Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   11 сарын 04, 2016

Нетворкинг эвентэд өөрийгөө бэлдэх 3 алхам + Unplug-т оролцогчдыг танилцуулах нь

Олон төрлийн нетворкинг арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулагддаг болсон өнөө үед та өөрийгөө эдгээр эвентүүдэд хэрхэн бэлдэж байна вэ? Зүгээр л урсгалаараа болчихно гэж бодоод, танил царайнуудад найдаад оччихдог юм биш биз? Өнөөдрийн нийтлэлээр бид иймэрхүү арга хэмжээн дээр цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, зөв зүйтэй нетворкинг хийхэд туслах гурван чухал алхмыг санал болгож байна.

Хангалттай хэмжээний нэрийн хуудас бэлд

Нетворкинг эвентэд таны марталгүй бэлдэх ёстой зүйл бол нэрийн хуудас. Таны гол зорилго ч аль болох олон нэрийн хуудас цуглуулж, олон нэрийн хуудас хүмүүст түгээх явдал байх учиртай. Нэрийн хуудас таныг бусдад танилцуулах эхний алхам болохоос гадна арга хэмжээний дараа танилцсан хүмүүст өөрийг тань сануулах хэрэгсэл болно. Таны очих арга хэмжээ хэр олон оролцогчтой болохоос хамааран тоо ширхгийг нь бас тооцоолох хэрэгтэй шүү. Хэт багадуулснаас болоод эвентийн төгсгөлд эвгүй байдалд орох, эсвэл хэт ихдүүлж халаасаа түнтийлгэчихээд явахыг та хүсэхгүй л байх. Нэрийн хуудсанд багтах мэдээллүүдээ дахин нэг шалгаж, хуучин дугаар, хаяг байвал шинэчлэхээ бас бүү мартаарай. Түүнчлэн нэрийн хуудас авчихаад дараа нь имэйл бичин танилцсандаа таатай байна гэдгээ хэлэн өөрийгөө сануулж, тохирсон ярьсан зүйлсээ бичиж дадвал тун зүгээр байдаг.

Бусад оролцогсдынхоо талаар аль болох их судалгаа хий

Энэ бол миний биеэр олж авсан үнэтэй туршлага. Тухайн арга хэмжээнд хэн хэн оролцох гэж байгааг түрүүлж судлан, тэдний хийж байгаа төслүүд, ажлууд, туршлагын талаар ойлголттой болох нь үр дүнтэй нетворкинг хийх бололцоог олгодог. Хэн нэгэнтэй санамсаргүй таарлаа гэхэд ямар сэдвээр яриа өрнүүлэх хэрэгтэйгээ ядаж мэдчихсэн байна л гэсэн үг. Уулзалтынхаа өмнө хэн хэнтэй яриа өрнүүлэх, хэнээс зөвлөгөө авах, хэнээс юу асуухаа мэдчихсэн байх нь таны гэрийн даалгавар гэж ойлгоход болно. Тиймээс тухайн арга хэмжээний вэбсайт, фэйсбүүк хуудсаар дамжин оролцож байгаа хүмүүсийн мэдээллийг авч, тэдний талаар багахан ч гэсэн судалгаа хийж заншаарай. Дундын найзууд байвал тэдэндээ холбож өгөхийг хүс, фэйсбүүкийг нь олсон бол найзын хүсэлт илгээж, харилцаа тогтоо. Энэ дадал цаашид таны танилын сүлжээг өргөжүүлж, ажил хэргийн "алдамгүй" боломжуудыг нээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Өөрийн хуваарийг гарга

Өмнө хэлсэнчлэн судалгаа хийгээд зогсох нь таны оролцох эвентийг "төгс" болгохгүй. Хамгийн гол зүйл бол өөрийн "аженда" буюу хуваарийг гаргах юм. Зорилгоо тодорхойлж, хэнтэй хэзээ уулзвал зохих, хэзээ аль яриаг сонсохоо төлөвлөж чадвал та тухайн эвентэд оролцсоныхоо хэргийг бүрэн гаргаж чадна. Миний хувьд эвентэд оролцож буй хүмүүсийг 3 ангилж хуваариа гаргадаг.

1. Сельфи авахуулахад хангалттай хүмүүс буюу эвентийн "гол дүрүүд". Ийм хүмүүс цагийг ихэвчлэн тайзан дээр өнгөрүүлдэг учир, бас тун шахуу хуваарьтай байдаг тул хүн бүртэй уулзаад байх цаг байхгүй. Дээрээс нь олдсон жаахан цагт нь олон хүн "отож" байдаг тул тухтай цаг ч олдохгүй. Харин та өөрийгөө хурдан танилцуулж, нэрийн хуудсыг нь олж авахдаа л анхаарал хандуулах хэрэгтэй. Дараа нь ядаж имэйл бичиж болно гэсэн үг шүү дээ. Сельфи авахуулчихвал бүр янзтай.

2. Яриа өрнүүлэх шаардлагатай хүмүүс буюу танд хамгийн хэрэгтэй хүмүүс гэсэн үг. Тантай нэг салбарт ажилладаг эсвэл ирээдүйд хамтран ажиллах боломжтой гэж үзсэн хүмүүс энд хамаарна. Та өмнө нь хийсэн судалгаанаасаа тэдгээр хүмүүстэй хэрхэн харилцаа тогтоох, юуны талаар ярилцахаа мэдсэн байх тул цаг гаргаж, уулзах хэрэгтэй. Энэ хүмүүстэй зэрэгцэж суух, цайны завсарлагаар хамт оочерлох, өдрийн хоолоо зэрэгцэж суугаад идэх боломжийг эрэлхийлээрэй. Дараагийн хамтрагчаа олчих ч юм бил үү.

3. Санамсаргүй таарахад л болох хүмүүс буюу бусад бүлгийн оролцогчид. Эдгээр хүмүүстэй та танилцаж цаг агаар, улс төр, орчны тохижилтын талаар буу халж болно. Гэхдээ та ийм ярианд нэг их цаг үрэх шаардлагагүй. Танил нөхөдтэй болох нь мэдээж сайн зүйл ч танд илүү чухал зорилго байгааг мартаж болохгүй. Гэхдээ санамсаргүй учралууд хааяа санаандгүй үр дүнг авчрах нь ч бий.

Төгсгөлд нь: UNPLUG 2016-ийн оролцогчдыг танилцуулах нь

Unplug 2016-д бүртгүүлсэн хамгийн эхний 50 оролцогчоо бид танилцуулж байна. Бидний Unplug-ийг зохион байгуулж буй гол зорилгуудын нэг бол энэхүү арга хэмжээнд оролцогчид дараа дараагийн ажил, карьертаа нөлөөлөхүйц харилцаа холбоог тогтоож, шинэ танилуудтай учирч, шинэлэг мэдээ, шинэ мэдлэгийг олох боломжийг олгох юм. Нийт оролцогчдыг эвентийн өдрөөс өмнө хооронд нь танилцуулж, зарласнаар оролцогчид хоорондоо урьдчилан холбогдох, арга хэмжээн дээр хэнтэй харилцаа үүсгэхээ төлөвлөх, өөрийн ажендаг гаргах зэргээр илүү үр дүнтэй нетворкинг хийх боломжтой болно. Энэхүү жагсаалтанд салбар салбарын төлөөлөл болсон эрч хүчтэй, мөрөөдөлтэй, бүтээлч залуус бий. Бид оролцогсдын энэхүү жагсаалтыг тогтмол шинэчилж явах болно гэдгийг дуулгахад таатай байна. Тун удахгүй, 11-р сарын 19-нд уулзацгаая.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: UNPLUG 2016 - ОРОЛЦОГЧДЫН ЖАГСААЛТ

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: UNPLUG 2016 - ОРОЛЦОГЧДЫН ЖАГСААЛТ

34216   15


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.