Мэдүүштэй

Мэдүүштэй, хэрэгцээтэй 6 вэбсайт (Part 3)

10 сарын 27, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


20405   1




Миний бие өмнө нь Интернэтээр үр дүнтэй ажиллахад туслах 6 жижиг сайт, Мэдүүштэй, хэрэгцээтэй 5 жижиг вэб нийтлэлүүдээр хүмүүст үе үе тулгардаг асуудлуудыг нэг бүрчлэн шийдэх вэбсайтуудыг танилцуулж байсан билээ. Тэгвэл энэ цувралыг үргэлжлүүлж, өнөөдөр дахин зургаан вэбийг танилцуулж байна. Танд бүгд биш юмаа гэхэд зарим нь хэрэг болох нь гарцаагүй.

GETNOTIFY - НАМАЙГ SEEN-ДЭЭД БАЙВ ДАА!

Зочлох
Энэ бол имэйлийн хувьд Фэйсбүүкийн Seen юм. Өөрөөр хэлбэл явуулсан имэйлийг тань нөгөө хүн нээж уншиж уу, үгүй юү гэдгийг танд мэдэгдэх болно. Тун догь эд байгаа биз дээ? Фэйсбүүкийн Seen бидний амьдралыг хэрхэн хялбарчилсныг та мэднэ. Энэ сайт ч ялгаагүй. Гол нь Sign up хийж бүртгүүлэх ёстой бөгөөд зааврын дагуу тохируулгаа хийх ёстой. Тэгсэн хойноо нөгөө хүнийхээ имэйлийн ард .getnotify.com гэж залган бичихэд имэйл нээгдсэн нээгдээгүйг хянах боломж үүсэх юм. За одоо тэгээд намайг Seen-дээд байв даа!

SCR.IM - "ХАЛДЛАГА"-ААС ХАМГААЛАГЧ

Зочлох
Имэйлээ энд тэнд ил тавих, янз бүрийн хүмүүст өгөх нь хэрэгтэй хэрэггүй имэйлээр булуулах эрсдэлтэй байдаг. Спам гэж лайтай ядаргаа бий! Тэгвэл үүнээс сэргийлэх нэг арга байдаг ажээ. Энэ бол Scr.im юм. Имэйлээ богино URL болгон хувиргаад бусдад хуваалцах боломжийг уг сайт олгосон байна. Тан руу имэйл бичих хүн тухайн URL-ээр нэвтэрч, компьютер биш хүн гэдгээ бяцхаан тестээр батлаад имэйлийг тань "эцсийн эцэст" олж үзнэ.

CamelCamelCamel - Тэмээн дээрээс Амазон ойрхон

Зочлох
Хэрвээ та Amazon-оос юм худалдаж авдаг бол энэ сайт хэрэг болно. Уг сайтад бүртгүүлснээр Амазон дээрх бүх бараа бүтээгдэхүүний үнэ тус бүрийн түүхийг харах боломжтой болох бөгөөд авахыг хүсэж буй бүтээгдэхүүнүүдээ тэмдэглэсэн өөрийн Amazon Wishlist-ийг холбочихвол тэдгээр бүтээгдэхүүнүүдийн үнийн өөрчлөлтийг тухайн бүрт нь мэдэж авах болно. Би ямар ч гэсэн юм нэмэхээс цаашгүй байдаг Wishlist-ээ холбочихсон шүү. Бас Browser Extention нь ч бий.

WhatTheFont - Фонт илрүүлэгч

Зочлох
Зурган дээр текстүүдийг ямар фонтоор бичсэн юм бол доо гэж гайхах, мэдэхийг хүсэх тохиолдол бидэнд гардаг даа. Тэгвэл энэ үед зургийг нь аваад ийшээ оруулаад фонтыг нь илрүүлээрэй.

Time & Date - Хугацаа хэмжигч

Зочлох
Хоёр он цагийн хоорондын хугацааг жил, сар, өдөр, цаг, минут, секундын нарийвчлалтайгаар гаргаж ирье гэвэл энэ сайт тусална. Би лав өнөөдрийн байдлаар энэ хорвоогийн тоосыг 10,023 өдөр, 865,987,200 секунд хөдөлгөсөн байх юм. Зугаатай байгаа биз дээ? Би бол хүн загнахдаа байнга ашиглая гэж боджээн.

Flip Text - Текст хөмрүүлэгч

Зочлох
Бас нэг зугаатай эд. Зарим нөхөд сошиал медиа дээр урвуу харсан текст бичээд байдаг даа. Тэднээс дутахгүй гэвэл туршаад үзээрэй. Хааяа нэг маяглаж, маазрах чинь бас зүгээр ш дээ.

Two Foods - Алийг нь идэх вэ?

Зочлох
Эрүүл зөв хооллоё гэж хичээдэг хүмүүст энэ тун хэрэгтэй сайт. Хичээдэггүй хүмүүст ч хэрэгтэй. Үүгээр ороод идэх юмсыг хоёр хоёроор нь, уураг, өөх тос, илчлэгээр нь харьцуулж болдог. Ухаан нь үхрийн мах, хонины мах хоёрын аль нь илүү таргалуулах нь вэ гээд харж болох нь байна. Алим банана хоёрыг, төмс манжин хоёрыг гээд л хоол хүнсний юм барагдашгүй ээ.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.