Би хэрхэн ажилладаг вэ?

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Сант сургуулийн захирал З.Энхмөнх

10 сарын 05, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


70810   6




"Би хэрхэн ажилладаг вэ?" булангийн энэ удаагийн зочноор "Багш нарын баяр"-ын өдөр тохиож буйтай холбогдуулан, боловсролын салбарт манлайлж яваа нэгэн эрхмийг урьсан юм. MIT буюу Массачусетсийн Технологийн Сургуулийн анхны монгол төгсөгч З.Энхмөнх 2011 онд дэлхийн өөр нэг шилдэг сургууль Стэнфордын Их Сургуулийг боловсролыг чиглэлээр дүүргээд "Сант" сургуулийн захирлаар ажиллаж байгаа билээ. Монгол улсад MIT-тай хамтарсан хөтөлбөр, төслүүд хэрэгжүүлэх, олон улсын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх чиглэлээр олон ажил санаачлан гүйцэтгэж байгаа түүний ажлын арга барилтай та бүхнийг танилцахыг урьж байна.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо хийж буй ажил, албан тушаал: Сант сургуулийн захирал, MIT-Монгол хөтөлбөрийн зохицуулагч, Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгийн гишүүн
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: микро-менежмент, хамтын ажиллагаа
Хэрэглэдэг гар утас: iPhone SE
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13’
Сошиал хуудсууд: Enkhmunkh Zurgaanjin /линкедин/, Enkhmunkh Zurgaanjin /фэйсбүүк/

Таны ажлын онцлох арга барил юу вэ?

Хийж байгаа ажил минь намайг маш олон хүнтэй тогтмол харилцаатай байхыг шаарддаг. Өдөр бүр сурагч нартайгаа, багш ажилчидтайгаа, эцэг эхчүүдтэй тодорхой асуудлууд дээр санал солилцож, шийдвэр гаргах хэрэг гардаг. Мөн хамтрагч байгууллагууд, олон улсын байгууллагуудтай байнга харилцаа холбоотой байдаг. Нэг ёсондоо олон төрлийн харилцааг зохицуулж ажилладаг гэсэн үг.

Үүнээс гадна би өөрөө сургуультай холбоотой, сургууль дээр өрнөж буй бүхий л үйл ажиллагаанд гар бие оролцож, үйл явцад нь хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. Сурагчдадаа гадаадын их, дээд сургуульд элсэхэд зөвлөгөө өгөх, сурагчдынхаа өмнөөс элсэлтийн оффисуудтай холбоо тогтоох, сургууль дээрээ урьж авчрах, зөвлөмж захиа явуулах, эсвэл багш нараа сонгон шалгаруулах, тэднийхээ амьдрах орон сууц, хүүхдүүдийнх нь сургалт гэх мэт нийгмийн асуудлыг шийдэх, олон улсын хөтөлбөр дээрээ ажиллах гээд л ажлыг жижиг гэлтгүй хийдэг.

Биднийг ярилцлага хийх үеэр энэ зун Хонгконгд болсон Олон Улсын Математикийн Олимпиадаас хүрэл медаль хүртсэн Б.Пүрэв орж ирсэнтэй таарлаа. Тэрээр MIT-д математикийн чиглэлээр суралцахаар зэхэж, манай зочноос зөвлөгөө авч байсан юм.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшн болон ажлын хэрэгслээ хуваалцана уу?

Фэйсбүүк мессенжерийг түлхүү хэрэглэдэг. Имэйл маань бол үргэлж нээлттэй байна. UB Info аппаар дамжуулж, өдөр тутмын мэдээнүүдээ уншчихдаг.

Би байнга үзэг авч явдаг. Энэ үзгээ бол 2011 оноос хойш хэрэглэж байгаа юм. Стэнфордыг төгсөхөд минь Фэйсбүүкт ажилладаг Мэргэн, Apple-д ажилладаг Энх-Амгалан нар бэлэглэсэн юм.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Гар утсаар ажлаа амжуулах нь миний хувьд цаг хэмнэдэг. Одооны их түгжрэлтэй, хөдөлгөөн ихтэй байгаа нөхцөлд боломжтой зүйлсээ гар утсаар ярьж, имэйл солилцож цаг алдалгүй шийдвэрлэх нь илүү үр дүнтэй санагддаг.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Гар утасныхаа Note дээр тэмдэглэдэг. Түүнийгээ тогтмол шалгаж, хянаж байдаг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Ямар нэгэн асуудлыг олон талаас нь харж, тохиромжтой шийдлийг нь гаргахдаа сайн гэж боддог. Хийж гүйцэтгэхдээ бол их нямбай хандаж, бүх зүйлс дээр өөрөө оролцож, гүйцэтгэлийг 100 хувь байлгах гэж оролддог.

Зав гарвал, гарахгүй бол гаргаж байгаад шатар тоглох дуртай. Мэргэжлийн түвшинд биш ч сонирхогчийн хэмжээнд бол тоглочихдог гэж боддог.

Таны хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Боловсролын салбар маш олон хүнийг хамардгаараа онцлогтой. Сургуулийн захиргаа, багш ажилчид, эцэг эхчүүд хүүхэд бүрийг 1-р ангид орж А үсэг бичиж эхлэхээс 12-р ангиа төгсөх хүртэл нь хамтарч ажиллах шаардлагатай байдаг. Нөгөө талаар бидний ажил зөвхөн энэ 12 жилээр хэмжигддэггүй. Тухайн хүүхдийн боловсролын үр шим нь цаашлаад их сургуульд элсэн орох, карьераа эхлүүлэх гээд олон зүйлд шууд нөлөөлдөг. Үр дүн нь урт хугацаанд гардаг гэсэн үг. Үр дүнг төлөвлөж, тооцоолохын тулд алсыг харах хэрэгтэй болдог нь боловсролын салбарын онцлог. Бид зөвхөн одоогийн нөхцөл байдал дээр тулгуурлахаас илүү дараагийн 20, 30 жилийн боловсролын салбарын хандлага, хөдөлмөрийн зах зээлийн шинж чанар, эдийн засгийн хөгжлийг тооцон шийдвэр гаргах хэрэгтэй болдог. 20 жилийн дараа ямар мэргэжил эрэлттэй байх вэ, ямар чадвар эзэмшсэн байвал зохих вэ гэдэг асуултаас л энэ бүхэн эхэлдэг.

Бид Сант сургууль дээр шинээр санаачилж, амжилттай хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийг Монгол улсын бүхий л улсын болон хувийн сургуулиудад хэрхэн хэрэгжүүлж болох вэ гэдгийг үргэлж боддог. 2007 онд сургууль дээрээ боловсролын зориулалт бүхий хэрэглээний програмуудтай 20 ширхэг жижиг компьютер авчирч, туршиж үзэж байсан нь "Хүүхэд бүрт компьютер" нэртэй төсөл болж, орон даяар 10 мянган хүүхдэд хүрсэн хөтөлбөр болсон. Одоо бидний хэрэгжүүлж байгаа AP /Advanced Placement/ хөтөлбөрийг ч ерөнхий боловсролын сургуулиудад их нийцтэй байж болох юм гэж үзэж байгаа. Нэг ёсондоо ахлах ангийн үндсэн хичээлийн хөтөлбөрөөс гадна өөрсдийн сонирхож буй, мэргэшиж буй чиглэлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хичээлийг эх орондоо авчихаж байна гэсэн үг. АНУ-ын ахлах сургуулиудад үзэж байгаа хичээлүүдийг Монголдоо үзэж, дараа нь тэнд очиж сурахдаа шууд кредит тооцуулах боломжтой юм. Сант сургууль дээр AP хөтөлбөрт хамрагдсан сурагчид гадны их, дээд сургуулиудад очоод аль хэдийн нэг семестрийн хичээлээ тооцуулчихдаг.

Би ажилдаа их дуртай. Сургууль дээр өдөр бүр л шинэ сорилттой тулгардаг, тэр бүрт шинэ шийдэл олдог. Их хөдөлгөөнтэй орчин.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Сант сургууль маань Америкийн Математикийн Холбооноос зохион байгуулдаг математикийн багийн тэмцээнд хүүхдүүдээ оролцуулахаар бэлтгэж байна. 8 долоо хоногийн турш өрсөлддөг энэ тэмцээнд анх удаа Монгол улсаа төлөөлж оролцоно. Зөвхөн энэ жил гэхэд манай хүүхдүүд олон улсын математик, физик, биологийн олимпиадаас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн сайн амжилтаа үргэлжлүүлэх гэж хичээнэ. Бид Монголын ирээдүйн хөгжлийн нэг тулгуур нь сайн инженерүүд байна гэдэгт итгэдэг. Тийм чадварлаг залуусыг бэлтгэхэд Сант сургууль хувь нэмрээ оруулж байгаа юм. Манай төгсөгчдийн 70 орчим хувь нь инженерийн чиглэлээр цаашаа суралцдаг.

Бид мөн "Слайд"-ын залуустай хамтран Стэнфорд, MIT дээр байгаа судлаачдын тусламжтайгаар хиймэл оюун ухаан ашиглан боловсролын салбарт зориулсан үнэ төлбөргүй бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа. "Ямар ч түвшний сурагч хувийн багштай хичээллэвэл дундаж дүн нь А рүү тэмүүлдэг" гэдэг судалгаа байдаг юм. Гэтэл санхүүгийн бололцооны хувьд хүүхэд бүр хувийн багштай байх нь боломж байдаггүй. Гэхдээ хиймэл оюун ухааны тусламжтайгаар гар утасны апп, программаар дамжуулан энэ асуудлыг шийдэх боломжтой. Гар утас нь нэг ёсондоо тэр хүний хувийн багш болж байна гэсэн үг л дээ. Сурагч юун дээр алдаж байна, юун дээр анхаарах хэрэгтэйг мэдэрдэг, даалгавар өгч үнэлдэг гэх мэт үйлдэлтэй апп байна.

Та ямар төрлийн хөгжим голдуу сонсдог вэ? Ямар хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Ажил дээрээ бол хөгжим сонсдоггүй. Гэхдээ гэртээ хариад цаг гаргаж хөгжим тавина. Амьд хөгжимд сонирхолтой, хамгийн дуртай хамтлаг гэвэл Coldplay.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Сургууль дээрээ улирал бүр MIT Technology Review болон Stanford Business-ийг захиалж, түүн дээр гарсан технологи болон боловсролын салбарын сүүлийн үеийн хандлагуудын талаарх сонирхолтой нийтлэлүүдийг алдалгүй уншдаг.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Би угийн хамт олонч, нээлттэй хүн. Боловсролын салбарт ажиллах болсноос хойш улам ч нээлттэй болсон.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Орой 23 цагт унтаж, өглөө 7 цагт босдог.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Зав чөлөөтэй үедээ ахынхаа үүсгэн байгуулсан "Слайд" компани дээр цаг гаргадаг. IT-ийн чиглэлээр дагнаж, UB Info, UB Shop зэрэг зах зээлд амжилттай байгаа бүтээгдэхүүнүүд хөгжүүлсэн энэ компанид би зөвлөхөөр ажилладаг юм. Би өөрөө MIT-г компьютерийн инженерийн чиглэлээр төгссөн учир энд цугларсан чадварлаг залуустай ярилцаж, шинэ санаа солилцож, сонирхолтой бүтээгдэхүүн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан цаг гаргах дуртай. "Слайд"-ын зорилго бол мэдээж олон улсын зах зээлд гарах, гэхдээ үүнээс ч илүү том зорилго нь нийгэм рүү чиглэсэн бүтээгдэхүүнээр дамжуулж далайц нь том тодорхой асуудлыг шийдэж чадах үнэ төлбөргүй апп-бүтээгдэхүүн хийх явдал юм.

Гадаадад суралцахаар зэхэж буй залууст хандан хамгийн чухал нэг зөвлөгөөг өгөөч гэвэл юу гэх вэ?

Зоригтой бай гэж хэлмээр байна. Хэрвээ чи гадаад руу сурахаар шийдэж, материал явуулахаар бэлдэж байгаа бол зорьж буй сургуульдаа тэнцэхгүй болов уу, угаасаа намайг авахгүй байх даа гэж хандаж ерөөсөө болохгүй. Үнэхээр л явмаар, тэндээ сурмаар байгаа бол зоригтой байж, материалаа тултал нь бүрдүүлэх хэрэгтэй. Хүн ер нь аливааг зориг дүүрэн хийвэл сайн хийдэг юм шиг санагддаг. Тиймээс зоригтой байж чадвал амжилтанд хүрнэ ээ л гэж хэлье.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Жил ирэх бүр хүүхдүүдэд маань сурлагын болон хувь хүний хөгжлийн ахиц гарч байгааг мэдрэх хамгийн их урам зориг өгдөг. Сурагчид маань улам сайжирч, улам өөрсдийгөө хөгжүүлж байгаад баяртай байдаг.

Мөн төгсөгчдөөс маань олон улсын нэр хүндтэй, дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэнцэх нь цаашаа улам эрчтэй ажиллах шалтгаан болдог. Тэдний ямар их хичээж, ямар их хөдөлмөрлөж байсныг мэдэх болохоор тэр шүү дээ. Манай сургуулиас зөвхөн MIT-д гэхэд 5 сурагч шалгарч, элсээд байна. Үүнээс гадна дэлхийн бусад шилдэг их дээд сургуулиуд, МУИС, ШУТИС зэрэг дотоодын шилдэг их, дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ элсэн суралцдаг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Аав, ээж минь намайг багаас л "Оролдлого сайт оройд нь" гэсэн зарчмаар хүмүүжүүлсэн. Ямар ч ажлыг хийх нь хамгийн чухал. Оролдоод л, зүтгээд байхад үр дүнд хүрнэ гэж би үздэг. Стив Жобсын Стэнфордын төгслөлтийн баяр дээр тавьсан алдарт "Connecting Dots" илтгэл надад маш их нөлөөлж байлаа. Одоо хийж байгаа зүйлс чинь, эргэн тойронд өрнөж байгаа бүхэн чинь чамд ямар ч хэрэггүй, хүртээлгүй байгаа юм шиг мөртлөө ирээдүйд эргэн холбогдож байдаг юм шүү гэдэг санаа нь агуу. Одоо хийж байгаа зүйлс намайг өнөөдөртөө амжилтанд хүргэхгүй байж болох ч ирээдүйн амжилт руу хөтөлж байгаа гэдэгт итгэдэг.

Та манай энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

B Production-ий гүйцэтгэх захирал А.Азбаярыг санал болгоё. Саяхан тэдний оффисоор орсон, тэнд дуу бичлэгийн студи, ФМ, телевиз, фитнесс, кафе гээд олон төрлийн бизнесийн үйл ажиллагаа явагдаж, жинхэнэ "амьдрал" буцалж байгаа нь мэдрэгдсэн шүү.

Гэрэл зургийг Р.Лувсанням

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.