Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   10 сарын 23, 2016

7 хоногийн тойм: Сүүлчийн мэтгэлцээн + 85 тэрбум долларын худалдан авалт + Nintendo Switch

Орон нутгийн сонгуулийн ирц хүрсэнгүй

Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өнгөрсөн долоо хоногийн Монголын улс төрийн амьдралын хамгийн онцлох үйл явдал байлаа. Гэсэн ч зөвхөн нийслэлд гэхэд 152 хорооны 79-д нь ирц хүрээгүй учраас эдгээр хороодод нэмэлт санал хураалт явуулах болсон байна. Нийслэлийн хэмжээнд ирц ердөө 48 хувьтай байлаа. Улсын хэмжээнд 2082 сонгуулийн хэсгийн хороо байгаагаас 293-д нь нэмэлт санал хураалт явуулах гэнэ. Сонгуулийн тухай хуулиар ирц хүрээгүй тохиолдолд нэмэлт санал хураалт явуулах болсон юм. Энэ нь үндсэн сонгуульд оролцоогүй сонгогчид саналаа өгөх боломжоор хангагдаж байна гэсэн үг. Нэмэлт санал хураалтад ирцийн босго тавихгүй бөгөөд оролцсон сонгогчдын санал дээр нэмэгдэж тооцогдох ажээ. Улс орон даяар сонгуулийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, санал өгөх бололцоогоор хангасан ч идэвх муу байсан нь харамсалтай. Нэмэлт санал хураалт өнөөдөр буюу 10-р сарын 23-ны ням гарагт явагдаж байгаа. Уншигч та бүхнийг иргэний эрхээ эдлэн, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Shuud: Улсын хэмжээнд 293 хэсэгт нэмэлт санал хураалт явагдана
Gogo: Залуус аа, "алдаа"-гаа залруулцгаая

Зургийн эх сурвалж: Unuudur.mn

Трамп, Клинтоны сүүлчийн мэтгэлцээн явагдлаа

Ирэх сарын 8-нд явагдах АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хамгийн сүүлчийн буюу 3 дахь мэтгэлцээн энэ долоо хоногт явагдаж өндөрлөлөө. Ардчилсан намын 9 мэтгэлцээн, Бүгд Найрамдах намын 12 мэтгэлцээнийг оруулбал энэ нь нийтдээ 24 дэх мэтгэлцээн гэсэн үг. 2 намаас ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж буй Хиллари Клинтон, Дональд Трамп нар эцсийн удаа олон нийтийн өмнө өөрсдийн байр сууриа хамгаалж, үгээ хэлж, давуу талаа үүсгэх боломж нь энэ байв. Энэ удаагийн мэтгэлцээн өмнөхүүдийн адил зохиолоор явагдсан гэж хэлж болно. Трамп зарим үед хяналтаа алдаж, хараалын үг урсган, бүдүүлэг авир гаргаж, эсрэгээрээ Клинтон түүнийг нь өөхшүүлж, улам бүр шахаж, өөрийгөө "эвтэйхэн" авч гарч байлаа. Үр хөндүүлэх эрхийн тухай асуудлаас эхлээд Путины сонгуульд үзүүлж буй нөлөө, татварын шатлалын асуудал хүртэлх олон асуудлыг хамарсан мэтгэлцээнд Хиллари ялимгүй давамгайлсан хэмээн ихэнх мэргэжилтнүүд үзэж буй. Гэсэн ч мэтгэлцээний үеэр Трамп хэрвээ ялагдвал сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж, бууж өгөх талаар огтхон ч бодохгүй байгаагаа илэрхийлсэн юм. Гэвч дийлэнх медиа, мэргэжилтнүүд Трампад ялах ямар ч боломж байхгүй талаар бичсээр байна. Хувцас загварын хамгийн алдартай хэвлэлүүдийн нэг Vogue 124 жилийн түүхэндээ анх удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа зарлаж, Хиллари Клинтоныг дэмжихийг уриалсан. Тэгвэл технологийн салбарын нөлөөтэй лидерүүдийн нэг PayPal-ийн үүсгэн байгуулагч, Фэйсбүүкийн анхны хөрөнгө оруулагч П.Тиел 1.25 сая долларыг Трампад хандивлаж, 10-р сарын 31-нд олон нийтэд хандан хэвлэлийн хурал хийхээ зарлажээ.

UB.Life: Сүүлчийн мэтгэлцээний хамгийн хурц 12 эшлэл
VOX: Сүүлчийн мэтгэлцээний 3 ялагч, 2 ялагдагчид

Сүүлчийн мэтгэлцээний төгсгөлд нэр дэвшигчид ахиад л бие биетэйгээ гар барихыг хүссэнгүй.

Медиа салбарын хамгийн том худалдан авалт явагдах гэж байна

Телефон утсыг бүтээсэн Александр Беллийн шавыг нь тавьж байсан, Америкийн харилцаа холбооны хамгийн том компаниудын нэг AT&T салбарынхаа хамгийн том худалдан авалтуудын нэгийг хийх гэж байна. Тэд мультимедиа салбарын лидерүүдийн нэг Time Warner-ийг 85 тэрбум доллараар худалдан авах хэлэлцээрт хүрчээ. Энэ нь AT&T нэгж хувьцаа бүрт 107.5 доллар төлж байгаа гэсэн үг бөгөөд бэлэн мөнгө, хувьцаа оролцуулсан энэ наймаа ирэх онд бүрэн дуусах төлөвтэй аж. 200 мянга гаруй ажилтантай, 130 сая гаруй хэрэглэгчтэй AT&T ингэснээр өөрийн эгнээндээ Time Warner-ийн эзэмшиж байсан HBO, Warner Bros, CNN зэрэг томоохон медиа компаниудыг нэгтгэж байгаа хэрэг юм. Үүн дээр нэмээд тэд Супермен, Батманыг багтаасан DC Comics, Game of Thrones болон Cartoon Network-ийн дүрүүд, Harry Potter зэрэг брэнд контентуудыг эзэмших эрхтэй болж буй. Нэг ёсондоо контент бүтээх үйл явцыг контент хүргэх сувагтай нэгтгэж байгаа гэсэн үг. Гэхдээ эхлээд энэ наймааг хууль сахиулагчид зөвшөөрөх ёстой. Зарим шинжээчид энэ худалдан авалт монополийн шинж чанар бий болгож магадгүй гэж болгоомжилж байгаагаа ч нуухгүй байна. Time Warner 2000 онд AOL-тэй нэгдэж, хожим "түүхэн дэх хамгийн муу нэгдэлт" гэж нэрлэгдэх болсон хар үеийг туулсан. Интернетийн хөөсрөлт хагарсан тэр он жилүүдэд AOL Time Warner нэг жилд л гэхэд 99 тэрбум долларын алдагдалтай ажиллаж дээд амжилт тогтоосон юм. Гэхдээ AT&T энэ баримтыг үл тоон, AOL болон Yahoo-г өөртөө нэгтгээд буй гол өрсөлдөгч Verizon-ий идэвхтэй үйл хөдлөлийн эсрэг томоохон шийдвэр гаргалаа.

CNN: Яагаад AT&T Time Warner-ийг худалдаж авахыг хүсэв?
CNBC: Time Warner-ийг худалдаж авах AT&T-ийн шийдвэр яагаад буруу вэ?

AT&T дээрх брэндүүдийг эгнээндээ нэгтгэхийн төлөө 85 тэрбум долларыг төлнө!

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Инстаграм толгой компани Фэйсбүүкийн адилаар "Live" нэмэлтийг хэрэглэгчдэдээ санал болгох гэж буй бололтой. ОХУ-ын T Journal-ийн мэдээлснээр тэд Go Insta гэсэн товчийг хэрэглэгчдэд санал болгож, шууд бичлэгээ хийн хуваалцах нэмэлтийг туршиж байгаа гэнэ. Нью Йорк мужийн Эндрью Комо "30-аас доош хугацаагаар орон сууцаа түрээслэхийг хориглох тухай" шинэ журамд гарын үсэг зурсан нь байрын түрээс үзүүлэгч Airbnb-д хүнд цохилт боллоо. Зарим зочид буудлуудын нэгдэл, мужийн захиргаанаас Airbnb нь Нью Йоркийн эргэн тойрон дахь үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралыг улам даамжруулж байна хэмээн буруутгагдсан байна. Гэхдээ Airbnb үүнийг эрс эсэргүүцэн, шүүхэд хандахаа мэдэгдэж, 10 сая долларын медиа кампанит ажлыг эхлүүлжээ. Баасан гарагийн өглөө Твиттер, Spotify, Soundcloud, Airbnb, Vox, New York Times зэрэг вэбд суурилсан үйлчилгээ үзүүлэгчид DDoS халдлагад өртөж, үйл ажиллагаа нь саатсан хэрэг боллоо. Урьдчилан төлөвлөсний дагуу онилж авсан сайтууд руу зохиомол хандалтыг хэт ихээр үүсгэн, улмаар сайтыг унагадаг аргаар явагдсан энэ халдлагын улмаас зарим хэрэглэгчид бүтэн өдрийн турш эдгээр сайтууд руу орох боломжгүй болжээ. 3 удаа явагдсан халдлагын эх үүсвэрийг олж тогтоох, хохирол тооцох ажил эхлээд байна. Apple удтал хүлээлгэсэн шинэ загварын MacBook лаптопуудаа танилцуулах арга хэмжээгээ 10-р сарын 27-нд зарлажээ.

Bloomberg: Нью Йорк Airbnb-ийн эсрэг журам баталлаа
Fortune: DDoS халдлагаас хакерууд хэрхэн мөнгө олдог вэ?

Airbnb олон нийтэд нөлөөлөх лобби кампанит ажлаа аль 9-р сараас хойш эхэлсэн юм.

Nintendo шинэ тоглоомын төхөөрөмжөө зарлалаа

Супер Марио, Покемоныг бүтээгч, Японы алдарт Nintendo өнгөрч буй долоо хоногт зохион байгуулсан арга хэмжээгээрээ сүүлийн жилүүдэд гарсан хамгийн сонирхолтой тоглоомын төхөөрөмжийг танилцууллаа. Энэ бол Nintendo Switch. Ирэх 3-р сард худалдаанд гаргах энэхүү төхөөрөмж нь гэрийн болон зөөврийн хэрэглээнд аль алинд нь тохиромжтой, олон удирдлагат төхөөрөмж юм. Маш ухаалаг байдлаар угсрагддаг удирдлагын гарыг төхөөрөмжид байрлуулж, өөрийнхөө дэлгэцийг салган тун хялбархан зөөвөрлөх, тоглох боломжийг олгосон Switch энэ салбарт хувьсал хийж, маш олон шинэ хэрэглэгчийг тоглоомын салбарт оруулж ирж мэднэ хэмээн мэргэжилтнүүд үнэлж байна. Нийт 5 төрлийн тохируулгатайн дотор ижил төхөөрөмжтэй холбогдох, өөрийн гарыг холбох, зөөврийн хэлбэрээр тоглох зэрэг багтаж байгаа. Одоогоор видео тоглоомын салбарын лидерүүд болох EA, Activision, Ubisoft зэрэг 48 компани Switch-д зориулсан тоглоомууд гаргахаар тохиролцоод байгаа гэнэ. Үнийн тухай мэдээлэл одоогоор цацагдаагүй байна.

The Verge: Nintendo Switch-ийн талаар бидний мэдэх бүх зүйлс
TNW: Nintendo Switch яагаад бид бүгдийг ахин тоглоомчин болгож чадах вэ?

16127   4


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.