Онцлох Бизнес

Онцлох бизнес: Багачуудын музей - Тоглонгоо суралцах газар

10 сарын 24, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


19123   4




Өнгөрөгч хагас сайн өдөр Шангрила Молл-д 2-7 насны хүүхдүүдэд зориулсан "Багачуудын музей" нээлтээ хийсэн юм. Багачуудын Музей нь бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулан төрөл бүрийн интерактив үзмэр, үзэсгэлэн, хөтөлбөрүүдийг танилцуулдгаараа, өөрөөр хэлбэл хүүхдүүд дотор нь орж тоглож, үзмэрүүдийг өөрсдийн гараар бүтээдгээрээ уламжлалт музейгээс онцлог юм. Тэд эхний ээлжинд Канадын Toboggan Design Inc компанийн бүтээл болох "Барилгачин найзууд" (Building Buddies) үзмэрийг дэлгэн тавьжээ. Ингээд бид та бүхнийг хүүхдүүдийнхээ төсөөллийг урамшуулан хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээг нь задалж, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй хэмээн уриалахаар тус төвийн зохицуулагч Т.Оюунтүлхүүр, нээлтэнд оролцохоор Монголд ирээд буй Toboggan Design Inc компанийн үүсгэн байгуулагч, дизайнер Курт Хибчен нартай ярилцлаа.

Бизнесийн нэр: Багачуудын музей (Children's museum)
Хаяг: Шангрила Моллын 3 давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Хүүхдийн музей, сургуулийн өмнөх боловсрол
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 10-р сар
Үүсгэн байгуулагч: Б.Нандин
Ажилтны тоо: 6
Вэбсайт: Багачуудын музей (фэйсбүүк), www.childrensmuseum.mn

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Т.Оюунтүлхүүр: Багачуудын музей нь АНУ болон Европд дэлгэрээд удаж байгаа, харин Азид харьцангуй шинэ ойлголт. Бид ийм газруудтай өөрсдийн биеэр танилцаад, ээж хүмүүсийн хувьд ихэд таалж, монгол хүүхдүүддээ ч танилцуулбал яасан юм бэ гэж анх бодсон. Ер нь ээжүүдийн зорилго бол хүүхдээ аюулгүй, тавтай орчинд тоглуулж, юм сургаж, сэтгэл амар өсгөж хүмүүжүүлэх явдал байдаг шүү дээ.
Тэгээд Канадын Toboggan Design inc хэмээх компанитай холбогдон захиалгаар үзмэрээ хийлгэж, тус компанийг үүсгэн байгуулагч, дизайнер Куртийг урьж авчран өнгөрсөн 7 хоногт нээлтээ хийлээ.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Т.О: Бид хувийн хуримтлалаасаа мөнгө гаргаж, бас зээл авч хөрөнгө оруулалтыг нь шийдсэн.

КУРТЭЭС АСУУХАД, ТА МОНГОЛД ИРЭЭД ЮУ ХИЙВ? МОНГОЛ ЯМАР САНАГДАВ?

Курт: Би Монголд ирээд 2 долоо хоног болоод удахгүй буцах гэж байна. Монголд анх удаа ирээд өндөр сэтгэгдэлтэй байна. Би өөрөө түүх нэлээд сонирхдог хүн. Дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг бий болгосон хүмүүстэй уулзсандаа баяртай байна. Манай компани интерактив үзмэрүүдийг хийдэг дизайны компани. Энэ үзмэр Монголд төдийгүй Азид анх удаа тавигдаж байгаа. Би угсралтын ажлыг ерөнхийд нь удирдаж явуулсан. Монголчууд их бүтээлч, гүйлгээ ухаантай хүмүүс байдаг юм байна. Угсралтын хүмүүс гэхэд заавар дүрмийг нь харахгүйгээр учрыг нь олчих юм. Хүүхдүүд ч гэсэн тоглохдоо тун бүтээлч, эерэг талаараа дүрмийг эвдэх дуртай нь харагдлаа.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Т.О: Багачуудын музей бол 2-7 насныхан тоглож наадангаа суралцаж, цагийг хөгжилтэй, үр ашигтай өнгөрүүлж, сониуч зангаа урамшуулах төв юм. Азид анх удаа тавигдаж буй "Барилгачин найзууд" үзмэр маань хүүхдүүдэд өөрсдийн гараар барилга барих боломжийг олгоно. Байгаа материалуудыг ашиглан тэд өөрсдийнхөөрөө сэтгэж юм хийж бүтээнэ гэсэн үг. Хамгийн гол нь энийг зөвхөн ингэж хийх ёстой гэсэн дүрэм байхгүй. Хүүхдүүд өөрсдийн сэтгэж бодсоноор төрөл бүрийн юм хийх боломжтой (open ended activities) учраас сонирхолтой үр дүнгүүд гардаг.

Бид энд аюулгүй байдлыг бүрэн хангасан, материалууд бүгд хүүхдэд ээлтэй. Билет аваад орвол цагийн хязгаар байхгүй ба хүүхдүүдэд өөрсдийн хурдаар тоглонгоо суралцах боломжтой. Хүүхдүүд тайван, өөрсдийн хурдаар юмсыг ойлгож ухаарч байдаг болохоор эцэг эхчүүд маань тэгж их яаруулаад байх нь зөв биш байдаг.
Манай музейд ирснээр эцэг эхчүүд, хүүхдүүд бие биеэсээ харилцан суралцах боломж нээгдэж, энэ нь гэр бүлийн хамтдаа байх чѳлѳѳт цагийн шинэ хэлбэр болох юм. Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ хамт тэдний ертѳнцѳѳр аялж хамтран бүтээн байгуулж, хийсэн бүтээснээ харж баяр баяслыг авах болно.

Курт: Энэ төрлийн интерактив үзмэрүүд хүүхдийн visual mentality-ийг хөгжүүлэх их нэмэртэй байдаг. Өөрсдөө юмсыг харж, хүрч, туршиж байх нь тэдэнд маш чухал байдаг. Зарим хүмүүс ирээд цөөхөн үзвэртэй юм байна гэж магадгүй. Гэвч энэ музей 2-7 насны хүүхдүүдийн хувьд хангалттай, төгс шийдэл болсон байгаа. Бас нэг санах ёстой зүйл бол хүүхдүүд юмны учрыг дахин дахин хийж байж олдог. Тэд хүүхэлдэйн киног давтан давтан үздэгийн шалтгаан энэ. Нэг үзэхэд нэг зүйлийг ойлгож, дараа үзэхдээ нөгөө зүйлийг, дараа үзэхдээ холбоосыг нь ойлгодог гэдэг ч юм уу. Хүүхдүүд мэдээллийг дэс дараатай цуглуулж, мэдлэгээ зузаалж байдаг. Тэр утгаараа энд ирээд зөвхөн нэг удаа тоглох бус дахин дахин ирж байвал бүр ч тустай юм.

Мөн хүүхдүүд энд ирснээр багийн ажиллагаанд суралцаж эхэлнэ. Барилгын материал дээш доош зөөхөд жишээ нь 2 хүүхэд хэрэгтэй. Тэд хоорондоо ярьж зөвлөлдөж, улмаар найзууд болдгийг онцлох нь зүйтэй.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН, ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Т.О: Бид багачуудын музейн ойлголтыг монголчуудад сайн танилцуулж, хүүхдүүдийг гар утсаар оролдох, зурагт үзэхээс илүүтэй энэ төрлийн зүйлийг хийдэг болгох зорилготой. Бас монгол дизайнеруудтэйгээ хамтраад монгол гэрийн үзмэр бүтээж болох юм гэж бодож байгаа. Бас зөвхөн хүүхдүүдэд зориулсан, ийм үзмэрээр дүүрэн "Монголын хүүхдийн музей" гэсэн тусдаа байгууламжтай болохыг мөрөөддөг.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Т.О: Практикт суурилсан, олон дахин тестэлсэн үзмэрүүдийг дэлгэж хүүхдүүдийг аль болох их зүйлийг сурах боломжоор хангах бүхий л үйл ажиллагааг явуулахыг зорьж байна. Тэгээд мэдээж хүүхдүүдэд зориулсан учраас аюулгүй, тав тухтай, өнгөлөг сайхан орчин бүрдүүлэхийг хичээдэг.

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Т.О: Ойрын хугацаанд бид бүлгээрээ ирэх хүүхдүүдэд зориулсан үнийн багц гаргаж, төрөл бүрийн сонирхолтой үзэсгэлэн, хөтөлбөрүүд зохион байгуулахаар ажиллаж байна. "Барилгачин найзууд" үзмэр маань хэдэн сарын дараа солигдох магадлалтай энэ хугацаанд аль болох олон хүүхдийг ирүүлж, барилга барих туршлагатай танилцаасай гэж хүсэж байна. Энэ арга хэмжээнүүд маань дандаа хүүхдүүд өөрсдөө юм хийж бүтээнэ гэдгээрээ онцлог юм. Баяруудыг тэмдэглэх, төрсөн өдөр тэмдэглэх арга хэмжээнүүдийг мэдээж хийнэ. Нээлтээ саяхан хийсэн учраас музейгээ сурталчлах ажлуудыг бас хийж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ХИЙХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?

Т.О: Хүүхдүүд манай музейд ороод хэний ч туслалцаагүй юмсыг туршиж, тоглонгоо суралцахыг харах маш сайхан. Тэд тоглоод гарахдаа өөрсдөдөө маш сэтгэл хангалуун байдаг. Зарим нь танай бүх юмыг засчихлаа шүү гэнэ (инээв).

Шинэ газар учраас тийм сүйдтэй бэрхшээл гэхээр зүйл алга. Мэдээж шинэ ойлголт, шинэ байгууллага учраас хүмүүст сайн таниулах ёстой. Музей гэдэг нэртэй учраас уламжлалт музейтэй андуурах тохиолдлууд бий. Бас зүгээр тоглоомын газар ч гэж боддог. Энийг ялгааг тайлбарлаж таниулахад тодорхой цаг орох байх. Харин яг нүдээрээ үзсэн харсан хүмүүс бол манай музейг ач холбогдлыг сайн ойлгодог.

ТАНАЙ ҮЗВЭРИЙН АЛЬ ХЭСГИЙГ ХҮҮХДҮҮД ИХ СОНИРХОЖ БАЙГАА ВЭ?

Т.О: Анзаарч байхад хүүхдүүд хэцүү зүйлсийг хийх дуртай юм шиг. Тэд усны хоолой холбодог, мөн өндөр хана босгодог хэсгүүдийг их сонирхож байгаа.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.