Онцлох Бизнес

Онцлох бизнес: Happyhome.mn - Байраа зарах, түрээслүүлэх хялбархан боллоо!

10 сарын 31, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


25587   3




Саяхан бид Onefit гэх фитнес ажиллуулагчид болоод фитнесээр хичээллэхийг хүсэгчдийг холбох, энэ зах зээлийг илүү үр дүнтэй болгон өөрчлөх бизнес/аппийг танилцуулж байсныг та санаж байгаа байх. Тэгвэл энэ удаа бид Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт томоохон өөрчлөлтийг хийж чадах Happyhome-ийг онцолж байна. Орон сууцаа зарах, түрээслэх, зарим үед өөрсдөө худалдаж авах буюу түрээсэлж орох амаргүй даалгавартай та бидний хэн нь ч ялгаагүй, хэзээ нэг өдөр тулдаг. Ялангуяа орон байраа зарж борлуулах үед өөрөө сурталчилгааны сувгаа олон зар тавьж, байн байн хүмүүстэй ярих, гэр орондоо янз янзын хүмүүс нэвтрүүлэх, эсвэл зуучлалын компанид байрны мэдээллээ өгч, багагүй төлбөрөөр даатгах сонголтын аль нэгийг хийх болдог. Happyhome-ийн хувьд энэ даалгаврыг биелүүлэхэд танд туслах бөгөөд ингэхдээ хамгийн гайхалтай нь үнэ төлбөргүйгээр худалдан авагч, түрээслэгч талтай таныг холбож өгөх юм.

Бизнесийн нэр: Happyhome
Хаяг: ICC тауэр, 13 давхар, Club Coworking
Үйл ажиллагааны чиглэл: Үл хөдлөх хөрөнгийн портал сайт
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 8-р сар
Үүсгэн байгуулагч: Б.Танан, Ц.Мөнхцогт
Ажилтны тоо: 4
Вэбсайт: www.happyhome.mn, Happyhome.mn (фэйсбүүк)

Үүсгэн байгуулагч Б.Танан

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Намайг бага байхаас эхлэн өнөөг хүртэл манайх нийт 11 байранд амьдарсан байдаг. Энэ хугацаанд би байраа зарах, түрээслэх ямар хэцүү байдгийг, сурталчилгааны дийлэнх сувгууд хангалттай үр дүнтэй байдаггүйг ойлгож авсан. Тэгээд энэ асуудлыг яаж хамгийн амраар шийдэж болох вэ гээд л оюутан байхаасаа бодоод явдаг байв. Хэн нэгэн энэ асуудлыг шийдэх вэбсайт хийчих байх гэж хүлээгээд л байлаа. Гэтэл ийм үйлчилгээ гарахгүй байхаар нь өөрөө зориглоод хийгээд үзье гэж шийдсэн. Ингээд "Вагнер Ази Автомотив” компанид ажиллаж байхдаа вэбээ хөгжүүлж, үл хөдлөх хөрөнгийн дата цуглуулж эхэлсэн юм. Анхнаасаа л үл хөдлөх хөрөнгийн зуучлал биш байрны эзэн байраа өөрөө зарах, түрээслэх боломжийг олгох үйлчилгээ үзүүлэх нь зөв гэж бодож байсан. Учир нь байрны эзэн л байрныхаа дулаан, сантехник, засвар гээд нарийн мэдээллийг хамгийн сайн мэднэ. Зуучлагч хүн бүр дор хаяж зарах, түрээслүүлэх 20-30 байртай ажилладаг. Тэр болгоны дэлгэрэнгүй мэдээллийг цээжилнэ гэдэг худлаа. Тэгэхээр хүн сонирхоод ярихад ээрч муураад “би тан руу мэдээд эргээд ярья” гээд байх бүрт худалдан авагчийн итгэл сулардаг. Компьютер биш л хойно тэр олон мэдээллийг бүрэн цээжилж, сайн хүргэж чадахгүй шүү дээ. Бид Blue Ocean Strategy буюу хуучин зах зээл рүү орох бус, шинэ зах зээлийг өөрсдөө үүсгэх хэрэгтэй гэсэн стратегийг баримталж, одоо байгаа борлуулалтын хувь авдаг бизнес моделиос татгалзан, эзэн нь өөрөө байраа зарж, түрээслэх боломжийг олгох моделийг үүсгэсэн хэрэг.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Би багаасаа ээжтэйгээ өссөн хүүхэд. Аавтайгаа холбоотой байсан ч аав маань автомашины ослоор бурхан болсон. Аав ээжийнхээ ганц хүүхэд учраас өв залгамжлалын хуулиар ааваасаа 18 сая төгрөг өвлөж авсан. Аавынхаа өвлүүлсэн энэ мөнгийг өөрийн хуримтлалтай нэгтгээд л энэ бизнесийг зориглон эхлүүлсэн.

ХАМТРАГЧАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Анх нэг найзтайгаа хамтарч хийе гээд эхлүүлсэн. Тэр найз маань хөгжүүлэгч байсан болохоор вэбийг нь хийчихье, бас нэг өөр найзаа уруу татаад мобайл аппыг нь хийлгэчихье гээд гурвуулаа эхэлсэн юм. Бид 2015 оны 2-р сараас эхэлж 6 сарын дотор дуусгах төлөвлөгөөтэй байсан ч жил гаруй болчихоод байхад бүтээгдэхүүн маань гарахгүй байсан. Нэлээн хүлээгээд, яриад ажил олигтой явахгүй байсан учир, өмнө нь танилцаж байсан Мөнхцогт гэдэг найзтайгаа ярьж тохирон ажлаа дахин шинээр эхлүүлэхээр болсон юм. Вэбсайт 2 гол хэсгээс бүрддэг юм билээ. Эхнийх нь back-end буюу хүнд ил харагдахгүй кодууд, тэдний хоорондын ажиллагаа. Нөгөөх нь front-end буюу хүнд харагдах дизайн юм. Back-end дээр Мөнхцогт маань ажиллахаар болж, front-end-ийг энэ тал дээр хамгийн сайн компаниудын нэг Batu Digital-ийн Батзаяа (Зак) гардаж хийсэн. Бүтэн 1 жил бүтэлгүйтэж байгаад, 2 дахь оролдлогоороо бүтээгдэхүүнээ ашгүй нэг гаргасан. Эндээс үнэхээр бизнес санаандаа итгэлтэй, бүтээгдэхүүн чинь олон хүнд тусална, асуудалд нь шийдэл болно гэдэгт итгэж байгаа бол бүтэлгүйтсэн ч нухаад л байх хэрэгтэй гэдгийг сайн ойлгосон шүү.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

1-т, манайх үл хөдлөх хөрөнгийн зууч биш буюу борлуулалтын хувь авдаггүй гэдгээрээ онцлог. Happyhome.mn бол байрны эзэнд өөрөө байраа зарж, түрээслүүлж, сонирхсон хүнтэйгээ шууд холбогдоход тусалдаг үйлчилгээ юм.
2-т, хүсвэл байрны зарах, түрээслүүлэх зараа манайх дээр үнэ төлбөргүй өөрөө байршуулж болно.
3-т, хэрвээ байрныхаа мэдээллийг энгийн зурагтай зараас илүү сайн, илүү дэлгэрэнгүй хүргэж, зарж түрээслүүлэх магадлалаа эрс нэмэгдүүлье гэвэл байрныхаа зургийг биднээр 360° градусаар авахуулж болно. Ингэснээр байр хайж буй хүмүүст гар утас, компьютероосоо үнэхээр бодитоор дотор нь орсон мэт танилцуулах боломжийг байрны эздэд олгож байгаа юм.
4-т, манай сайт дээр байгаа бүх байрны зарыг газрын зураг дээрээс харах боломжтой. Ингэснээр хэрэглэгчид маань байршлаар байраа хайх боломжтой юм.
5-д, www.happyhome.mn сайтад Улаанбаатар хотын нийт орон сууцны мэдээллийн 95 хувь нь бий. Эндээс орон сууцуудыг дүүрэг, хороо, хотхон, байр, зип кодоор нь ялган харах боломжтой. Энэ дата мэдээллийг бид жил гаруйн хугацаанд цуглуулсан. Улмаар манай сайтад бүртгэгдэж буй байрны мэдээллүүдээр үнийн судалгаа, тренд харагдах боломжтой болж байгаа юм. Нээгдээд 2 сарын дотор л манай сайтад 1200 гаруй зарах, түрээслэх байрны мэдээлэл ороод байна.

Борлуулалтын хувь авдаггүй ийм буяны шахуу үйлчилгээ явуулаад яаж бизнесийн хувьд орлого олж, тогтвортой ажиллах юм бэ гэж хүмүүс сонирхож асуудаг. Бидний хувьд орлогын хэд хэдэн эх үүсвэртэй. Олон зараас байрны мэдээллээ онцлуулахыг хүсвэл хураамж төлөх, 360° градусаар зургаа даруулахад байрны өрөөнөөс хамааран 69-89 мянган төгрөг төлөх, баннер сурталчилгаа тавиулах, яваандаа орон сууцны дата, судалгаа, мэдээллээ зарах гэсэн боломжууд бий.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН, ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Би энэ салбарыг сүүлийн 2 жилийн хугацаанд өөрийн хэмжээнд судалж ажиглалаа. Гадаадын зуучлалын компаниуд байр сууцыг 360° градусаар үзүүлэх аргыг ашигладаг болохоос хувь иргэнд маш бага хэмжээний хураамж төлөөд байраа ингэж дэлгэрэнгүй танилцуулах боломж олгосон сайтыг одоохондоо олж хараагүй л байна. Энэ програм, вэбээ бид цааш нь улам хөгжүүлж олон улсын зах зээлд гаргавал хүн бүр л компьютер, утаснаасаа байр сууцыг “шоппинг” хийдэг болчихвол амар гэж боддог байсан. Харин саяхан би дэлхийн 450 гаруй хотод салбартай Глобал Шэйпирс нийгэмлэгийн гишүүний хувиар Хонгконг-д конференцэд явсан юм. Тэнд байх хугацаандаа гадаадын шэйпирүүдэд happyhome-оо танилцуулахад Казакстан, Тажикстан, Киргизстан улсын шэйпирүүд ихэд сонирхож, лицензийн мөнгө төлөөд улсдаа ашиглая гэсэн санал тавьсан. Тэгэхээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Монголдоо ашиглаад зогсохгүй, гадагшаа гаргах бүрэн боломжтой юм байна гэдгийг ойлгосон.

Мөн бид цаашдаа үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн бүх төрлийн мэдээллийг ил тод болгохын төлөө ажиллана. Өндөр хөгжсөн улсуудын үл хөдлөх хөрөнгийн арилжааны мэдээллүүд ил тод байдаг болохоор иргэд болон барилгын компаниудад шийдвэр гаргахад харьцангуй амар, үнийн хөөрөгдөл хөөсрөл харьцангуй бага байдаг. Аливаа салбарт зөв, бодит, нээлттэй мэдээлэл байхад төр нь ч, хувийн хэвшил нь ч шийдвэр гаргахад хялбар болно шүү дээ. Одоо манайд хийгдэж буй байрны үнийн судалгааны зарагдсан бус зарахаар анх зарласан үнэ дээр суурилдаг учраас тийм ч үнэн зөв болж чаддаггүй. Манай улсад Нууцын тухай хуулиар энэ мэдээллийг ил байлгахын зөвшөөрдөггүй юм билээ. Уг нь ил тод байвал банкууд үр дүнтэй зээл олгох, барилгын компаниуд, хөрөнгө оруулагчид зөв шийдвэр гаргах гээд эдийн засгийн өндөр ач холбогдолтой.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Манайд компанийн ажилтнууд, үйлчлүүлсэн хэрэглэгч бүр, компани болгон сэтгэл ханамжтай байж, гарч буй үр дүнд нь жаргалтай байгаасай гэж хүссэн учраас бид сайтаа Happyhome гэж нэрлэсэн. Хэрэглэгчид сэтгэл хангалуун, хэппи байж байж л бидэнд ашиг аяндаа ирнэ. Хэрэглэгчээ бодохгүй шууд мөнгөө бодоод эхэлдэг бизнес урт насгүй байдаг шүү дээ.

Хоёрдугаарт үнэнч, шударга, нээлттэй байхыг хичээдэг. Бид ямар ч зургийг фотошопдоггүй, зурган дээр янзаллаа ч очоод үзэхэд обой нь уранхай, плита нь хагархай байвал тэртээ тэргүй баригдана. Хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл өгөх нь маш чухал. Гуравдугаарт, байгальд ээлтэй, ногоон бизнес байх гэсэн үнэт зүйлтэй. Манай үйлчилгээ хүмүүсийн явдал суудал, цаг зав, бензин тосыг хэмнэж байгаагаараа ногоон байж чадаж байгаа гэж итгэдэг. Бас хэвлэмэл сурталчилгаа аль болох хийхгүйг хичээдэг. Сайт маань ч үүнийг илтгэсэн ногоон өнгөтэй (инээв).

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Бид барилгын компаниудад зориулсан тусдаа хуудсуудыг хөгжүүлж байна. Барилгын компаниудад сурталчилгааны арга хэлбэрээ илүү үр дүнтэй, зардал багатай болгоход туслах зорилготой. Яваандаа манайд бүх шинэ байр, хотхонуудын мэдээллүүд ордог, хүмүүс энд тэндээс мэдээлэл цуглуулах гэж зүдрэхгүй манай сайт руу ороод л хангалттай мэдээлэл авдаг болно гэж итгэж байна. Хамтарч ажиллахаар болсон эхний барилгын компаниуд маань ч гэсэн үнэхээр сонирхсон, “чанартай” худалдан авагчид ирж үзэж байна гэх мэтээр сэтгэл хангалуун байгаа.

Мөн саяхнаас манайхтай Хасбанк, хэд хэдэн ББСБ-ууд хамтран ажиллаж эхэлсэн. Гадуур ипотекийн 8 хувийн зээл зогссон ч банкууд өөрсдөө байруудаа зарж байгаа болохоор 8 хувийн зээлийг асуудалгүй гаргаж өгөх юм билээ. Энэ мэтээр том компаниуд бидний үйлчилгээ тэдний мөнгө, цагийг хэчнээн хэмнэж болохыг ойлгоод харилцагчаар орж ирж байгаад бид ч бас сэтгэл хангалуун байгаа. Одоо нэгэнт мэдээлэл технологийн тренд мобайл руу явж байгаа учраас бид бас хоцролгүй гар утасны апп хөгжүүлэлт дээрээ ажиллаж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ХИЙХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?

Байр сууцаа худалдана гэдэг бол хүн амьдралдаа тийм олон хийгээд байдаггүй маш том бөгөөд хариуцлагатай, амаргүй наймаа. Энэ ажлыг амжилттай, зардал чирэгдэл багатай хийхэд нь хүмүүст тусалж байгаадаа сэтгэл өег байдаг. Манай үйлчилгээгээр дамжуулан залуу хосууд гал голомтоо бадраах байраа олно, гэр бүлүүд байр, орон сууц худалдан авах буюу зарж санхүүгийн асуудлаа шийднэ шүү дээ. Бид энэ үйл явцыг хялбарчилж, хүмүүсийн цагийг маш их хэмнэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн улсын эдийн засгийн байдал хүнд, барилгын салбар зогсонги байгаа энэ үед байрны эзэн, худалдан авагч хоёрыг хооронд нь шууд холбох, уулзуулах платморм болж, арилжаа хийгдэхэд нэмэр болсноор худалдан авалт муудаад байгаа улсынхаа эдийн засагт бага ч гэсэн сайн нөлөө үзүүлж байгаа болов уу.

Анхнаасаа насаараа нэг компанид ажилтан явах уу, эсвэл харьцангуй залуу, гэр бүлгүй, санхүүгийн ачаалалгүй байгаа дээрэээ эрсдэл хүлээгээд хүмүүсийн амьдралыг амарчилсан бүтээгдэхүүн хийгээд үзэх үү гэдгийг дэнсэлж, одоогийн шийдвэрээ гаргасан. Хүн чинь өөрийн мөнгөө оруулсан зүйлийг яаж амжилттай болгож томруулах вэ гэдэг дээр өдөр, шөнөгүй толгойгоо ажиллуулдаг юм байна лээ.

Хэцүү зүйл гэвэл мэдээж хөрөнгө мөнгө, санхүүжилтын тал дээр асуудал байгаа. Гэхдээ нэгэнт бидэнд Цахиурын Хөндий дэх боломж байхгүй учраас, одоо байгаа нөхцөлдөө тааруулаад л, өөрсдийнхөө хийж чадах зүйлээ тултал нь хийгээд явах л сонголт байгаа. Тэгэхээр нээх гомдоллож гонгиноод, хэцүү байна гээд байх зүйл байхгүй дээ. (инээв)

ТАНАЙ САЙТЫН АЛЬ ХЭСЭГ НЬ ХҮМҮҮСТ ИХ ТААЛАГДАЖ БАЙГАА ВЭ?

Сонирхсон байраа заавал биеэрээ очиж үзэлгүй, эзнийг нь гадаа хүлээлгүй шууд онлайнаар, бодитоор үзэж хардаг 360° тур аялал маань л хүмүүсийн цаг, мөнгийг их хэмнэж буй учраас их таалагдаж байгаа. 360° градусаар зураг авахуулсан үйлчлүүлэгчдээс маань сар хагасын дотор 3 байр түрээслэгдэж, 2 байр зарагдсан байна. Анхны худалдан авагч маань Өвөрхангай аймгаас манай сайт дээрх байрны мэдээллийг хараад хотод байгаа хүүхдүүдээ байр авч өгсөн нь манай бүтээгдэхүүн холыг ойртуулж, хоёрыг уулзуулах боломжтойг харуулсан, бэлгэшээлтэй явдал болсон.

Гэрэл зургийг Д.Ганзул