Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   10 сарын 29, 2016

"Ганабелл" институтээс эрхлэн гаргасан хувь хүний хөгжлийн номууд

Өнөөдөр бид "Ганабелл" институтээс эрхлэн гаргасан 3 номыг танилцуулъя. АНУ-д бизнесийн удирдлага, хүний нөөцийн менежментээр суралцаж төгссөн П.Гандолгор хэмээх эмэгтэйн үүсгэн байгуулсан уг институт хувь хүний хөгжил, байгууллагын менежментийн чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ эрхэлдэг. Эдгээр номууд танд зорьсон амжилтдаа хүрэхэд, санхүүгийн боловсролоо дээшлүүлэхэд, эрүүл мэнддээ анхаарахад тус болно гэж найдаж байна.

Амжилтын 10 алхам

Энэ бол "Ганабелл" институтийг үүсгэн байгуулагч П.Гандолгорын анхны ном юм. Тэрээр 2010-2012 онд Хьюберт Хамфригийн тэтгэлгээр АНУ-ын Мичиганы Их Сургуульд Хүний нөөцийн менежментээр мэргэшин суралцаж, Хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх болоод Монголдоо эргэн ирж, уг номыг бичжээ. Мөн энэ үеэр тэр "Ганабелл"-ийг үүсгэн байгуулсан байна.

2012 онд анх хэвлэгдсэнээсээ хойш шилдэг борлуулалттай номуудын нэг байсаар ирсэн энэ номондоо зохиогч амжилт гэдэг зүйлийг хэрхэн тодорхойлох, түүнд хүрэхийн төлөө хэрхэх ёстойг өөрийн туршлага болоод бизнес, хүний нөөцийн зөвлөхийн хувиар олж авсан мэдлэг, сүүлийн үеийн судалгаа, хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалуудтай нэгтгэн өгүүлжээ. Ялангуяа өөрийгөө хэрхэн хөгжүүлж, англи хэл сурахаар хэрхэн шамдаж, нялх хүүхэдтэй байхдаа гадаадад боловсрол эзэмших үү, яах вэ зэрэг шийдвэрүүдийг хэрхэн гаргаж ирснийг нь уншихад сонирхолтой, амьдралд ойр санагдаж байлаа. Уг номыг уншиж үзэхэд зохиогч "амжилт"-ын сэдвээр үнэхээр олон ном уншиж, байнга судалж байдаг нь харагдах аж. Ташрамд дурдахад, номыг агуулгыг амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах "Амжилтын 10 алхмын ажиллах дэвтэр" бас бий.

Өртэй хүн өөдөлдөг

Уг номыг "Ганабелл" институийн захирал П.Гандолгор, бизнесийн ахлах зөвлөх, сургагч багш Т.Амарсанаа хоёр хамтран бичжээ. "Өртэй хүн өөдөлдөг" ном хувь хүний санхүүгийн боловсролд зориулагдсан бөгөөд мөнгөний талаарх шинэ, хуучин ойлголтуудыг тайлбарлаж, зөв удирдаж чадвал орчин цагт зээл авч өр тавих нь ямар ашигтай болох талаар өгүүлж, хөрөнгө оруулалт хийх, мөнгө өсгөх зорилгоор ашиглаж байгаа зээлийг давуу талуудыг онцолжээ. Номын оршилд "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг "Энэ бүтээлд өр зээлээ зөв удирдах, санхүүгийн төлөвлөлттэй байх, хуримтлал үүсгэх арга аргачлалыг тусгаж өгсөн нь цаг үеэ олсон тун хэрэгтэй ном болжээ" хэмээн үнэлсэн байна. Өрх гэр, ажил бизнестээ тусгаж авах санаануудыг өгүүлэх энэ номын агуулгыг "Ганабелл" институт сургалт хэлбэрээр бас ордгийг дурдъя.

Таны анзаараагүй үнэн

"Ганабелл" институтийн сургагч багш, эрүүл мэндийн зөвлөх Д.Наранцэцэгийн бичсэн "Таны анзаараагүй үнэн" номонд монголчуудын эрүүл мэнд өдгөө ямар түвшинд байгааг бодитоор харуулж, энэ байдлаас гарах арга замуудыг үзүүлжээ. Бидний өвөг дээдэс малаа хариулан нүүдэллэж амьдардаг байхдаа хоол хүнсээ зохицуулан, оюун бодлоо төлөв түвшин байлгаж, эрүүл саруул амьдардаг байсан. Гэвч, олон эерэг өөрчлөлтийг дагуулсан хотжилт хийгээд технологийн дэвшил зарим зүйлийг бас гээгдүүлсний дотор бидний эрүүл мэнд, ялангуяа сэтгэлээ жолоодох ухаан багтжээ гэдгийг зохиогч ул суурьтай гарган тавьж, энэхүү агуу мөртлөө энгийн ухаанд хэрхэн суралцах талаар голлон өгүүлжээ. Энэ ном танд зөв хооллолтыг дасгал хөдөлгөөнийг хослуулж, эрүүл чийрэг, эрч хүчээр дүүрэн, зөв амьдралын хэв маягаар амьдрахад туслах болно.

Та "Ганабелл" институтийн сургалтуудыг сонирхъё гэвэл Ganabell.mn цахим хуудсаар нь зочлоорой.

18458   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.