Онцлох Бизнес

Онцлох бизнес: Talent Media - Мөрөөдөлдөө хүрэхэд тань тусална

11 сарын 07, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


15547   5




Бид "Онцлох бизнес" буландаа анх удаа маркетингийн цогц үйлчилгээ үзүүлэгч компанийг танилцуулж байна. Үүсгэн байгуулагч хоёр бүсгүй нь энэ салбарын шинийг эрэлхийлэгч, бүтээлч мэргэжилтнүүд бөгөөд авьяастай, мэдлэг чадвартай хүмүүсийг өөрийн бүтээл, бүтээгдэхүүн үйлчилгээг олонд таниулж, далайцтай сурталчилна хэмээн компаниа Talent Media хэмээн нэрлэжээ. Та бүхэн тэдний юу санаж бодож явдаг, хэрхэн ажилладаг, юунд зорьж яваатай танилцана уу.

Бизнесийн нэр: Талент Медиа ХХК
Үйл ажиллагааны чиглэл: Хэвлэл мэдээллийн стратеги, эвент менежмент, консалтинг, сурталчилгаа, дижитал маркетинг, хувь хүн болон байгууллагын ПиАр
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 оны 07-рсар
Үүсгэн байгуулагч: Д.Буянхишиг, Г.Мандах
Ажилтны тоо: 5
Вэб: www.talentmedia.mn, www.facebook.com/talentmediamn

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Дарамбазарын Буянхишиг: Олон бээрийн аялал нэг л алхмаас эхэлдэг гэдэг. Хамгийн анх бид хоёрт танилууд, найзууд маань шинэ уран бүтээл, шинэ бизнесээ зах зээлд гаргахад маркетингийн туслалцаа үзүүлээч гэж ханддаг байлаа. Анзаараад үзэхэд бидний эргэн тойронд янз бүрийн авьяас, мэдлэг, чадвартай хүмүүс хэрхэн өөрийнхөө шинэ бүтээлийг олон нийтэд таниулах, илүү өргөн цар хүрээнд хүргэхээ мэдэхгүй тухайн зүйлийнхээ үр шимийг бүрэн дүүрэн хүртэхгүй байгаа юм шиг анзаарагддаг байсан. Зарим хүмүүс бүжиглэх гэж, дуулах гэж, жүжиглэх гэж, ямар нэг зүйл бүтээх гэж төрдөг. Харин бид тэдний мөрөөдлийг УРЛАХ гэж компаниа байгуулсан.

Гантөгсийн Мандах: Эхлээд арын албаны туслах, хөндлөнгийн зөвлөгч нь байсан бол хажуугийн чиглүүлэгч, хамтрагч түнш нь болохоор шийдэж хамтдаа Talent Media-г үүсгэсэн.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Бид өөрсдийн хувийн хуримтлалаас анхны хөрөнгө оруулалтаа шийдсэн.

ХАМТРАГЧАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Д.Б: Бид Юнител компанийн маркетинг албанд 3 жил орчим хамт ажилласан. Баг, хамт олон болоход нэг нь нөгөөгөө үргэлж хурцалж байх нь чухал. Бидний нэг нь маркетер, нөгөөх нь сэтгүүлч буюу эрхэлж буй бизнестээ зайлшгүй хэрэгтэй 2 гол мэргэжлийг эзэмшсэн хүмүүс. Хэн хэнийхээ дутууг нөхөж дундуурыг дүүргэж ажилладаг. Би өөртөө байхгүй зарим эрхэм чанаруудыг Мандуугаасаа олж хардаг. Би ухарч байх үед Мандуу намайг түлхэнэ. Мандуу ухрах үед би яагаад энийг эхлүүлснээ сануулдаг гэх мэтээр бие биеэ үргэлж хурцалж байдаг. Ингээд бодохоор бид үнэхээр азтай, мөрөөдлийн баг гэж хэлж болно.

Г.М: Хүнд аяга угаа гэж хэлчихээд угаасан аягыг нь хараад санаанд нийцэхгүй бол дахиж угаагаад байдаг хүмүүс байдаг даа. Би тийм төрлийн хүн. Төлөөлүүлэн гүйцэтгүүлэх чадвар муутай гэх үү дээ. Харин Буянаадаа бол 100 хувь итгэдэг. “Итгэл” кинон дээр Итгэлээс Анхаа “Чи үнэхээр итгэлтэй байна уу?” гэж асуухад “Тийм ээ, 200 хувь. Би өөртөө 100 хувь, чамд 100 хувь итгэдэг” гэдэг шиг л. Бас бид 2 хувь хүний зан чанарын хувьд төстэй зүйл олонтой ч, юмыг өөр өнцгөөс, өөр талаас харах нь бий. Олуулаа хэлэлцвэл буруугүй гэдэг шиг олон талаас нь ажлыг харахаар гүйцэтгэл сайн болдог.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Г.М: Өмнө нь ажиллаж байхад миний хийх ёсгүй ажлыг даалгахад их бухимддаг байсан. Яагаад миний ажил үүргийн хуваарьт байхгүй, өөр хүн хийх ёстой ажлыг би хийх ёстой гэж гээд л. Одоо бодоход харин ч тустай зүйл болж, өөрийнхөө мэргэжлийн дагуу биш бусад олон ур чадварт суралцсан байна. Хэвлэл мэдээллийн стратеги, эвент менежмент, консалтинг, сурталчилгаа, дижитал маркетинг, хувь хүн болон байгууллагын ПР гээд олон чиглэлд үйл ажиллагаа явуулахад аль алинд нь туршлагатай, хуулийн, эдийн засгийн, төлөвлөлтийн гээд л бүхий л төрлийн мэдлэгтэй болсноор аливаа төслийг гүйцэтгэхэд хялбар байдаг. Манай компанийн хамгийн том онцлог, баялаг бол чин сэтгэлтэй ажилтнууд. “АНУ-ын баялаг бол Майкрософт биш Билл Гейтс юм” гэсэн шиг Талент медиагийнхан ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг эрхэмлэдэг, аливаа зүйлд хохирол гарах болбол өөрсдөө үүрдэг ийм хамт олон байна аа.

Д.Б: Маркетингийн салбарын хүмүүсийг нийт масс “худалч хүмүүс” гэж тодорхойлдог гэдгийг сонсоод би их гонсойж байсан. Гэхдээ энэ бол цөөнх буюу “Би чадна” багийнхан манай салбарынхны нэр нүүрийг унагаж байгаа хэрэг. Хэн бүхэн сэтгэгч байж чадна, гэхдээ хүн болгон гайхалтай гүйцэтгэлтэй байж чаддаггүй. Харин би хувьдаа манай багийнхан чадварлаг, мөн гайхалтай гүйцэтгэлтэй гэж бардам хэлж чадна.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН, ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Д.Б: Аливаа зүйлийг том дүр зургаар нь харах нь чухал. Хамгийн анх бид 2 компаниа байгуулж, үйл ажиллагааныхаа чиглэлийг авч байхдаа бизнесийн алсын хараагаа тодорхойлчихсон байсан. Талент Медиа хэтдээ гүйцэтгэгчээс зөвлөх үйлчилгээ үзүүлдгээрээ дагнан ажиллах болно.

Г.М: Бид жилдээ 4-5 төсөл дээр гүйцэтгэгчээр ажилладаг байсан бол 40-50 төсөлд зөвлөгөө өгч, тэднийг чиглүүлж ажилладаг болно.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Г.М: Хүний итгэлийг алдахыг хүсдэггүй. Хэлсэн үгэндээ эзэн байхыг хичээдэг. "Маркс энд Спенсер"-г үндэслэгч Майкл Маркс хүнийг нэгдүгээрт тавьсан үед та ямар ч цагт, бүр мөнгөө хуваахдаа ч алдахгүй гэж хэлсэн байдаг. Чи санамсаргvй алдвал чамайг уучилна. Хэрвээ компанийн ёс зүй, харилцагчийн итгэлийг эвдсэн зөрчил гарвал өөрийгөө ч уучилж болохгүй. Тэдний итгэл бол манай компанийн ирээдүй.

Д.Б: Бид шинэлэг бас бүтээлч байх дуртай. Заримдаа эрсдэлтэй ч гэсэн шинэлэг зүйлсийг туршдаг. Хэрвээ чи шүүмжлэлд дургүй бол хэзээ ч битгий шинэ зүйл бүтээ гэдэг шиг чимх тэнэглэл, атга ухааныг хослуулан ажиллаж үргэлж бусдаас нэг алхмын урд байхыг зорьдог. (”Ар хударга” киноны маркетинг) Гэхдээ өөрсдөө хариуцан ажиллаж байгаа гээд тухайн төслөө тэнгэрт тултал нь магтаж худал зүйлийг хэрэглэгч, худалдан авагчдад хэзээ ч санал болгохгүй. Зарим тохиолдолд үйлчлүүлэгчид биднийг сонгох биш бид тэднийг сонгох тохиолдол гардаг. Хамгийн гол нь ёс зүйтэй бизнес эрхлэх нь бидний гол зорилго. Иймээс бид чанартай үр дүн гаргахын тулд цөөн төслүүд дээр ажилладаг.

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

10-р сарын 7-нд нээлтээ хийсэн “Итгэл” уран сайхны кинон дээр ажиллаж байна. Кино төсөл дээр бид зураг авалтын үед, монтаж хийгдэж байхад, дэлгэцэнд гарч байх хугацаанд, дараа нь IPTV, телевизээр гарах хүртэлх бүх хугацаанд маркетинг, сурталчилгаанд нь хамтарч ажилладаг. Кино маань АНУ-ын Лос Анжелес хотноо болсон Asian World Film Festival-аас Audience Award гэх том шагналыг хүртлээ.

Одоо 11-р сарын 19-нд болох залуучуудын оюунд томоохон хөрөнгө оруулалт хийх UNPLUG 2016 арга хэмжээний арын албанд ажиллаж байна. UNPLUG-ийг бид шинэ санаа гаргагчид, салбартаа түүчээлэгчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийн баяр, тэднийг алдаршуулах, сурталчлах талбар хэмээн тодорхойлж байгаа. Үндсэн арга хэмжээнүүдээс гадна оролцогчид маань бие биетэйгээ танилцаасай, суралцаасай, бие биеийнхээ бизнесийг дэмжээсэй гэсэндээ үр дүнтэй нетворкинг хийлгэхийн тулд хичээж байна. Жил бүр уламжлал болсон, залуучууд хоног тоолон хүлээдэг, үр дүнгээ бодитоор өгдөг арга хэмжээ болно гэж найдаж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ХИЙХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?

Ажилласан төслүүдээ харахад ихэнх нь урлаг, уран сайхантай холбоотой. Аливаа уран бүтээлийг туурвих, бий болгоход их хэмжээний цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардагдана. Уран бүтээлчид маань тэрхүү хүч хөдөлмөрөө олон нийтэд түгээж, үнэлүүлэхэд зарим тохиолдолд мэргэжлийн туслалцаа шаардлагатай байдаг. Энэхүү бэлэн болсон бүтээгдэхүүнийг өргөн цар хүрээнд илүү олон хүнд түгээхдээ бид баяртай байдаг. Зарим тохиолдолд уран бүтээлчдийн нийгэмд хэлж буй далд санааг нь үзэгчид заримдаа ойлгохгүй өнгөрөх тохиолдол бий. Бид уг санааг илүү тодруулан уг төслийнхөө сурталчилгаа, ПиАр-ыг хийдэг. Соёлын үрийг тарьсныг нь усалж, сайхан үнэрийг нь түгээж байгаа хэрэг.

Бэрхшээлтэй тал нь манай бизнесийн хамгийн том дайсан бол оюуны өмчийн хулгай. Дээр дурдсанчлан уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр, цаг хугацааг үнэгүйдүүлэгчдийн эсрэг бид хатуу зогсдог. Үзэгчид маань ухамсартай байж, уран бүтээлчдийн хүч хөдөлмөрийг үнэлээсэй гэж хүсдэг.

ТАНАЙ ХАМГИЙН АМЖИЛТТАЙ БОЛСОН ТӨСӨЛ ЮУ ВЭ?

Үүсгэн байгуулагдаад тийм ч удаагүй болохоор яг тэр гээд хэлэхэд хэцүү байна. Энэ хугацаанд “Аав”, “Ар хударга”, “Сингл лэдис 2”, “Итгэл” кино төслүүд, захиалгат нэвтрүүлэг, сургуулиудын ре-брэндинг, байгууллага, хувь хүмүүсийн бүтээгдэхүүн үйлчилгээний Facebook хуудас хөтлөлтүүд гээд олон ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Ирэх жил ажиллах “Амьдралоги”, “Чингисийн хүүхдүүд” кино төслүүдийнхээ төлөвлөлтийн ажлыг хийж байна. Мөн төрийн болон бизнесийн байгууллагуудын үйлчилгээний маркетинг чиглэлээр сургалтууд зохион байгуулахаар сургалтын материалаа боловсруулж байна. Амжилттай болно гэдэгт 200 хувь итгэж байгаа. Бидний түүх дөнгөж л эхэлж байна.

Гэрэл зургийг Д.Ганзул

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.