Мэдүүштэй

Технологийн тэрбумтнуудын барьдаг 10 машин

10 сарын 13, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


11856  




Тэрбумтнуудын барьдаг машин хэзээнээсээ л олны анхаарлыг ихэд татсаар ирсэн. Өөр өөр компаниудын үйлдвэрлэсэн тэдгээр чамин тансаг машинуудыг бодит байдал дээр авъя гэхэд нэлээд их хөрөнгө мөнгө хэрэгтэй. “Үнийг нь асууж байгаа бол та авч хүчрэхгүй” гэсэн үг ч байдаг даа. Мэдээж дэлхийн хүн амын дийлэнх нь дээрх машинуудын үнийг төлж, эзэмшиж хэзээ ч чадахгүй. Гэсэн ч энэ сайхан тансаг машинуудыг харж нүдээ баясгахад болохгүй нь юу билээ. Нүдээ баясгаад зогсохгүй, том мөрөөдөж, эдгээр машинуудыг ирээдүйд унахын төлөө хичээж болно шүү дээ. Ингээд олон тэрбумын орлоготой технологийн компанийн эздийн жолооддог 10 машиныг танилцуулъя.

Билл Гэйтс – Порше машины гайхалтай цуглуулга

Билл Гэйтс бол манай үеийн хамгийн баян, хамгийн амжилттай хүн. Гэвч түүнээс ч чухал нь Билл Гэйтс хүмүүнлэгийн үйлсээрээ дамжуулан хүмүүсийн амьдралыг дээшлүүлж, нас баралтыг хорогдуулахын төлөө ихэд хөдөлмөрлөдөг юм. Тэрээр Форбес сэтгүүлийн хамгийн баян хүний жагсаалтыг олон жил өнгөлж яваа. Хувийн компьютерын хэрэглээний хувьсгал хийсэн Майкрософтыг үүсгэн байгуулагч Билл Гэйтс-д Порше машины гайхалтай цуглуулга бий. Энд түүний нэг порше харагдаж байна. Дээвэр нь сөхөгддөг Порше 911, үйлдвэрийн үнэ нь 82,140$.

Элон Маск – Өөрийн бүтээсэн Теслаг барьдаг

Элон Маск магадгүй хүн төрөлхтөний ирээдүйн төлөө хамгийн их санаа зовдог тэрбумтан. Цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla Motors, онлайнаар мөнгө гуйвуулах системийг бий болгосон PayPal, пуужин үйлдвэрлэгч SpaceX, нарны эрчим хүч үйлдвэрлэдэг SolarCity зэрэг хэд хэдэн салбарт хувьсгал хийсэн компаниудыг үүсгэн байгуулсан тэрээр өөрийн компанийн машиныг барьдаг.

Эван Шпигел –Феррари

Хэрвээ Цахиурын хөндийгөөс "дүрсгүй жаал" тодруулах болбол тэр нь Эван Шпигел биз ээ. Түүний хамтран бүтээсэн Snapchat хэмээх апп залуусын дунд хурдан тархаж, өдөрт 100 сая хүн хэрэглэж, нийтийн видео хандалтын тоо нь 6 тэрбумд хүрдэг аж. Багаасаа л тансаг машин унах дуртай байсан Эван Шпигел өнгөрөгч 6-р сард компани нь 50 сая долларын хөрөнгө оруулалт босгоход өөртөө Феррари худалдаж авсан байна.

Ларри Эллисон - Lexus LFA

“Дүрсгүй тэрбумтан” гэхэд хамгийн түрүүнд санаанд ордог “том” хүн бол Oracle-ийг үүсгэн байгуулагч Ларри Эллисон билээ. Эллисон одоо дүрсгүй тэрбумтан жаал байхаа хэдийн больсон. Ларри Эллисон олон машин эзэмшдэг бөгөөд саяхан энэхүү Lexus LFA гэх хамгийн сүүлийн үеийн машиныг барьж яваа харагджээ. Машины үнэ 375,000$-оос эхэлнэ.

Ларри Пэйж – Tesla Roadster

Google-ийн үүсгэн байгуулагчийг мэдэхгүй хүн байхгүй биз дээ? Ларри гэх энэ залуу интернет бизнесийг шинэ түвшинд аваачиж, шинжлэх ухаан, худалдаа хоёрыг тун гайхалтай хослуулсан билээ. Инноваци гэдэг зүйл түүнд хамгийн чухал учраас тэр патент авахад асар их мөнгө зарцуулдаг. Google-ийг хамтран байгуулагч Ларри Пэйж найз Элон Маскийн компанийн Тesla Roadster буюу хоёр хүний суудалтай машиныг унадаг. Пэйж 31 тэрбум долларын хөрөнгөтэй.

Марк Цукерберг - Pagani Huayra

Марк Цукерберг өдгөө сар бүр 1 тэрбум хүн идэвхтэй ашигладаг болсон Фэйсбүүкийг үүсгэн байгуулж, хамгийн залуудаа тэрбумтан болж байв. Фэйсбүүкийн захирлуудын зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал түүний хөрөнгийн хэмжээ 2015 оны 7-р сарын байдлаар 38.6 тэрбум долларт хүрчээ. Марк Цукерберг хувьдаа Volkswagen Golf GTW зэрэг хэд хэдэн машинтай. Гэвч сүүлийн үед тэрээр Pagani Huayra-гаа унаад хурдлан давхиж яваа харагдах болжээ. Энэ машины үнэ 1.3 сая доллараас эхэлдэг.

Майкл Делл - Hummer H2

Dell Computers-ийн Майкл Деллийг 1992 онд 27 настай байхад компани нь Форбес сэтгүүлийн "Шилдэг 500" компанийн жагсаалтад багтаж, тэр хамгийн залуу CEO-оор шалгарч байжээ. Тухайн үед хэвлэлүүдэд түүнийг маш хурдан амжилтанд хүрлээ хэмээн шуугиж байсан юм. Тэр цагаас хойш Делл компьютер үйлдвэрлэлийн дэлхийн хамгийн том компанийг бий болгохоор зорин ажиллаж байна. Майкл Делл Hummer H2 машин унадаг. Одоо энэ машин үйлдвэрлэгдэхээ больсон бөгөөд 20,000-33,000$-оор худалдаалагддаг. Майкл Деллийн хөрөнгө нь 15.9 тэрбум доллар.

Шон Паркер – Tesla Model S

Шон Паркер юмыг хэзээ ч нэгэн хэвийн байдлаар хийж байгаагүй. Тэр Napster-ийг хамтран байгуулж, Фэйсбүүкийн анхны ерөнхийлөгч болж байсан. Одоо харин Spotify-ийн ерөнхийлөгч. Дэвид Финчерийн The Social Network кинонд түүний дүрийг Жастин Тимберлэйк бүтээснийг бид мэднэ. Шон Паркер Сан-Францискод Audi S5 загварын машин унадаг. Уг машины үнэ 50,000$-оос эхэлдэг. Гэхдээ заримдаа Лос-Анжелест байхдаа 100,000$-ын үнэтэй ганган Tesla Model S барьдаг байна.

Травис Каланик – Uber-ийн такси

Таски дуудлагын Uber компанийн хамтран байгуулагч, CEO Травис Каланик өдгөө нэртэй тэрбумтнуудын нэг болжээ. 40 настай тэрээр Форбес сэтгүүлээс гаргасан 2014 оны "Хамгийн баян 400 америк хүн"-ий жагсаалтад 6 тэрбум долларын хөрөнгөөр 290-д жагсаж байв. Барьдаг машины хувьд, Травис Каланик компанийнхаа хамгийн үнэнч үйлчлүүлэгчдийн нэг. Түүний унаа бол “хүссэн цагтаа барьдаг” Uber-ийн такси юм.

Жефф Безос – Хонда Аккорд

Amazon.com-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Жефф Безос интернет худалдаа хөгжихөд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Amazon.com эхэндээ онлайнаар ном худалддаг байсан бол одоо төрөл бүрийн бүтээгдэхүүн борлуулж, үйлчилгээ үзүүлдэг болоод буй. Хамгийн сүүлд тэд видео цацах үйлчилгээ нэвтрүүлээд байна. Жефф Безос 1996 оны Хонда Аккорд унадаг. Сонирхолтой байгаа биз? Өнөөдөр уг загвар 4000$-ын л үнэ хүрнэ.

Эх сурвалж: www.knowstartup.com

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.