Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   11 сарын 25, 2016

Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулсан фото сурвалжилга

Нийслэлийн иргэдийн соёл, урлагийн боловсролд зориулсан олон талт үйл ажиллагаа явуулах, ардын өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилгоор байгуулагдсан Улаанбаатар чуулга 10 нас хүрчээ.
Энэ ойн хүрээнд уран бүтээлийг нь талархан дэмжиж, зорин ирдэг үзэгчдэдээ зориулан таван цуврал тоглолтыг зохион байгуулах гэж буй тус чуулгын байраар бид зочилж, уран бүтээлчидтэй ачаалалтай бэлтгэлийнх нь дундуур товчхон ярилцсанаа хүргэж байна.

ЗАХИРАЛ Р. МӨНХСАЙХАН

Нийслэлийн Улаанбаатар чуулга бол хамгийн залуу мэргэжлийн урлагийн байгууллага. Хожуу ч гэсэн эрч хүчтэй гарч ирээд, бусадтайгаа эн дүйгээд явж байгаад баяртай байдаг. 10 жилийн ойн тоглолт маань өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээсэн зүйлсээ тайлагнах, уран бүтээлчдийнхээ авьяас чадварыг харуулах тоглолт байх болно.

Хуучнаар Залуучуудын соёлын төв байсан энэ барилгад байрлаж байгаа бид залуучуудад чиглэсэн уран бүтээлүүдийг түлхүү хийхийг эрмэлзэж 2014, 2015 онд хоёр ч мюзикл бүтээсэн. Үүнд Б.Амархүү, залуу дуучид болох Хишигдалай, Зоригт, Амина, Цэлмүүн нар тоглосон.

Мөн манай чуулга "Хангарьд үндэсний найрал хөгжим"-өө цахилгаан хөгжимтэй хослуулан Үндэсний поп оркестр байгуулахаар ажиллаж байна. Залуус маань сүүлийн үед үндэсний, этник хөгжим нэлээд сонирхох болсон байна. Colors of Mongolia тоглолтод ийм хөгжим тоглоход үнэхээр гайхалтай сонсогдож, гадаад дотоодын үзэгчид босоод бүжиглэж байсан шүү.

УДИРДААЧ Р.ГАНБАТ

Анх 5 хөгжимчинтэйгээр эхэлсэн хөгжмийн анги маань өнөөдөр 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй "Хангарьд үндэсний найрал хөгжим" болж өргөжөөд байна. Бид өнгөрсөн хугацаанд олон дуулалт жүжгүүд, гадаадын алдартай бүтээлүүдийг тайзнаа амилуулсан.

Манай хөгжмийн анги 12-р сарын 7-нд "Улаанбаатарын үдэш" нэртэй бие даасан тайлан тоглолтоо хийнэ. Энэ тоглолт хоёр хэсэгтэй гэж хэлж болно. Эхлээд бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид юу хийж бүтээв гэдгээ тайлагнан харуулж, дараа нь ирэх жилүүдэд ямар бүрэлдэхүүн, ямар урын сан, ямар дуугаралттайгаар тоглох вэ гэдгийг таниулах юм.

Манай хөгжимчид чанар чансаагаараа Монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх хэмжээнд хүрсэн. "Авьяаслаг монголчууд" шоунд үзүүрлэсэн Мягмарцэрэн, Бархүү, хийлч Дээгий гэх мэт чадалтай хөгжимчид манайд бий. Мөн үндэсний найрал хөгжмөө бид цахилгаан хөгжим, гитар, бөмбөр, олон төрлийн цохивор хөгжмөөр баяжуулж үндэсний поп оркестр байгуулж байгаа. Дуугаралтын хувьд тун өвөрмөц шүү.

ТУСЛАХ НАЙРУУЛАГЧ П.УРНАА

Манай чуулга 2010 он хүртэл Соёлын төв өргөөнд 2-3 өрөөнд байрладаг байсан. Одоогийн байршилдаа шилжиж ирснээс хойш уран бүтээлүүд нэмэгдэж, улам өргөжих болсон. Өдгөөр 100 шахам ажилтантай, Улаанбаатарын хотын бүхий л урлаг соёлын арга хэмжээг дааж авдаг хамт олон болсон байна. Дотоодын төдийгүй гадаад Улаанбаатарын хотын соёлын өдрүүд болоход, манайд гадаадын зочид төлөөлөгчид ирэхэд бид бэлэн байж байдаг.

Өнгөрсөн хугацаанд бид 7-8 дуулалт жүжиг, 2 мюзикл, И.Ф.Стравинскийн "Ариун хаврын тахилга” симфони зэрэг томоохон бүтээлүүдийг тайзнаа тавьсан. Ер нь манай чуулга цаашдаа мюзикл бүтээлүүд дээр голчилж ажиллаж болох юм байна гэж үзэж байгаа. Энэ далимд танай уншигчдыг манай 10 жилийн ойн тоглолтууд, 12-р сарын 9-нд болох "Хүндэтгэлийн концерт"-д хүрэлцэн ирээрэй гэж урья. Энэ тоглолтонд Манай чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ, дээр нь дуучин Сараа, Ариунаа, Нисванис, Маднесс зэрэг манай рок попийн одод оролцоно.

УРТЫН ДУУЧ Б.БАТБОЛД

Би чуулгадаа 8 дахь жилдээ ажиллаж байна. Манай дууны анги 10 жилийн ойдоо зориулж 11-р сарын 27-нд Зохиолч Б.Цогнэмэх, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, найруулагч МУУГЗ Л.Эрдэнэбулган нарын бүтээл "Ай Нан аа" түүхэн дуулалт жүжгээ тавина. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоор буюу 2011 онд анх тавигдсан энэ бүтээлд Хошой чин ван Ханддорж, VIII Богд Жавзандамба хутагт, зэрэг тухайн үеийн шашин, төрийн зүтгэлтнүүдийн ухаалаг шийдвэр, холч хараа, зориг тэвчээрийн хүчинд Монгол оронд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан тухай түүхэн үнэнийг өгүүлдэг юм. Би Далай ламын багш Дандар Аграмбын дүрийг бүтээж байна.

Манай чуулгад МУГЖ цолтой С.Ганзориг, Г.Хонгорзул, Т.Баяраа, Д.Ширмэнтуяа нарын дуучид ажилладаг нь уран бүтээлчдийн чансааг харуулж байгаа болов уу.

БҮЖГИЙН БАГШ Д.БАЯРТ

Манай бүжгийн анги 2011 онд байгуулагдсан. Тухайн үед Д.Энхгэрэл багш маань Улаанбаатар хотод бүжигчдийн шалгаруулалт зарлаад мэргэжлийн бүжигчдийг элсүүлж байв. Одоо 12-уулаа болсон бид 12-р сарын 3-нд "Эрчист ирмүүн" нэртэй тайлан тоглолтоо тавьж, 2014 оноос хойш хийгдсэн шинэ бүжгүүдээ үзэгчдэдээ сонирхуулна. Мөн бусад үндэсний хөгжмийн хамтлагууд мэндчилгээ дэвшүүлж, хамтран оролцох юм.

Өнгөрсөн богино хугацаанд манай бүжигчид чамгүй амжилт гаргасан байна. Энэ 9-р сард л гэхэд дэлхийд чансаагаараа 4-т ордог бүжгийн фестивальд манай бүжигчид 3-р байр эзэлсэн. Одоо манай бүжигчид "Ай Нан аа" дуулалт жүжгийн ардын хэсэг жүжигчнээр оролцохоор бэлтгэлээ базааж байна даа.

Та бүхэн эдгээр тоглолтын мэдээллийг: Улаанбаатар чуулга 10 жил фэйсбүүк хуудас, www.ubchuulga.mn -ээс авна уу.

Гэрэл зургийг Д.Ганзул

19181   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.