Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   10 сарын 12, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Yavuu брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер Б.Явууцагаан

Манай өнөөдрийн зочин бол Японд өөрийн хувцас загварын брэндийг үүсгэн байгуулж, амжилттай ажиллаж яваа дизайнер бүсгүй юм. Япон үндэсний кимоно хэмээх уламжлалт хувцсыг шинэлэг, орчин үеийн өнгө төрхтэйгээр, цорын ганц хувиар урладаг тэрээр Японы болон олон улсын загварын шоунуудад амжилттай оролцдог юм. Энэ сарын 21-нд Шангрилад монгол дээл болон кимоногийн шинэ загваруудаа дэлгэн, Монгол дахь анхны загварын шоугаа тавих гэж байгаа түүнтэй бид түр урланд нь очиж ярилцлаа.

Байршил: Япон, Токио
Одоо хийж буй ажил, албан тушаал: Yavuu брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13’
Сошиал хуудсууд: Yavuu (фэйсбүүк хуудас)

Таны ажлын онцлох арга барил?

Би ганцаараа ажилладаг. Загвар, технологи, оёдол гээд бүгд дээр нь өөрөө сууж ажилладаг. Материалаа сонгох, хөдөөгүүр үйлдвэрүүдээр явах гээд бүх зүйлсэд өөрөө оролцоно. Дизайнер гэхээр зөвхөн зургаа зураад суудаг гэсэн үг биш.

Жилд 2 удаа коллекц гаргана. Энэ зун зарагдах хувцаснуудаа жилийн өмнө танилцуулж, худалдан авагчидтайгаа гэрээ байгуулаад 3-р сараас борлуулж эхэлдэг. Масс үйлдвэрлэл учир тоо ширхэг, дизайныг нь дэлгүүрүүдтэй хамтарч гаргаад үйлдвэрлэлд бэлтгэдэг.

Мөн миний хувьд кимоногоор 4 жил гаруй дагнаж байна. Би өөрөө кимонод дуртай, нэг загвараас ганцхан ширхгийг л захиалгаар гаргадаг гэдгээрээ онцлогтой.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшн болон ажлын хэрэгслүүдээсээ нэрлэнэ үү?

Сошиал медиагаас Line-ийг ихэвчлэн хэрэглэнэ. Мэдээж Фэйсбүүк бол ашигладаг. Инстаграм бол зайлшгүй хэрэглээ. Үүнээс гадна би гадны загварын чиг хандлага, мэдээллийг Vogue Runway аппаас авдаг. Байнга хэрэглэдэг учир ирээдүйд энэ апп дээр бүтээлээ дэлгэж, брэндээ танилцуулах зорилготой.

Дизайны дэвтэр, төлөвлөгөөний дэвтрээ бол биедээ байнга авч явдаг.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Хамтын ажиллагаа гэж товчоор хэлж болно. Миний харилцаж хамтарч байгаа хүмүүс бүгд бие биенээ хүндэлж, санаа тавьж байдаг. Маргааш нэг хүнтэй уулзалт товлосон бол өмнөх өдөр нь нөгөө хүн маань залгаж, мартчихсан байх вий, хэвээрээ биз дээ, ирэх нь зөв үү гэж холбогдох жишээтэй. Японд бүх хүмүүс бусдын цагийг маш үнэтэйд тооцож, хүндэтгэлтэй ханддагийн илэрхийлэл л дээ. Харьцаж байгаа л бол нэг хамт олон болж, тогтмол харилцааг үүсгэж чаддаг. Үүний ачаар цагийн нарийн төлөвлөгөө гаргаж, цагаа хэмнэж байна даа. Харин энд ирээд харилцаа жаахан дутагдаад, мартаж санаад л байна шүү (инээв).

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Самбар дээр долоо хоног, сарын ажлын төлөвлөгөөгөө гаргаж, том ажлуудаа зоочихсон байдаг. Харин өдөр тутмын ажлуудаа дэвтэр дээрээ хөтөлнө. Унтахынхаа өмнө өнөөдөр юу хийсэн, юу хийж чадаагүй, маргааш юу хийж болох, юу хийх хэрэгтэй вэ гэдгээ эргэцүүлж бодох дуртай.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Би ямар ч ажлыг нямбай, цэгцтэй хийж чаддаг. Загвар дээрээ ч, технологи дээрээ ч, оёдол дээрээ ч энэ зарчмаа барьдаг. Гараас минь юм гарахдаа удаан байж магадгүй. Гэхдээ юу ч хийсэн хамгийн сайнаараа хийх гэж их хичээдэг.

Ахуйн талаас гэвэл маш сайн цэвэрлэгээ хийж чаддаг шүү (инээв). Сүүлийн үед япон хоол хийх дуртай болж байна.

Та хувцас загвартай анх хэрхэн холбогдсон бэ?

Би Баянхонгорт дунд сургууль төгссөн. Сурагч байхдаа хотод ирж "Үнсгэлжин" хувцас загварын тэмцээнд ирж оролцдог байсан юм. Тэр үед компани удирдаж байсан аав минь надад хэдэн өдөр 2 өрөө суллаж өгөхийн тулд ажилчдаа амраачихдаг байсан. Гэрийнхэн минь намайг бүгд их сайн дэмждэг байсан.

Үүний дараа хотод Урлах-Эрдэм дээд сургуульд суралцахаар ирсэн. Бүгд л гадагшаа гарахын түүс байсан тэр үед би ч оройгоор япон хэл сурч, боломжийг хайдаг байлаа. 3-р курсдээ Япон явах боломж гарч, сургуулиа хаяад ажил хийхээр явсан. Тэндээ 3 жил болоод эргэж ирээд хэсэг байж байгаад ахиад буцаж явсан. Тэр үед загвараасаа нэлээн хөндийрч, тогоочоор ажиллаад л, болоод л байдаг байлаа. Гоё газар, боломжийн амьдарч байсан ч бусад хүмүүс бүгд боловсрол эзэмшиж, хүссэн газартаа ажиллаж байхыг хараад хор шар хөдөлдөг юм билээ. Тэгээд л сурахаар шийдсэн. Ээж минь ч алийн болгон ингэж явах вэ, болохгүй бол хүрээд ир гэдэг байсан юм.

Ингээд л сургуульд сурахын хажуугаар загвар гаргаж, захиалгын ажил хийх болсон. Анх хэнийг ч танихгүй жаахан хүүхэд байхад минь надад итгэж, надаар хувцсаа хийлгэж байсан хүмүүс одоо ч гэсэн надтай хамтарч, намайг дэмжсээр байдаг. Япончуудын нэг хүнд итгэвэл итгэсэн шиг итгэж, тууштай дэмждэг хандлага надад том тус болсон. Анхандаа материал олж авах гэж нэг газар луу таван удаа очиж уулзах нь энгийн тохиолдол байлаа. Эхэндээ тоохгүй байсан ч намайг тууштай яваад байхаар хүлээн авч, улмаар сайхан түншүүд болсон тохиолдлууд бий.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Кимоно урлана гэдэг хүнд хэцүү чиглэлд тооцогддог учир барагтай л бол дизайнерууд барьж авдаггүй. Энэ хувцас өөрөө арвин уламжлал, ёс заншил, утга учрыг агуулж байдаг. 20 нас хүрсэн япон хүн бүр кимоно авч өмсдөг уламжлал бий. Үе үеэрээ хөгшчүүдийнхээ өмсөж байсан кимоног өвлүүлэн үлдээж, хадгалж байдаг. Гэвч сүүлийн үед кимоног зөвхөн баяр ёслолын үеэр л гаргаж ирдэг, бусад үед сайхан эвхээд хадгалчихдаг хандлага их болчихсон. Нэг ёсондоо шинэ үе сонирхохоо больж, бас их үнэтэй тул уналтанд орчихоод байгаа гэж хэлж болно.

Хамгийн хямддаа 20 сая төгрөгийн үнэтэй, асар их агуулгатай энэ хувцсыг яагаад массын хэрэглээ болгож болохгүй билээ гэсэн санаагаар би ажиллаж байна. Япончуудын өөрсдийнх нь "эвдэж" зүрхлэхгүй байгаа зүйлийг гадны хүний нүдээр харж, салхи оруулж, илүү төгс болгох гээд зүтгэж байгаа болохоор япончууд ч дэмжиж байгаа. Япон соёлыг олон улсад сурталчилж байгаа гэдэг утгаараа Японы Кимоногийн Нийгэмлэг намайг дэмждэг.

Нэг кимоно хийх гэж их уддаг, тун хариуцлагатай ажил. Анх ийм юм хийх гэж байна гээд үйлдвэрүүдээр явж материал цуглуулах гэхэд годгоносон гадаад охин яаж чадах билээ гээд огт тоодоггүй байлаа. Сүүлдээ тууштай зүтгэж, хүмүүст хийх гэж буй зүйлсээ ойлгуулах гэж хичээсээр хамтарч ажиллаж эхэлсэн. Ер нь технологи талаасаа түвэгтэй зүйлс их бий.

Би ахмадуудаас суралцаж, өмнөх алдаануудыг давталгүй массын бүтээгдэхүүн гаргах гээд хичээж байна. 2013 онд анх Мерседес Бенц шоун дээр танилцуулсан. Европчуудад зориулсан япон хувцсыг монгол дизайнер урлах гээд л зүтгэж байна даа.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Yavuu брэнд Монголд хамгийн анхны шоугаа хийх гээд бэлтгэж байна. 10-р сарын 21-нд Шангрилад загварын шоугаа хийнэ. Үндсэн 2 хэсэгтэй. Эхнийх нь масст зориулсан хавар, намрын загварууд, дараагийнх нь кимоногийн коллекц. Дээлийн элементүүдийг оруулж, илүү тансаг хэлбэрт шилжүүлсэн загварууд байгаа.

Сурсан мэдсэн зүйлээ Монголдоо танилцуулж, бусадтай хуваалцъя гэсэн үүднээс шоуныхаа бэлтгэл ажилд өнгөрсөн 6-р сараас орсон. Энэ хооронд хэд хэдэн удаа ирж буцлаа.

Дизайнерын хувьд надад сурах зүйл их байна. Би монгол дээлээ сайн хийж чаддаг гэж бардам хэлдэг болохыг хүсэж байна. Үндэсний загвараа төгс эзэмшиж, сайн хийдэг болохоор хичээж байна. Үүнээс гадна дараагийн 10 жилд хувцасны масс үйлдвэрлэл эхлүүлэх зорилготой. Бүх зүйлсийг цогцоор нь хийдэг, сайн боловсорсон оёдолчид, технологичдтой үлгэр жишээ үйлдвэртэй болох мөрөөдөлтэй.

Та ажиллаж байхдаа хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Хөгжмийн гоёмсог аялгуу тавиад ажлаа хийх дуртай. Н.Жанцанноров гуайн хөгжмүүдийг сонсоно. Японоос Сакамото Рючид үнэхээр дуртай. Түүний үндэсний шинжээ агуулсан мөртлөө орчин үеийн хэлбэр бүхий бүтээлүүдийг сонсоод сонсоод уйдахгүй.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Би унтахынхаа өмнө 20-30 минут гаргаж заавал монгол ном уншдаг. Өдөржин япончуудтай япон хэлээр харьцдаг учир толгойгоо амраах гэж эх хэл дээрээ ном уншдаг юм. Заримдаа улайраад шөнөжин уншчихсан байх нь ч бий.

Монгол ёс заншил, уламжлалын талаар агуулсан номнууд унших дуртай. Гадаадад байгаа болохоор номоор дамжуулж монгол хүний мэдвэл зохих, мэдэх ёстой зүйлсийг танин мэдэж, өөрийгөө боловсруулахыг хичээдэг. Яг одоо бол "Очир эрхшээгч" романыг уншиж байна.

Өглөө ажил руугаа явж байхдаа галт тэргэнд япон хэл дээр кимоногийн тухай ном, нийтлэлүүд уншдаг. Кимоно хэдэн зуун жилийн түүхтэй судлагдахуун учир үүний талаар уншаад уншаад, ухаад ухаад дуусдаггүй, шинэ зүйл гарч ирээд л байдаг онцлогтой. Нэг хээ хийх гэж л тийм түүхтэй, тийм учиртай, тэнд хийгддэг, ийм утгатай гээд л судлах зүйл их гардаг.

Та илүү нээлттэй хүн үү, аль эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Би нээлттэй үедээ нээлттэй, хаалттай үедээ хаалттай байж чадна. Гэхдээ ажил маань амжилттай явж, урагшлахад миний нээлттэй зан байдал хамгийн ихээр нөлөөлсөн болов уу. Кимоно урладаг япон өвөө эмээ нартай, материал хийдэг үйлдвэрийнхэнтэй, захиалга авах дэлгүүрийнхэнтэй учраа олж, өөрийгөө ойлгуулж, эвийг нь олно гэдэг тийм ч амар биш. Японд багагүй хугацаа өнгөрүүлсэн учир одоо бол япончуудтай хэрхэн харьцаж, хамтрах учраа олчихсон гэж бодож байгаа шүү.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Би их бага унтдаг. Өдөржин ажилтай бужигнаж, энэ тэрүүгээр явсаар гэртээ ирээд өөртөө гаргах цаг маань шөнийн 12-2 цагийн хооронд байдаг юм. 2 цагт унтаад өглөө 7 цагт сэрнэ.

Саяхнаас 2 ч нохой тэжээх болсон. Өмнө нь өөрөө тэжээдэггүй байсан болохоор анзаардаггүй байж. Тэжээмэл амьтад хүнд амрах цаг болоод тайвшралыг өгдөг юм билээ. Би өглөө нохойнуудаа салхилуулах гэж заавал 30 минут гаргаж, хамт алхдаг болсон. Өмнө нь яарч сандчаад л ажил руугаа гардаг байсан, одоо бол зориуд эрт босож, тайван гэгч нь өдрийг эхлүүлдэг болсон шүү. Орой гэртээ ирээд нохойгоо сургаж, эрхлүүлэх дуртай.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Ганцаараа ажилладаг болохоор найз нартайгаа сайхан цайлаад, элдвийг ярилцаад суух нь сайхан амралт болдог. Монгол найз нартайгаа уулзаж суух их дуртай. Хэд хэдэн очдог кафетай, тэндээ бол заримдаа цагийг умартаад суучих нь бий.

Би аялах дуртай. Их ажлын улирал дуусангуут аялал хийж тархиа сэргээдэг. Дараагийн 2 жилд Японы бүх рашааны газруудаар аялж, үзэж дуусгана гээд төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа. Энд үзэж харах сүм хийд, рашаан, газрууд үй олон бий.

Залуу дизайнеруудад хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Дизайнер болох гэж буй залуус өөрсдийгөө загвар гаргаад ширээний ард сууж байдаг л хүн гэж хийсвэрээр боддог. Уг нь дизайнер хүн өөрөө оёдлоо сураад, эсгүүрээ гаргаад сурчих нь их чухал. Тэгж байж илүү хүнд хүрсэн загвар гаргаж чаддаг юм шиг санагддаг. Ядаж л хүний гар харалгүй бүх үйлдвэрлэлээ өөрөө хийчихнэ гэсэн үг шүү дээ. Ялангуяа үйлдвэрлэл тийм ч сайн хөгжиж амжаагүй манай нөхцөлд эхлээд сайн оёж сураарай гэж захимаар байна.

Бидний үетэй харьцуулахад одоо бол хэн ч хаанаас ч шинэ загвар, шинэ санаа хараад, тэдгээрийг ашиглаад, судалгаа хийгээд сонин содон шийдэл гаргах бололцоотой болсон. Үүнийг сайн ашиглаасай, сайн мэдээлэл цуглуулдаг байгаасай гэж боддог.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Найз нөхөд, гэр бүлийнхнээсээ урам зориг авдаг. Ажил дээр стресстээд, хэцүү үе тулгарвал шууд л гэр лүүгээ, ах эгч рүүгээ залгадаг. Тэдэндээ "эрхэлж", бүх асуудлуудаа ярьж, стрессээ тайлна. Хүний нутагт гав ганцаараа ажиллаж байгаа учир хэцүү үе тохиолдох ч ах эгч нар маань хэзээд миний талд байж, намайг түшиж тулж байдаг.

Уран бүтээлийн хувьд багш нараа хүндэлдэг, тэднээсээ үлгэр дууриал авдаг. Японд дээд сургуулийн багш нар нь бүгд өөрийн брэндтэй, амжилтанд хүрчихсэн хүмүүс байдаг юм. Тэд оюутнуудаа брэнд үүсгэхэд бүр эхнээс нь хамт байж, хамтрагч шиг зөвлөж ажилладаг юм. Маркетингийн, технологийн гээд олон талын зөвлөгөө өгнө. Миний үндсэн багш бол алдартай дизайнер, Hanae Mori брэндийн дизайнер Юү Амацү гэж хүн байдаг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Одоо бурхан болчихсон ижий минь надад үргэлж сургаалаа хайрлаж, үнэтэй зөвлөгөө өгсөн байдаг юм. Брэндээ байгуулахаас өмнө би 3 жил гаруй Японд тогоочоор ажиллаж байсан юм. Амралтаараа гэртээ ирчихээд тэнд өмсөх монгол дээл хийлгэхдээ өөрөө загвараа гаргаж, хүнээр оёулсан юм. Тэр үед ээж минь намайг "миний охины мэдрэмж арай өөр байна, нэг л өөр байна, үүгээрээ тууштай явбал амжилтанд хүрнэ дээ" гэж хэлдэг байсан.

Дараахан нь би хөдөө байсан гэрийнхнээ хотод авчирч, нэг өрөө байр авч өгье гэсэн юм. Тэгэхэд ээж минь байр гэхээс илүү газар авч, өөрийн гэсэн хөрөнгө босгох хэрэгтэй, газар дээрээ гурван давхар байшин бариад нэг давхарт нь дэлгүүр ажиллуулж, дээд давхарт нь ах эгчээ суулгачих гэж зөвлөдөг байсан. Эргээд ямар нэг юм хийхэд өөрийн гэсэн байртай байх хэрэгтэй, дээрээс нь хамтдаа юм хийж бүтээ гэдэг байсан. Ээж минь "залуу байгаа дээрээ нөр их хөдөлмөрлө, гуч гараад өөрийн гэсэн эзэмшилтэй бол, дөч гараад нийгэмд байр сууриа эзэлж, тавь хүрээд аз жаргалаа амтал" гэж хэлдэг байлаа. Одоо л учрыг нь ойлгож, ямар их агуулгатай үгс байсныг нь мэдэрч байна даа.

Та манай энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Урлагийн менежментийн чиглэлээр Японы хамгийн том компаниудын нэг Avex-д ажиллаж байгаа Ж.Билгүүнийг санал болгоё. Алдарт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы хүү шүү дээ. Өөрөө урлагт элэгтэй, урлагийн салбарт ажиллаж байгаа, нэлээд туршлага хуримтлуулсан энэ залуу Монгол руу чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж байгаа юм билээ.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

52019   12


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.