Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   10 сарын 08, 2016

Шинэ ном: "Михаэль Коолхаас" зохиолыг тоймлох нь

Өнгөрсөн сард Сүхбаатарын талбайд болж өнгөрсөн "Номын баяр"-аар Монсудар хэвлэлийн газар, шинээр гаргаж буй “Монсудар Утга Зохиол” цувралынхаа тэргүүн боть болох Хайнрих фон Клайстын Михаэль Коолхаас номын нээлтийг хийсэн билээ. Германы сонгодог зохиолчид Гёте, Шиллер, Гримм ахан дүүстэй мөр зэрэгцэн 1800-аад оны үед зохиол бүтээлээ туурвисан Хайнрих фон Клайст эдгээр зохиолчидтой харьцуулахад Монголд бага танигдсан байдаг. Угтаа бол Клайстын бүтээлүүд тухайн үеийн Германы сонгодог зохиолууд дундаас хэлбэр, агуулгын хувьд хамгийн орчин үеийн өнгө аястай гэж олон улсад үнэлэгддэгээс гадна орчин үеийн уншигчдад илүү ойр буудаг. Тиймээс Клайстын хамгийн урт, хамгийн алдартай Михаэль Коолхаас бүтээлээр энэ зохиолчийг монгол уншигчдадаа танилцуулахыг зорьжээ.

"Михаэль Коолхаас" зохиолын тухайд 

Урьд нь олонтоо тайз, дэлгэцийн бүтээлд хувирсан (хамгийн сүүлд Арно де Пальерын 2013 онд хийсэн “Бослогын эрин: Михаэл Коольхаасын домог” кино Каннын наадмын Алтан дал мөчир шагналд нэр дэвшиж байж) энэ туужийн үйл явдал XVI зууны үеийн Герман улсад өрнөж, адууны хулгайч Михаэль Коолхаасын тухай өгүүлнэ. Зохиолын гол дүр Коолхаас, Саксон гаралтай нэгэн язгууртанд хууртаж, шүүхэд асуудлаа шударгаар шийдүүлэхийг хүссэн ч энэхүү язгууртан эр улс төр, засаг захиргааны танилын хүрээ өргөнтэйн улмаас хэргээ шударгаар шийдүүлж чадалгүй хохирдог. Коолхаас цаашид шударга ёсыг өөрийн гараар цогцлоохоор шийдэж, хувьсгалт үйл эхлүүлж, Саксоны авлигач төрийн эсрэг их үйл хэрэг өдүүлнэ.

Ийнхүү тэр ямар ч золиос гаргахаас айлгүй, амь бие хайрлалгүй зүтгэнэ гэдгээ батална. Коолхаас гэмгүй номхон иргэдийг амь насыг золиослоод ч хамаагүй шударга ёс цогцлоохыг хүсжээ. Эндээс Коолхаасын үйлдлийг хэрхэн ойлгож дүгнэх хэрэгтэй талаар туужийн гол асуудал урган гарна: Тэр шударга ёсны төлөө зүтгэгч зоригт хувьсгалч уу эсвэл ямар ч сэтгэлгүй террорист уу? Клайст энэ номдоо хувь хүний хувь тавиланг нийгмийн асуудалтай нарийн холбож хүүрнэсэн нь юун юунаас илүү анхаарал татам билээ.

Ном хамгийн гол санаа дараах асуултуудаар тодорч гарна: Төр өөрийг нь огт өмгөөлөхгүй тохиолдолд хувь хүн яах хэрэгтэй вэ? Өөрийг нь илүү эрх мэдэлтнүүдээс хамгаалах учиртай хуулийг авлигач эрх мэдэлтнүүд захирч байвал хувь иргэн ямар арга авах боломжтой вэ? Ийм төрийн харилцаа нийгмийн уялдаа холбоонд хэрхэн нөлөөлөх вэ? Ёс суртахуун, шүүхийн шударга бус явдлыг нийгэм аль хэр хүлцэн тэвчиж чадах вэ?

Энэ бүх асуудал хэрхэн шийдэгдсэнийг Михаэль Коолхаас номоос уншихад маш сонирхолтой. Уг зохиол шинэ соргог байдлаа огт гээгээгүй, одоо хэр хүний сэтгэлийг хөдөлгөм гайхалтай бүтээл төдийгүй агуулгын хувьд ялангуяа Монголын өнөөгийн нийгэмд тун их хамаатайг та бүхэн уншаад ойлгох биз ээ.

Гэхдээ туужид маш олон дүр, газар зүйн байршил дурдагдаж, үйл явдал өрнөх тусмаа улам ярвигтай болох учир зохиолын учрыг тайлж уншихад хэцүү байх магадлалтай. Тиймээс уншигчид хялбар дөхөм болгох үүднээс номын төгсгөлд нэр томьёоны тайлбар, дүрүүдийн холбооны бүдүүвч, газрын зургийн хавсаргажээ.

“Бослогын эрин: Михаэл Коольхаасын домог” киноны зураг

Хайнрих фон Клайстын тухайд


“Энэ зохиолыг би сүсэглэн биширч уншлаа. Урьд үзэж хараагүй тийм төгс чанарыг би эндээс алмайран мэдрэв.” Франц Кафка

“Клайстын уран зохиолын бичлэг, арга барил яах аргагүй хосгүй… Түүний бичсэн зохиолууд арга барил шиг нь хосгүй.” Томас Манн

"Монсудар Утга Зохиол" цувралын тухайд

Дээр дурдсанчлан Михаэль Коолхаас зохиол “Монсудар Утга Зохиол” цувралын анхны бүтээл болж хэвлэгджээ. Энэ цувралын зорилго нь сонгодог болон орчин үеийн зохиолчдын бүтээлүүдийг уншигчдад хүргэх явдал юм. Жил бүр, есөн өөр орны есөн өөр утга зохиолын төлөөлөл болсон номууд энэ цувралаар уншигчдын гарт хүрэх аж. Цувралын дараагийн ном Вольтерын Кандид буюу өөдрөг үзэл романы нээлтийг аравдугаар сарын 11-нд Блю Мон цамхагт, Монгол-Францын төвийн “Францын өнгө” арга хэмжээний үеэр зохион явуулахаар төлөвлөжээ. Цувралын дараагийн номуудын хамтаар, утга зохиолын энэ төслийн албан ёсны нээлт арван нэгдүгээр сарын 21-нд болно гэдгийг дуулгахад таатай байна.

16708   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.