Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Бизнес Зөвлөгөө   12 сарын 02, 2016

Бизнес зөвлөгөө: NFC технологи гэж юу вэ? Түүнийг хэрхэн хэрэглэх вэ?

"...Сүүлийн үед NFC гэдэг товчлол энд тэнд нэлээдгүй их харагдах боллоо. Та бүхэн боломжтой бол үүний талаар дэлгэрэнгүй нийтлэл бичиж өгөөч..." Х.Э /2016.10.30/


"...NFC-ээр төлбөр төлнө, бараа худалдаж авна, хөнгөлөлт эдэлнэ гэдэг хэр "бодитой бас найдвартай" зүйл вэ? Буруугаар ашиглагдах юм биш биз? Танайх эдгээрийг хийж байгаа залуусаас яриа авч, нийтэлж болох уу?..." Б.Г /2016.09.04/

Unread рүү хаягласан олон хүсэлтүүд, олон саналууд мэйлээр, мессежээр, сошиал хаягуудаар маань дамжин ирдэг. Ихэвчлэн зочид, бизнес санал болгосон эдгээр мэйлүүд дунд шинэ технологи, сонин хачины талаар илүү ихийг мэдэхийг хүссэн нь ч цөөнгүй. Тиймдээ ч бид тодорхой давтамжтайгаар эдгээр мэйлүүдэд хариулт өгөх, зөвлөгөө нийтлэлүүдээ хүргэж байхаар шийдсэн юм. Хамгийн эхлээд NFC технологийн талаар лавласан дээрх уншигчдынхаа хүсэлтэд хариу бичиж байна.

NFC гэж юу вэ? Хэрхэн ажилладаг вэ?

Near Field Communication буюу богино зайн харилцаа гэж монголоор буух энэхүү технологи нь төхөөрөмж хоорондох мэдээлэл дамжуулах процессийг илүү хялбарчилж буй арга юм. Богино зайд радио долгионоор дамжуулалт хийснээр Bluetooth-ээс илүү хурдан, pair хийх буюу хослох шаардлагагүйгээр холбогдон мэдээлэл дамжуулах боломжийг олгож байгаа гэсэн үг. Эрчим хүч бараг хэрэглэдэггүй учир таны цэнэгийг үрнэ гэж айх хэрэг байхгүй. NFC-ээ асаасан 2 төхөөрөмжөө заавал хүргэх шаардлагагүй, хэдэн см ойртуулахад л хормын дотор мэдээллээ солилцчихно.

NFC-ээр дамжуулж мэдээлэл солилцоход NFC Tag-ийн талаар мэдээлэл өгөх ёстой. Өөр дээрээ багахан мэдээлэл агуулсан, хэд хэдэн үйлдлийг тогтоож ажилладаг, тоггүй ажиллах боломжтой микрочипийн тусламжтай NFC-г бүрэн утгаар нь хэрэглэх боломжтой болж байгаа гэсэн үг. NFC Tag-ийг QR кодтой зүйрлүүлж болно. QR-ийг уншуулахад камер хэрэгтэй, заавал тодорхой зайнд уншуулах шаардлагатай болдог бол Tag-ууд нь юмны цаана байсан ч мэдээллээ уншуулах боломжтой байдгаараа онцлогтой. Та түрийвчнээсээ шууд уншуулж болно оо л гэсэн үг. Мөн заавал камер ашиглах хэрэггүй.


NFC-г хэрхэн ашиглаж байна вэ? Хэрхэн ашиглаж болох вэ?

Сүүлийн жилүүдэд NFC технологийн хэрэглээ дэлхийн өнцөг булан бүрт нэмэгдсээр байгаа. 1983 онд энэ технологитой холбоотой хамгийн анхны патент олгогдсон ч яг 20 жилийн дараа буюу 2003 онд л стандарт нь батлагдаж хэрэглээнд нэвтрэх боломжтой болсон юм. Үүнээс хойш хэрэглээ нь эрс нэмэгдсэн нь 2010 онд Samsung анх удаа гар утсандаа байршуулж, 2011 оноос төлбөр тооцооны хэрэглээнд нэвтэрсэнтэй холбоотой. Apple ч iPhone 6-аас эхлэн NFC-г дэмжиж эхэлсэн нь нэгийг илэрхийлнэ. Гол хэрэглээнүүдийг нь багцлан, жишээтэй тайлбарлая.

Төлбөр тооцоо
Гар утсаа уншуулаад л авсан бараа, идсэн хоолныхоо тооцоог хийчихэж байна гээд бод доо? Цаасан мөнгө байтугай түрийвчийг ч орлох боломжтой энэ технологийг Google Wallet, Apple Pay гээд зах зээл дээрх лидерүүдийн бүтээгдэхүүнүүдээр нь төсөөлж болно. Данид л гэхэд автомат машинаас кола авахдаа утсаа уншуулаад л авчихаж болдог. Зүүн азийн орнуудаар бараг бүх төрлийн тооцоог гар утаснаасаа хийчихэж байна. Энэтхэгт киноны тасалбар авахдаа утсаа уншуулаад л авчих туршилт амжилттай хийгдэж, Найдвартай, хурдан бас күүл нэмэлт биш гэж үү?


Илүү дэлгэрэнгүйг - CNET: NFC-ээр дамжих төлбөр тооцооны тухай таны мэдвэл зохих бүх зүйлс

Лояалти хөтөлбөр
Та яг одоо түрийвчээ онгойлгоод үз дээ? Дотор нь урамшууллын, бонусны, хөнгөлөлтийн карт, цаас байна? Кино театрын, кофе шопынхоос эхлүүлээд супер маркет, фитнесс, шатахуун түгээх станцын гээд зөндөө олон байгаа биз? Тэгвэл NFC технологийн тусламжтайгаар та эдгээрийг бүгдийг нь нэг дор нэгтгэн гар утсандаа багтаах, эсвэл нэг картанд оруулах боломжтой. 2012 онд FlockTag гэх стартап энэ санааг хамгийн анх танилцуулсан нь чамгүй амжилттай яваа. Маш цэгцтэйгээр, гол нь найдвартайгаар урамшууллын оноогоо тооцуулах боломжийг энэ технологи олгож байгаа гэсэн үг. Монголд ч гэсэн үүний "үр ашгийг" эдлэх боломжтой болсон байна. Саяхан нэгэн найз маань монголд яг энэ технологийг ашиглан, цуглуулсан GG онооныхоо хөнгөлөлтийг эдлэн, кофе захиалж, тэр хавийнхнаа "ангайлгасан" тухайгаа бичсэн байсныг эндээс уншаарай.

Илүү дэлгэрэнгүйг - RTB: NFC хэрхэн лояалти хөтөлбөрийг өөрчилж байна вэ?

Сошиал нетворк
Бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон сошиал нетворкинг сайтууд, платформууд ч NFC-г өргөнөөр ашигладаг. Хамгийн анх Японы Mixi нэртэй сошиал апп хэрэглэгчдэдээ энд тэнд очсоноо бүртгэх check-in хийх тагуудыг байршуулснаараа хэрэглээг нэмэгдүүлсэн гэдэг. Одоо бол хэрэглэгчид мессенжер апп-аараа хоорондын мэдээлэл, контактаа солилцох, найз болох, эвентэд бүртгүүлэх, тасалбар авах зэргээр идэвхтэй ашиглаж байна.

Илүү дэлгэрэнгүйг: IJECS: NFC ба сошиал нетворкинг


Нийтийн тээвэрт
Монголчуудын ихээр зорчдог Хонгконгийн нийтийн тээврийн Octopus кард NFC технологийг дэмждэг. Японы Suica ч гэсэн NFC хэрэглэж байгаа нэг жишээ. Та гар утсаа зориулалтын төхөөрөмж, хэвлэл эсвэл стикерт уншуулаад л төлбөрөө төлөх, хуваарь харах гэх мэт боломжуудыг эдэлж болно. Герман, Австри, Франц, Нидерланд, Кени, Израйл, Шри Ланка гээд уртаар үргэлжлэх энэ жагсаалт манайд ч саяхан нэвтэрснийг та дуулсан байх. U Money кардыг багтаасан NFC сим кардтай Unitel-ийн хэрэглэгч шууд утсаа уншуулаад автобусандаа явж болох нь гэсэн үг.

Илүү дэлгэрэнгүйг: Forum: NFC нийтийн тээвэрт

Сурталчилгаа, идэвхжүүлэлт
NFC технологи өөрөө тийм ч үнэтэй биш учир стикерууд ашиглан маркетинг, сурталчилгааны ажлаа явуулах нь сүүлийн үеийн маркетингийн нэлээн түгээмэл хандлагуудын нэг болоод байна. Та өөрийн брэндийн мэдээллийг агуулсан NFC бүхий постер нааж, түлхүүрний оосор, бэлэг тарааж болно. Сурталчилгааны постерынхоо дэлгэрэнгүйг уншуулангуут өгдөг байхаар "ухаалаг" шийдэж болж байна. Нэрийн хуудсандаа NFC-г агуулчихаад уншуулангуут компанийхаа сайт руу эсвэл өөрийнхөө CV рүү үсэрдэг байх нь ч их түгээмэл болж байгаа юм билээ.

Илүү дэлгэрэнгүйг - TPI: Яагаад NFC дижитал маркетингийг тэр чигт нь өөрчилж чадах вэ?

Мэдээж үүнээс гадна олон хэрэглээнд NFC нэвтэрчээ. Сэрүүлэг тавихаас эхлүүлээд хамгаалалтын системээ идэвхжүүлэх, ухаалаг хэрэгслүүдээ удирдах гээд л хэрэглээ өдөр ирэх тусам улам бүр нэмэгдсээр л байна. Халаасандаа тийм ч олон зүйл авч явах шаардлага энэхүү технологийн ачаар үгүй болж байна. Бүх лояалти оноо, төлбөр тооцоо, кардуудын мэдээллээ та утсандаа, сим кардандаа авч явах боломжтой болж байгаа л гэсэн үг шүү дээ. Танд амжилт хүсье.

Хэрвээ танд сүүлийн үед гарч буй технологиуд, түүнтэй холбоотой хэрэглээний болон шийдлийн асуудлууд тулгарвал бидэнтэй чөлөөтэй холбогдож, асуултаа асуухыг хүсье. Та бидэнтэй editor@unread.today хаягаар холбогдоорой.

40633   34


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.