Мэдүүштэй   11 сарын 10, 2016

Даруйхан ангижрах ёстой 9 муу зуршил

Мэдээж хэн ч өөрөө өөртөө төвөг удахыг хүсдэггүй. Гэвч зарим нэг зуршлаасаа болоод бид өөрсдөдөө хэрэгцээгүй сэтгэлийн болоод биеийн ачаалал үүсгэж ажлын бүтээмж, бүтээлч чанараа бууруулж байдаг байна. Дадал зуршил гэдэг бол бидний хэн бэ гэдгийг маань хамгийн сайн тодорхойлж өгдөг зүйл. Бид өөрсдийн талаар янз бүрийн бодолтой байж болно л доо, гэвч жинхэнэ дүгнэлтийг бид биш харин бидний дадал зуршил хэлээд өгдөг юм. Муу зуршлын тухайд гэвэл тэд бидэнд мэдэгдэхгүйгээр биед маань сэмээрхэн суудаг. Тэгээд нэг л өдөр түүний бүтээсэн балгийг бид өөрийн бие дээр амсдаг шүү дээ. Тиймээс бид өнөөдөр даруйхан ангижрах ёстой 9 муу зуршлыг танд хэлж өгье.

Орондоо утас, таблетаа оролдох

Энэ зуршил бидний нойр, ажлын бүтээмжинд ямар их сөргөөр нөлөөлдгийг ихэнх хүмүүс анзаардаггүй. Бидний сэтгэл санааны байдал, хүч энерги, нойронд маш чухал үүрэг гүйцэтгэдэг богино долгионы хөх туяа гэж байдаг юм. Өглөөний наранд энэ туяа их хэмжээгээр агуулагддаг. Таны нүд нар үзэх мөчид нойрны мелатонин гормоны ялгаруулалт зогсож та сэргэг болно. Харин үдээс хойш нарны туяанд хөх туяа агуулагдахаа болиход таны биед мелатонин гормон ялгарч нойр хүрч эхэлдэг байна. Харин оройдоо таны тархи хөх туяа хүлээж авна гэж санаа ч үгүй байна даа. Гэтэл бидний шөнө орой хэрэглэх дуртай нөүтбүүк, таблет, гар утаснаас богино долгионы хөх туяа шууд нүүр, нүд рүү тусдаг. Ингээд мелатонин гормоны ялгаралт буурснаар та унтах, унтсан ч бөх сайн нойрсож чадахаа больдог байна. Нойр муутай хонох ямар сөрөг нөлөөтэйг бид бүгд сайн мэднэ. Иймд оройн хоолноос хойш аль болох дээрх төхөөрөмжүүдийг ашиглахгүй байх нь зөв юм (зурагтыг бид холоос үздэг учир нөлөөлөл нь бага).

Интернетээр дэмий хэсэх

Та хийж буй зүйлдээ 15 минут тасралтгүй төвлөрөхөд ажил руугаа бүрэн “орж” чадна. Энэ үед тархи сайн ажиллаж, ажлын бүтээмж ч үлэмж нэмэгддэг. Судалгаанаас харахад, ажил руугаа ингэж орж чаддаг хүмүүс бусдаасаа тав дахин илүү ажлын бүтээмжтэй байдаг ажээ. Та ажлынхаа дундуур үе үе мэдээ, мэдээлэл уншиж, фэйсбүүкээ шалгаад байвал тархины төвлөрсөн хэмнэл алдагдаж, ажилдаа бүрэн төвлөрч орж чадахгүй байсаар өдөр дуусна. Та үүнийг хүснэ гэж үү?

Яриан дундуураа утсаа шалгах

Хүнтэй ярих хүслийг хамгийн ихээр унтраадаг зүйл бол энэ. Ярианыхаа дундуур мессеж бичих, бүр утас руугаа зэрвэс хараад өнгөрөхөд ч нөгөө хүнд тань таагүй сэтгэгдэл төрнө. Хэрвээ та хүнтэй ярилцаж байгаа бол бүхий л анхаарлаа түүндээ төвлөрүүлэхийг хичээгээрэй. Ингэвэл уулзалт тань илүү сонирхолтой, илүү ч үр дүнтэй болно.

Байн байн мэдээ (notification) хүлээн авах

Байн байн мэдээ, сануулга хүлээн авах нь ажлын бүтээмжинд ихээхэн сөрөг нөлөөтэй. Судалгаанаас харахад, та өөрт ирсэн дохио бүрийн дараа утас, имэйлээ шалгадаг бол бүтээмжээ огцом бууруулах аж. Магадгүй ирсэн мессеж болгонд шуурхай хариулах нь үр бүтээлтэй ажиллаж буй мэт санагдаж болох юм. Гэвч тийм биш шүү. Түүний оронд бүх имэйл/мессежээ цуглуулж байгаад тусгай цаг гарган (хоёр цаг тутамд ч юм уу) шалгах бол илүү шалгарсан, үр дүнтэй арга юм шүү.

"Хортой" хүмүүсийн талаар бодсоор л байх

Өөрт тань таагүй сэтгэгдэл үлдээх хүмүүстэй та амьдралынхаа туршид учирч л таарна. Уурыг тань хүргэдэг хамтран ажиллагч эсвэл өөр хэн нэгэн танд байнга бодогдоод байвал түүний оронд өөрийн талархаж явдаг хүнийхээ тухай бодоорой. Таны анхаарлаа хандуулбал зохих хүндтэй хүмүүс зөндөө бий. Тийм байтал хаа хамаагүй хүмүүсийн талаар бодож эргэцүүлэн эрч хүчээ үрэх нь даанч хайран юм.

Уулзалтын үеэр өөр зүйл хийх

Ялангуяа хүмүүстэй уулзалтанд орж байхдаа та анхаарлаа сарниулж яавч болохгүй. Хэрвээ уулзалт танд чухал хэрэгтэй санагдахгүй байвал анхнаасаа түүнд оролцохгүй байсан нь дээр. Уулзалтын үеэр өөр зүйлс оролдох нь та бусдыгаа үл ойшоож, өөрийгөө дээгүүр тавьж байна гэсэн сэтгэгдлийг төрүүлэх болно.

Хов жив ярих

Хов хөөцөлдөгчид голдуу л бусдын азгүйтэл, бүтэлгүйтлээс кайф авч байдаг. Хэн нэгний хувийн амьдрал болоод ажил карьерт нь гарсан дуулиан шуугиан эхлээд сонсоход сонирхолтой ч яваандаа таныг ядрааж, эвгүйцүүлж, бусад хүний сэтгэлийг ч сэвтээхэд хүргэнэ. Бусдад учирсан таагүй явдлын талаар ярьж цагаа үрээд хэрэггүй. Эргэн тойронд маань болж бүтэж буй эерэг сайн зүйлс, мөн суралцаж үлгэр жишээ авах хүмүүс тоймгүй олон байгаа шүү дээ.

Нөхцөл боломж гарахыг хүлээн гар хумхин суух

Ихэнх зохиолчид зохиолынхоо дүрүүд, үйл явдлыг дахин дахин ноороглодог. Бүр зохиолд нь багтахгүйг мэдэх хэрнээ хэдэн ч хуудсыг хамаагүй бичдэг. Учир нь тэд аливаа санаа боловсроход цаг хугацаа ордгийг мэддэг юм. Харин бид аливаа ажлыг эхлүүлэх болохоороо хөшчихдөг. Санаа маань төгс биш байх вий гэдгээс, хийж буй зүйл маань сайн болохгүй байх вий гэдгээс бид айдаг. Гэтэл та тухайн зүйлийг эхлүүлэлгүйгээр, шинэ санаандаа боловсрох хугацааг нь гаргаж өгөлгүйгээр хэрхэн мундаг сайн зүйлийг бүтээх билээ? Зохиолч Жоди Пикулт төгс төгөлдөрийн хойноос улайрахгүй байхыг энгийнээр ингэж хэлсэн байдаг юм: “Муу бичвэрийг засаж болно, харин хоосон цаасыг яаж ч чадахгүй.”

Өөрийгөө бусадтай харьцуулах

Хэрвээ та өөрийгөө бусадтай харьцуулснаар баяр баясал, сэтгэл ханамжийг олж авдаг бол аз жаргал таны мэдэлд биш байна гэсэн үг. Хийсэн зүйлдээ та сэтгэл хангалуун л байгаа бол бусдын санаа бодол, хүрсэн амжилтаас болоод тэр мэдрэмжээ бүү унтраагаарай. Би бусдад ямар санагдах бол гэсэн бодлыг ор тас огоорох хэцүү. Гэлээ гэхдээ өөрийгөө бусадтай харьцуулах шаардлагагүй. Бусдын дүгнэлтийг тэр чигээр нь хүлээн авах ч хэрэггүй, тэнд оносон ч зүйл бий, оноогүй нь ч бий. Ингээд ирэхлээр таны өөрийгөө үнэлэх үнэлэмж дотроосоо төрж, эргэн тойрны хүмүүсийн бодол үйлдэл танд нөлөөлөхгүй болно. Хүмүүс юу ч гэж хэлж байсан нэг л зүйл тодорхой. Бусдын үг таныг яавч бүрэн тодорхойлохгүй.

Эх сурвалж: Entrepreneur.com

35338   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.