж, тэрнээсээ болоод амархан вирустдэг, гацдаг. Тухайн хүн 2-3 цагийн ажлаа алдаж байгаа мэт санагдаж болох ч том зургаараа өдөр бүр асар олон ажилтан ийм асуудалтай тулгарч, массаараа бүтээмжээ бууруулж байдаг. Тийм учраас дотооддоо үүлэн тооцоолол дээр тулгуурласан, оффисийн хэрэглээний програмуудыг нэгтгэсэн платформ бүтээе гэж шийдсэн.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Анхны хөрөнгө оруулалтаа бид өөрсдийн хуримтлалаас хийсэн гэж хэлж болно. Хэд хэдэн төслүүдэд туслан гүйцэтгэгчээр орж, захиалгын ажлууд хийж гүйцэтгэдэг байсан. Үүнээс гадна үүсгэн байгуулагдаад удаагүй байхдаа МТҮП-ын Инкубаторт орж чадсан нь бидний хувьд том "хөрөнгө оруулалт" байсан гэж боддог. Зөвхөн түрээсийн төлбөрийн "дарамтаас" гараад зогсохгүй олон төрлийн сургалтанд хамрагдаж, зөвлөгөө авах боломжтой байдаг юм.

Зүүн талаас: Г.Ганбат, Г.Гантөмөр (Dynamic Cloud-ийг үүсгэн байгуулагчид)

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Г.Гантөмөр: Бид "Цахим" дээд сургуульд хамтдаа суралцаж байсан юм. Сургуулиа төгсөөд бүгд төр, хувь хэвшлийн байгууллагууд ажиллаж, туршлагаа нэмж, тус тусын зам мөрөө хөөсөн ч ажил хэргийн шугамаар байнга холбогдож, хамтран ажилладаг байлаа. Тиймээс хамтран ажиллах шийдвэр гаргахад нэг хэцүү байгаагүй.

Бүтээгдэхүүний онцлог, давуу талууд нь юу вэ?

Манай бүтээгдэхүүнийг товчоор цахим оффисийн програм гэж хэлж болно. Google Docs дээр ажиллахад чарт, графуудаас эхлээд зарим обьектуудыг дэмждэггүй бол бид Microsoft Office-ийн өргөтгөлтэй бүх файлуудын форматыг 100 хувь дэмждэгээрээ давуу талтай. Синк хийдэг учир бүх файл автоматаар хадгалагдана, мөн интернетгүй байсан ч түүн дээрээ ажиллаж, дараа нь хуулах боломжтой.

Мөн дотоодод сервер маань байршиж байгаа учир том хэмжээний файлыг илүү хурдтайгаар хэмжээ харгалзахгүй хуулж, хандах боломжтой гэсэн үг. Байгууллагуудад зориулсан хувийн клоуд орон зайг нь ч үүсгэж өгдөг. Онлайн орчинд ажилладаг учир ямар нэгэн нэмэлт програм суулгаж, ачааллуулах шаардлагагүй.

Түүнээс гадна үг үсгийн алдаа шалгагчтай. Автоматаар алдаагаа шалгаж цагаа хэмнэж болно. Нэг файл дээр хэдэн ч хүн зэрэг ажиллаж болно, хоорондоо файлаа түвэггүй шэйрлэнэ. Мөн ямар ч төхөөрөмжөөс баг дотроо харилцах боломж олгох чат нэмэлттэй.

Имэйлээ шууд холбож болдог нь мөн онцлогтой. Ингэснээр имэйлээр ирсэн хавсралтууд, файлуудыг шууд програм руугаа оруулах, бусадтай хуваалцах, засвар хийх боломжтой гэсэн үг юм. Бид бүх файлуудаа encrypt хийж хадгалдаг учир мэдээллийн аюулгүй байдалдаа санаа зовохгүй байх нөхцөлийг хангаж байгаа юм

Одоогоор Dynamic Cloud-ийг маань 20 гаруй байгууллагын 600 орчим хэрэглэгч ашиглаж байна.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

CDW-ээс гаргасан судалгаагаар клоуд платформ нь ажилчдын ажлын бүтээмжийг 49 хувиар нэмж, IT үйл ажиллагааны зардлыг 25 хувиар бууруулдаг гэсэн байдаг. Тийм учир бид дотоодын зах зээлийг хөгжүүлж, хэрэгцээг бүрэн хангах зорилго тавьсан. Одоогоор зөвхөн байгууллагуудад зориулсан бүтээгдэхүүнээ санал болгож байгаа ч цаашдаа хувь хэрэглэгчдэд зориулсан үнэгүй хувилбараа гаргах төлөвлөгөөтэй байгаа.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Бид харилцагч нэг бүрийнхээ сэтгэл ханамжийг 100 хувь байлгаж чадах байнгын дэмжлэг, тусламжийн үйлчилгээг үзүүлэхийг зорьдог. Гэрээ байгуулаад, гэрээн дээр зааснаараа л ажиллана гэх биш, илүү уян хатан нөхцөлтэйгөөр харилцан ашигтай хамтран ажиллах эрмэлзэлтэй.

Манай зарим компаниуд үйлчилгээгээ үзүүлчихээд эргэх холбоогүй хаяад явчихдаг, түүнээс болоод зөвхөн тэр компани ч гэлтгүй, салбарын нэр хүнд дагаад уначихдаг. Бид эсрэгээрээ байнгын харилцааг эрхэмлэж, байгууллага бүрт тусгайлан бэлдсэн саналуудыг үзүүлж, тохирсон хувилбарыг нь санал болгох зарчмыг баримталдаг.

Яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Бид яг одоо Dynamic Cloud-ийнхаа гар утасны хувилбар дээр ажиллаж байна. Одоогоор ямар ч төхөөрөмжөөс файлуудаа үзэж, үйлдлүүд хийж болж байгаа бол удахгүй шууд засвар хийж, ажиллаж болдог болгох юм.

Мөн бид тун удахгүй Dynamic Task гэж програмаа гаргах гэж байна. Төслийн удирдлагын хэрэгсэл гэсэн үг. Самбар, жагсаалт ашиглан бүх төрлийн төсөл болон өдөр тутмын ажлуудаа ойлгомжтой уян хатан ажлын цонхоор удирдан явуулах боломжийг бид энэ програмаараа санал болгож байгаа. Клоуд үйлчилгээтэйгээ зохицож ажилладаг учир ажлын бүтээмжийг улам нэмэх боломжтой.

Мэдээллийн технологийн салбарт бизнес эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Бэрхшээлтэй талууд цөөнгүй бий. Хэдий манайд компьютерийн хэрэглээ эрс сайжирч байгаа ч мэдлэг, ойлголтын зөрүү их байсаар л байна. Ийм програм яагаад ашиглах хэрэгтэй, яагаад ажлын бүтээмж үүнээс шууд хамааралтай байдгийг бүрэн ойлгож амжаагүй л байна. Лицензтэй програм ашиглаж дадаагүй байна. Үнэ цэнийг нь мэдрэхгүй хэвээр л. Мэдэхгүй юмандаа мөнгө төлнө гэхээр бүр хэцүү байх шиг байна. Бид хамтрагчдадаа энэ талаас нь сайн ойлголт өгөхийг хичээж, туршилтын хугацаанд үнэгүй ажиллах боломжоор хангаж өгдөг.

Эерэг сайн талууд бүр их. Мэдээллийн технологийн салбарт хийх ажил их байна. Энэ бол бидэнд боломж хангалттай байна гэсэн үг. Шинэ технологи сурах, мэдээлэл судлах гэх мэтээр суралцахад хялбар, зардал харьцангуй багатай салбар гэж боддог. Бид өөрсдөө хүсэл сонирхлоо дагаж ажиллаж байгаа учир сэтгэл хангалуун байдаг.

Учирч байсан сургамжтай явдлаасаа хуваалцана уу?

Бид нэг хэсэг төслүүд дээр ажиллаж, захиалгын ажил гүйцэтгэж явсан. Гэвч ингэж явах нь урт насгүй юм байна гэдгийг сайн ойлгосон. Тиймээс өөрсдөө бүтээгдэхүүн гаргая, түүнийгээ дагнаж хөгжүүлэх нь илүү утга учиртай юм байна гэж бодох болсон. Үүнийг нэлээд хугацааны дараа ойлгосон шүү.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.