Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   11 сарын 22, 2016

Апп тойм: Цахим мэндчилгээ хүргэх 4 апп

Шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан бид өнөөдөр таны чин сэтгэлийн үгс, баярын халуун мэндчилгээг хайртай дотны хүмүүс, хамтран ажиллагсад, танил найзуудад тань хүргэж чадах 4 апп-ийг онцолж байна. Та эдгээр апп-ийг туршин, хүйтэн өвлийг дулаан үгсээр зөөллөн даваарай.

Someecards

Хэрвээ та алиа хошин зүйлд дуртай бол Someecards апп-ийг сонирхоод үзээрэй. Ийм нэртэй вэб хуудас ч бий. Someecards нь энгийн дэвсгэр дээр хуучны хэв маягтай зураг оруулан дээр нь егөөдөл, ёжлол хавсаргасанбайдаг ба сэдэв сэдвийн хүрээнд маш олон төрлийн и-картууд бий. Хэрэглэгчид картуудаа Фэйсбүүк, Твиттер, Инстаграм, өөр бусад аппууд ашиглан илгээх боломжой. Картуудыг нэмж янзлах янз бүрийн тохиргоо байхгүй тул хэрэглэхэд тун энгийн. Үнэгүй хувилбар нь хэрэглэгчдэд категори бүрээс 10 шинэ картыг нээн үзэж, хүн рүү илгээх боломжийг олгож байгаа. Харин апп-ийг худалдан авснаар бүх картыг нээж үзэж, утсандаа хадгалж болох юм.

Татах: Android, iOS

Ecards

123Greetings.com бол и-картын бизнесийн салбарт анхдагчдийн нэг билээ. Тэдний Ecards утасны апп (Android, iOS) хэрэглэгчдэд и-картны асар өргөн сонголтоос сонголт хийн найз нөхөд, гэр бүлийнхэндээ үнэгүй илгээх боломжийг олгодог. Мөн Ecards апп таны утсан дахь нэрсийн жагсаалт, Фэйсбүүкийн хаягуудтай холбогдсоноор танд төрсөн өдөр, чухал тэмдэглэлт өдрийг сануулах болно. Урын сандаа 30,000 гаруй карттай энэ апп-аас та сонгосон картаа 60 хоногийн хугацаанд хүссэн өдрөө илгээхээр тохиргоо хийж болно. Мөн картаа мессеж, имэйл, Фэйсбүүк гэх мэт өөр бусад апп-аар илгээж болно.

Татах: Android, iOS

Paperless Post

Paperless Post буюу "цаасгүй шуудан" хэмээх апп танд олон төрлийн мэндчилгээ, урилганы загвараас сонголт хийх боломжийг олгоно. Үүнд та өөрөө засвар өөрчлөлт хийж болох бөгөөд дараа нь түүнийгээ онлайнаар болоод цаасан байдлаар хүссэн хүндээ илгээж болох юм. Тус апп мөн янз бүрийн уран бүтээлчдийн бүтээсэн өндөр чанартай дизайнуудыг санал болгох бөгөөд өнгө фонтыг нь та өөрөө өөрчлөх боломжтой. Түүнчлэн картны загваруудад өөрийн зургийг хийж болох сонголт ч бий. Paperless Post-д урилгын менежер байдаг тул RSVP болоод бусад арга хэмжээний нарийн ширийн зүйлсийг тодорхой болгож өгнө. Харин цаасан картын үнэ нь хүлээн авагч, мөн картанд хэр их өөрчлөлт оруулснаар бодогдоно. Харин цахим картууд Coins гэх апп-ийн төлбөрийн нэгжийг ашиглах ба картаа илгээхийн тулд та үүнийг худалдаж авах хэрэгтэй. Ташрамд энэ апп-ийг манай апп тойм булангийн зочин Б.Намнандорж санал болгож байсныг дурдъя.

Татах: iOS

Postale


Шүүгээн дээр овоорох аяллын ил захидлууд таныг залхааж байна уу? Тэгвэл яагаад өөрөө зургаа аваад, өөрийн зурагтай ил захидлыг найз нөхөд, гэрийнхэн рүүгээ илгээж болохгүй гэж? Postale нь Android, iOS үйлдлийн системийн аль алин дээр ажиллана. Үүгээр та өөрийн аяллын зургуудыг ил захидал болгож болох бөгөөд зургаа хүссэнээрээ өөрчилж янзлахад туслах маш олон янзын хэрэгсэл, стиль, филтерүүд бий. Ингээд таныг бэлэн болмогц Postale ил захидал дээр өөрсдийн тамгыг дарж, он сар, байршлыг оруулах ба дараа нь та картаа имэйл, Фэйсбүүк, Твиттерээр илгээх боломж бүрдэнэ. Хэрвээ тус апп-ийг худалдан авбал картаа засаж янзлах сонголтууд улам нэмэгдэнэ.

Татах: Android, iOS, $0.99

Хэрвээ та цахим мэндчилгээ илгээдэг өөр ямар нэг апп ашигладаг бол бидэнтэй хуваалцаарай.

22654   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.