Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   10 сарын 09, 2016

7 хоногийн тойм: НҮБ-ийн шинэ тэргүүн + Нобелийн долоо хоног + Google-ийн шинэ утас, PIXEL

НҮБ-ийн шинэ ерөнхий нарийн бичгийн дарга тодорлоо

Эгнээндээ 193 улсыг нэгтгэсэн Нэгдсэн Үндэсний Байгууллагыг ирэх 5 жилд удирдах эрхмийн нэр тодорхой боллоо. Сүүлийн 10 жил НҮБ-ийг толгойлсон Бан Ки Муны бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан түүний орыг залгамжлахын төлөөх өрсөлдөөн нэлээн анхаарал татаж байсан юм. Зүүн Европоос анх удаа дарга тодрох нь, анх удаа эмэгтэй нарийн бичгийн даргатай болох нь гэх мэт олон цуурхал явж байсан ч ирэх оны эхнээс эхлэн Португалын иргэн Антониу Гутьерреш дэлхийн "топ дипломатч"-ийн үүргийг гүйцэтгэх боллоо. Энэ жил 67 настай Гутьерреш 1995-2003 онуудад Португалын ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд сүүлийн 11 жил НҮБ-ийн дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагын тэргүүнээр ажиллаж, Сири, Афганистан, Ирак дахь хурцадмал нөхцөл байдалд маш сайн ажиллаж байснаараа нэрд гарсан нэгэн юм. НҮБ-ийн Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүн 15 орон нэр дэвшсэн 13 төлөөлөгчид бүгдэд нь нууцаар санал хураах замаар, хамгийн өндөр санал авсан буюу санал бүрэн нэгдсэн тохиолдолд НҮБ-ийн ассемблэйд нэрийг нь хүргүүлдэг журамтай. Өнгөрсөн долоо хоногт явагдсан эхний санал хураалтын дүнд Гутьерреш 13 улсаас "дэмжсэн" санал авснаар (2 нь "түдгэлзсэн") ийнхүү НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшсэн юм. Эхний санал хураалтаар нэр дэвшигч шууд ялалт байгуулсан нь ихээхэн ховор тохиолдол бөгөөд Гутьеррешийн нэр хүнд, чадвар нь ийм байдалд хүргэлээ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 2-р байрт Сербийн иргэн, НҮБ-ийн ерөнхий ассемблэйн ерөнхийлөгч асан В.Жеремич орсон бол эмэгтэйчүүдээс хамгийн өндөр саналыг UNESCO-ийн тэргүүн Болгарын иргэн И.Бокова авч 4-р байрт бичигджээ.

TIME: НҮБ-ийн шинэ ерөнхий нарийн бичгийн даргатай танилц
BBC: Яагаад НҮБ эмэгтэй тэргүүнтэй болсонгүй вэ?

Энэ жил 67 настай Португалын ерөнхий сайн асан А.Гутьерреш НҮБ-ийг ирэх жилээс эхлэн удирдана

2016 оны Нобелийн шагналтнууд тодорч эхэллээ

Нэр хүнд цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлэх Нобелийн шагналын энэ жилийн эзэд тодорч байна. Нобелийн долоо хоног өнгөрсөн долоо хоногт физиологи/анагаах ухааны салбараар эхэлсэн юм. Энэ салбарын 2016 оны шагналыг эсийн аутофагийн механизмыг нээн илрүүлсэн бүтээлээрээ Японы эрдэмтэн Ёшинори Осуми хүртэх болсон байна. Харин физикийн салбарын шагналыг материйн топологийн фаз болон түүний шилжилттэй холбоотой нээлтийг хийснийх нь төлөө АНУ-ын эрдэмтэд болох Вашингтоны их сургуулийн Д.Таулэсс, Принстоны их сургуулийн Д.Халдан, Броуны их сургуулийн М.Костерлиц нарт хамтран хүртээхээр болжээ. Тэгвэл химийн салбарын шагналыг дэлхийн хамгийн жижиг буюу нано-машины зураг төсөл, синтезийн судалгаа хийснийх нь төлөө Францын Страсбургийн их сургуулийн эрдэмтэн Ж.Саваж, АНУ-ын Нортвестерн их сургуулийн Сир Ж.Стоддарт, Нидерландын Гронингений их сургуулийн Б.Феринга нарт гардуулах болсон байна. Үсний ширхгээс мянга дахин жижиг хэмжээтэй ийм молекулын машины тусламжтайгаар хүний биед ажиллах чадвартай нано-роботууд бүтээгдэх ажил аль хэдийн эхлээд байгаа юм. Олны анхаарлыг хамгийн их татдаг шагнал болох Нобелийн энх тайвны шагналын эзнээр 52 жил үргэлжилсэн иргэний дайныг зогсоох хэлцэлд хувь нэмэр оруулсан Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос тодорсон байна. Ташрамд сануулахад, босогчдын ФАРК бүлэглэлтэй хийсэн зэвсэг зогсоох энхийн гэрээг Колумбын иргэдийн дунд явуулсан санал асуулгаар олонх нь эсэргүүцсэн дүн гарсан явдал олныг гайхашруулж, энэ хэлэлцээрийн ирээдүйг бүрхэг байдалд оруулчихаад байгаа билээ. Одоогоор эдийн засгийн болон утга зохиолын салбарын шагналтнуудын нэр тодроогүй байна. Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа А.Нобелийн нас барсан өдөр буюу 12-р сарын 10-ны өдөр Шведийн Стокхольм хотноо явагдах билээ.

Medium: 2016 оны анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртсэн бүтээлийн тухай (Монгол хэлээр)
iToim: Молекулын мотортой нано-машин хийсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

Нобелийн шагналыг 8 сая швед крон буюу 930 мянган доллар дагалддаг

Трамп хэцүүдлээ

Яг нэг сарын дараа болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх магадгүй хамгийн том дуулиан дэгдээд байна. Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй тэрбумтан Доналд Трампын 10 жилийн өмнө телевизийн шоунд оролцож байх үеийн "хөшигний цаадах" бичлэг олон нийтэд ил болсон нь түүний кампанит ажлыг "сүйрүүлэх" хэмжээний гайг тариад байна. Тэрээр телевизийн хөтлөгч Билли Бушийн хамтаар хэрхэн өөрийн "од" гэсэн статусыг ашиглан эмэгтэйчүүдийг өөрийн болгох, тэр нь ямар амархан байдаг талаар "эрээ цээргүй" яриа өрнүүлсэн бичлэгийг Washington Post анхлан олон нийтэд хүргэсэн юм. Үүнийг Хиллари Клинтоны штаб ч овжноор ашиглаж "эмэгтэйчүүдтэй ингэж харьцдаг ерөнхийлөгчтэй болох гэж үү?" хэмээн мессежийг илгээж байгаа нь америкчуудад хүчтэй нөлөөлж байна. Трамп энэ бичлэг цацагдсан даруйд "уучлал хүссэн бичлэг" цацаж, алдаандаа харамсаж байгаагаа мэдэгдсэн ч намынх нь нөлөө бүхий бүлэглэлүүдээс нэрээ татахыг хүртэл шаардаж байгаа сурагтай. Энэ долоо хоногт дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнд илт давуу ялалт байгуулсан түүний хамтрагч Майк Пенс ч үүнд ихээхэн цочирдож, төлөвлөж байсан арга хэмжээгээ хойшлуулжээ. Трампын баг Хилларигийн нөхөр Билл Клинтоны секс скандалыг эргэн сөхөж, анхаарал сарниулан, энэ хэргийг хаахыг хүсэж байгаа ч олон нийтийн дунд нэр хүнд нь унасаар байна. Нэр дэвшигчдийн хооронд явагдах хоёр дахь мэтгэлцээн УБ-ын цагаар маргааш өглөө явагдана.

Politico: Трампын кампанит ажил дууссан уу?
Vox: Трампын эмэгтэйчүүдийн талаар ярьсан яриа нь үнэхээр аймшигтай!

Washington Post-ийн цацсан энэхүү бичлэгийг зөвхөн насанд хүрэгчид үзэхийг зөвлөж байна

Google шинэ утсаа танилцууллаа

Google түүхэн дэх хамгийн том hardware арга хэмжээгээ өнгөрч буй долоо хоногт хийж, хэд хэдэн сонирхолтой бүтээгдэхүүнийг танилцууллаа. Google Hardware нэртэйгээр явагдсан энэ арга хэмжээний гол мэдээ нь Google Pixel гар утас байлаа. Google өмнө нь гар утасны салбарт зөвхөн програм хангамж талаас нь оролцдог байсан бодлогоо өөрчилж, санаа гаргахаас эхлээд загвар, инженерчлэлийн бүх шатанд нь оролцож гаргасан анхны энэ гар утас iPhone-ий шууд өрсөлдөгч болох боломжтой гэгдэж байна. iPhone 7 Plus-тай адил хэмжээтэй дэлгэцтэй, 12 мегапикселийн камертай, камер нь бусад утаснаас хамгийн хурдан нээгддэг, 15 минутанд л 7 цаг ажиллах батерейг цэнэглэдэг, үүлэн системд хязгааргүй хадгалах зайтай энэ утас 2 загвартай бөгөөд 649 доллараас эхэлж худалдаалагдах аж. Энэ өдрийн өөр нэг онцлох бүтээгдэхүүн нь Amazon Echo-той өрсөлдөх Google Home юм. Гэрийнхээ бусад тоног төхөөрөмжүүдийг дуу хоолойгоороо удирдах боломж олгох Google Home нь гэрэл унтраах, зурагтаа удирдах, халаалт тохируулах гэх мэт үйлдлүүдийг хийхээс гадна олон төрлийн өнгөний сонголттой гарч байгаагаараа онцлогтой. Мөн Google Assistant буюу хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг туслагч нь шинэ түвшинд хүрсэн тухай зарласныг онцлох хэрэгтэй. Тэд мөн Daydreaming нэртэй VR төхөөрөмжөө худалдаанд гаргахад бэлэн болгожээ.

Techcrunch: Google-ийн арга хэмжээнээс мэдвэл зохих бүх зүйлс
Forbes: Google Pixel-ийг худалдаж авах 5 шалтгаан

Google хамгийн олон бүтээгдэхүүн-төхөөрөмжийг нэг дор танилцуулсан нь энэ байлаа.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Snapchat-ийн толгой компани Snap Inc 2017 оны эхний улиралд багтаан IPO хийж, нээлттэй компани болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Snap-ийн зах зээлийн үнэлгээ 25 тэрбум буюу түүнээс дээш байх төлөвтэй байна. Тэгвэл тэдний хамгийн алдартай Stories нэмэлтийг нь "хуулбарлаж", Messenger Day нэртэй шинэ нэмэлтээ туршиж эхлээд буй Фэйсбүүк энэ долоо хоногт их завгүй байлаа. Oculus Connect арга хэмжээн дээр шинэ Oculut Touch болон VR-т суурилсан сошиал платформ бүтээж, компьютерт холбох шаардлагагүй бие даасан VR төхөөрөмж гаргахаар төлөвлөж байгаагаа зарласан Марк Зукербергийн компани өөрийн эргэн тойронд болж өрнөж буй арга хэмжээг хайх, зочлох боломж олгох Events болон бүтээгдэхүүн зарж борлуулах, хайх бололцоо бүхий Marketplace гэсэн үйлчилгээний аппуудыг гаргасан байна. Siri-г бүтээгчдийн нэг Крис Бригамын үүсгэн байгуулсан Viv нэртэй AI туслагч бүтээгдэхүүнийг Самсунг худалдаж авсан байна. Siri-ийн илүү хүчирхэг хувилбар гэгдэж буй Viv-ийг Самсунгийн бүтээгдэхүүнүүдэд зориулан хөгжүүлэх аж.

WSJ: Snapchat ирэх онд IPO хийнэ
Yahoo: Facebook Marketplace: Таны мэдвэл зохих зүйлс

М.Зукерберг орон зай үл хамааран харилцах боломж олгох сошиал VR платформ бүтээхийг хүсэж байна.

18588   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.