Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   10 сарын 30, 2016

7 хоногийн тойм: МАН-ын ялалт + Surface Studio vs MacBook Pro - Pen + Pen = Long Pen

Орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулжээ

Засгийн газар байгуулагдсаны "100 хоног" тохиож, "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудал хүчээ авч, С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал эргэн сөхөгдсөн гээд энэ долоо хоног дуулиант мэдээгээр дүүрэн байлаа. Ирц бүрдээгүйн улмаас ихэнх нутгуудад нэмэлт санал хураалттайгаар явагдсан орон нутгийн сонгуулийн дүнг СЕХ-оос зарлалаа. Улсын хэмжээнд сонгогчдын ирц 60.1 хувьтай байжээ. УИХ-ын сонгуулиас үнэмлэхүй ялалт байгуулсан МАН нийслэл болон бусад аймгуудад давуу амжилт үзүүлж, олонх болсон байна. Тэд нийслэлийн 9 дүүргийн 6-д нь ялсан бол тэдний өрсөлдөгч Ардчилсан Нам Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд олонх болжээ. Харин Сүхбаатар болон Завханаас бусад аймгуудад МАН ялалт байгуулсан байна. Гэсэн ч сонгуулийн дүн бүрэн гарч амжаагүй л байна. Учир нь нийт 19 аймагт 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн тохиолдол гарсан учир "хайнаа хагалах" санал хураалт мөн өчигдөр улс орон даяар явагдсан юм.

News: Аймгуудад МАН илүүрхлээ
iToim: 7 хоногийн улс төрийн тойм

Нэмэлт санал хураалтын эцэст улсын хэмжээнд ирц 60 хувийг давлаа. Зургийн эх сурвалж: times.mn

Apple шинэ Macbook Pro-ийн загвараа танилцууллаа

Apple хамгийн анхны лаптоп болох PowerBook-ээ худалдаанд гаргасны 25 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд тэд хамгийн алдартай MacBook Pro-гийнхоо шинэ загварыг танилцууллаа. Ихээхэн хүлээлт өндөртэй байсан тус арга хэмжээний гол мэдээ нь илүү хөнгөн, илүү нимгэн бас илүү үзүүлэлттэй болсон MacBook Pro гарын товчлуур дээрээ дэлгэцээ удирдах Touch Pad гэж нэрлэгдсэн нэмэлт хэсэгтэй болсныг танилцуулсан явдал байлаа. Дэлгэц дээр гарч буй зураглал болон програмуудаас хамааран илүү уян хатан бөгөөд хурдан үйлдэл хийх бололцоог олгосон Touch Pad-ийн тусламжтайгаар вэб хөтөч дээр таб хооронд шилжиж, мессеж бичиж байхдаа эможигоо сонгон, зураг үзэж байхдаа засах, томруулах боломжтой юм. Үүнээс гадна Touch ID гэж нэрлэгдсэн нэмэлтийн тусламжтайгаар гар утасны түгжээгээ нээдэгтэй адил хурууны хээгээ уншуулан заавал нууц үгээ оруулалгүйгээр лаптопоо нээх, хэрэглэгч хооронд шилжилт хийх мөн Apple Pay-ээр төлбөр төлөх боломжтой. Шинэ Macbook Pro-ийн үнэ 1799-оос эхэлж байгаа ажээ.

Techcrunch: Apple-ийн MacBook арга хэмжээний тойм

Microsoft шинэ бүтээгдэхүүнүүдээ зарлалаа

Apple-ийн гол өрсөлдөгчдийн нэг Microsoft ч ихээхэн завгүй долоо хоногийг өнгөрүүллээ. Санхүүгийн тайлан нь маш сайн үзүүлэлттэй гарсан Microsoft лаптопын зах зээлд чамгүй амжилттай яваа Surface Book-ийн i7 шинэ загварыг танилцуулснаас гадна 2017 оны эхээр Windows 10-ийн томоохон апдэйт буюу Creators Update-ийг хийх болсноо зарласан юм. Майкрософтийн CEO С.Наделла тавьсан илтгэлдээ "Windows-ийг хэрэглэгч бүр бүтээгч байж болно" хэмээн онцлон хэлсэн нь тэдний шинээр гаргах гэж буй апдэйтэд бидний сайн мэдэх Paint-ийн шинэ хувилбар Paint3D болон бусад 3D хэрэгслүүд, бусад хамтрагчидтайгаа шууд харилцах боломж олгох Windows People сошиал хэрэгсэл, XBox-ийн дэлгэцээ шууд цацах боломж зэрэг хэд хэдэн сонирхолтой нэмэлтүүд гарахтай холбоотой юм. Тэд ихээхэн хүлээлттэй байгаа Hololens-тэй холбогдон ажиллах боломжтой анхны VR төхөөрөмжөө 299 долларын үнэтэйгээр гаргах болсноо мөн мэдэгдсэн. Гэхдээ энэ өдрийн оргил хэсэг нь 12.5 мм-ийн зузаантай, 28 инчийн дэлгэц бүхий Surface Studio суурин компьютер байлаа. Хүчирхэг үзүүлэлт, өндөр нягтаршил, уян хатан шинж чанар бүхий энэ компьютер ямар нэгэн процессоргүй дан дэлгэц гэдгээрээ мөн онцлогтой. Surface Dial гэж нэрлэгдсэн дагалдах төхөөрөмжөөр дамжуулан компьютер дээр хийж буй үйлдлүүдээ хялбарчилж, илүү "мэдэрч" ажиллах боломжийг олгосон нь онцгой. Энэ жилийн төгсгөлөөс худалдаанд гарах Surface Studio-ийн үнэ 2999 доллараас эхэлж байна.

The Verge: Microsoft-ийн зарласан хамгийн онцлох зүйлс
Wired: Surface Dial танд хэрэггүй байж болох ч та авахыг хүсэх л болно

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Apple болон Microsoft-ийн танилцуулгууд давхацсан энэ долоо хоногийн өөр нэг онцлох зүйл нь Элон Маск өрхийн эрчим хүчний цоо шинэ эх үүсвэрийг бий болгож чадах Solar Roof хэмээх нэртэй нарны зайгаар ажиллах дээврийн концепцийг танилцуулсан явдал байлаа. Гэрийнхээ бүх цахилгааныг хангахаас гадна гарааш дахь Тесла машинаа хүртэл цэнэглэхүйц эрчим хүчийг нөөцөлж, нийлүүлж чадах энэ дээвэр нь энгийн дээврээс илүү хямдхан, илүү үзэмжтэй байж чадна хэмээн Маск амлаж байна. SolarCity-ийн вэб дээр бичсэнээр борлуулалт 2017 оны дундаас эхлэх ажээ. Энэ жилдээ багтан шинэ эзэдтэй болж магадгүй байгаа Твиттер нийт ажилчдынхаа 9 хувийг буюу 350 орчим хүнийг цомхотгох шийдвэр гаргалаа. Үүнтэй зэрэгцэн тэд 6 секундын видео бүтээдэг сошиал ертөнцийн алдартай аппуудын нэг Vine-ий үйл ажиллагааг зогсоох болсноо мэдэгдсэн нь гэнэтийн шийдвэр байв. Ахин нэг долоо хоног, ахин нэг Фэйсбүүкийн хуулбарлалт. Фэйсбүүк ээлжит удаагаа Snapchat-ийн гол нэмэлтүүдийн нэгийг өөрсдийн үйлчилгээндээ шингээж байгаа гэнэ. Энэ бол видео эсвэл зургандаа камерын филтер оруулж, өөрчлөлт хийх. Үүгээр ч зогсохгүй тэд нөгөө хүн нь 24 цагийн дотор үзэхгүй бол устдаг байдлаар туршилт хийж байгаа гэнэ. Яг л Snapchat байгаа биз? Гэхдээ асуудал нь үүнийг "шинээр" хийж байгаа нөхөд нь 1.7 тэрбум хэрэглэгчтэй билээ.

CNN: Vine "үхлээ". Дараагийнх нь "Твиттер" үү?
Bloomberg: Элон Маск шинэ дээврэн бүтээгдэхүүнээ танилцууллаа

Ахин нэг долоо хоног, ахиад л өөр Фэйсбүүкийн "хуулбарлалт"

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Сүүлийн үед интернет ертөнцийг "доргиож" байгаа Японы уран бүтээлч Пикотарогийн "PPAP" буюу "Pen-Pineapple-Apple-Pen" дуу Гиннесийн дээд амжилтанд бүртгэгдлээ. 53 настай түүний бүтээл өнгөрч буй долоо хоногийн Billboard 100 жагсаалтанд 77-р байрт бичигдсэнээр Америкийн хөгжмийн чартад багтсан хамгийн богино дуу болон дээд амжилт тогтоожээ. 45 секунд үргэлжлэх энэ "өвөрмөц" дуу Youtube-д тавигдснаасаа хойш супер хит болж, 100 сая гаруй хандалт авч, Жастин Бибер хүртэл "хамгийн дуртай бичлэг" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Энэ сарын эхээр Нобелийн утга зохиолын шагналын эзэн болсон алдарт уран бүтээлч Боб Диланы шагналаа хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байсан. Тус шагналыг олгодог Шведийн Академиас 75 настай уран бүтээлчтэй холбогдож чадалгүй арга тасраад байгаа тухай хэвлэлд мэдээлж, шагналаа өөрийн биеэр авах эсэхийг мэдэхгүй байна хэмээж байсан юм. Тэгвэл Дилан энэ шагналыг авах болсон нь нэр төрийн хэрэг хэмээн мэдэгдэж, 12-р сард шагналаа хүлээн авах болно гэжээ. Грэммигийн шагналт Бруно Марс болон Марк Ронсоны хамтарсан бүтээл "Uptown Funk"-тай холбоотой оюуны өмчийн маргаан дэгдээд байна. Миннеаполисоос гаралтай Collage хамтлаг тэднийг 1983 онд гаргаж байсан Young Girls нэртэй дууг нь "санаатайгаар хуулбарласан" хэмээн шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Хэдийгээр Collage-ийн ганцхан гишүүн нь амьд сэрүүн байгаа ч дуу бичлэгийн студи болон хуулийн байгууллагын дэмжлэгтэйгээр ийм шийдвэр гаргасан байна. Бруно Марс, Марк Ронсон нар анх энэ дууны талаар ярихдаа 80-аад оны электро поп хөгжмөөс сэдэвлэсэн хэмээж байсан удаатай билээ.

Billboard: Боб Дилан Нобелийн шагналаа авна
PitchFork: Бруно Марс, Марк Ронсон нар "хулгай" хийсэн үү?

Гиннесийн амжилтаар бүртгэгдсэнийг гэрчлэх арга хэмжээний үеэр Pikotaro анх удаа хит дууныхаа "LONG PEN" бүхий уртасгасан хувилбараа сонсгосон билээ.

11800   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.